Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ДШМ/42

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

         Прокурор Ц.Батзориг                                                                                           

        Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

        Хохирогч Г.Б

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

        Шүүгдэгч Б.П

        Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж, шүүгч Б.Гэрэлмаа, Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан давж заалдах гомдлоор Б.П-д холбогдох эрүүгийн хэргийн 1826000010023 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг 04-14 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, таслан шийдвэрлэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдэж байсан, Шарнууд овгийн Б.П

            Б.П нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 17-ны Т.Б-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч эмнэлгийн байгууллагуудаар эмчлэгдэж байгаад 2018 оны 07 дугаар 25-ны өдрийн 07 цагийн орчимд нас барсан гэх гэмт хэрэгт холбогдсон ба түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Шарнууд овгийн Б.П-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5-д зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 200 /хоёр зуу/ хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор, Б.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-д 5500000 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгчээс 2227625 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 58350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн модон иштэй, модон иш нь 3 хэсэг тавлагдаж ажлын хэсэгтэйгээ бэхлэгдсэн, ажлын хэсэг нь 14.3 см, бариул хэсэг нь 12.5 см, нийт 26.8 см урттай төмөр хутга 1 ширхэгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдаанд улсын яллагч хэргийн бодит үнэнийг үгүйсгэж хэт гэм буруугийн хэлбэрийг санаатай байдлаар тайлбарлаж, анхан шатны шүүх дараах нөхцлийг харгалзан үзээгүйд гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.П нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хохирогч миний өмнө явж байсан, би Т.Б-г чи хол байж бай гэж хэлсэн чинь Т.Б эргэж хараад намайг цохиж унагаагаад миний дээр гараад зодоод байсан. Миний дээр гараад намайг зодож байхдаа хутганд зүсэгдсэн байх гэж бодож байгаа гэж мэдүүлдэг. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтанд ... Б.П-н гэрт байхад Н баруун талын орон дээр хэвтчихсэн байсан. Нялх хүүхдийг нь дээрээс нь дарж суухаа алдаад энд хүн байна гэж мэдсэнгүй хариу ч үгүй дарахаа алдлаа гэсэн чинь П уурлаад чи миний хүүхдийг хүн гэж бодохгүй байна уу гэсэн. Тэгтэл Н гэрт тамхи татаад байсан чинь гараад татчих гэж П хэлсэн. Тийм зүйлээс болоод тэр хоёр маргалдаад байсан. Н-г хөөхөөр нь Н-г авч гэрээс нь гараад Н-г өмөөрөөд чи яах гэж ингэж байдаг юм гэж П-д хэлсэн. П орилоод Н-г ална шүү гээд байсан. Би Н-г гар гэхэд Н хашааны жижиг хаалга онгойлгоод гарч явсан. Би араас нь алхаад явж байсан чинь П миний араас ирээд нэг юмаар миний зүүн ташаа руу цохиод авах шиг санагдсан. Би тухайн үедээ хутгаллаа гэж мэдээгүй, цохисон гэж бодоод эргэж хараад яаж байгаа юм гээд түлхсэн чинь П газар унасан. Тэгэхээр нь би боль гээд дээрээс нь дараад хэвтсэн чинь Н ирээд та хоёр яаж байна, наад П чинь хутга барьсан байна гээд П-с хутгыг нь салгаад авсан. Намайг араас юмаар цохих шиг санагдахаар нь эргэж харсан чинь П байсан. П-д гомдолтой гэхэд хэцүү юм, би эдгэх ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй, гэхдээ гомдол санал байхгүй гэж хэлнэ дээ. Би гомдолгүй л гэж хэлье. Одоо би найздаа гомдоод яахав дээ. Би өөрийн найз П-д ямар ч гомдолгүй ээ. Найзыгаа шоронд хиймээргүй байна. Бид хоёр багаасаа найзалсан найзууд байгаа юм. Намайг хутгалах санаа бодол байгаагүй байх гэж бодож байна гэж мэдүүлдэг. Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд ...Би Б-г хутгалчихсан гэж ерөөсөө мэдээгүй. Сүүлд нь хутгалчихсан гэж дуулаад ямар сонин юм бэ, П Б-г хутгалчихсан байсан юм байх даа гэж бодсон гэж мэдүүлдэг. Шүүгдэгч П нь мөрдөн байцаалтын шатанд Нтой маргалдаад Б явж байхаар нь зүүн гараагаа ар нуруун хэсэгт холдож бай гэж түлхсэн нь үнэн бусдаар бол найздаа гар хүрээгүй гэж мөн мэдүүлдэг. Хэрэг учрал болсон газар хохирогч Т.Б, шүүгдэгч Б.П, гэрч Д.Н нараас өөр хүн байгаагүй ба эдгээр шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад шүүгдэгч Б.П нь хохирогч Т.Б-г ямар нэгэн байдлаар гэмтээхийг хүсч, тухайн үйлдлээ хийгээгүй, мөн хүч хэрэглэсэн зүйл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг. Мөн тус заалтын 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасныг хэрэглэх боломжгүй гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан байна. Иймд хэрэг учрал болсон нөхцөл байдал, гэмт хэргийн шинжээс харахад болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн хэлбэр зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нарийвчлан тогтоогоогүй. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэл буруу учир хэргийг прокурорын газарт буцаалгах хүсэлттэй байна. Мөн анхан шатны шүүхээс хохиролд 2227625 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс одоогийн байдлаар 1715000 төгрөгийг төлөөд байгаа гэжээ.

Прокурор Ц.Батзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үрээ алдсан эх хүний хувьд гомдолгүй гэж хэлж чадахгүй байна. Өөрөө амьдрах үгүйн дэнсэн дээр байхдаа хүү минь гомдолгүй гэж хэлсэн. Миний хувьд одоо хэлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохиролд 2000000 төгрөг авсан гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээх авах боломжгүй гэж үзэж байна. Болгоомжгүй гэдэг нь халдлагад өртсөн зүйлийг сонгоогүй байхыг хэлнэ. Гэтэл энэ гэмт хэрэг халдлагад өртсөн зүйлийг сонгосон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хутгыг биедээ авч явахдаа аюулгүй байдлыг хангаагүй. Шүүгдэгчийг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж боломжгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б.П нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг Баянтээгийн 04-14 тоот хашаанд Т.Б-г хутгалж, үүний улмаас Т.Б нь эмнэлгийн байгууллагуудаар эмчлэгдэж байгаад 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 цагийн орчимд нас барсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.П-н ... Т.Б эргэж хараад намайг цохиж унагаагаад дээр гараад зодоод байсан... надад Б-г хутгалах санаа байгаагүй. Миний дээр гарч намайг зодож байхдаа хутганд зүсэгдсэн байх гэж бодож байна... санаатай хутгалаагүй гэсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ...П миний араас ирээд нэг юмаар зүүн ташаа руу цохиод авах шиг санагдсан. Би хутгалсан гэж мэдээгүй цохьсон гэж бодоод эргэж хараад яаж байгаа юм гээд түлхсэн чинь П газар унасан. Тэгэхээр нь би боль гээд дээрээс нь дараад хэвтсэн чинь Н ирээд та хоёр яаж байнаа, наад П чинь хутга барьсан байна гээд П-с хутгыг нь салгаад авсан... гэр рүүгээ явж байсан чинь миний зүүн хөлийн гуя дагаад халуун оргиод байхаар нь би хутгалуулсан гэдгээ мэдсэн. Намайг П хутгалсан... гэх /1-р хх-ийн 46-48хуу/, гэрч Д.Н-н “...Б, П хоёр хашаан дотор барилцаад маргалдаад байгаа харагдахаар нь би буцаж ороод юу болоод байна гээд салгах гэсэн чинь Б.П хутга барьчихсан байхаар нь боль гээд Б.П-с хутгыг нь салгаж авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-68хуу/, гэрч Р.А /1-р хх-55-56хуу/, С.Б /1хх-ийн 70-71хуу/, Д.Г /1хх-ийн 72-73хуу/, Б.О /1-р хх-ийн 88-89хуу/, Э.С /хх-ийн 90-91хуу/, шинжээч эмч Э.Хүрэлсүх /хх-212-213хуу/, шинжээч Б.Шүрэнцэцэг /хх-241-245хуу/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн... Т.Б-н биед хэвлийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулж болзошгүй, уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 94хуу/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт /1-р хх-ийн 224хуу/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 12, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-230-235, 241-245хуу/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-28хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-19хуу/, хохирогч Т.Б-н Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эмчлүүлсэн 9109 дугаартай /1-р хх-ийн 103-148хуу/, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг Баянтээгийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн 26 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 154-168хуу/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн 15219 дугаартай /1-р хх-ийн 168-193хуу/, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлсэн 322/20 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 195-212хуу/ зэрэг нотлох баримтуудаар болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, нотлох баримтыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий шийтгэх тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.П-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, прокурор шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг үгүйсгэж гэм буруугийн хэлбэрийг санаатай байдлаар тайлбарласан гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шүүгдэгчийн 199 хоног цагдан хоригдсныг 200 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцсныг зөвтгөх, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.П-д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч Г.Б-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохиролд 2000000 төгрөг төлсөн болохыг дурьдах, шүүгдэгч Б.П-н 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 

2, 3 дахь заалтын “8 жил” гэснийг “6 жил” гэж,

4 дэх заалтын “200 хоног” гэснийг “199 хоног” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 52 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Шүүгдэгч Б.П хохирогч Г.Б-д 2000000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.