Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0771/З |
Дугаар | 0307 |
Огноо | 2020-05-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 0307
2020 оны 05 сарын 11 өдөр Дугаар 128/ШШ2020/0307 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У” ХХК /РД:61835**/,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...”У” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон А******* аймгийн Ц******* сум, ******* гол 1 хэмээх газарт орших MV-02******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын А2******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг үндэслэн гэж дурдсан байдаг. Дүгнэлтийг манай компанийн зүгээс танилцах хүсэлт гарган байж Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 06/6191 тоот албан бичгээр хүлээн авч сая танилцах боломжтой болсон болно.
Энэхүү дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Үүнд:
1. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн. Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн” 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар “3.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэсэн хэсэг нэмж, “З.З.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэсэн хэсгийг хүчингүй болгосон.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хууль тогтоогч хуульчилжээ.
Иймээс Байгаль орчин, аялал жуучлалын яам дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6.”бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуучлалын яам нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.
Тодруулбал, манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлт гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж, бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дүгнэлтийг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй тул дүгнэлтийг манай компанийн зүгээс танилцах хүсэлт гарган байж Байгаль орчин, аялал жуучлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 06/6191 тоот албан бичгээр хүлээн авсан.
Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасныг зөрчиж оролцогч этгээд болох манай компанид захиргааны актыг мэдэгдээгүй нь тухайн хүчин төгөлдөр болоогүй дүгнэлтийг үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрийг мөн хууль бус, хүчингүй болгох үндэслэлийг бий болгосон.
2. Байгаль орчин, аялал жуучлалын яам дүгнэлтээ зохих журмаар гаргаагүй. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолтын MNS5140-1:2011 стандартад “дүгнэлт” гэж “ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг”-ийг хэлнэ гэжээ. Хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийн 1 дэх заалтад “А******* аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн “У” ХХК-ийн эзэмшдэг МV-02******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.” гэсэн байна.
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн”, 3.3 “Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн.”, 4.2 “Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана.” гэж тус тус заасан байна. Байгаль орчин, аялал жуучлалын яам нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн цор ганц төрийн захиргааны төв байгууллага гэж Монголын ард түмэн ойлгож хүлээн авч байгаа. Гэтэл энэ мэргэшсэн яам нь аймгийн Засаг даргын албан бичгийг дагаж уламжилдаг, асуудалд бодитой, мэргэжлийн хандсангүй.
Дээрх дурдсан “дүгнэлт“ гэдгийн ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлох гэсэн шаардлага маргаантай дүгнэлт огт нийцэхгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д "байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж заажээ.
Нэхэмжлэгч “У” ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд огт тусаагүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар “дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсэг”-ийг байгуулсан байна. Гэтэл уг ажлын хэсэг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2019 оны 08 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай бодит байдал дээр ямар байсан, “У” ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, байгаль орчинд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх талаар мэргэжлийн яамны хувьд баримт сэлт, мэдээллийг цуглуулан, дүгнэлтийн үндэслэл болж буй мэдээллийн эх сурвалж, баримтыг тал бүрээс бүрэн, бодитойгоор харьцуулсан үнэлгээг дүгнэлтдээ тусгасан бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцсэн шийдвэр болох байжээ.
“У” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журам, стандартыг чанд мөрдөж, орон нутгийн хөгжилд багагүй хөрөнгө оруулалт хийсэн байна. Манай компани нь өнөөдрийн байдлаар улсын төсөвт нийт 345 сая төгрөгийн татвар төлсөн, татварын өргүй байна.
Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас зохих журмын дагуу олгосон МV-02******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр А******* аймгийн Ц******* сум, ******* гол 1 хэмээх газарт 2017 оноос эхлэн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа ба тухайн жилийн батлагдсан Уулын ажлын төлөвлөгөө болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Манай компани нь тус тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн үйл ажиллагааг эхлүүлээгүй байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл болон 39 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, тогтоосон хугацаанд тухайн жилийн холбогдох тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, баталгаажуулсан. Үүнд:
1. 2006-2007 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын нөөцийн тооцооны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн баталсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 32-07 тоот дүгнэлт,
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг “Э” ХХК 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэлэлцүүлэн 5 жилийн хугацаатайгаар батлуулсан,
3. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Уулын ажлын төлөвлөгөө батлуулсан,
4. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан,
5. 2017-2018 онд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй.
Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба улирлын чанартай, өртөг өндөртэй, хүнд салбар бөгөөд 191 ажи*******тай манай компанийн хувьд төлөвлөгөөт хуваарь алдагдаж, ажилтны цалин, техникийн сул зогсолт, банкны зээл болон техник, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн хүү төлөхөд санхүүгийн хүндрэл үүсэж, компанийн үйл ажиллагаа доголдсон. Улмаар их хэмжээний шууд болон шууд бус хохирол, алдагдал хүлээн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “У” ХХК нь “Б” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Шилжүүлж авахад нөхөн сэргээлт хийх үүрэг нь хэвээр хадгалагддаг. Нөхөн сэргээлт хийх үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа учраас газар дээр нь очиж комисс гаргаж энэ талбай ямар байдалтай байгаа, ямар хугацаанд нөхөн сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын комисс гаргаж газар дээр нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн актаар эвдрэлийг тогтоосон. Энэ актаар 2019-2020 ондоо багтааж нөхөн сэргээх үүрэг хүлээсэн. Энэ хугацаа дуусаагүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар сумын Засаг дарга, иргэн, аж ахуйн нэгж, ТББ байгальд орчинд хортой үйл ажиллагаа явуулсан этгээдээс гэм хороо нэхэмжлэх эрх нь үүсдэг. Бид үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байсан ч иргэн нэхэмжлэл гаргаад ирвэл гэм хороо арилгах эрх зүйн ноцтой үр дагавар үүснэ. Байгаль орчны яамны мэргэжлийн бус үйл ажиллагаанаас үүдэн гэм хорыг хариуцахгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Ирээдүйд 10, 20 жилийн дараа энэ дүгнэлттэй маргаагүйгээс үр дагавар нь ноцтой болох учраас энэ дүгнэлттэй маргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ гэж заасан болохоос Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлнэ гэж заасан зүйл байхгүй. Төрийн байгууллагын уялдаа холбоо харагдахгүй байна.
Тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нисдэг тэргээр хэвлэлийнхэнтэй хамт очиж “бид ийм дүгнэлт гаргасан учраас тусгай зөвшөөрлийг нь цуцлагдсан мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагааг нь зогсоож байна” гэх агуулга бүхий мэдээллийг 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Түүнээс биш манай компани байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж мэргэжлийн хяналтын байгууллага үйл ажиллагааг нь шалгаж зогсоочихоод дүгнэлт гарсан асуудал биш юм. Мэргэжлийн хяналтын акт цаг хугацааны хувьд хойно гарсан.
Нийт эвдэрсэн талбай нь 23 га. 2019, 2020 ондоо сэргээж дуусгах байсан. 12 га талбай нь 2019 онд нөхөн сэргээхээр төлөвлөгдсөн талбай.
Төр татварын өрийг барагдуулахаар тусгай зөвшөөрлийг сэргээж, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан нь тэр компани юм байна гэдгийг тогтоогоод тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан эзэмшигчид нөхөн сэргээлт хийх үүрэг нь хүлээлгэсэн. Байгаль орчныг нөхөн сэргээх үүрэг байх юм байна гэдгийг мэдэж шилжүүлж авсан. Ийм үүднээс Байгаль орчны яаман дээр очоод нөхөн сэргээлтийн ямар эвдрэл байгааг толтоолгож актаар хүлээж аваад актаар тогтоосон хугацаандаа талбайгаа нөхөн сэргээгээд явж байгаа.
Харин гэм хорын үүрэг нь өөр. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хортой үйлдэл, эс үйлдэхүй буюу гэм хорыг арилгах эрх зүйн үр дагавар үүсч байгаа. Харин уг гэм хорыг арилгах үүрэг нь “У” ХХК-ийн үүрэг биш. Төрийн эрх бүхий байгууллагын тогтоосноор өмнөх этгээд нь учруулсан гэм хороо арилгах үүрэгтэй буюу манай компани хуулиар хүлээсэн нөхөн сэргээлтийн үүргээ хийгээд явъя гэсэн харилцааны шинж чанарыг тодорхойлж өгч байгаа. Энэ үүргээсээ бид татгалзаагүй. Нөхөн сэргээлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шаардсан хугацаанд хийгээд явж байсан.
Жил болгон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийхийг төлөвлөгөөндөө тусгаад, холбогдох төрийн байгууллагуудаар батлуулаад, төрийн байгууллагууд нь гэрээний хэрэгжилттэй холбоотой нөхөн сэргээлттэй холбоотой хяналт шалгалт хийгээд төлөвлөгөөнд тусгасан хэмжээгээр нөхөн сэргээлт хийсэн гэдэг үүднээс актаа үйлдээд явчихсан.
“У” ХХК 2019 онд нөхөн сэргээлт хийсэн. 2017, 2018 онд нөхөн сэргээлт хийгээгүй. 2019 оны илтгэх хуудсанд 2019, 2020 оны нөхөн сэргээлтийг хийх хуваарьтай байсан. 2019 онд 2019, 2020 оны нөхөн сэргээлтээ хийчихсэн гэсэн үг.
“Б” ХХК 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 5 жилээр батлуулсан учраас эрх залгамжлаад Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу бүх мэдээлэл нь шилжиж ирсэн.
Хариуцагч нөхөн сэргээгээгүй гэж тайлбарладаг. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 гэсэн дүгнэлтэд “хортой нөлөөлж байгаа” гэсэн болохоос “нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлийг дүгнэлтэд огт тусгаагүй атлаа шүүх дээр маргаан бүхий актад холбоогүй асуудлаар тайлбарлаж байна. Менежментийн төлөвлөгөө биелүүлээгүй, нөхөн сэргээгээгүй гэвэл өөр маргаан болно.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, “Санал хүргүүлэх тухай” А******* аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн “У” ХХК-ийн эзэмшдэг МV-02******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсгийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “Санал хүргүүлэх тухай” А******* аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгээр М\/-02******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг “У” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү.” гэж уламжилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Санал хүргүүлэх тухай А******* аймгийн Засаг даргын 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/970 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг “У” ХХК-ийн олборлолтын ажиллагаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөлөл учруулж үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлтийг гаргуулж тусгай зөвшөөрлийг цуцлуулж өгнө үү гэсэн утга агуулга бүхий бичгийг уламжилсан. Ашигт малтмалын тухай хуулийн Тусгай зөвшөөрлийг цуцлах 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан. Үүний дагуу холбогдох дүгнэлтийг гаргасан. Мөн хуулийн заалт буюу үндэслэсэн хуулийн заалт тодорхой байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам “У” ХХК-д хандаж урьд өмнө нь эрхэлж байсан ажил дээрээ нөхөн сэргээлт хийх талаар Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга н.Цогтсайхан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 06/4177 зэрэг албан бичгүүдийг хүргүүлж нөхөн сэргээлт хийх асуудлуудыг тавьж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан орон нутгийн саналыг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А******* аймгийн Засаг даргын илгээсэн албан бичгийг гэж ойлгож байгаа.
Сонсох ажиллагааны тухайд тухайн дүгнэлт цуцлуулах нь зүйтэй гэсэн буюу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргасан нь эцсийн шийдвэр биш. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас тухайн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргана. Иймд эрх ашиг нь хөндөгдөж байгаа, эцсийн нөлөө гарах нөхцөл байдал үүсч байгаа Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын гаргаж байгаа шийдвэр дээр сонсох ажиллагаа хийж нэхэмжлэгч талыг татан оролцуулж, холбогдох эрхээр хангах ажиллагааг явуулах байсан гэж байна. Мөн тухайн цуцлах болсон тушаалыг үндэслэсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалт “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдэхүй хамаарна, 15 дугаар зүйлийн 15.1.1-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Нотлох баримтаар ирсэн албан бичгүүд болон манай яамнаас өгч байсан албан бичгүүдээр “У” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2017 он болон бусад холбогдох оны тайлангуудыг хүргүүлж байгаагүй. Холбогдох тайлангуудыг батлуулаагүй этгээд нь тус ашиглалтын газартаа үйл ажиллагаа явуулвал хортой нөлөөлөл үзүүлнэ. Үүнтэй холбоотой байдлаар холбогдох нарийвчилсан үнэлгээний тайлан батлуулаагүй этгээд нь 3.2.6 дахь хэсэгт зааснаар баялгийг бохирдуулна, муутгах, гэмтээх, сүйтгэн мөхөөх үйлдэл, эс үйлдэхүй бүгд хамаарна. Энэ бүхнийг харгалзаж үзсэн. Тухайн газарт санал хүргүүлсэн аймгийн, сумын Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас холбогдох материалууд хавтаст хэрэгт авагдсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6 дахь заалтад заасныг баримтлаад байгаа нь энэ үйлдэл, эс үйлдэхүй нь хуулийн заалтаар хангагдаж байна гэж ойлгож байгаа.
Ажлын хэсэг газар дээр нь очиж үзээгүй. Орон нутгийн саналыг үндэслэнэ гэсэн байгаа. Тухайн холбогдох дүгнэлт, тайлангаа хүргүүлээгүй. 2016 онд өмнө эзэмшиж байсан компанийн нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан. 2017 онд тухайн компани тусгай зөвшөөрлийг хүлээж авсан. Тухайн үед нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор менежментийн төлөвлөгөө болон нарийвчилсан үнэлгээний тайландаа тодотгол хийх шаардлагатай байсан. Тиймээс бүх эрх үүргийг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Эвдрэл гэмтлийг засах, нэмэлт тодотгол хийх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаануудаа 2017, 2018 онд хийгээгүй. 2019 онд ажлын хэсэг ажлуудаа хийж дуусга гэх байдлаар “У” ХХК-д сануулах байдлаар менежментийн төлөвлөгөөг нь, хайгуулын ажлын төлөвлөгөөг нь баталсан. Гэтэл энэ үйл ажиллагаануудаа шат дараатай явуулаагүй. Нөхөн сэргээлт хийхгүй байгаа нь байгаль орчинд хортой үйл ажиллагаа гэж үзсэн.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “У” ХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас дараах үйл баримтууд тогтоогдож байна.
А******* аймгийн Ц******* сум, ******* гол 1 хэмээх газарт орших 1500.51 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын MV-02******* дугаартай /өмнө нь МV-012004 дугаартай байсан/ тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын албанаас 2000 оны 7 дугаар сарын 10-нд “Монгол газар” ХХК-д анх олгосон, 2006 оны 9 дүгээр сарын 12-нд 930 дугаар шийдвэрээр “А******* ******* *******” ХХК-д, 2016 оны 3 дугаар сарын 03-нд 179 дугаар шийдвэрээр “Б” ХХК-д, 2017 оны 8 дугаар сарын 09-нд 484 дугаартай шийдвэрээр “У” ХХК-д шилжүүлсэн байдаг.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах газар нутгийн солбицолд өөрчлөлт оруулан баталсан Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан талбайтай хэсэгчлэн давхцалтай үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 2 дугаар сарын 26-ны 103 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн 1500.51 гектар талбайгаас хасаж үлдсэн 1417.06 гектар талбайн солбицлыг гэрчилгээний хавсралтад тэмдэглэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэснийг үндэслэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах” дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий дүгнэлт нэхэмжлэгчид сөрөг үр дагавар хэдийнээ үүсгэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэхийг даалгасан байх бөгөөд энэ ажлын хэсэг А******* аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаартай албан бичгийг үндэслэн “тус компанийг MV-02******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөө үзүүлж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн 2019/10 дугаар дүгнэлтийг тухайн өдөр нь гарган Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, Ашигт малтмал, газрын тосны газар 1 хоногийн дараа 8 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ашигт малтмал ашиглалтын MV-02******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий А******* аймгийн Ц******* сум, ******* гол 1 хэмээх газарт биечлэн очиж шалгалт хийгээгүй, бодит байдлыг тогтоогоогүй байх бөгөөд зөвхөн аймгийн Засаг даргын орлогчийн дээрх албан бичгийг үндэслэж тухайн өдөрт нь л дүгнэлтээ гаргасан байна.
Тэгэхээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь дүгнэлтийг үндэслэл болгосон бол энэ дүгнэлтийн үндэслэл болсон А******* аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаартай албан бичигт уг тусгай зөвшөөрлийн талбайн талаар “...MV-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “У” ХХК–ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт зааны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн буюу “ашиглалтын үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа” гэсэн агуулгатай байх бөгөөд ямар байдлаар байгаль орчинд ийнхүү хортой нөлөө үзүүлж байгаа гэж үзсэнийг нотлох баримт, материал хавсаргаж ирүүлээгүй байдаг.
Хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлахтай холбоотой харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг заасан 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, өөрөөр хэлбэл байгаль орчинд хортой нөлөөлж байгаа талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчинд хортой нөлөөлж байгааг тогтоосон дүгнэлт гаргасан тохиолдолд уг дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар тодорхой зохицуулсан.
Тэгвэл Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдлийг хамааруулж ойлгохоор тодорхойлсон тул байгаль орчинд хортой нөлөөлсөн ямар үйл ажиллагаа “У” ХХК явуулсныг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нотолсон байх, түүнийгээ үндэслэсэн байх ёстой. Иймээс хариуцагч төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргахдаа баримталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлийг баримтаар тогтоосон байх үүргээ биелүүлээгүй нь хуульд нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдах үр дагавар үүсгэжээ.
Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хянах үүрэг бүхий орон нутгийн мэргэжлийн байгууллага болох А******* аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 1/26 тоотоор “Ц******* сумын Орхон багт байрлах MV-02******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “У” ХХК нь 2017 онд уг талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2019 оны 3 дугаар сарын 20-ны 79 тоотоор мөн л “уг талбайд тус компани 2018 онд уул уурхайн олборлолтын болон бусад үйл ажиллагаа явуулаагүй”-г Ашигт малтмал, газрын тосны газарт, Ц******* сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 8-ны 01/290 тоотоор “байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй”-г шүүхэд тус тус тодорхойлсон байдаг.
Дээрх үйл баримт, тэдгээрийг нотлох хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь А******* аймгийн Засаг даргын орлогчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаартай “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан” гэх албан бичгийн үндэслэлийг хянаагүй, газар дээр нь бодит байдлыг шалгаагүй гаргасан дүгнэлт нь үндэслэлгүйн дээр, шийдвэр гаргахаас өмнө энэ талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж оролцоог нь хангах шаардлагыг биелүүлээгүй байна. Хэдийгээр захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах боломж бүхий зохицуулалт байдаг ч энэ тохиолдол нь тодорхой хуульчлагдсан, энэ нөхцөл байдлаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл яагаад сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах болсон шалтгаан нөхцлөө тайлбарлаагүй, нотлоогүй тул энэ үүргээс чөлөөлөгдөхгүй, хариуцагчийн энэ ажиллагаа зөвтгөгдөхгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлт зөвхөн байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн гэх үндэслэлээр гарсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн үндэслэл болгож тайлбарлажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох”-ыг ойлгох бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах ба байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагч яамнаас томилогдсон шинжээч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гарган, хянан магадлагаа хийж баталгаажуулдаг, яам байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг байна.
Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2016 онд боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийлчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч баталсан, энэ тайлан 2021 он хүртэл хүчинтэй байна. Мөн уг талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2017, 2019 онд тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга баталсан байдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутагт хүргүүлсэн эсэхэд шүүх тодруулга хүссэний дагуу А******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2020 оны 1 дүгээр сарын 28-ны 42 тоотоор “2017 онд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 2019 онд уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсныг, нэмэлт хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газраар, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан явуулсан”-ыг, мөн Ц******* сумын Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 08-ны 01/290 тоотоор “2017, 2018 онд хайгуулын төлөвлөгөө батлуулан хайгуул хийсэн, 2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө батлуулсан”-ыг тодорхойлжээ.
А******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2020 оны 1 дүгээр сарын 28-ны 42 тоотоор “уг талбайд өмнөх эзэмшигч “Б” ХХК 2016 онд уул уурхайн олборлолтын ажил явуулахдаа шаардагдах техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт зэргийг батлуулан алт олборлолтын үйл ажиллагаа явуулж 6 га талбайг эвдрэл доройтолд оруулсан” гэж дурдсан байдаг бөгөөд Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжаар яамны ажлын хэсэг MV-02******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эвдэгдсэн газар, үүнээс нөхөн сэргээсэн болон 2019, 2020 онд нөхөн сэргээх талбайн хэмжээг тогтоон зургаар “У” ХХК-д 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/4177 тоотоор хүргүүлж, жил бүрийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган 2019-2020 онд нөхөн сэргээж дуусгахыг мэдэгджээ.
Тус талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн хийгдэх ажил, түүний зардал тусгагдсан, тухайлбал 9.2 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2.8 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхээр тусгагджээ.
Гэтэл ийнхүү тухайн талбайд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн эсэхийг тогтоох үүргээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ үндэслэлээр нь тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биелүүлэлгүй тусгай зөвшөөрлийг өөр эзэмшигчид шилжүүлсэн атлаа, өмнөх эзэмшигчийн үйл ажиллагаанаас эвдрэл доройтол үүссэнийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын хэсэг гарган тогтоон дүгнэлт гаргаж, одоогийн эзэмшигчид нөхөн сэргээх үүргийг хугацаа тогтоон олгосон атлаа, уг хугацаа дуусаагүй байхад, үйл ажиллагаа явуулаагүй, нэмж байгаль орчинд эвдрэл доройтол учруулаагүй байхад “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан” гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр баталсан 01-323 дугаартай удирдамжаар улсын ахлах байцаагчийн 8 дугаар сарын 23-ны өдрийн 01-01-018/10 дугаартай акт гаргасан, актаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг цуцалсныг дурьдаад үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг даалгасан, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн талбайд ямар үйл ажиллагаа явагдсан, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллага ч шалгаагүй, энэ акт нь Байгаль орчны яамны дүгнэлтийн үндэслэл болсон баримт биш, нэгэнт дүгнэлт гаргаснаас, тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас хойш хийгдсэн ажиллагаа байна. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 8 дугаар сарын 29-ний өдөр 02/2778 тоотоор нөхөн сэргээлтийг хийж тайланг 9 дүгээр сарын 25-ны дотор хүлээлгэн өгөхийг мэдэгджээ.
“У” ХХК нь дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн акт, мэдэгдэл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 6 дугаар сарын 17-ны мэдэгдэл, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргийн дагуу гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлыг хүлээлгэн өгөхөөр А******* аймгийн Засаг даргад 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 19-63 тоотоор мэдэгдэж, аймгийн Засаг даргын А/473 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан, Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа, сумын Засаг дарга, багийн Засаг дарга, багийн байгаль хамгаалагч, иргэдийн төлөөлөл оролцуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3 тоот актаар 27,6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн, 3,4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн ажлыг хүлээлгэн өгчээ.
А******* аймгийн Ц******* сумын Засаг даргаас ирүүлсэн “Г******* *******” ХХК-ийн 2017, 2018, 2019 онд өөр тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан актыг шүүх үнэлээгүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА