Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/503

 

 

С.С-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.С түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, М.У, Ч.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор, С.С-ийн нэхэмжлэлтэй, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/337 дугаар тушаалаар миний албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн боловч хяналтын прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолоор надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн дүүргийн прокурорын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 347 тоот хариу мэдэгдэх хуудсаар прокурорын 203 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох заалтыг нэмж оруулсан болохыг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, намайг уг шалгасан асуудалд холбогдолгүй, ажил үүргээ зохих хууль, журмын дагуу гүйцэтгэсэн болохыг тогтоосон.

Би 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын хүний нөөцийн хэлтэст өргөдлөө гаргасан. 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр уулзахад 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нэр бүхий 22 албан хаагчдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай агентлагийн даргын 6/35 дугаар тушаалыг танилцуулж, уг тушаалд хамрагдан ажлаас чөлөөлсөн болохыг мэдэгдсэн. Иймд, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалын С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрийг ажил олгогчид хүргүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг үндэслэн С.Сувд-Эрдэнийг албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлсэн... Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар зөвшөөрөл, бүртгэлийн газрын 16 мэргэжилтний орон тооноос 2 орон тоог цомхтгохоор болсон. Дээрх тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Зөвшөөрөл, бүртгэлийн газрын албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүнг харгалзан албан тушаалд нь эгүүлэн томилсон. С.С-ийн үйл ажиллагааны үр дүн 2013 онд С, 2014 онд үнэлэгдээгүй тул албан тушаалд эгүүлэн томилоогүй, албан хаагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 3.286.554 төгрөгийг олгосон. С.С-д холбогдуулан байгууллагаас гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомжийг үндэслэсэн, нэхэмжлэлд дурдсан албан үүргийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, цалинг нөхөн олгуулах хүсэлтийг хангах боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалын С.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвшөөрөл бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, С.Сувд-Эрдэнийг урьд эрхэлж байсан Зөвшөөрөл бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-д Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрийг ажил олгогчид хүргүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 3.161.194 төгрөгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдолдоо: Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/14 дүгээр тушаалын дагуу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн бөгөөд чиг үүргийн давхардалтай албан тушаалын орон тоог цөөрүүлэх, хасах замаар орон тоог нэгтгэх зорилготой байсан. Бүтцийн өөрчлөлт болох үед Авлигатай тэмцэх газраас С.Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр тооцон албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байсан. Түүнийг шалгагдаж байх хугацаанд бүтцийн өөрчлөлт хийгдэж, тухайн үед ажиллаж байсан албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын ур чадвар, дадлага туршлагын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байсан албан хаагчдыг шинэ бүтэц, орон тооны дагуу томилсон.

1. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлт нь албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ур чадварыг илтгэх гол үзүүлэлт болдог бөгөөд С.С 2012 онд 83 буюу 19 албан хаагчдаас 17-д, 2013 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр хамгийн бага буюу 73,75 хувьтай дүгнэгдэж, үүрэгт ажлаас нь холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг мөрдөөгүй гэж үзэх үндэслэлгүй, хавтаст хэрэгт төрийн албан хаагчийн үр дүнгийн 2012 оны гэрээний биелэлт нотлох баримтаар авагдсаныг шүүх үнэлж үзээгүй.

2. ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, шүүх нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн С.Сувд-Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгааг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д ...албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж тодорхой заасныг баримтлан тус байгууллага шийдвэр гаргасан. Харин анхан шатны шүүхээс төрийн байгууллага Улсын Дээд шүүхийн тайлбарыг барьж шийдвэр гаргахыг шаардсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2, 13.1-д заасан шүүх маргааныг шийдвэрлэхдээ хууль баримтлах зарчмыг алдагдуулсан.

       4.  Х.Батбилэгийг шинээр томилогдсон албан хаагч гэж анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан байх бөгөөд Х.Батбилэг нь тус байгууллагад 2005 оноос эхлэн ажилласан туршлагатай албан хаагчдын нэг юм. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд түүнийг өөр нэгжээс тухайн нэгжид шилжүүлэн ажиллуулсан. Энэ нь анхан шатны шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэстэй.

5. С.С дээрх А/369 дүгээр албан бичгийг шалгалтад орох зорилгоор нэгжийн даргаас тодорхойлуулсан (шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх тодорхойлолтыг хэрэгт зориулан аваагүй гэдгээ нэхэмжлэгч тал удаа дараа илэрхийлсэн байдаг) бөгөөд хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг шүүх үндэслэсэн.

      6.   Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор Энэ хэсэгт заасан ...орон тоо цөөрсөн..., мөн зүйлийн 27.2.4-д заасан ...орон тоо хасагдсан... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг..., 15.1.2-т заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэжээ. Өөрөөр хэлбэл, орон тоо цөөрөх, хасагдах нь адилхан хасагдаж /үгүй болох/ байгааг илэрхийлсэн ойлголт байх бөгөөд байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасны дагуу Зөвшөөрөл, бүртгэлийн газрын албан хаагчдыг томилохдоо хуульд заасан шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчдаас шалгаруулж, бүтцийн томилгоог хийж, үлдсэн томилогдоогүй албан хаагчдаас иргэн С.С-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэж ...6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэхгүй байна.

7. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт С.С-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус газрын Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний ажилд томилоогүйг хариуцагчийн эс үйлдэхүй гэж тогтоосон нь ЗХХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан томъёололтой нийцэхгүй байна. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын Ажилд томилох тухай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.С нь тус газрын Зөвшөөрөл бүртгэлийн газар-т мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.

Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж, С.С-ийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвшөөрөл бүртгэлийн газрын мэргэжилтний албан үүрэг биелүүлэх эрхийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Тухайн тогтоолыг үндэслэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/337 дугаар тушаалыг гаргасан байна.

Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоолоор С.С-д холбогдох эрүүгийн 2014260004632 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, С.С-ийн албан үүргээ биелүүлэх эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон тухай тус прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/772 дугаар албан бичгийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.П-д хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

С.Сувд-Эрдэнийг ажилдаа эргэж орох тухай өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргад хандаж гаргажээ.

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/а/1681 дүгээр албан бичгээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Дуламсүрэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн сайдын 2015 оны Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай А/14 дүгээр тушаал батлагдаж, тус газрын орон тоог цөөрүүлсэн. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны Б/35 дугаар тушаалаар иргэн С.С-д ...холбогдох тэтгэмжийг олгож, төрийн албаны нөөцөд бүртгэж чөлөөлсөн болно гэж дээрх хүсэлтийн хариуг хүргүүлжээ.

Гэтэл С.С-д холбогдох эрүүгийн 2014260004632 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн 2 дугаар прокурорын газрын прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар тогтоол гарсны дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий Б/35 дугаар тушаалыг гаргасан.

Одоо С.Сэс ажил олгогч байгууллагын зүгээс ажилтныг гэмт хэрэг үйлдсэнтэй адилтан үзэж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, мөн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн ажиллуулах, ажлын байр нь зохих журмын дагуу цомхотгогдсон тохиолдолд адил чанарын өөр ажлын байраар хангах ёстой гэж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэх үед С.С нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учраас ажлаас чөлөөлсөн, мөн түүнийг буцаан томилох боломжгүй байсан гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, 8.3.5 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/14 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвшөөрөл, бүртгэлийн газрын мэргэжилтэн С.Сувд-Эрдэнийг /бүх албан хаагчдыг/ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтыг баталж, 2 дугаар хавсралтаар Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг баталсан бөгөөд түүн дотроо Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын орон тоог 130 албан хаагчтай байхаар тогтоосон.

Дээрх Монгол Улсын Засгийн газрын 387 дугаар тогтоолыг үндэслэн гарсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Зөвшөөрөл, бүртгэлийн газрын орон тооны хязгаарыг 18 байхаар баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэжээ.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргахдаа төрийн албан хаагчийн хуулиар олгосон дээрх нэмэгдэл баталгаагаар хангагдах боломжийг С.С-д олгоогүй болох нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн түүнийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно, 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө,24.1.3-д өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байхгэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзлээ.

Тиймээс ...С.С-ийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлөн, томилохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мөн С.С-ийн эрхэлж байсан ажил албан тушаалын орон тоо хасагдаагүй, цөөрсөн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу нэг удаагийн тэтгэлгийг түүнд олгосон нь буруу гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Тодруулбал, хариуцагч байгууллага С.С-д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохдоо С.Сэс асуулгүйгээр түүний цалингийн дансанд шууд мөнгийг шилжүүлснийг байгууллагын бүтэц, зохион байгуулалтын дагуу ажлаас чөлөөлөгдөхийг С.С зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг тус газрын Зөвшөөрөл бүртгэлийн хэлтсийн мэргэжилтний ажил албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож шийдвэрлэсэн зөв бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын сарын 26-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                       

               ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

            ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                              Э.ХАЛИУНБАЯР