Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/шцт/18

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох 2124001030036 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артиллерын тагнуулч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...... регистрийн дугаартай .. овогт Б.А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын төвд байрлах Ц-ийн гэрийн үүдэнд хадам ээж Ц.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын төвд байрлах Ц-ийн гэрийн үүдэнд хохирогч Ц.Х-тэй маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны

12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед би хүүхдүүдийнхээ идэш хоолыг янзлаад амбаар саванд хийчхээд гэртээ орж иртэл хүргэн А манай гэрт сууж байсан. Надаас та хаачаад ирэв гэж асуухаар нь би гадаа юм хийж байгаад орж ирлээ гэтэл “чи муу улааныг харж урваж, шарыг харж шарвадаг юу вэ” гээд элдэв үг хэлээд байхаар нь “чи архи уусан байна, гэртээ харьж унт, гадуур гарч явж байж цагдаа, төлөөлөгчид баригдана” гэтэл чиний тэр цагдаа чинь надад үйлчилдэггүй юм гичий минь гэж хэлээд байшингийн хоёр хаалга өшиглөөд гараад явсан. Би араас нь гарч дотор хаалгаа хаачхаад, таамбарын хаалгаа хаах гэтэл цаанаас нь гуд татаад миний урдаас өшиглөсөн юм. Би өшиглүүлээд хойшоогоо саваад ахар сүүлээр газарт унаад хэсэг ухаан балартаад байж байтал хүүхэд гаднаас ирээд юу болсныг асуугаад цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний биеийн хэвлий хэсэг хөхөрч улайсан байна, ахар сүүл орчмоор маш их өвдөж байна. ...Над руу утсаар залгаж уучлалт гуйсан болохоор нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй, энэ хэргийг хөнгөрүүлж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 25-26, 88/,

Гэрч Ц.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед би Хэлтгийн хогийн цэг рүү хог асгачхаад иртэл манай ээж Ц.Х байшингийн таамбарт шоконд орсон байдалтай байсан. Намайг юу болсон талаар асуухад ярьж чадахгүй байсан бөгөөд гэрт нь өргөж оруулаад хэвтүүлэх гэтэл хэвтэж чадахгүй болохоор нь сандал дээр суулгаж даралтын аппаратаар даралтыг нь үзэхэд дээд даралт 240, доод даралт нь 180 байсан тул даралтын эмийг нь уулгасан. Тэгээд эхнэрээ дуудаж харуулж үлдээгээд эмнэлэг рүү явж дуудлага өгч, эмч авчирч үзүүлэхэд эмч даралтыг нь үзэхэд даралт тогтворгүй байна гээд даралт буулгах тариа хийлгэж улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Тухайн үед Б.А ээжтэй маргалдах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 12, 28/,

Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаа тараад Завхан аймгийн Баянтэс сумын төвд гэртээ байж байтал 20 цагийн үед Ц.А ирээд ээжийнхээ биеийг үзүүлнэ гэсэн тул гэрт нь очтол Ц.Х гуай толгой эргээд дотор муухай оргино, хэвлийгээ дараад царай нь шаналангуй байдалтай байсан. Үзлэг хийхэд зүрх нь дэлсэж, даралт нь ихэссэн, хэвлий болон түнхээр хатгаад байна гэсэн зовиур хэлж байсан. Ил харагдах шарх сорви байгаагүй. Тэгээд асуумж авахад хүргэн Б.А согтуу орж ирээд агсан тавиад хэвлий хэсэг рүү тийрээд арагшаа унахдаа түнхээрээ юм руу унасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 54-55/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 000000020 дугаартай: “...Ц.Х-ийн биед бүх биеийн доргилт, хэвлийн доод хэсэгт цус хуралт, баруун өгзөгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Ц.Х-ийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Ц.Х-ийн биед учирсан гэмтлүүд нь цаг хугацааны хувьд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Ц.Х-ийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.Х-ийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 33/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.А-ийн: “...Тэр үед би хадам аав, ээж дээрээ очихдоо бага зэрэг архи үнэртүүлчихсэн гэрт нь орсон. Түүнээс болж хадам ээж уурласан байж магадгүй. Би тэр үед архины халуундаа хадам ээжтэй ам мурийсан. Намайг хоймрын өрөөнд байх хүүхдээ үнэсэж байхад хадам ээж түй түй гэж нулимаад байхаар нь уурлаж гэрээс нь гараад таамбарын хаалгаар гарах үед ардаас хадам ээж гар чи гэж хэлээд миний араас түлхэхээр нь би хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөх үед унаж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хохирогч Ц.Х-тэй маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А-н хохирогч Ц.Х-ийн хэвлий тус газарт өшиглөсөн үйлдэл нь хохирогчид учирсан бүх биеийн доргилт, хэвлийн доод хэсгийн цус хуралт, баруун өгзөгний зулгаралт гэмтлүүдтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.А-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Х-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч Б.А-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...Б.А-тэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хохирогчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .. овогт Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ӨЛЗИЙХИШИГ