Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/шцт/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Ө.Х,

Хохирогч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө.Х-д холбогдох 2224000230039 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: *********************

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.Х нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Хөгжил хорооллын .... тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Б-тай маргалдаж, улмаар толгой руу нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун зулайн орой хэсэгт шарх, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Х нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Хөгжил хорооллын ..... тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Д.Б-тай маргалдаж, улмаар толгой руу нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед найз залгаад миний төрсөн өдөр болж байна. Манай гэрт хүрээд ирэх үү гэхээр би өөрийн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэр Хөгжил хорооллын 24-2400 тоот хашаанд байх гэрээсээ бага насны хүүхдээ орон дээр унтуулчхаад гарсан. Тэгээд би найзынхаа гэрт ирээд төрсөн өдрийг нь тэмдэглэсэн. Төрсөн өдрийг тэмдэглэж дууссаны дараа 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цаг 25 минутад гэртээ иртэл нөхөр болох Ө.Х гэртээ ирсэн байсан. Гэртээ орж ирээд байж байтал Ө.Х “хаагуур яваад ирж байгаа юм бэ?, гадуур явж янхандаж, банзалдаж яваад ирж байгаа юм уу?” гэхээр нь би “найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Үүнээс болоод Ө.Х миний утсыг авах гээд байхаар нь би гал тойроод гүйж байх үед над руу мод шидсэн. Мөн хүүхдийн сандлыг аваад шидэх үед миний толгой хагарсан. Тэр үед би утсаа газар унагаад гэрээс гараад хажууд байх эгчийнхээ гэрийн хаалгыг нь тогшсон. Эгч хаалгаа тайлж өгсөн. Би гэр рүү нь орсон. Эгчийн гэрт ороод орны хажууд нь суух үед эгч миний толгойноос цус гараад байна гэж хэлээд нойлын цаас өгөхөөр нь толгойноос гарч байсан цусаа арчсан. Би эмнэлэгт үзүүлээд боолт болон хоёр оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-15/,

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний төрсөн дүү болох Д.Б 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 03 цаг 40 минутаас 03 цаг 50 минутын хооронд манай гэрийн хаалгыг тогшсон. Тэгээд би түүнийг гэртээ оруулсан. Гэрт оруулаад царай руу нь харах үед түүний толгойноос цус гарсан байсан. Юунаас болоод толгойноос чинь цус гарсан юм бэ? гэж асуухад Д.Б миний толгой руу нөхөр болох Ө.Х сандлаар цохиод хагалчихлаа гэж хэлсэн. Толгойноос нь цус гараад байхаар нь нойлын цаас авч өгсөн, тэгээд гэрээсээ хамт гараад эмнэлэгт үзүүлсэн. ...Д.Б-г үзсэн эмч нь толгойны баруун хэсэгт хоёр оёдол тавьсан. Юугаар толгойг нь гэмтээсэн талаар Д.Б-аас асуухад сандлаар цохиулсан гэж хэлж байхыг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Э.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг тухайн өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт жижүүр эмчээр гарч байх үед 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 04 цаг болж байхад манай эмнэлэг дээр нэг эмэгтэй толгойн зулайн хэсгийн хуйханд өнгөц язарсан шархтай ирсэн. Тэгээд би тухайн эмэгтэй хүнийг үзээд толгойн зулайн хэсгийн хуйханд өнгөц язарсан шарх 2-3 см талбайд хоёр оёдол тавьж, анхны тусламж үзүүлсэн... Үзүүлэгч Д.Б нь нөхөр маань сандал шидээд уг шархыг үүсгэсэн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 24/,

Насанд хүрээгүй гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн хэдэн цагийг нь сайн мэдэхгүй байна. Манай гэрт Д.Б эгч толгойгоо бариад орж ирсэн. Тэгээд яриаг нь сонсох үед Д.Б эгч ээжтэй юу яриад байгаа нь сайн гадарлаагүй эмнэлэг явна гэж ярьж байсан... Би Д.Б эгчийг толгойгоо бариад гэрийн хаалгаар орж ирэхийг харсан...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000000159 дугаартай: “...Д.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой тархи доргилт, баруун зулайн орой хэсэгт шарх, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Д.Б-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 33-р/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ө.Х-ын “...Би хөдөө модонд гараад 2022 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэртээ ирсэн. ...Гэртээ ортол хаалга онгорхой, хүү маань ганцаараа унтаж байсан. Тэгээд эхнэрийнхээ хийсэн хоолыг халааж идчихээд эхнэрээ хүлээсэн. 1 цаг 40 минут орчмын дараа эхнэр гэртээ орж ирсэн. Эхнэр орж ирээд намайг яав, яасан гээд байхаар нь чи хаагуур янхандаж яваад ирж байгаа юм бэ? гэсэн чинь эхнэр яадаг юм бэ?, янхандсан хүнийг чи яадаг юм гэж надад хэлсэн. ...Тэгээд эхнэр надад гар утсаа өгөхгүй гээд гал тойроод гүйсэн. Тэгэхээр нь би хүүхдийнхээ сандлыг аваад урдуур нь шидсэн. Тойроод яваад байхаар нь мод аваад шидтэл гэрийн хувцас тээдэг тээлгүүр дээр очоод тогтсон. Дахиад мод аваад шидтэл жаазаа цохисон. Гэтэл эхнэр утсаа шидээд гараад гүйсэн. ...Тэгээд хажуу талынхаа айл руу орж хүүхдээс нь асуухад Д.Б эгчийн толгойноос цус гараад аав, ээж хоёр хамт эмнэлэг явсан гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, хохирогч Д.Б-ийн толгой руу нь сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Ө.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Х нь хохирогч Д.Б-ийн толгой руу нь сандлаар цохисон үйлдэл хохирогчид учирсан тархи доргилт, баруун зулайн орой хэсэгт шарх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байна.

Шүүгдэгч Ө.Х үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Б-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч Ө.Х-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй болох нь “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн хохирогчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 4 хөлтэй модон жижиг сандлыг устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Ө.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ө.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн 4 хөлтэй модон жижиг сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ӨЛЗИЙХИШИГ