Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2125000000407 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.Б

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа 6-р байрны 703 тоотод 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Б.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 3 000 000 төгрөг төлсөн, одоо 1 000 000 төгрөг төлнө. Зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.А “Шүүх хуралдаанд оролцохгүй, 1 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.А-н “2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө манай нөхөр Ч.Б 03 цагийн үед согтуу орж ирсэн. Би нөхрийнхөө гутлыг нь тайлж өгсөн чинь нөхөр үүдэнд коридорт хэвтээд байхаар нь би орондоо унт гэтэл үгүй энд унтана гэж хэлэхээр нь унтлагын өрөөндөө хоёр хүүхдийн хамтаар унтах гээд хэвттэл нөхөр Ч.Б надад хандаж ирж хувцас тайлж өг гээд орилоод байсан. Манай нөхөр унтлагын өрөөнд орж ирээд намайг гэрээс заамдаж гаргасан. Би гэрээс гарахгүй гэж үзтэл намайг зайл, чамтай чамгүй би амьдарна гэж хэлээд гэрийн үүдэнд миний нүүрэн тус газарт нэг удаа толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан. 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод очиж чих хамар хоолойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЭМЖЖ” эмнэлэгт хамраа Р  гэх эмчид үзүүлсэн. Миний хамаранд таславчийн мурийлт засах, самалдаг тайрах хагалгааг бүтэн унтуулгатай хийнэ төлбөр нь 3 668 322 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 300 000 төгрөг болно гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2. Гэрч П.Г “Тухайн шөнө 03 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг үл таних эмэгтэй тогшоод манай нөхөр намайг сая зодчихлоо цагдаад дуудлага өгмөөр байна гээд хөл нүцгэн орж ирэхээр нь би гэртээ оруулаад би гэрийн 77357827 дугаарын утаснаас цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Б-н 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 09 дугаартай “Б.А-н биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаг хугацааны хувьд 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хамрын нуруунд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

4. Яллагдагч Ч.Б-н “Б.А-г ажлын газрын залуу Д-тай  эр эмийн харилцаатай болж хоорондоо мессеж бичдэг талаар мэдсэн. Эхнэр маань үнэнээ хэлж надаас уучлалт гуйж би ч бас эхнэрээ уучилж дахин хамт амьдарч эхэлсэн. Д-н  эхнэр надад нөгөө хоёр чинь дахин хоорондоо чат бичилцээд уулзсан байна гээд мессеж чатыг нь над руу явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагийн үед арван жилдээ хамт нэг ангид сурч байсан найз Тэмүүжин, Өлзийбаяр, Баттулга нарын хамт Сет караоке бааранд орж найз нарын хамтаар 1 литр архи хувааж уугаад 02 цагийн үед гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр А Д-тай  дахин мессежээр харилцаж уулзаж байгаа талаарх баримтыг харуултал манай эхнэр надад хэлэх үг алга чи яамаар байна тэрүүгээр чинь шийдье гэж хэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрийгээ гэрээсээ хөөсөн, эхнэр гэрээс гарахгүй байхаар нь би нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Өөрийн уураас болж эхнэртэй гар хүрсэндээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа 6-р байрны 703 тоотод 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Б.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.А-н “Би гэрээс гарахгүй гэж үзтэл намайг зайл, чамтай чамгүй би амьдарна гэж хэлээд гэрийн үүдэнд миний нүүрэн тус газарт нэг удаа толгойгоороо мөргөж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, гэрч П.Г “Тухайн шөнө 03 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг үл таних эмэгтэй тогшоод манай нөхөр намайг сая зодчихлоо цагдаад дуудлага өгмөөр байна гээд хөл нүцгэн орж ирэхээр нь би гэртээ оруулаад би гэрийн ****** дугаарын утаснаас цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 09 дугаартай дүгнэлт, яллагдагч Ч.Б-н “Би Б.А-г ажлын газрын газрын залуу Д-тай  эр эмийн харилцаатай болж хоорондоо мессеж бичдэг талаар мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагийн үед арван жилдээ хамт нэг ангид сурч байсан найз Тэмүүжин, Өлзийбаяр, Баттулга нарын хамт Сет караоке бааранд орж найз нарын хамтаар 1 литр архи хувааж уугаад 02 цагийн үед гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр А Д-тай  дахин мессежээр харилцаж уулзаж байгаа талаарх баримтыг харуултал манай эхнэр надад хэлэх үг алга чи яамаар байна тэрүүгээр чинь шийдье гэж хэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд эхнэрийгээ гэрээсээ хөөсөн, эхнэр гэрээс гарахгүй байхаар нь би нүүрэн тус газар нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Өөрийн уураас болж эхнэртэй гар хүрсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа 6-р байрны 703 тоотод 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Б.А-тай хувийн таарамжгүй харилцааны /хардалтын/ улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Ч.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан боловч шүүгдэгч “хэсэгчлэн төлөхгүй, нэг дор төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн тул оногдуулсан ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 4 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б нь 3 сая төгрөгийн хохирол төлсөн ба 1 сая төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчээс 1 сая төгрөг гаргуулан хохирогч Б.А-д олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баярхүүгээс 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч Б.А /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа *******/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС