Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ДШМ/43

 

Т.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                     Прокурор Д.Ганцэцэг

                                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                                     Шүүгдэгч Т.Х

                                              Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Х-д холбогдох эрүүгийн хэргийн 1726001950153 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/89 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хоёр жил дөрвөн cap зургаан хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг дөрвөн жил таван cap зургаа хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэгдэж байсан гэх, Дугар овогт Т.Х

Шүүгдэгч Т.Х нь 2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Дайргийн гол гэх газраас иргэн Г.С-н эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж, 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Шүүгдэгч Дугар овогт Т. Х-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн жил таван cap зургаан хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн дөрвөн жил гурван cap арван хоёр хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг зургаан жил есөн cap арван хоёр хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/141 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Х-н цагдан хоригдсон ес хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай гэснийг дурьдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1400000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.С-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Х-г Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорихоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байгааг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Т.Х нь удаа дараа гэмт хэрэг үйлдсэн ч, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байсан. Шүүгдэгч нь өөрт нь тулгаж байгаа бусдын хоёр адуу хулгайлсан гэх хэргийг үйлдээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэтэл түүний өмссөн гутлын хэмжээ хэргийн газраас олдсон гутлын ул мөртэй тохирч байгаа гэсэн үндэслэлээр бусдын хоёр тоооны адуу хулгайлсан, хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн гэж ял оногдуулж байгааг учир дутагдалтай гэж үзэж байна. Аливаа гэмт хэрэгт урьдаас хөдлөшгүй тогтоогдсон нотлох баримт байхгүйн учир зөвхөн Т.Х-д байдаг гутлын хэмжээ өөр давтагдах ул мөр байхгүй гэж үзэж бусдын хоёр тооны адуу хулгайлсан гэмт хэргийг энэ хүн үйлдсэн гэж үзэж яллаж байгаа нь гэмт хэргийг илэрүүлэх, шалгах, шийдвэрлэх асуудалд хэтэрхий гоомой хандаж байна. Магадгүй шүүгдэгч Т.Х-дай адил хэмжээний гутал өссөн өөр нэг хэрэгтэн ял завшиж байж болзошгүй. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг гэмт хэргийг шүүгдэгч Х үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Тийм учраас хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэв.

Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэмт хэргийг би үйлдээгүй. Намайг л авсан гээд гүтгээд байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс Т.Х-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг  яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/141 дүгээртэй шийтгэх тогтоолоор Т.Х-д оногдуулсан хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 12 хоногийн  ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн гэх боловч уг шийтгэх тогтоол нотлох баримтын шаардлага хангаагүй.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.С-д хэргийн материал танилцуулахдаа  яллагдагч Г.С-д танилцуулав гэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.