Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2015/497

 

 

 

Ч.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ч.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Б.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 тоот хуралдааны танхимд онлайнаар хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Ц-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие сүүлийн 10 гаруй жил Угалз дэлгүүрийг ажиллуулж байна. 2010 онд аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын албанаас дэлгүүрийн орчноо тохижуулах үүрэг өгсний дагуу дэлгүүрийн хойд хэсгийг зүлэгжүүлэн хайс хийсэн. Хөрөнгө мөнгө, хугацаа зарцуулсан учир уг газрыг эзэмших хүсэлтийг 2010 оноос хойш жил бүр аймгийн Газрын албанд өргөдөл өгөхөд эхний үед өргөдөл авахгүй гэж амаар буцаадаг, өргөдөл авсан ч хариуг өгдөггүй байсан. 2014 оны 01 сард өргөдөл өгч хариуг нэхэхэд алга болсон байна гээд дахин бичүүлсэн. 2 удаа хариу бичгээр өгсөн. /2014.06.24/ эхлээд холбооны кабель байна гэсэн, дараа нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн. Гэтэл уг газрын эзэмших эрхийг Б.Ч 2015 онд авчээ. Иймд, Б.Чд эзэмшүүлэхээр гаргасан аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулж, 2010 оноос хойш эзэмших өргөдөл гаргаж буй надад олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Б.Ч 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Угалз дэлгүүрийн баруун талд газар эзэмших санал өгснийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолоор төлөвлөгөөнд тусгуулан батлуулж, улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Харзат багийн Угалз дэлгүүрийн баруун хойт талд 96 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Б.Ч нь 2009 оноос хойш аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч Ч.Ц-д Есөнбулаг сумын Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар захирамжаар 55 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дээрх газрыг сунгах өргөдлийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан бөгөөд хариуг өгсөн. Мөн 2014 оны 05 дугаар сарын 13-нд Угалз дэлгүүрийн баруун талын газрыг сунгах талаар дахин өргөдөл ирүүлсэнийг судлан хуулийн дагуу хариуг хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Угалз дэлгүүрийн хойт талын газрыг хүссэн өргөдлийг 2008 оноос эхлэн 2009, 2010, 2013 оны 04 сар, 2013 оны 11 сар, 2014 оны 04 сард удаа дараа өгч байсан. 2014 оны 03 дугаар сарын 03-нд тус газрыг төлөвлөлтөд оруулах талаар хүсэлт гаргасан. Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар шийдвэрээр надад 70 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 27-нд олгосон. Уг газар нь Ч.Ц-ын Угалз дэлгүүрийн эзэмшлийн газрын гэрчилгээтэй давхцал байхгүй, кадастрын зураг, төлөвлөлтийн дагуу олгогдсон, түүний эрх ашгийг хөндөөгүй. Засаг даргын захирамж 2014 оны 06 дугаар сарын 14-нд гарсан, одоо 2015 оны 09 дүгээр сар болж байгаа тул нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Би зөвшөөрөлтэй тухайн газартаа ...барилга барих ажлыг эхлэх зөвшөөрөл авсан, Морот баян ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хаан банкнаас ...орон сууц барих зээл авсан... Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/305 дугаар захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2010 оноос хойш эзэмших өргөдөл гаргаж буй Ч.Ц-д олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: ...Аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгох асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, энэ шаардлагатай холбогдох аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол, сумын Засаг даргын санал авсан байдалтай холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхгүйгээр захирамжийн үндэслэлд байхгүй Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь хуульд заасан хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Газрын албанд олон удаа хүсэлт гаргаж, газар эзэмших хүсэлт гаргасан байхад зөвхөн сунгуулах хүсэлт гаргаж байсан мэтээр өрөөсгөл дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, дүгнэх шаардлагыг хангаагүй. Хэрэв нэхэмжлэгч гэрчилгээний хугацаа сунгуулах асуудал ярьж байсан бол Газрын албанаас удаа дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй учраас таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгч байсан нь ямар үндэслэлтэй вэ.

Маргааны зүйл болсон акт буюу аймгийн Засаг даргын 305 дугаар захирамж нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт, сумын Засаг даргын санал авалгүйгээр Газрын тухай хуулийн 21.3.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтыг ноцтой зөрчиж гарсан нь хүчин төгөлдөр бус эрх зүйн акт болно. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь ямар ч үндэслэлгүй, тухайлбал тэр хавийн газрыг багцлаад оруулсан гэж тайлбарладаг, орон сууцны зориулалтаар гэсэн 5 нэгж талбар нь илэрхий өөр байршилд байхад шүүх үндэслэл бүхий бодитой дүгнэлт хийгээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн бодит байдлыг тогтооход нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, шаардлагатай гэрчүүд болох тухайн үеийн Газрын албаны дарга, холбогдох хүмүүс, бичгийн нотлох баримтыг бүрэн шалгаагүй зэргээр шүүх нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иргэн Ч.Ц нь Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжийн Б.Чд холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2010 оноос хойш эзэмших өргөдөл гаргасан Ч.Ц надад олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн Газар эзэмших өргөдлийг хүлээн авч аймгийн Засаг даргаас Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд дэлгүүрийн агуулах бус, орон сууцны зориулалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А/305 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж гарган иргэн Б.Чд орон сууцны зориулалтаар 96 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлснээр нэхэмжлэгч Ч.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн ... газар эзэмших өргөдөл гаргасан хугацааны тухайд Б.Ч 2014 оны 04 дүгээр сарын 07-нд, Ч.Ц 2014 оны 05 дугаар сарын 13-нд гаргасан байх бөгөөд Ч.Ц-д 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 14/85 дугаар албан бичгээр хариу өгч, өргөдлийг буцаасан байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.

Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ч.Ц нь 2013 оны 07 дугаар сарын 15, 25-ны өдөр ...Дэлгүүрийн барилгын газрыг сунгуулах, мөн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлгүүрийн агуулах шинээр барих шаардлагатай байгаа тул газрыг сунгуулах тухай хүсэлтүүдийг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэлэнгэ нь 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газраас хэрэгжүүлж буй 40 мянган айлын хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй хувийн сууцны газрыг үнэ төлбөргүй олгуулах, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...Дэлгүүрийн баруун хойд талд үйлчилгээтэй орон сууц барих 80 м.кв газрыг эзэмших хүсэлтүүдийг тус тус Говь-Алтай аймгийн Газрын албанд гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүх гуравдагч этгээд Б.Чг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар газар эзэмших тухай өргөдлийг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу Б.Чд Харзат багийн 19 дүгээр байрны баруун талд буюу одоо маргаж байгаа газраас өөр байршилд газар олгосон, ...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулахдаа 17 дугаар байрны ойр орчмын айлын газар байхгүй, 19 дүгээр байрны орчмын газарт тодотгол оруулсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын А/305 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар гуравдагч этгээд Б.Чд газар эзэмшүүлсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах саналыг нэг бүрчлэн оруулдаггүй, багцалж оруулдаг. Харзат багийн 19 дүгээр байр орчмын газрыг нэг багц болгон оруулсан гэж, гуравдагч этгээдээс ....газар төлөвлөлтөд саналаа өгдөг гэсний дагуу 2014 оны 03 дугаар сарын 03-нд саналаа өгсөн... 2014 оны 04 дүгээр сарын 07-нд өргөдөл өгсний дагуу шийдвэрлэгдэж, уг газар манайд олгогдсон. Намайг энэ газрыг хөөцөлдөөд явж байхад эднийх хөөцөлдөж, асууж байгаагүй гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байрны баруун талд, АУК-ын дотуур байрны зүүн талд, Нарлаг хороолол-д иргэн, хуулийн этгээдэд орон сууцны зориулалтаар шинээр газар эзэмшүүлэхээр газрын байршил хэмжээг тогтоожээ.

Гуравдагч этгээд Б.Ч нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтдээ Угалз дэлгүүрийн баруун хойд талд 80 м.кв газар олгож өгнө үү гэсэн байхад Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/305 дугаар захирамжаар түүнд тус аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Угалз дэлгүүрийн баруун хойд талд 96 м.кв газрыг орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамжийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000530113 дугаар гэрчилгээгээр 70 м.кв газрыг олгосон байна. Үүнээс үзэхэд гуравдагч этгээдэд орон сууцны зориулалтаар олгосон газрын хэмжээ зөрүүтэй байх тул үүнийг тодруулах, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гуравдагч этгээд Б.Чгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэлэнгэ /эхнэр/-ийн газар хүссэн өргөдлийг аймгийн Засаг дарга Р.Цогтбаатарт гаргасныг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

1.    Нэхэмжлэгч Ч.Ц-д анх газар эзэмшүүлсэн гэх Говь-Алтай аймгийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар захирамж эзэмшил газрын кадастрын зураг байгаа эсэхийг тодруулах.

2.    Говь-Алтай аймгийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Ц-д үйлчилгээний зориулалтаар 55 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Ц нь одоо барилгын хэмжээгээ 3 м.кв орчим талбайгаар сунгаж барьсан байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Тиймээс одоо бодит байдал дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь хэдэн метр квадрат газар эзэмшиж байгаа, тус тусын барилгын суурийн хэмжээг мэргэжлийн байгууллагаар тодруулах.

3.    Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр гаргасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгт нотлох баримтаар авах нь зүйтэй байна. Учир нь, дээрх тогтоолын хавсралтаар орон сууцны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоохдоо тус аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байрны баруун талд, АУК-ын дотуур байрны зүүн талд, Нарлаг хороолол гэж тогтоосон байх ба гуравдагч этгээд Б.Чд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Угалз дэлгүүрийн баруун хойд талд газар эзэмшүүлэхээр маргаан бүхий захирамж гаргасан байгааг шүүх анхаарч энэ талаар дүгнэлт өгч, холбогдох нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай.

4.    Нэхэмжлэгч Ч.Ц нь 2010 оноос хойш жил бүр аймгийн газрын албанд газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан гэх, гуравдагч этгээд Б.Ч нь 2008 оноос хойш уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар хүссэн өргөдөл нь аймгийн Газрын албаны архивт байхгүй, алга болсон гэх тайлбарыг гаргасан бөгөөд хэргийн оролцогчдын энэхүү тайлбарыг тодруулах үүднээс тухайн үед аймгийн Газрын албанд ажиллаж байсан холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, нэхэмжлэгч Ч.Ц 2013 оны 07 дугаар сарын 15, 25-ны өдөр Дэлгүүрийн барилгын газрыг сунгаж өгнө үү гэж, мөн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлгүүрийн агуулах шинээр барих тул газрыг сунгаж шинээр өмчлөлт шилжүүлж, газрын гэрчилгээг шинээр олгож өгнө үү гэсэн хүсэлтийг захиргааны байгууллагад гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь бодит байдал дээр захирамж, гэрчилгээгээр эзэмшиж байгаа газраасаа илүү хэмжээгээр буюу 3 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтанд ямар шийдвэр гаргуулахаар хандсан эсэх, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийж, нотлох баримтуудыг цуглуулахаас гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР