Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2412

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Туулын 7 дугаар гудамж, 140 тоотод оршин суух, Боржигон овогт Гэндэндаржаагийн Энхбаяр /РД: ЧЗ63081317/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие УБТЗ-д 1986 оноос хойш, 2000 оноос Тээврийн дээд сургуульд багшаар ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Тээврийн дээд сургуулийн захирал, удирдлагын баг шуурхай хурал хийж, 2016 оны 6, 9 дүгээр сард оюутнуудын өгсөн өргөдөл гомдлын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулна гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ хурал дээр захирал Ж.Пүрэвсүрэн “энэ хүнийг сахилгын арга хэмжээгээр халахаар цалин хөлс нь бүрэн олгогдохгүй хохирно, өөрийн хүсэлтээр болговол бүх цалин хөлс нь олгогдоно” гэсэн. Ингээд хүний нөөцийн менежер н.Энхцэцэг та надад хүсэлтээ бичээд өг гэсний дагуу хүсэлт бичиж өгснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Г.Энхбаярын хувьд байгууллагын захирал, удирдлагын дарамт шахалт, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр дайрч давшилсан үйлдлээс болж сэтгэлийн хямралд орж, бодит байдалд ажлаасаа гарах, чөлөөлөгдөх бодит шалтгаан байхгүй байхад хүсэлт бичиж эрх ашгаараа хохирсон. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14-т хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт “ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэжээ. Ажилтан өөрийн санаачлагаар ажлаас гараагүй. Байгууллага сахилгын арга хэмжээгээр халах байсан гэсэн тайлбар гаргаж байна. Бид сахилгын зөрчлийн талаар яриагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөр байгаа. Хурлын тэмдэглэл дээр “энэ хүн шиг муу хүн байхгүй” гэж ярьсан нь тогтоогдсон. Шийдвэр гаргасан хүмүүс шүүх хуралдаанд гэрчээр ирж халъя гэж ярьсан гэдэг. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхбаяр нь ажиллах хугацаандаа тогтмол зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд хичээлийн жилд 1-2 удаа шуурхай зөвлөгөөнд багшийн ёс зүйн асуудлаар ордог байсан боловч өөрийн ажил байдалд дүгнэлт хийн, сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байгаагүй. 2015-2016 оны хичээлийн жилд 2 удаа Г.Энхбаяр багшийн ёс зүйн асуудлаар Удирдах зөвлөл шуурхай хурал зөвлөгөөн хийсэн байдаг. Үүнд 1 дүгээр улиралд тэрээр багшийн ёс зүйн зөрчил гаргаж, Э-3 ангийн оюутан Н.Өрнөхбатад гар хүрсэн асуудлаар шуурхай зөвлөгөөнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орсон боловч хууль хяналтын байгууллагад тухайн асуудал нь шалгагдаж байгаа шалтгаанаар уг байгууллагаас гарах шийдвэрийг хүлээж, түүнд авах арга хэмжээний талаар дахин хэлэлцэхээр болж хойшлогдсон боловч дахин хуралдаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн. 2016 оны 02 дугаар улиралд багшийн ёс зүйн асуудлаар дахин зөрчил гаргаж, оюутны мэдлэгийг мөнгөөр үнэлж дүн тавих асуудал илэрсэн. Төгсөх ангийн оюутнуудын өргөдөл, гомдлын мөрөөр сахилгын зөвлөл шуурхай хурал хийсэн бөгөөд багш оюутны мөнгө төгрөг өгсөн, авсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, гарсан шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах, тэр хүртэл энэ зөрчлөөр арга хэмжээ тооцохыг түдгэлзүүлэх гэсэн шийдвэр гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр удирдах зөвлөл энэ асуудлаар дахин хуралдсан. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрт Г.Энхбаяр багшийн мөнгөтэй холбоотой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, дахин хэлэлцэхээр хойшлуулсан тул 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн прокурорын газраас ирүүлсэн 2882 тоот тогтоолын дагуу уг асуудлыг дахин хэлэлцэх, эцэслэн шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцсэн. Дээрх хуралд 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд багш Г.Энхбаярын ажилласан байдлыг сургалтын албаны хичээл зохицуулагч багш Г.Халиуны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тайлан болон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ш-2 ангийн оюутнуудаас ирүүлсэн уг багштай холбоотой өргөдлөөр гаргасан зөрчил, гомдол мөн 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Хүний нөөцийн менежер болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нарын хийсэн Тээврийн дээд сургуулийн нийт багш нарын ажлын үзүүлэлтийг оюутнуудаар дүгнүүлсэн түүвэр санал асуулгын дүн зэргийг үндэслэн Г.Энхбаярыг ажлаас халах шийдвэрт хүрсэн. Хурлын шийдвэр гарахын өмнө тус сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн сахилгын зөрчлөөр багшийн ажлаас халагдах нь хүний нэр төртэй холбоотой асуудал бөгөөд дараа нь ажилд ороход сөрөг ихтэйгээс гадна багшид олгогдох санхүүгийн асуудалд хүндрэл гарах учир өөрийнх нь саналыг сонсоё гэхэд Г.Энхбаяр нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдая гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг хүсэлт гаргахад хариуцагчийн зүгээс шахаж дарамталсан зүйл байхгүй. Тэрээр өөрөө сахилгын зөвлөлийн хуралд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өргөдлөө гаргаж, хуульд зааснаар тэтгэмж авсан. Бүх үйл баримтыг зөвшөөрсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь нэхэмжлэгчийг шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл буюу хөндлөнгийн оролцоогоор ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг бичүүлсэн” гэж тодорхойлжээ. Хариуцагч нь уг үндэслэлийг “...нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлт гаргасан, хүсэлт гаргахад хариуцагчийн зүгээс шахаж дарамталсан зүйл байхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажилтан Г.Энхбаярын өөрийн өргөдөл, хувийн хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, дээрх тушаалын агуулга нь ажилтны хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар ажилтан Г.Энхбаяртай холбоотой зөрчлийн талаар хэлэлцсэн байх бөгөөд уг хуралд нэхэмжлэгч нь “...би өөрийн хүсэлтээр ажлаас гарья” гэх тайлбар гаргаж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүсэлт /хх-191 дүгээр тал/-ээр ажлаас чөлөөлөгдөх тухай бичгийн хүсэлтийг Улаанбаатар төмөр замын Тээврийн дээд сургуулийн захиргаанд гаргасан болох нь түүний хүсэлт болон дээрх хурлын 17/03 дугаар тэмдэглэл /хх-35 дугаар тал/-ээр тус тус нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь уг үйл баримтыг үгүйсгэн, маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2-т заасан журмын дагуу цуцална. Дээрх зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тохиолдолд ажилтан нь энэ талаар хүсэлт, өргөдлөө ажил олгогчид бичгийн хэлбэрээр гаргасан байх ёстой ба уг хүсэлт, өргөдөл нь ажил олгогчийн дарамт шахалтаас ангид, сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч нь дээрх хүсэлтийг ажил олгогчийн дарамт шахалт доор үйлдсэн гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар нэхэмжлэгчтэй холбоотой сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцсэнийг ажил олгогчийн дарамт шахалтаар буюу ажилтан сайн дурын үндсэн дээр уг хүсэлтийг гаргаагүй, мөн уг хүсэлт нь ажилтны өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэгч Г.Энхбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.