Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 53

 

2022      05     17                              2022/ШЦТ/53                        

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

 Нарийн бичгийн дарга Э.Э

 Улсын яллагч Л.С

 Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт А.С-д холбогдох эрүүгийн 2220000000030 тоот хэргийг 2022 оны 05-р сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны  ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой,  Дорноговь аймгийн ... тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04-р сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт А.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2022 оны 02-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын Е багийн Д гэх газарт иргэн А.Б-ын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, мөн хутгаар зүүн мөрөн тус газарт 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэрэг гардаг өдөр хөдөө байдаг гэртээ очсон чинь хүнгүй байхаар нь гэртээ орж цай уугаад сууж байсан манай аав ээж дүү гурав ирэхээр нь  та нар чинь хаашаа явдаг хүмүүс вэ? гэр орондоо байхгүй гээд жаахан уурласан чинь  манай аав бид нар чинь хүн байна даа айл амьтнаар шинэлгээ хийгээд ирлээ чи юунд нь уурлаад байгаа юм гэхээр нь  гэрт гадна дотноос хүн ирвэл гэрт хүнгүй байвал муухай биз дээ гэсэн тэгтэл манай аав төрсөн дүү хоёр уурлаад яваад өгсөн. ...манай төрсөн ах намайг барьж аваад миний хоолойг боохоор нь би  зөрүүлээд гараараа нэг удаа нүүрэнд нь цохьсон. ...гутлын түрүүнд байсан морины туурай янзалж байсан хутгаараа ахын зүүн мөрөнд нэг удаа хутгалсан тэгтэл манай ээж та хоёр чинь яаж байгаа хүүхэд вэ? гээд уйлаад боль гээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би юу болсон талаар тодруулахад манай аав “гэртээ харьсан чинь С согтуу гэрт байна. Мөн намайг ална гээд агсам тавьж, юм шидэж гэрээс хөөгөөд байна. Ээж нь  хориод гэртээ үлдсэн. Бушуухан очихгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Гэрт ирэх үед С гадаа зогсож байсан. Би машинаас буугаад С хандан “чи яасан гэж аав, ээждээ агсан тавьж гэрээс нь хөөдөг юм бэ? гэсэн чинь өөдөөс “яадаг юм, пизда минь, нааш ир” гээд  харанхуй руу дуудаад байсан. ...миний баруун талын шанаа руу 1 удаа цохьсон. Бид нэлээн маргалдсан зууралдсан. Тэр хооронд гуталныхаа түрийнээс хутга гаргаж ирээд миний зүүн мөрөнд хутгаараа дүрсэн. Би мөрөө бариад суухад ээж С авч цааш явсан. Тэгээд ... суманд байдаг А гэх дүүдээ хэлтэл цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь Б ахыгаа дуудаж машины гэрэлд маргалдаж байгаад цохиод авсан. Б өөдөөс нь зөрүүлж цохиж зодолдож байтал С хутга гаргаж ирээд Б зүүн талын мөр хэсэгт хутгалсан. ...хутга нь манай гэрийн хутга, ногоон алаг иштэй хутга байсан” гэх мэдүүлэг 16-17/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С ирээд Б ахын нүүр рүү цохьсон. Б  ах тэвэрч аваад ноцолдож байх үед Сах гэнэт хутга гаргаж ирээд Б ахын мөрөнд хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/

2022 оны 02-р сарын 08-ний өдрийн 04/064 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

-  А.Б биед зүүн мөрний урд талд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

-Учирсан гэмтлүүд нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/

Шүүгдэгч А.С нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43/

Хохирогч А.Б “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-ийн 57/

2022 оны 03-р сарын 25-ны өдрийн 5/16 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 62-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч А.С нь 2022 оны 02-р сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын Е багийн Д гэх газарт гэртээ аав, ээждээ агсан согтуу тавьж улмаар хохирогч А.Б нь “чи яасан гэж аав, ээждээ агсан тавьж гэрээс нь хөөдөг юм бэ? гэхэд “яадаг юм, пизда минь, нааш ир” гэж маргалдан түүний баруун талын шанаа руу 1 удаа цохиж,  гутлынхаа түрийнээс хутга гаргаж, зүүн мөрөнд хутгаараа дүрж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч А.С энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч  А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би машинаас буугаад С хандан “чи яасан гэж аав, ээждээ агсан тавьж гэрээс нь хөөдөг юм бэ? гэсэн чинь өөдөөс “яадаг юм, пизда минь, нааш ир” гээд  харанхуй руу дуудаад байсан. ...миний баруун талын шанаа руу 1 удаа цохьсон. Бид нэлээн маргалдсан зууралдсан. Тэр хооронд гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд миний зүүн мөрөнд хутгаараа дүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,  гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь Б ахыгаа дуудаж машины гэрэлд маргалдаж байгаад цохиод авсан. Б өөдөөс нь зөрүүлж цохиж зодолдож байтал С хутга гаргаж ирээд Б зүүн талын мөр хэсэгт хутгалсан. ...хутга нь манай гэрийн хутга, ногоон алаг иштэй хутга байсан” гэх мэдүүлэг 16-17/, гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С ирээд Б ахын нүүр рүү цохьсон. Б  ах тэвэрч аваад ноцолдож байх үед С ах гэнэт хутга гаргаж ирээд Б ахын мөрөнд хутгалчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6/,  яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/ 2022 оны 02-р сарын 08-ний өдрийн 04/064 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.С нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирлын хувьд хохирогч А.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч А.С хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч А.С ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.С -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.С оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон иштэй хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ