Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/518

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д ын Г т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ... телевизэд жолооч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д ын Г  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудлын хажууд байрлах түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Т.Т тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2, 3 дугаар шүдний сулрал, 2, 3 дугаар шүдний эмтрэл, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, дээд, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн доод зовхи, хамар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г оос: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Шүүгдэгч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 17-ын автобусны буудал дээр байдаг караоке руу ганцаараа ороод 200 граммын архи, 1 шил пиво авч ууж, дуулж байгаад шөнө тухайн караокеноос гарсан. Харих замдаа түргэн үйлчилгээний цэг ороход нэг халамцуу залуу тамхилчих гэхээр нь би байхгүй, тамхи татдаггүй гэсэн чинь байлгачхаач пизда минь гэхээр нь би чиний тамхыг бэлдэх ёстой юм уу гээд хоорондоо муудалцаад заамдалцсан. Тэгээд би нүүрэн тус газар нь хоёр удаа баруун гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 16-ны шөнө ...Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр онгорхой түргэн үйлчилгээний цэг байхаар нь ороод өндөг аваад ...лангуун дээр нь өндгөө хагалсан чинь тэр залуу чи ямар том пизда вэ гээд уурлахаар нь би томроод яасан юм гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу худалдагчаас танайх камертай юу гэж асуухад камертай гэсэн чинь тэгвэл би энийг ална, чи ямар том пизда вэ гээд шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход нь би хойшоо лангууны хажуу тал руу саваад унасан. Тэр үед дээрээс 4-5 удаа гараараа нүүр рүү цохиход нь би ахын дүү боль гэж хэлээд боссон ба худалдагч эмэгтэйг цагдаа дуудаарай гэж орилсон. ...Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...Намайг зодсон Г  гэх залуу миний хохирлыг барагдуулж, эмнэлэгт үзүүлэх 700.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4758 дугаартай “...Т.Т ийн биед зүүн дээд 1, 2, 3-р шүдний сулрал, 2, 3-р шүдний эмтрэл, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, дээд, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн доод зовхи, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, түүний Хаан банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 48-148 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Г ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудлын хажууд байрлах түргэн үйлчилгээний цэг дотор иргэн Т.Т тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд 1, 2, 3 дугаар шүдний сулрал, 2, 3 дугаар шүдний эмтрэл, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, дээд, доод уруулд салстын өнгөц шарх, зүүн доод зовхи, хамар, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Д.Г ын өгсөн: ...Би 2022 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ...харих замдаа түргэн үйлчилгээний цэг ороход нэг халамцуу залуу тамхилчих гэхээр нь би байхгүй, тамхи татдаггүй гэсэн чинь байлгачхаач пизда минь гэхээр нь би чиний тамхыг бэлдэх ёстой юм уу гээд хоорондоо муудалцаад заамдалцсан. Тэгээд би нүүрэн тус газар нь хоёр удаа баруун гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Т.Т ийн өгсөн: “...тэр залуу ...шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход нь би хойшоо лангууны хажуу тал руу саваад унасан. Тэр үед дээрээс 4-5 удаа гараараа нүүр рүү цохиход нь би ахын дүү боль гэж хэлээд боссон ба худалдагч эмэгтэйг цагдаа дуудаарай гэж орилсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4758 дугаартай гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 155 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Г нь хохирогчид эмчилгээний зардалд нийт 700.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Т.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Г ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай...” саналын хүрээнд шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч Д.Г ын байнга оршин суух хаяг нь ... тоот болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г ыг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д ын Г ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.