Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2424

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Сар шинэ интернэшнл” ХХК /РД: 2693925/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сарангуаг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Сарангуа нь 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр манай байгууллагатай ЗГ1502110536 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээлж, нийт 4 836 952.84 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч зээл болон зээлийн хүүгээ хугацаанд нь төлөөгүй, зээл авах үеийн утас хаягаар очиход бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сарангуаг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК нь Т.Сарангуад холбогдуулан  шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2016/21562 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 46-15 тоотод бүртгэлгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Т.Сарангуад холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхогүйгээс нэхэмжлэгчид Т.Сарангуаг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Сарангуаг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тунгалагийн Сарангуа /РД: УШ91050780/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ХХК-д /утас: 91130579/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Тунгалагийн Сарангуа /РД: УШ91050780/ нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 46-15 тоотод оршин суух бүртгэлтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Тунгалагийн Сарангуа /РД: УШ91050780/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т.Сарангуаг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ХХК-д /утас: 91130579/ мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.