Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
Хэргийн индекс | 107/2022/0058/Э |
Дугаар | 2022/ШЦТ65 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | З.Хүслэн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ65
2022 05 24 2022/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2204000000042 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч З.Хүслэн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Монгол улсын иргэн, ..........оны ........дүгээр сарын .......-ны өдөр ......... төрсөн, .......настай, .........., ........ боловсролтой, .............мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........, ..........хамт ******* дүүргийн ....дүгээр хороо, .............дугаар гудамжны ..........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ...................ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овгийн Б А /РД: /.
******* нь хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүр болон цээжин тус газарт гараар цохиж, мөн улмаар ******* хэсгийн 2 дугаар гудамжны 13 тоотод орших ******* гэрт дахин гараар нүүрэн тус газар цохиж, зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний зовхины цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...........оны ....... дугаар сарын ......-ны өдөр найз охин А уулзахаар очиход Б хамт байхаар нь нүүрэн тус газар нь цохиж алгадсан. Б намайг эхлээд миний нүүр лүү хатгасан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.............оны ......дугаар сарын .......-ны өдөр 17 цагийн үед ******* бид хоёр дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй “*******” пивоноос 2 савыг аваад хувааж уусан. Мөн танил ах маань 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 сав пиво авчирч, бид гурав хамт уусан. Миний дуудсан ах нэг их удалгүй яваад өгсөн бөгөөд би ******* гэрт байж байгаад 23 цагийн үед гэр лүүгээ харих гээд ******* намайг хашаанаасаа гаргаж өгсөн. Тухайн үед тэдний гудамжаар машин ирж байсан бөгөөд ******* тэр машиныг намайг авах гэж ирж байгаа машин гэж бодоод гэр лүүгээ буцаад орсон. Тэгтэл тухайн машинаас өмнө нь ганц нэг харж байсан ******* гэх залуу бууж ирээд над руу “чи яг хэн юм бэ, энд юу хийж байгаа юм бэ” гэж дайраад намайг цохиж зодсон. Гадаа хэсэг зодож байгаад ******* гэр лүү оруулж дахиж зодсон. Ямар ч байсан гараараа намайг зодсон, би урдаас нь цохьсон зүйл байхгүй. ...Миний 2 нүд хөхөрч хавдсан, амьсгалахаар цээжний баруун хэсгийн хавирга өвдөж байна. А манай ээжийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн үед ******* ирэхгүй байх гэж бодсон бөгөөд ******* гэр лүү нь явуулах гээд хашааны хаалгаар гадагш гаргаад би буцаад гэрлүүгээ орсон. Гэртээ ороод удаагүй байтал гаднаас ******* орж ирээд хэрүүл маргаан хийх шинжтэй ярьж байгаад гарахаар нь араас нь гарсан чинь ******* хашааны гадна газар хэвтэж байсан. ******* нь Б манай байшингийн үүдний амбаарт оруулаад 1 удаа гараараа цохиж унагаасан. Б яриагаар тухайн шөнө манай хашаанаас гараад явж байхад ******* таараад хашааны гадна зодож эхэлсэн гэсэн. Сүүлд байшингийн үүдэнд Буяндэлгэр нь ******* цохьсон зүйл байхгүй. ******* нь маш түргэн ууртай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг гэртээ ирэхэд манай хүү ******* гэртээ ирж хоноогүй бөгөөд өдөр ирэхдээ зүс таних хүнд зодуулсан гээд 2 нүд нь хөхөрч хавдсан байдалтай “амьсгалахаар нь хавирга хэсэг нь хөндүүрлээд байна” гэсэн. Нэг таньдаг охинтойгоо уулзаж байгаад гэрээс нь гарахад тухайн охины найз залуу нь тааралдаад зодсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09шэ/172 дугаартай дүгнэлтэд: “******* биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, ухархайн дотор хананы хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 30-31/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Х овгийн Б А...” гэжээ. /хх-н 80/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 56/, шийтгэх тогтоолын хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 93/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 7-ны орой 23 цагийн үед *******ийн ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ий хэсгийн 2 дугаар гудамж 13 тоот хашааны гадна болон ******* хэсгийн 2 дугаар гудамжны 13 тоот ******* гэрт хохирогч ******* тодорхой шалтгаангүйгээр нүүр болон цээжин тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...найз охиноо Б хардаад нүүрэн тус газар нь цохиж алгадсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...машинаас ******* гэх залуу бууж ирээд над руу “чи яг хэн юм бэ, энд юу хийж байгаа юм бэ” гэж дайраад намайг цохиж зодсон. Мөн А гэр лүү оруулж дахин зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/, мөрдөн байцаалтад гэрч ******* “...А араас гарсан чинь Б хашааны гадна газар хэвтэж байсан. нь Б үүдний амбаарт оруулаад 1 удаа гараараа цохиж унагаасан. Б яриагаар тухайн шөнө манай хашаанаас гараад явж байхад А таараад хашааны гадна зодож эхэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/, мөрдөн байцаалтад гэрч Г.С “...манай хүү Б нь гэртээ ирэхдээ зүс таних хүнд зодуулсан гээд 2 нүд нь хөхөрч хавдсан байдалтай “амьсгалахаар нь хавирга хэсэг нь хөндүүрлээд байна” гэсэн. Нэг таньдаг охинтойгоо уулзаж байгаад гэрээс нь гарахад тухайн охины найз залуу нь тааралдаад зодсон гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал, нүүрний зөөлөн эдийн гэмтэл, баруун зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09шэ/172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “хохирогч эхлээд миний нүүр лүү хатгасан” гэж мэдүүлсэн бөгөөд тухайн гэмт хэрэг харахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, баруун талын 10 дугаар хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч ******* нь шүүхэд ирүүлсэн “Би ******* 536.000 төгрөгийн хохирол төлбөр авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 71, 95 дугаар талд авагдсан байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгчээс “улсын яллагчийн ялын саналтай маргаагүй ба хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн болно.
******* нь “урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 (зургаан зуун тавин) цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Б А 650 (зургаан зуун тавин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хохирлын гэм хорын зардалд 536.000 (таван зуун гучин зургаан мянган) төгрөг төлснийг дурдсугай.
6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******АЙГАЛМАА