Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар: /*******/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр тоотоос иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд нэвтэрч тал үхрийн мах 57 кг, гагнуурын аппарат, тасдагч, Дрилл, тавлагч буюу хадагч төмөр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******т 225.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 7 дугаар хэсэг тоот хашаанаас хохирогч *******ы хашаанаас гагнуурын аппарат, цахилгаан хөрөө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хулгайлсан зүйлээ буцаагаад өгсөн. Би таньдаг юм. Өөр нэмж ярих зүйлгүй... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 53-54 /,

Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед гэртээ байж байгаад гэрээс гараад гадаа байрладаг амбаараас сүү авах гээд ортол амбаарт байсан гагнуурын аппарат, модны цахилгаан хөрөө 2 алга болчихсон байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13 /,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

 Би гэртээ хулгай орсны дараа 2020 оны 12-р сарын 30-ны өдөр мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би *******ийг сэжиглэж байна гэж хэлэхэд тэр цагдаа нь *******ийн эгчтэй утсаар яриад танай дүү хаагуур байна гэхэд манай дүү ойрд архи уугаад яваад байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа танай дүү гэх айлаас хулгай хийсэн болзошгүй байна гэж хэлэхэд гэртээ архи уугаад 7 хоног ирээгүй байгаа Хөх толгойн хойд талд манай нэг хамаатныд байгаа сураг байсан би очоод үзье гэж хэлсэн. Тэгээд очиж үзээд ******* тус айлын хашаанд цагаан өнгийн шуудайтай юм тавьсан байна гэж хэлсэн. Тус айлд очиход манай гэрээс алдагдсан байсан гэх тастагч, дрилл, гагнуурын аппарат таслагч байсан. Би тэгээд тэр зүйлсээ хүлээн авсан бөгөөд манай гэрээс алдагдсан гэх мах алга байсан. Хавар 5 сард над руу залгаснаа би танай гэрээс хулгай хийсэн нь үнэн, хотод ажил хийж байгаа танд одоо хэдэн төгрөг талаар асуусан. Манай байшингийн үүдний амбаар цоожтой байсан. ******* манай гэрийн түлхүүрийг хаана нуудгийг мэддэг тул онгойлгоод орсон байсан. Би түлхүүрээ байшингийнхаа гадаа байдаг жижиг машины суудал дээр тавьчихдаг байсан ... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 24-25 /,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ... хохирогч *******ы эзэмшлийн ногоон өнгийн аппарат 220,000 төгрөг, ногоон өнгийн цахилгаан хөрөө 120,000 төгрөг, нийт 340,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 93-94/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шинжээчийн ... хохирогч *******ийн хулгайд алдагдсан эд зүйлийн нийт үнэлгээ 225,000 төгрөг ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 36/

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /1-р хх-ийн 1-2, 2-р хх-ийн 100-102/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-10, 2-р хх-ийн 15-18/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 42, 2-р хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 46, 2-р хх-ийн 59/, 2003 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 62-65/, 2007 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 04 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 65-66/, өршөөл үзүүлэх комиссын тогтоол /1-р хх-ийн 67/, 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 70-71/, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 70/, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 1380 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 74-82/, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 103-109/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 83-96/, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 97-99/, 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 103-109/, депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 114-118, 2-р хх-ийн 86-87/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 56/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар магадлах зэргээр шинжлэн судалж, шалгахад шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан гэж зүйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр тоотоос иргэн *******ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд нэвтэрч тал үхрийн мах 57 кг, гагнуурын аппарат, тасдагч, Дрилл, тавлагч буюу хадагч төмөр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******т 225.000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 7 дугаар хэсэг тоот хашаанаас иргэн *******ы хашаанаас гагнуурын аппарат, цахилгаан хөрөө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч *******ийн мэдүүлэг / 1-р хх-ийн 53-54 /, хохирогч *******ы мэдүүлэг, /2-р хх-ийн 13 /, хохирогч *******ийн мэдүүлэг, /1-р хх-ийн 24-25 /, “Капитал зууч” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 93-94/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 36/ шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.    Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 Уг гэмт хэргийн хохирогч *******, хохирогч ******* нарын хулгайд алдагдсан эд зүйл болох нийт *******ийн эд зүйлсийг 225000 төгрөг, хохирогч *******ы эд зүйлсийн 340000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч нар, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар .. энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* нь өөр, өөр объектод, цаг хугацааны хувьд завсарлагатайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үйлдэл тус бүрд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд прокурорын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № 37 дугаар тогтоолоор эрүүгийн дугаартай хэргийг дугаартай хэрэгт нэгтгэж нэг зүйл хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т.... энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцно... гэж заасан гэмт хэргийг нэгээс дээш удаа буюу дахин үйлдсэн гэмт этгээдэд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн тухайн зүйл ангид заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

 Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг буюу нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тул шүүх бие даасан эхлэл төгсгөлтэй, өөр өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн дээрхи үйлдлийг тус тусад нь бус дээрх зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдаж байсан,

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн № 1380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял , мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №28 дугаар магадлалд...шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй болно.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* хулгайд алдсан гэх тастагч, дрилл, гагнуурын аппарат таслагч зэрэг зүйлсийг хүлээж авсан зэргийг буцааж өгсөн / хх-ийн 1-р хх-ийн 24-25, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн / 1-р хх-ийн 29-30/ байх тул шүүгдэгчийг хохирогч *******т төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******д 100000 төгрөгийг өгсөн холбогдох баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгч *******өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 240,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д 240,000 төгрөг олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө хулгай хэргээр шийтгүүлж байсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 3 жил 10 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******өөс нийт 240,000 төгрөг гаргуулж, хохирогч *******д 240,000 төгрөгийг олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь хохирогч *******т төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА