| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2017/02445/И |
| Дугаар | 101/ШШ2017/02791 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2017/02791
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Залуу хотхон, 5 дугаар байр, 8 тоотод оршин суух, 26 настай, эрэгтэй, Боржигон овогт Гантуяагийн Ган-Ирээдүйн /УХ91090919/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Хужирбулан, 28 дугаар хороо, 45 дугаар гудамж, 1611 тоотод байрлах, Агарын хөндий зам ХХК-д /Захирал Б.Батбаатар/ холбогдох,
Ажилласан хугацааны цалинд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ган-Ирээдүй, хариуцагчийн төлөөлөгч, Захирал Б.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Г.Ган-Ирээдүй би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл Агарын хөндий зам ХХК-д Замын ажилд туслахаар нэг сарын 700 000 төгрөгөөр тохиролцон ажилласан.
Мөн 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл тус компанид манаачийн ажил хийсэн.
Би Агарын хөндий зам ХХК-иас 3 000 000 төгрөгийн цалингаа дутуу авсан. Цалингаа авъя гэх хэлэхээр Одоо мөнгө төгрөггүй байна, машин тэргээ зарж байгаад мөнгөтэй болоод өгье гэдэг боловч одоог хүртэл өгөөгүй.
Иймд миний ажилласан хугацааны цалин 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа:
Г.Ган-Ирээдүй би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл манаачийн ажил сарын 300 000 төгрөгөөр хийсэн. Агарын хөндий зам ХХК-д замын ажилд туслахаар сарын 700 000 төгрөгөөр тохиролцон ажилласан. Мөн Агарын хөндий зам ХХК-иас 1 800 000 төгрөг авсан. Би Агарын хөндий зам ХХК-иас 3 000 000 төгрөгийн цалингаа дутуу авсан. Цалингаа авъя гэж хэлэхээр одоо мөнгө төгрөггүй байна, машин тэргээ зарж байгаад өгье гэдэг боловч одоог болтол өгөөгүй.
Иймд ажилласан хугацааны цалин 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Батбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.Ган-Ирээдүй нь манай компанид ажиллаж байсан болон цалин мөнгө тохиролцож байсан талаарх асуудлаа тодорхой тавиагүй. Нэхэмжлэлд бичсэн ажилласан хугацаа болон цалин дутуу авсан 3 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
12 сар хүртэл ажилласан гэдэг нь худлаа. Цайз ХХК-ийн захирал намайг мэдэхгүй гэдэг худлаа. Намайг АНУ-руу явахад тэр хүн гаргаж өгсөн. 4.800.000 төгрөгийн цалин авна гэдэг нь худлаа. Э.Ган-Ирээдүйн эхнэр нь төрсөн байна гээд эхнэр маань над руу утастахад хүртэл би өлгий, даавуу авч өгөөрэй гэж мөнгө өгсөн. Би олон хүнтэй ажилласан. Ийш, тийшээ чөлөө аваад явах үе зөндөө байдаг. Би Ирээдүйгээс сайн залуу байхгүй, яах вэ гээд өмөөрдөг. Шүүх цагдаагаар явах хэмжээний болсон гэж ойлгоогүй. Миний тооцоо бол 900.000 төгрөг, үүнийг төлөөд тохиролцох боломж байна. Би тухайн ажлыг 07-р сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Анх 2015 оны 05-р сарын 10-ны үед эхэлсэн ажил. Эхний жил учир 12-р сар хүртэл ажилласан. Дараа жил нь 07-р сарын 20-ны өдөр ажил хүлээлгэж өгсөн акт байдаг. 04-р сарын 12-ны өдөр ажилд аваад Хужирбуланд манай жолоочийнд 7 хоносон. Хүмүүсээ цуглуулаад буулгалтын ажлыг 20-ны өдөр эхэлсэн. 08-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. 2016 оны 10-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд манаачийн хийх ажил байхгүй. Тэнд ганц машин байсан. Одоо хүртэл тэнд байгаа. Контейнер байсныг нь би авсан. Нийт цалинд 2.400.000 төгрөг өгсөн. Анх удаа мөнгө өгөхдөө л нэг удаа гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш бага багаар мөнгө гуйсан үед нь өгсөн.Тухайн ажил нь төсөв мөнгөгүй. 10-р сарын 02-ны өдрөөс эхлээд АНУ-руу явах хувийн бэлтгэл базаагаад 10-ны өдөр явсан. Энэ хашаанд байх шаардлага байхгүй, очих газаргүй учир Хужирбулан руу нүүлгэ гэж дүүдээ хэлээд явсан. Компаниар биш хувь иргэнээр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ган-Ирээдүй нь хариуцагч Агарын хөндий зам ХХК-д холбогдуулан дутуу авсан ажлын хөлсөнд 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан гэрээний үүргийн дагуу ажил хийсэн, түүний хөлсийг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийг хариуцагч Агарын хөндий зам ХХК-д холбогдуулан гаргасан байх бөгөөд хариуцагч хуулийн этгээдийн хувиар хариуцахгүй, иргэний хувьд гэрээ байгуулсан гэж тайлбарладаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахв хэсэгт зааснаар ...нэхэмжлэлд нэр дурдсан этгээдийг хэлнэ гэж зохицуулсан байх бөгөөд хариуцагчийг солих талаарх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд эвлэрэн хэлэлцэж болох талаарх гаргасан тайлбар, цалинг компанийн нярав гэх н.Баясгалан өгдөг байсан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх зохигчдын тайлбарт дүгнэлт хийж үзвэл нэг талаас Г.Ган-Ирээдүй болон нөгөө талаас Агарын хөндий зам ХХК нарын хооронд тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, хөлс төлөх талаар харилцан тохиролцсон, хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэх боломжтой байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар хоёр өөр цаг хугацаанд хамаарах гэрээний үүргийн дагуу цалин гаргуулна гэжээ.
Нэгд. 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд 700 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон гэжээ.
Зохигчдын хооронд ийм харилцаа үүссэн талаар хариуцагч маргаагүй байна. Анх 700.000 төгрөгийн цалин тохиролцож ажилд авсан гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар талууд хүсэл зориг илэрхийлэн тодорхой хөлстэйгөөр ажил үүрэг гүйцэтгэхээр хүсэл зориг илэрхийлсэн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний зорилго агуулгаас дүгнэн үзэхэд тодорхой зүйлчлэлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх болон ажиллагчийн ур чадварт тулгуурлан ажил үйлчилгээ үзүүлэх харилцаа буюу мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийх боломжгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч тус мөнгийг цалин гэж нэхэмжилж байх бөгөөд зохигчдын тайлбар, хийж гүйцэтгэсэн ажлын мөн чанар, ажлын байранд дүгнэлт хийхэд хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх байнгын ажлын байр, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэж болохооргүй байна.
Гэхдээ хуульд зааснаар ажил гүйцэтгэхтэй холбоотой тодорхой төрлийн гэрээний харилцаагаар тусгайлан зүйлчлэх шинжгүй байх нь талуудын хооронд ажил гүйцэтгүүлэн хөлс төлөхтэй холбоотой гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй байна.
Иймд нэг тал тохиролцооны дагуу тодорхой ажил үүрэг, тодорхой хугацаанд гүйцэтгэх, нөгөө тал хөлс төлөх үүрэг бүхий гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд тохиролцсоны дагуу буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар харилцан үүргийг шаардах эрх, гүйцэтгэх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэгч тус тохиролцооны дагуу 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл сарын 700 000 төгрөгийн цалин өгөх ёстой гэснийг хариуцагчийн төлөөлөгч Би одоо энэ хүний ажилласан хугацааг 07-р сарын 20-ны өдөр. Цааш нь сунгаад 08-р сарын 01-ний өдөр гэж тооцсон. 900.000 төгрөг өгөх боломжтой. Ажил 04-р сарын 12-ны өдөр эхэлсэн. 08-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэсэн тайлбараар няцаасан байна.
Дурдсан тайлбаруудыг харьцуулан үзэхэд, тохиролцооны дагуу ажил үүргийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Харин үргэлжилсэн хугацааны хувьд хариуцагч тал 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан гэх боловч, ажил үүрэг дууссан, цалин өгөхгүй, ажлын хугацаа дууссан талаар Г.Ган-Ирээдүйд мэдэгдсэн гэж үзэх баримтгүй байна.
Нөгөө талаар 2016 оны 08 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд компанийн ажлын байранд Г.Ган-Ирээдүй байрлаж байсан, түлхүүр байдаг байсан, борлуулалтын ажил үргэлжилж байсан бөгөөд хүн ирэхээр юм үзүүлдэг байсан зэрэг хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар 2016 оны 10 дугаар сар хүртэл ажил үүрэг ямар нэгэн байдлаар үргэлжилж байсан гэж үзэхээр байна.
Иймд ажилласан хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 12 ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилсэн гэж дүгнэв.
Энэ хугацааны ажлын хөлсөнд 3 919 994 төгрөг /5 сар, 18 хоног/ шаардах эрх нэхэмжлэгч Г.Ган-Ирээдүйд үүссэн байна.
Хоёрт. 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд 600 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөн л манаачийн ажил хийхээр тохиролцсон, гэхдээ цалинг тодорхой тохиролцоогүй тул хамгийн багаар сарын 300 000 төгрөгөөр тооцон 600 000 төгрөг гаргуулна гэжээ.
Хариуцагч тус тайлбарыг үгүйсгэн манаачаар ажиллуулахаар тохиролцоогүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч талаас тус тохиролцоо, үүрэг үүссэн талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд зохигчдын тайлбараас талуудын хооронд ямар ажил хийж гүйцэтгэх, хэдэн төгрөгийн хөлс төлөх талаар тодорхой хүсэл зориг илэрхийлэгдэн тохиролцоонд хүрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх үүрэг болон хөлс төлөх үүрэг харилцан үүсээгүй, шаардах эрхгүй гэж дүгнэв.
Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч талаас 3 919 994 төгрөг төлөх үүрэг гэрээний дагуу үүссэн бөгөөд нэхэмжлэгч тус үүргийн дагуу 1 800 000 төгрөг хүлээн авсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч ажлын хөлсөнд түүнээс илүү төлбөр төлсөн гэх боловч нотлох үүргийн хуваарилалтын дагуу төлбөр авсан үйлдэл хийсэн этгээд бус төлбөр төлсөн үйлдэл хийсэн этгээд түүнийгээ нотлох үүрэгтэй байна.
Иймд хариуцагч цалин хөлсөнд 1 800 000 төгрөгөөс илүү төлбөр төлсөн гэх тайлбараа нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн тайлбараар 1 800 000 төгрөг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний дагуу үүссэн үүрэг 3 919 994 төгрөгөөс 1 800 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2 119 994 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас 880 006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Агарын хөндий зам ХХК-иас 2 119 994 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Ирээдүйд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880 006 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Агарын хөндий зам ХХК-иас 48 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Ирээдүйд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН