| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0019/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/021 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн
Шүүгдэгч Д.Үйтүмэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Үйтүмэнд холбогдох эрүүгийн 22140000000017 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, Жаа овогт Доржийн Үйтүмэн, регистрийн дугаар /ВБ98112111/,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Үйтүмэн нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дөрвөн замын уулзвар дээр 09-40 БНХ улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Наранбилэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч Д.Үйтүмэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөх толгойгоос Номгон сургууль руу орох гэж 09-40 БНХ улсын дугаартай, Соната 6 маркийн машинтай явж байхдаа төв 4 замын уулзвар дээр улаан асаж зогсож байгаад ногоон гэрэл асаж хөдөлсөн. Амьчуул зүг рүү эргэх гэтэл гарцаар гарч байсан хүүхдийг анзаарч харалгүй мөргөсөн. Би машинаа зогсоож мөргөсөн эмэгтэй хүүдийг өөрийн машиндаа суулгаж эмнэлэг дээр ирсэн, дараа нь цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 /
Насанд хүрээгүй хохирогч С.Наранбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сургуулиас гараад төв замын гэрлэн дохиогоор гарч байсан, намайг гэрлэн дохиогоор гарч байх үед явган хүний ногоон гэрэл ассан 16 секунд байсан. Зам гарах гээд явж байсан чинь миний баруун гар талаас машин мөргөсөн. Тэгээд намайг мөргөсөн гэх машинтай хүн намайг эмнэлэг рүү авч яваад тэгээд цагдаа дээр очсон. Намайг мөргөсөн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 /,
Гэрч Д.Сүх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
.Намайг эмнэлэг дээр очиход миний охин машинд мөргүүлж баруун талын
хөл нь шилбэ хэсгээрээ хугарсан гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад төв дөрвөн замын уулзвар дээр гарцаар гарах гэж яваад мөргүүлсэн талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20
Гэрч Г.Сувдмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Миний нөхөр Үйтүмэн хүүхэдтэйгээ бид гурав 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дүүгээ авахаар Хөх толгойгоос Номун далай сургууль явж байсан. Дөрвөн замын уулзвар дээр Үйтүмэн машинтайгаа зогссон. Би “юу болсон бэ” гэж асуухад Үйтүмэн надад хэлэхдээ “хүн дайрчихлаа“ гэж хэлээд машинаас гарч нэг охин машиндаа оруулж суулгаад нэгдсэн эмнэлэг явсан. Би хүн дайрсан талаар анзаарч хараагүй, хүүхдээ өвөр дээрээ тэврээд сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /,
Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/08 дугаар шинжээчийн
Автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа Е\ЛШ2200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад +1.7 мм/метр, урд, хойд ажлын тоормос, зогсоолын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэж шалгахад, урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 3.0 кН, баруун талдаа 3.2 кН, хүчний зөрүү 6.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 1.7 Кн, баруун талдаа 2.0 Кн буюу хүчний зөрүү нь 15,0 хувь байсан ч стенд дээр бүрэн зогсоогүй, харин зогсоолын тоормосны идэвхжил зүүн талын хойд дугуйнд 0.8 Кн, баруун талын хойд дугуйнд 0.3 Кн, хүчний зөрүү 62 хувь, зогсоолын тоормос бүрэн барихгүй байлаа.
“Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт 1.7 мм/м байгаа нь стандартаар тогтоосон хэмжээ 5 мм/м-ээс бага буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй, урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү нь 6,0 хувь буюу 20 хувиас бага, бүрэн ажиллагаатай, харин хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 15,0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага байгаа боловч тоормосны стенд дээр бүрэн барихгүй байсан нь хойд тоормосны ажиллагаа бүрэн бус байгааг харуулж байна. Зогсоолын тоормосны ажиллагааг стенд дээр шалгахад зүүн, баруун хойд талын дугуйны тоормос бүрэн барихгүй байв. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. Дуут дохио, бүхээгийн дулаацуулах систем нь ажилтай байлаа. Бүх дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу стандартын шаардлага хангаж байна. Автомашины их гэрлийн хол, ойрын тусгалыг тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МСЮ-ЗС загварын багажаар шалгахад, хол, ойрын гэрлийн тусгалын хэмжээ нь 2200-5800 кандель байсан нь стандартад заагдсан 10000 кандельд хүрэхгүй, гэрлийн хүчний хэмжээ бага буюу бүдэг гэрэлтүүлэгтэй байв. Суваг дотор орж автомашины явах ангийн ажиллагааг шалгахад тулгуур эд ангиудад ямар нэгэн гэмтэл байхгүй байв. Ослын улмаас автомашинд ямар нэгэн гэмтэл шинээр үүсээгүй, капотны зүүн урд, зүүн хойд хэсэгт үүссэн хонхойлт, будаг халцарсан, хойд буферний хонхойсон байдал нь өмнө нь үүссэн гэмтэл юм6 Хойд талын тоормосонд 1.7-2.0 Кн хүч үйлчилж байгаа боловч тоормос бүрэн барихгүй байгаа нь тоормослох үед тоормосны зам ихсэх бөгөөд зогсоолын тоормосны идэвхижил муу байсан нь өгсүүр, уруу замд автомашиныг байрнаас нь хөдөлгөхгүй зогсоох чадвар алдагдана. Их гэрлийн хол, ойрын тусгал бүдэг байгаа нь харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал замд өмнөх замаа бүдэг гэрэлтүүлэх нөхцөл бүрдэнэ. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Соната-6 маркийн 09-40 БНХ улсын дугаартай суудлын зориулалттай автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тоормосны хэмжээ, зогсоолын тоормос, бусад нэмэлт хэрэгслүүд, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг 11 дүгээр сарын 24-ний өдөр бичиж хүргүүлэв.
Уг автомашиныг суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасан “Дүгнэлтийн хуудас”-1ш, автомашины ерөнхий байдлыг 4 талаас нь авсан гэрэл зургийг тус тус хавсаргав ... гэх дүгнэлт /хх-ийн 33-40 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн
1. С.Наранбилэгийн биед баруун хөлийн танилзуур ясны доод 1/3-ний хэсгээр ташуу зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 47/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татар тогтоол / хх-ийн 65-66/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-04/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 07-09/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, депозит дансны хуулганууд /хх-ийн 74-76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 79/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 88/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Үйтүмэн нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дөрвөн замын уулзвар дээр 09-40 БНХ улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Наранбилэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Үйтүмэнгийн мэдүүлэг /хх-ийн 70-71 /, насанд хүрээгүй хохирогч С.Наранбилэгийн
мэдүүлэг /хх-ийн 13-14 /, гэрч Д.Сүх-Очирын мэдүүлэг /хх-ийн 19-20 /, гэрч Г.Сувдмаагийн мэдүүлэг /хх-ийн 22-23 /, Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21/08 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-40 /, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Үйтүмэн нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дөрвөн замын уулзвар дээр 09-40 БНХ улсын дугаартай, Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 “зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Наранбилэгийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Үйтүмэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Д.Үйтүмэн нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Үйтүмэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, зэргийг харгалзан шүүгдэгч Д.Үйтүмэнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Үйтүмэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Үйтүмэнг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, ... шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Д.Үйтүмэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Үйтүмэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жаа овогт Доржийн Үйтүмэнг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Үйтүмэнг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Үйтүмэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Үйтүмэнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Үйтүмэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Д.Үйтүмэнгийн эзэмшлийн “ ... санота 6 маркийн 09-40 БНХ улсын дугаартай ..”-ыг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Д.Үйтүмэнд буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Үйтүмэнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА