Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,

Шүүгдэгч: Ч.Анхзул, Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000056 тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогтой Чулуунбаатарын Анхзул, / Регистрийн дугаар: УК90100126 /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогтой Цогоогийн Отгонсайхан, / Регистрийн дугаар: УХ94122621 /,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боржигон овогтой Цэрэнбатын Цэрэндорж, / Регистрийн дугаар: УК92122436 /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Анхзул нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Алтай захын Шилэн зах”-ын 34 дүгээр тоот лангуунаас иргэн О.Цэрэнхандын эзэмшлийн бор өнгийн цаа бугын годон гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн О.Цэрэнхандад 1.000.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1229 тоот лангуунаас иргэн У.Отгонбаярын эзэмшлийн шүртэй, бор өнгийн эмэгтэй хүний годон гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн У.Отгонбаярт 1.400.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Доод зах”-ын орчим иргэн С.Рэгзмаагийн эзэмшлийн улаан өнгийн түрийвч 1 ширхэг, түүн дотор байсан карт 6 ширхэг, паспорт 3 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, бэлнээр 309.500 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Рэгзмаад 519.500 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майхан цахир” гэх нэртэй захын хашаанд худалдаа эрхэлж байсан иргэн С.Зоригоогийн цүнхнээс түүний эзэмшлийн А51 маркийн гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Зоригоод 500.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

Мөн шүүгдэгч Ц.Отгонсайхантай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1232 тоот лангуунаас иргэн Ж.Цэнд-Аюушийн эзэмшлийн ноолууран ороолт 2 ширхэг, малгай 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ж.Цэнд-Аюушт 320.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

Шүүгдэгч Ц.Отгонсайхан нь үргэлжилсэн үйлдлээр Ц.Цэрэндоржтой бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хадагтай” худалдааны төвийн 1 давхрын “Ретах” гэх нэртэй гар утасны лангуунаас иргэн М.Мөнхзаяагийн эзэмшлийн “Орро” А35 /оппо/ маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн М.Мөнхзаяад 520.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

Мөн шүүгдэгч Ч.Анхзултай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1232 тоот лангуунаас иргэн Ж.Цэнд-Аюушийн эзэмшлийн ноолууран ороолт 2 ширхэг, малгай 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ж.Цэнд-Аюушид 320.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

Мөн шүүгдэгч Ц.Цэрэндоржтой бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1169 тоот лангуунаас иргэн С.Нямдашийн эзэмшлийн булган шуба 1 ширхэг, ноолууран бээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн С.Нямдашид 2.630.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

Шүүгдэгч Ц.Цэрэндорж нь үргэлжилсэн үйлдлээр Ц.Отгонсайхантай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хадагтай” худалдааны төвийн 1 давхрын “Нетах” гэх нэртэй гар утасны лангуунаас иргэн М.Мөнхзаяагийн эзэмшлийн “Орро” А35 /оппо/ маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн М.Мөнхзаяад 520.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

Мөн шүүгдэгч Ц.Отгонсайхантай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1169 тоот лангуунаас иргэн С.Нямдашийн эзэмшлийн булган шуба 1 ширхэг, ноолууран бээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн С.Нямдашид 2.630.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Анхзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Говь-Алтай аймагт очсон байхдаа зах дотор байдаг дэлгүүрт ороод гутал, пүүз зардаг павильон дээр очоод бор өнгөтэй, богино түрийтэй нэг хос годон хулгайлж авсан. Би хулгайлсан гутлаа цагдаад хураалгасан...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 102 /,

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Баянхонгор аймагт ирсэн юм. Тэгээд би Баруун бүсийн худалдааны төв рүү ороод гоо сайхны бараагаа зарах гэж явж байгаад нэг гутлын дэлгүүр лүү гутал үзэх гээд орсон чинь худалдагч нь байхгүй байсан тэгээд гутлыг нь үзэж зөндөө удаан байсан чинь хүн нь орж ирэхгүй болохоор нь нэг хос годон гутал аваад гараад явсан. Би энэ гутлыг ганцаараа хулгайлсан. Тэгээд би тэндээс гараад аймгийн гадаа байрлалтай зах дээр явж байсан чинь зах дотор цамц зардаг лангуун дээр очсон чинь нэг улаан өнгийн түрийвч цүнхнээсээ ил гарчихсан байхаар нь би тэр түрийвчийг аваад явсан. Тэгээд явж байхдаа би түрийвчийг онгойлгоод үзсэн чинь бэлэн мөнгө 200.000 төгрөг байхаар нь тэрийг нь аваад буцаж очоод түрийвчийг нь авсан газрынхаа хажууд нь тавьчихсан. Тэгээд тэр зах дотор хулдаас зардаг газрын хажууд байдаг хувцас зардаг газар очсон чинь худалдагч нь цүнхээ ардаа үүрчихсэн, цүнх нь онгорхой, цүнхнээс нь улаан өнгийн гэртэй гар утас ил харагдаж байхаар нь би тэр гар утсыг хулгайлж авсан. Тэгээд Баруун бүсийн худалдааны төвийн өргөтгөл гэсэн зах дотор Отгонсайхантай хамт явж байгаад малгай ороолт зардаг лангуун дээр очиж зогсож байгаад Отгонсайханы хажууд би зогсож байсан чинь Отгонсайхан нэг малгай үзэж байгаад ноолууран 2 ороолт, нэг ширхэг ноолууран малгай авсан. Ийм л юм болсон юм. Би тэд нарыг ганцаараа хулгай хийсэн. Тэр үед би ганцаараа явж байсан юм. Би хулгайлсан годон гутлыг бүрэн бүтэн буцааж өгсөн. Улаан өнгийн түрийвчинд байсан 200.000 төгрөгийг эзэн нь 300.000 төгрөг байсан гэж нэхэхээр нь би 300,000 төгрөгийг С.Рэгзэдмаагийн данс руу нь шилжүүлж өгсөн. Тэр хүн түрийвчээ олж авсан гэсэн. Би гар утсыг нь Улаанбаатар хотод танихгүй хүнд зарчихсан байсан тул өөрийнхөө данснаас хохирогчид 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн, Малгай, ороолтын мөнгө 320.000 төгрөгийг хохирогч Цэнд-Аюуш гэсэн дансанд шилжүүлж өгсөн. Ингээд бүх хохирлыг төлж барагдуулсан, Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 4 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Анхзул мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Шүүгдэгч Ц.Отгонсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сард би яг өдрийг нь одоо санахгүй байна. Баянхонгор аймгийн “Баруун бүсийн худалдааны төв” дотор явж байгаад нэг лангуунаас 2 ноолууран ороолт, нэг ноолууран малгай зэргийг хулгайлж авсан. Тэгээд дараа нь Цэрэндоржтой хамт явж байгаад “Баруун бүсийн худалдааны төв”-ийн нэг лангуунаас нэг ширхэг булган шуба хулгайлж авсан. Бас Өвөрхангай аймагт явж байгаад Цэрэндоржтой хамт нэг худалдааны төв дотор явж байгаад нэг лангуун дээрээс нэг цагаан өнгөтэй хайрцагтай гар утсыг хулгайлж авсан. Би бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа. Өвөрхангай аймагт байхдаа Цэрэндорж бид хоёр хамт явж байгаад Цэрэндорж тэр гар утсыг хулгайлж авсан. Би хажууд нь хамт байсан юм. Баянхонгор аймгаас булган шуба хулгайлахад би Цэрэндоржтой хамт явж байгаад Цэрэндорж хулгайлж авсан. Харин ноолууран ороолт, малгай зэргийг Анхзул бид хоёр хамт явж байгаад би хулгайлж авсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 6 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Отгонсайхан мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

5. Шүүгдэгч Ц.Цэрэндорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 01 дүгээр сард би яг өдрийг нь санахгүй байна. Өвөрхангай аймагт гоо сайхны бараа зарах гээд очсон байхдаа аймгийн төвийн захуудаар явж байгаад зах дотор гар утас зардаг лангуун дээр нэг ширхэг гар утас ил гарчихсан байхаар нь тэр гар утсыг би хулгайлж авсан. Тэгээд маргааш нь Баянхонгор аймагт ирсэн байхдаа Отгонсайхантай хамт “Баруун бүсийн худалдааны төв” гэдэг нэртэй худалдааны төв дотор явж байгаад Отгонсайхан “куртикны суга нь урагдчихсан. Куртик байхгүй гэхээр” нь тэгээд дэлгүүр дотор явж байсан чинь нэг лангууны ард талд нэг эвхээд тавьчихсан куртик байхаар нь би хулгайлж авсан. Тэгээд цагдаад баригдаад тэр булган шубыг нь би буцааж өгсөн. “Баруун бүсийн худалдааны төв” дотор явж байгаад тэр куртикыг би аваад өөрийнхөө куртикны дотор хийгээд аваад гарсан. Тэр үед Отгонсайхан бид хоёр хамт байсан. Өвөрхангай аймгаас хулгайлсан гар утсыг цагдаад хураалгасан байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 8 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэрэндорж мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

7. Хохирогч У.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Баруун бүсийн худалдааны төв”-ийн нэг давхрын лангуунуудаар хулгай гарсан бөгөөд сүүлд годон гутлуудаа тоолж үзэхэд эмэгтэй, шүртэй бор өнгийн гутал алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10 /,

...Миний хулгайд алдсан гэх годон гутал мөн байна. Надад алдаагүй байх үеийнх нь зураг байгаа...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 13-14 /,

8. Хохирогч С.Рэгзмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Хонгор” тооцооны төвөөс 2 сарын тэтгэврийн мөнгө болох 615.000 төгрөг зээлж аваад миний данс руу теллер мөнгө хийсэн. Тэр мөнгөө АТМ ороод аваад төв “Хаан банк”-н дээр ирээд өөрийнхөө байнга ашигладаг 5246118734 гэх данс руу 300.000 төгрөг хийгээд таксинд суугаад доод зах дээр очоод мишээл рүү ороод телевизийн эрхээ сунгуулаад тэгээд тэндээсээ гараад нарийн гудамжаар алхаад нойл утас авч, мөнгөө өгөх гээд түрийвчээ авах гэтэл мөнгө байхгүй болчихсон байсан. Миний түрийвчин дотор 6 ширхэг карт, 3 ширхэг паспорт, 1 ширхэг жолооны үнэмлэх, 2 ширхэг мөнгөн гинж, 309.500 төгрөг бэлнээр байсан. Миний түрийвч улаан өнгөтэй урт түрийвч байгаа...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 79-80 /

9. Хохирогч С.Зоригоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах “Майхан цахир” захын нэгдүгээр эгнээнд наймаагаа эрхлээд байж байгаад цүнхнээсээ утсаа авах гээд цүнхээ хартал цүнхний цахилгаан онгорхой байсан. Утсаа үзтэл утас байхгүй байсан ба утсаа цүнхэндээ хийгээд 5 минут л болж байсан. Миний алдсан гэх гар утас А-51 маркийн 2 симтэй, номин ногоон өнгөтэй, гадна талаараа улаан өнгийн хавтастай байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 123-124 /,

10. Хохирогч А.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ 12 цагт ирж онгойлгоод ажлаа эхлээд 13 цаг өнгөрч байхад ороолт, малгайгаа алга болсноо мэдээд хайсан боловч лангуунаасаа олоогүй. Тэгээд 16 цагт “Баруун бүс худалдааны төв”-ийн камерын бичлэг шүүгээд 2 эмэгтэй явж явсныг мэдсэн. Тэр хоёр эмэгтэйн нэг нь цагаан өнгийн саравчтай цагаан малгай, хар куртиктэй байсан. Нөгөө эмэгтэй нь үсээ боосон саарал өнгийн куртиктэй, бор өнгийн ороолттой, урт түрийтэй хар гутал, хар үүргэвчтэй байсан бөгөөд цагаан малгайтай эмэгтэй нь манай лангуунаас 2 ороолт, 1 малгайг авч явсан нь камерт бичигдсэн байна лээ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 180-181 /,

11. Хохирогч С.Нямдаш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баруун бүсийн худалдааны төвийн 1169 лангуун дээрээ худалдаагаа эрхэлж байгаад 14 цагийн үед өөрийнхөө өмсдөг хар саарал өнгийн булган шуба хулгайд алдсан камерын бичлэгийг шүүн үзэхэд хар өнгийн гялгар куртиктэй, цагаан өнгийн малгайтай эмэгтэй миний булган шубыг аваад саравчтай цагаан малгайтай, хар өнгийн куртиктэй, саарал өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн үүргэвчтэй залууд өгөөд тус залуу нь куртикны дотор талдаа хийж байгаа бичлэг бичигдсэн байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний алдагдсан гэх булган шуба хар саарал өнгөтэй, өвдөгний дээд талаар татдаг, ханцуй дээрээ хоёр тод гялгар хар шигтгээтэй шуба байгаа. Алдсан булган шубан дотор ноолууран бээлий байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 31-32 /,

12. Хохирогч О.Цэрэнханд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг "Шинэ-Алтай” захын “Шилэн захын" 2 дугаар давхрын 34 тоот лангуун дээр бараа зардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн үед миний зарж байсан годон гутлууд өрөөтэй байсан бөгөөд хүмүүс орж ирээд бараа үзүүлээд бараагаа зарж байсан. Ингээд тухайн хүмүүсийг гаргаад богино түрийтэй, булган эмжээртэй, годон гутал байсан хэсэг хоосон байхаар нь ойр хавийн лангууны хүмүүсээс "нуусан уу” гэж асуухад бүгд “үгүй” гэсэн юм...гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 24-25 /,

13. Хохирогч М.Мөнхзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би Арвайхээр сумын 5 дугаар багт “Хадагтай худалдааны төв”-ийн 1 дүгээр
давхарт гар утас, дагалдах хэрэгслийн хамт худалдан борлуулдаг юм. 2022 оны 01
дүгээр сарын 17-ны өдөр лангуунд байгаа гар утсаа бүртгэж үзэхэд Oppo A35
маркийн гар утас лангуунаас алга болсон байхаар нь өөрийн лангууныхаа камерыг
шүүж үзэхэд хүмүүс үзэж байгаад нэг залуу нь лангуун доороос хулгайлан энгэртээ
хийгээд гараад явж байсан нь хяналтын камерт бичигдсэн байсан...гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 8/,

14. Гэрч С.Амарбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Манайх 2 лангуутай би 1151 дүгээр лангуундаа сууж байсан. Тухайн шуба алдагдсан лангуунд манай эхнэр Нямдаш сууж байсан юм. Би тухайн 3 хүнийг тухайн үед хараагүй. Эхнэр шуба алдсаны дараа би хяналтын камер шүүх үед тухайн 3 хүнийг хяналтын камераас харсан. Камераас харахад эрэгтэй хүн нь туранхайвтар, гэзэгтэй юм шиг үстэй, хар малгайтай хар куртиктэй, малгайтай цагаан цэнхэр цамц өмссөн, цагаан саравчтай малгайтай, саарал өмдтэй, хар оруулгатай цэнхэр үүргэвч үүрсэн байсан. Нэг эмэгтэй нь өргөн духтай, хар куртиктэй, урт түрийтэй индүү ултай хар гуталтай, саарал өмдтэй байсан. Нөгөө эмэгтэй нь саравчтай шигтгээтэй малгайтай, малгайтай гялгар хар куртиктэй, хар өнгийн богино түрийтэй адууны арьсан гуталтай байж магадгүй, хар өмдтэй хүн байсан. Манай эхнэрийг өргөн духтай эмэгтэй бараа үзэж байгаа мэтээр анхаарлыг нь сарниулж байх үед малгайтай эмэгтэй манай эхнэрийн шубыг аваад эрэгтэйдээ өгтөл тухайн эрэгтэй шубыг аваад куртикныхаа дотуур хийгээд явсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 35-37 /,

15. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 45  дугаартай шинжээчийн:

... Шүртэй бор өнгийн годон гутал 1 ширхгийн зах зээлийн үнийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үнэлэхэд 1.400.000 төгрөг  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 32 /,

16. “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 48  дугаартай шинжээчийн:

...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт зах дээр явж байгаад түрийвчтэй 300.000 төгрөг, бичиг баримтаа алдсан гэх хулгайд алдагдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар  үнэлэхэд нийт 519.500 төгрөг  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 96 /,

17.  “Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 49  дугаартай шинжээчийн:

...А 51 маркийн гар утас 1 ширхэг үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 143 /,

18. Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50  дугаартай шинжээчийн:

...Урт ноолууран бор өнгийн ороолт 1 ширхэг нь 125.000 төгрөг, гурвалжин бор өнгийн ноолууран ороолт 1 ширхэг 100.000 төгрөг, үстэй бор өнгийн ноолууран малгай 1 ширхэг 95.000 төгрөг нийт 320.000  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 201 /,

19. Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 40  дугаартай шинжээчийн:

...Эмэгтэй булган шуба 2.600.000 төгрөг, ноолууран бээлий 30.000 төгрөг эд зүйлийн нийт хохирлын үнэ цэнэ 2.630.000 төгрөг  болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 64 / болон хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /4-р хх-ийн 46/,  Улсын ерөнхий прокурорын газар Эрүүгийн хэргийн төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуулбар хүргүүлэх тухай /5-р хх-ийн 37-58 /,  шүүгдэгч Ч.Анхзулын иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлтгүй лавлагааны хуулбар /5-р хх-ийн 59-61 /, шүүгдэгч Ц.Цэрэндоржийн иргэний үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлтгүй лавлагааны хуулбар /5-р хх-ийн 62-64 /, шүүгдэгч Ц.Отгонсайханы иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /5-р хх-ийн 65-66 / шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Анхзул нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ-Алтай захын Шилэн зах”-ын 34 дүгээр тоот лангуунаас иргэн О.Цэрэнхандын эзэмшлийн бор өнгийн цаа бугын годон гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн О.Цэрэнхандад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1229 тоот лангуунаас иргэн У.Отгонбаярын эзэмшлийн шүртэй, бор өнгийн эмэгтэй хүний годон гутал 1 хосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн У.Отгонбаярт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Доод зах”-ын орчим иргэн С.Рэгзмаагийн эзэмшлийн улаан өнгийн түрийвч 1 ширхэг, түүн дотор байсан карт 6 ширхэг, паспорт 3 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, мөнгөн гинж 2 ширхэг, бэлнээр 309.500 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Рэгзмаад 519.500 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майхан цахир” гэх нэртэй захын хашаанд худалдаа эрхэлж байсан иргэн С.Зоригоогийн цүнхнээс түүний эзэмшлийн А51 маркийн гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн С.Зоригоод 500.000 төгрөгийн хохирол нийтдээ ганцаараа 2.919.500 төгрөгийн учруулсан,

Мөн шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1232 тоот лангуунаас иргэн Ж.Цэнд-Аюушийн эзэмшлийн ноолууран ороолт 2 ширхэг, малгай 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн А.Цэнд-Аюушт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Отгонсайхан Ц.Цэрэндорж нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хадагтай” худалдааны төвийн 1 давхрын “Ретах” гэх нэртэй гар утасны лангуунаас иргэн М.Мөнхзаяагийн эзэмшлийн “Орро” А35 /оппо/ маркийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн М.Мөнхзаяад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт байрлах “Баруун бүс худалдааны төв”-ийн өргөтгөлийн нэг давхарт байрлах 1169 тоот лангуунаас иргэн С.Нямдашийн эзэмшлийн булган шуба 1 ширхэг, ноолууран бээлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн С.Нямдашид 2.630.000 төгрөгийн хохирол буюу шүүгдэгч Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нар нь бүлэглэн 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон байна.

Уг үйл баримт нь хохирогч У.Отгонбаяр, С.Рэгзмаа, С.Зоригоо, А.Цэнд-Аюуш, С.Нямдаш, О.Цэрэнханд, М.Мөнхзаяа нарын мэдүүлэг,  гэрч С.Амабаярын мэдүүлэг үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 40, 45, 48, 49, 50 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Анхзулыг ганцаараа болон шүүгдэгч Ц.Отгонсайхантай бүлэглэн, шүүгдэгч Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нарыг бүлэглэн   бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Отгонбаяр, С.Рэгзмаа, С.Зоригоо, А.Цэнд-Аюуш, С.Нямдаш, О.Цэрэнханд, М.Мөнхзаяа нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн энэ талаар хохирогч нар нь илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Энэ хэргийн учир шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан нарын 29 хоног цагдан хоригдсон хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг цагдан хоригдсон нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь тус тус хасаж тооцож тэдний нийт эдлэх ялыг тогтоолоо.

Харин энэ хэргийн учир шүүгдэгч Ц.Цэрэндорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч Ч.Анхзул нь иргэний нэхэмжлэгч С.Нямдэлгэрийн 85-61 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөлслөн авч явсан бөгөөд уг авто машиныг ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тогтоогдоогүй ийм нотлох баримт хэрэгт авагдаагүй тул уг авто машиныг эд мөрийн баримтаар тооцсон Прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч С.Нямдэлгэрт хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Мөн хэрэгт болсон үйл баримтыг бичсэн ДВД 1 ширхэг, эд мөрийн баримтаар тооцоогүй СД 2 ширхэг зэргийг хавсаргасан ирүүлсэн бөгөөд дээрх ДВД, СД зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Анхзул, Боржигон овогт Цогоогийн Отгонсайхан, Боржигон овогт Цэрэнбатын Цэрэндорж нарыг ганаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Анхзул, Боржигон овогт Цогоогийн Отгонсайхан, нарыг зургаан зуун / 600 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус,

Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнбатын Цэрэндоржийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан нарын энэ хэргийн учир тус тус 29 хоног цагдан хоригдсон хугацааг нийтэд  тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож хасаж тэдний эдлэх нийт ялыг гурван зуун жаран найман / 368 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан нарт тус тус  оногдуулсан зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Шүүгдэгч Ц.Цэрэндоржид  хоёр зуун дөчин цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тус тус хийлгэхийг Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Оюунцэцэг нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан, Ц.Цэрэндорж нар нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Ц.Цэрэндорж нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгч С.Нямдэлгэрийн эзэмшлийн Приус 85-61 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцсон Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Нямдэлгэрт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ДВД 1 ширхэг, хэрэгт хавсаргасан СД 2 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Анхзул, Ц.Отгонсайхан нарт авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ц.Цэрэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ч.Анхзул, Ц.Отгонсайхан нарт авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ц.Цэрэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

  ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ  Д.БАТЦЭНГЭЛ