Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2020/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор, хариуцагч Ж.Хатанбаатар, гуравдагч этгээд С.Анхбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Л.Б-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус захирамжаа хүчингүй болгож гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Л.Б-ын нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.Б Баян-Овоо сумын Дуурсахын Дашхай гэх газар 2000 оноос хойш байнга оршин сууж мал малладаг билээ. Манайх анх энэ газартаа 2000 онд газрын жижиг гэрчилгээтэй байсан ба Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 109 дугаартай захирамжаар сунгалт хийлгэж 40 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан юм. Энэ газар нь миний нөхөр Довзодын Жанчивын нэр дээр байсан ба 2016 оны 07 сарын 27-ны өдөр нас барж бид өв залгамжлалаа нээлгэж газрын гэрчилгээний нэрийг шилжүүлэх гэтэл шилжүүлж өгөхгүй баримтыг бүрдүүлж өгсөн ч тодорхой хариу өгөхгүй удаад байсан. Аймгийн Засаг дарга, Газрын албанд өргөдлөө гаргаж өгөхөд Баян-Овоо сумаас гэрчилгээгээ гаргуулж авах юм байна гэсэн. Хатанбаатар даргатай нь утсаар ярихад 2 жилийн өмнө өөр хүнд эзэмшүүлсэн манайх хариуцахгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл манай газрыг 2019 оны 8 сарын 9-ний өдрийн А/69 дугаартай Баян-Овоо сумын Засаг даргын захирамжаар иргэн Сэржхоролын Анхбаярт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа учир Баян-Овоо сумын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хууль бус захирамжаа хүчингүй болгож гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль болохыг тогтоож, Лхамсүрэнгийн Баасанжаргал миний нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус сумын Мэргэн 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал 2018 оны 8 дугаар сарын 14-нд хуралдсан. Энэ хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын бэлтгэл мөн тус багийн иргэн С.Анхбаярт-“Дашгай”, Ц.Мягмарсүрэнд-“Нөлөөлт”, П.Баттулгад-“Хар-чулуут” гэдэг нэртэй өвөлжөөнүүдийг тус тус эзэмшүүлэх талаар хэлэлцэн баталж тогтоол гаргасан. Тус багийн “Дашгай” нэртэй өвөлжөө нь Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт байдаг. Иргэн Довзодын Жанчив нь Баян-Овоо сумын нутаг болох “Дашгай” нэртэй газарт нутаглаж байхдаа сумын Засаг даргын Тамгын газраас өвөлжөө, хаваржаа эзэмших гэрчилгээ аваагүй бөгөөд Баянхонгор сумаас хууль бус гэрчилгээ авч маргаан үүсгэж байна. Тус газар нь Баян-Овоо сумын нутаг учраас багийн иргэдийн Нийтийн Хурлаар дэмжигдэж, сумын Засаг даргын захирамжаар газар ззэмшлийн гэрчилгээг олгодог.

Иймд иргэн Лхамсүрэнгийн Баасанжаргал нь газар эзэмших гэрчилгээг нутаг дэвсгэрийн харьяа бус байгууллагаар хийлгэсэн, сум орон нутагт шилжиж ирээгүй, тухайн багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээгүй, сумын Засаг даргын захирамжаар газар олгоогүй байхад хууль бус гэрчилгээгээр газар эзэмшсэн, худаг ус цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр худаг гаргасан, сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг даргаас өгсөн мэдэгдэл шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, хүний эзэмшиж байсан буюу барьж байгуулсан хороо бууцыг хууль бусаар эзэмшсэн зэрэг зөрчил гаргасан.

Тус сумын зүгээс дээрх газарт хуулийн хүрээнд газар эзэмших гэрчилгээ авсан сумын иргэн С.Анхбаярт “Дашгай” нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх болно. “Дашгай” нэртэй газар нь хилийн цэс, координатаараа Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт харъяалагдаж байгаа учир Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгууллалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ззэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын өрөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Зэсаг дарга гаргана.” гэж заасныг тус тус үндэслэж Баянхонгор сумын Засаг дарга Баян-Овоо сумын Засаг даргын газрын тухай хуульд заасан бүрэн эрхэд халдсан учир тус сум орон нутийн зүгээс тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулдаг, хуулиараа засаг захиргааны нэгжээс гарах шийдвэрийг гаргахгүйгээр газар нутгийн хамааралгүй буюу Баянхонгор сумаас гэрчилгээ авах, түүнийг хүчинтэйд тооцох зэрэг арга үйлдлүүд нь хуульд нийцэхгүй тул Баянхонгор сумын Засаг даргын Л.Б-д олгогдсон газрын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

 Гуравдагч этгээд С. Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Анхбаяр нь Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Дуурсахын “Дашгай” гэдэг газар нь Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутаг бөгөөд энэ нь Баянхонгор сумын Засаг даргаар гэрчилгээ гаргуулсан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Миний 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/69 дугаартай Засаг даргын захирамж хууль ёсны гэх шалтгаан нь Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн иргэн, багийн иргэдийн нийтийн хурлаар шийдвэрлүүлсэн хууль ёсны гэх үндэслэлтэй, С.Анхбаярын нэр дээр 15 жил эзэмшүүлсэн байна. Энэхүү шийдвэрийг ямар учраас хууль бус гэж үзэж байгаагийн учир юу вэ, өөр сумын газар нутаг дээр өөр сумын Засаг дарга 2004 оны 109 тоот захирамжаар сунгалт хийгээд гэрчилгээ гаргуулж авсан байна. Энэ нь Баян-Овоо суманд багийн иргэдийн Нийтийн хуралд тухайн 2500 гаруй иргэнийг төлөөлсөн. Засаг дарга байх шаардлага байна уу. Иймд миний тайлбар 2004 оны 109 дүгээр Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг нь хүчингүй болгож миний талд шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Л.Б тус шүүхэд хандан, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргад холбогдуулан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/69 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хууль бус захирамжаа хүчингүй болгож гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Л.Б-ын нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус захирамжаа хүчингүй болгож гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Л.Бын нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” гэж тодруулсан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан нотлох баримтад маргаан бүхий өвөлжөөний газрыг “Дашгай”, “Дашхай” гэж өөр өөр нэрээр бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Б-ын нөхөр Д.Жанчив Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай” 109 дүгээр захирамжийг үндэслэн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон 0063198 дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “Дашгай” хэмээх өвөлжөөний газрыг 40 жилийн хугацаатай эзэмшиж байжээ.

Газар эзэмшигч Д.Жанчив 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нас барсаны дараа нэхэмжлэгч Л.Б /эхнэр/ 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Өвлөх эрхийн гэрчилгээ” авч, өөрийн нэр дээр маргаан бүхий өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулахаар Баянхонгор сумын Засаг даргад хандсан байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор 2017 онд нэвтрүүлсэн газрын мэдээллийн сангийн нэгдсэн программд “Дашгай” хэмээх газрын координатыг оруулахад Баянхонгор сумын хилд хамаараагүйгээс маргаан гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.

Хэдийгээр “Дашгай” хэмээх өвөлжөөний газар нь Баянхонгор сумын нутаг дэвсгэрт харъяалагдахгүй боловч нэхэмжлэгч он удаан жил уг өвөлжөөнд өвөлжиж, газрыг эзэмшиж байсан нь гэрч Г.Сэргэлэн, Б.Шаравдорж, Д.Янжмаа нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар нотлогдож байна.

 Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Баян-Овоо сумын хилийн цэсийн тойм зургаас харвал маргаан бүхий газар Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт харъяалагдах хэдий ч Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж үзэж, тухайн үеийн Баянхонгор сумын Засаг дарга захирамж гарган, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсны үндсэн дээр маргаан бүхий өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, түүний гэр бүлийн гишүүд эзэмшиж байсныг харгалзаж, нягтлалгүйгээр гуравдагч этгээд С.Анхбаярт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулиудаар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй боловч Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжаар Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн “Дашгай” нэртэй 0,07 кв.м газрыг иргэн С.Анхбаярт өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000018109 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосноороо Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг алдагдуулсан, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Энэ нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул Баян-Овоо сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хоёр. “Хууль бус захирамжаа хүчингүй болгож, гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Л.Б миний нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан. Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар” 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа.” гэж тус тус заасан.

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Л.Б маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж, түүнийг хүчингүй болгуулах болон өөрийн нэр дээр “Дашгай” хэмээх өвөлжөөний газрыг эзэмших талаар Баян-Овоо сумын Засаг даргад хандаж, хүсэлт гаргаж байгаагүй болох нь Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр албан бичиг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч П.Сонинбаярын мэдүүлгээр тус тус тогтоогдов.

Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй нь дээрх байдлаар нотлогдож байх тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг гэрчилгээг олгохыг даалгах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баян-Овоо сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үлдсэн “Хууль бус захирамжаа хүчингүй болгож, гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль болохыг тогтоож, Л.Б миний нэр дээр уг газрын гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.ОЮУНСАЙХАН