Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/491 |
Огноо | 2015-10-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/491
2015 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 221/МА2015/491 | Улаанбаатар хот |
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани импортлосон шатахуунаа зөвхөн “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК-д худалддаг. Энэ 3 компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй юм... Гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор бүрэн хэрэгжүүлээгүй, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтуудаар гаалийн хууль тогтоомжид багтаж байгаа Сангийн сайдын 2012 оны 211 дүгээр тушаалаар баталсан журмыг буруу хэрэглэж, манай компаниар доор дурдсан хэмжээний татваруудыг илүү төлүүлж хохироосон. Үүнд: Гаалийн албан татвар 423.062.685.82 төгрөг, онцгой албан татвар 1.684.546.252.07 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 210.760.893.79 төгрөг, нийт 2.318.369.831.68 төгрөг болно гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: …“Ш” ХХК нь 64 гаалийн мэдүүлгээр гаалийн хилээр нэвтрүүлсэн автобензин, дизелийн түлшийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор нэвтрүүлээгүй, өөр бусад дотоод худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад худалдан борлуулсан нь баримтуудаар нотлогдож байх тул Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 3, 5 дугаар зүйлийг үндэслэн 64 гаалийн мэдүүлгийг залруулан хүчингүй болгож, өөрчлөх үндэслэлтэй байна. Иймд, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг баримтлан “Ш” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ...64 мэдүүлгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул давж заалдах гомдолдоо: Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор импортлогч нь импортлож буй газрын тосны бүтээгдэхүүнээ Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид шууд худалдаалах бол 415 дугаар горимоор мэдүүлж, онцгой албан татвар төлөхөөр заасан. Бодит байдал дээр импортлогч “Ш” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй “Ш трейдинг” ХХК, “Ш петролиум” ХХК, “Ш говь” ХХК-иудад гэрээний үндсэн дээр худалдаалсан байхад гаалийн байгууллага үүнийг үл харгалзан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанид худалдаалсантай адилтган татвар ногдуулсан нь буруу хэмээн маргасан юм.
1. Шүүх үндэслэлгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг батлаагүй болох нь: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсны дараагаар Гаалийн ерөнхий газар “Ш” ХХК-д бүрдүүлэлтийн дараах аудитын шалгалт оруулж, 4 байцаагч ахлахын хамт нийт 5 байцаагч холбогдох баримт бичгүүдийг шалгасан. Бид гаалийн байгууллагад 2011, 2012, 2013 оны “Ш” ХХК-ийн харилцдаг бүх банкуудын дансны хуулга, татвар, НӨАТ-ын баталгаажсан тайлан, гадаад худалдааны бүх гэрээ, гаалийн мэдүүлэг, борлуулалтын тайлан, журнал, гадаад худалдааны мэдээ зэрэг шаардсан их хэмжээний материалыг бүгдийг гаргаж өгч шалгуулсан. Үүний дараагаар Гаалийн ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 01/3018 дугаартай хариу хүргүүлэх албан бичигт хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байтал түүнийг хууль зөрчсөн хэмээн батлалгүй шүүх хуралдааныг явуулсан.
2. Шүүхийн шийдвэр хууль зөрчсөн болох нь:
Шүүхийн шийдвэрийн 10, 11 дүгээр нүүрт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлажээ. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Монгол Улсын хилээр импортлож татвар төлөхөөр заасан бараанд хуульд заасан татварыг төрөөс ногдуулах үүрэгтэй. Эдгээр хуульд заасанчлан “Ш” ХХК нь онцгой албан татвар төлөгч мөн тул импортлож буй газрын тосны бүтээгдэхүүндээ заавал татвар төлөх ёстой, “...“Ш” ХХК-ийн импортлосон газрын тосны бүтээгдэхүүнийг нэр бүхий гурван компаниудад борлуулдаг бөгөөд тус компани импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд шууд нийлүүлдэггүй нь татвар ногдох бараанд татвар төлөхгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх үндэслэл биш” гэжээ. Товчилбол, хуульд зааснаар “Ш” ХХК нь автобензин, дизелийн түлш импортлогч, онцгой албан татвар төлөгч мөн бөгөөд барааг 415 дугаар горимоор мэдүүлсэн л бол хэнд борлуулсан нь чухал бус татвар төлөх үүрэгтэй гэж үзжээ.
Уул уурхайн компаниуд татваргүй шатахуунаар үйл ажиллагаа явуулж, экспортын хөнгөлөлт эдэлж байна гэсэн бодлогын үүднээс УИХ-аас 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т дараах нэмэлтийг оруулсан. Үүнд: “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг хураан авч төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ. Хуульд заасны дагуу Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалаар Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авах, төсөвт төлөх журмыг батлан гаргаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлож буй шатахууныг 415 дугаар горимоор мэдүүлэхээр тогтоосон. Хууль, тушаалуудын хэрэгжилтийг хангуулахаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Цэрэнбалтав 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4463 дугаартай Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” албан бичгийг нийт гаалийн газар, хорооны дарга нарт хүргүүлсэн ба эдгээр нь энэхүү маргааны эрх зүйн үндсэн эх сурвалж юм. Дээрх хууль тогтоомжид зааснаар автобензин, дизелийн түлш импортлогчоос бараа худалдан авч буй худалдан авагчид ямар онцлог шаардлага тавигдсан бэ, өөрөөр хэлбэл, шүүхийн үндэслэлд заасанчлан ердийн журмаар бүх татваруудыг ногдуулах ёстой байсан уу.
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг хураан авч төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” /Энэ хэсгийг 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
2. 134 дүгээр тогтоол: 1-д “Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлосон автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээ...” гэжээ.
3. Сангийн сайдын 211 дүгээр тушаалын хавсралт: 2 дугаар зүйлийн 2.1-д “газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн Импортолж буй хуулийн этгээд импортлож буй автобензин, дизель түлшийг Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор болон бусад зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлш гэж тус тусад нь гаалийн байгууллагад мэдүүлэх бөгөөд Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй Хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г хавсаргасан байна”.
4. Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар 415 дугаар горимыг нэмсэн.
5. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Цэрэнбалтавын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/4463 дугаартай “Засгийн газрын 2012 оны 134 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” нийт гаалийн газар, хорооны дарга нарт хүргүүлсэн албан тоотын нэгд Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлох бол 415 дугаар горимыг сонгох, 3.1-д “автобензин, дизелийн түлш импортлогчид нь барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ үйл ажиллагааны ашиглалтын зорилгоо мэдүүлэх бөгөөд гаалийн байгууллага нь автобензин, дизелийн түлш импортлогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй Хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ. Гэрээг гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад хавсаргасан байна” гэжээ. Дээрхээс харахад импортлогч нь шууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид шатахуун худалдаалсан нөхцөлд энэ журам хэрэгжихээр байна. Импортлогч компанийн бүрдүүлж буй баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэхэд гаалийн байгууллага хяналт тавихаар 211 дүгээр тушаалын хавсралтын 4.3-д заасан.
Үүнд: Татварын ерөнхий газраас баталгаажуулж хүргүүлсэн баримт бичгийг Гаалийн ерөнхий газар энэхүү журмын 2.1-д заасан гаалийн мэдүүлэг, бусад баримт бичигтэй тулган татвар төлөлтөд хяналт тавина” гэжээ. Гэвч гаалийн байгууллага ч тэр, шүүхийн байгууллага ч тэр Ш болон нэр бүхий гурван компанийн үйл ажиллагааны чиглэл, үүсэн байгуулагдсан огноо, санхүү, татварын тайлан, хуулийн этгээдийн бүртгэл зэрэг компанийн эрх зүй, бие даасан байдлыг үл харгалзан “Ш л бол Ш” гэсэн байр сууринаас бүх асуудалд хандсан. Ш зөвхөн импортлож нөгөө гурван компанид гэрээний үндсэн дээр худалдаалдаг энэ харилцаа нь Засгийн газрын 134 дүгээр тогтоолын хэрэгжилт, татвар төлөлтөөс зайлсхийсэн үйлдэл огтоос биш юм. Ш компани 1997 онд байгуулагдаж зөвхөн импортын үйл ажиллагаа явуулж ирсэн бол бусад гурван компани нь 2011 оны 08 дугаар сард зэрэг байгуулагдаж газрын тосны бүтээгдэхүүний импортын үйл ажиллагаа эрхэлдэггүй, харин дотоодод худалдаалах байдлаар дагнаж ажилладаг, одоо ч энэ бүтэц хэвээр байгаа. Ш нь нөгөө гурван компанид дамжуулж байгаа бус харин худалдаалж түүнийг ашиг алдагдлын талаар татварт тайлагнаж баталгаажуулдаг.
Эдгээр дөрвөн компани нь зэрэгцээ компаниуд бөгөөд нэг нь нөгөөгөө удирддаггүй, “Ш групп” ХХК-ийн охин компаниуд юм. Ш нь үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдох бүх татвараа цаг тухайд нь төлж улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг, шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан төдийгүй 134 дүгээр тогтоолын хүрээнд ч 415, 416 дугаар горимд ногдох татвараа бүрэн төлсөн. Бусад нефть импортлогч томоохон аж ахуйн нэгжийн хувьд өөрөө импортлож, өөрөө худалдаалдаг учраас өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанийн адилаар татварын асуудлыг хөндөөгүй байж болох юм. Сангийн сайдын 211 дүгээр тушаалын хавсралт 4 дүгээр зүйлийн 4.4-д “татварын дутуу төлөлтийг нөхөн төлүүлэх, илүү төлөлтийг суутгах, буцаан олгох асуудлыг Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, иргэд аж ахуйн нэгж өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор илүү төлсөн байж болох татварын асуудлыг хөндөж ийнхүү нэхэмжлэл гаргах эрхтэй.
3. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн хандлагын тухай:
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 496 дугаар шийдвэр “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдох татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь татварын улсын байцаагчийн акт хууль бус байсныг мэдсэний үндсэн дээр анх 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүгч 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1240 дугаартай захирамжаар мэдүүлэг нь захиргааны акт биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүхээс 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл шүүгч 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2108 дугаар захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож, улмаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэсний дагуу шүүхийн шийдвэрийг агуулгыг тайлбарлахыг хүссэн боловч татгалзаж шүүх хуралдааныг хаасан. Бид 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.
4. Шүүх нэг асуудалд хоёр өөр дүгнэлт хийсэн талаар:
Шүүхийн 496 дугаар шийдвэрт дараах дүгнэлтүүдийг гаргасан. Үүнд: “...түүнчлэн уг журмаар газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн импортлож буй хуулийн этгээд импортлож буй автобензин дизелийн түлшийг онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээг үндэслэн бусад зорилгоор импортлож буй бүтээгдэхүүнээс тусад нь гаальд мэдүүлж, онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр зохицуулсан, үүний дагуу газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг онцлог салбарт ашиглах зорилгоор болон бусад зорилгоор хэмээн тус тусад нь мэдүүлж холбогдох татварыг төлж импортлосон “Ш” ХХК-аас “газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авч дотоодын зах зээлд борлуулсан нэхэмжлэгч компаниудыг “онцгой албан татвар ногдуулаагүй автобензин, дизелийн түлшийг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид худалдан борлуулсан зөрчил гаргасан” гэж үзэж акт тавьсан нь үндэслэлгүй байна. Засгийн газрын 134, Сангийн сайдын 211 дүгээр тушаалаар батлагдсан ...журмаар Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд /Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор болон бусад зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлш гэж тус тусад нь гаалийн байгууллагад онцлог салбарын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд худалдан нийлүүлэх гэрээ/ мэдүүлэхээр журамласан байхад уг тогтоолын хэрэгжилтийг шалгахдаа 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу уг тогтоол хүчин төгөлдөр болсон өдөр нэхэмжлэгч компаниудын шатахуун түгээх станцаар болон бөөний агуулахаар хийгдсэн борлуулалтыг хамруулсан нь үндэслэлгүй байна.
“...“Ш” ХХК 415 горимоор гаалийн бүрдүүлэлт хийгээгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн газрын тосны бүтээгдэхүүнийг дамжуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулсан зөрчил гаргасан” гэж үзэж акт тавьсан нь мөн л үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтүүд болон шүүхийн шийдвэрт зааснаар “Ш” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нөгөө гурван компаниар шатахуун дамжуулж зардаг бус харин худалдаалдаг, 415 дугаар горим, импортлогч гаальд мэдүүлэхдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг хавсаргах, Ш болон бусад гурван компани бие даасан компаниуд болох зэрэг дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Гэвч 502 дугаар шийдвэрээр зэрэгцээ нэр бүхий дөрвөн компанийн бие даасан тусдаа аж ахуйн нэгж гэдгийг үл харгалзан ямар компанид худалдаалсан нь чухал бус шатахуун импортлосон учир татвар төлөх ёстой байсан гэж үзсэн. Иймд, анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг хуульд нийцсэн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Газрын тоснызарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварыг салбарын онцлог харгалзан тогтоохтухай” 134 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт заасан барааны төрлөөсөө хамаарч 1 тонн тутамд 109,000-130,000 төгрөгийн онцгой албан татвартай, мөн тогтоолын 2 дахь хэсэгт 3%-ийн гаалийн албан татвартай бараа юм. Иймд “Ш” ХХК-ийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн 502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 64 мэдүүлгийг “Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан журмыг Гаалийн байгууллага буруу хэрэгжүүлж “Ш” ХХК-аас хууль бус үндэслэлгүйгээр гааль болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвар хураасан нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
“Ш” ХХК нь “импортоор оруулж буй автобензин, дизелийн түлшийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК гэх газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт эрхэлдэг компаниудад худалдан борлуулсан. Тиймээс Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан журмаар манай компани импортлож буй автобензин, дизелийн түлшээ гаалийн байгууллагад 415 горимоор мэдүүлэх ёсгүй байсан” гэж маргажээ.
Автобензин, дизелийн түлш импортлогч “Ш” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК-нд автобензин, дизелийн түлшийг худалдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт эрхэлдэг “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК гэх компаниуд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй боловч ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК, “Чунхуа Мак-Нарийнсухайт” ХХК болон бусад хуулийн этгээдүүдтэй “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг байгуулжээ.
Хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “Ш” ХХК нь импортлосон автобензин, дизелийн түлшээ Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК гэх компаниудад худалдах зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлсэн гэх боловч “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудад худалдан борлуулах зорилгоор “Ш” ХХК-аас уг импортын автобензин, дизелийн түлшийг худалдаж авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК гэх компаниуд нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдтэй байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-гээр тогтоогдож байна.
“Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК болон нэхэмжлэгч “Ш” ХХК нь санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тусдаа хуулийн этгээд гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч уг компаниуд нь “Ш групп” ХХК-ийн үүсгэн байгуулсан компаниуд болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 9/8302 дугаар албан бичгээр нотлогдож байгаа.
Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “автобензин, дизелийн түлшинд онцгой албан татвар ногдуулна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулна” гэж заажээ.
Мөн Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлосон автобензин, дизелийн түлшний онцгой, гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоосон бөгөөд Сангийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр тушаалаар батлагдсан “Импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг хураан авах, төсөвт төлөх журам”-ын 2.1-д зааснаар Засгийн газраас тогтоосон онцлог салбарын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлшийг гаалийн байгууллагад мэдүүлэхээр, 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар импортын автобензин, дизелийн түлшний онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг гаалийн байгууллага ногдуулан хураан авч төсөвт төвлөрүүлэхээр, 2.2, 2.3-т зааснаар импортлогч нь борлуулалт, хуваарилалтын мэдээг гарган гэрээний хамт тус тус Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хавсарган Татварын байгууллагад ирүүлэхээр, 4.1, 4.1-д зааснаар ийнхүү ирүүлсний дагуу худалдан авалт, нийлүүлэлтийг татварын байгууллага баталгаажуулж, гаалийн байгууллагад хүргүүлэхээр, 4.3, 4.4, 4.5-д зааснаар гаалийн байгууллага татвар төлөлтөд болон зориулалтын дагуу /онцлог салбарт/ ашигласан эсэхэд бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулж хяналт тавихаар журамласан байна.
Онцгой албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуульд заасан онцгой албан татварын ногдох бараа импортолсон ...хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна”, 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар автобензин, дизелийн түлшинд онцгой албан татвар ногдуулахаар байгаа нь дээрх бүтээгдэхүүний хувьд “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК нь онцгой албан татвар төлөгч биш юм.
Харин уг ашигт малтмалын үйл ажиллагаанд ашигласан автобензин, дизелийн түлшийг импортлосон этгээд нь “Ш” ХХК байх тул дээрх хууль, журмын дагуу гаалийн байгууллагад 64 мэдүүлгийг хүлээн авч хянаж 415 горимоор мэдүүлсэн нь зөв байна.
Тиймээс газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “Ш” ХХК нь гаалийн байгууллагад 415 горимоор мэдүүлж, автобензин, дизелийн түлшинд онцгой, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Өөрөөр хэлбэл, “Ш” ХХК нь импортын газрын тосны бүтээгдэхүүнийг 415 горимоор гаалийн байгууллагад мэдүүлэхдээ “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК гэх компаниудын Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК, “Чунхуа Мак-Нарийнсухайт” ХХК болон бусад ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдтэй байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээний баримтын хамт гаргаж мэдүүлснийг гаалийн байгууллага хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлосон автобензин, дизелийн түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээгээр татварыг хураан авч төсөвт төлсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 134, 2013 оны 236 дугаар тогтоолыг зөрчөөгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн горимыг өөрөө сонгон, гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, гаалийн байгууллагад “Ш трейдинг” ХХК, “Ш говь” ХХК, “Ш петролиум” ХХК-уудын “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг хавсаргаж, гаалийн байгууллагад бараагаа 415 горимоор мэдүүлсэн нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх”, 57.2.1-д “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах”, 57.2.2-д “гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх”, 57.2.3-д “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх” гэсэн мэдүүлэгчийн үүргээ биелүүлжээ.
Мөн Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д “гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт нь бүрэн, хүчин төгөлдөр эсэх”, 63.1.2-д “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”, 63.1.3-д “гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх” гэж зааснаар Гаалийн байгууллага, гаалийн албан тушаалтан маргаан бүхий мэдүүлгүүдийг хүлээн авч, хяналт шалгалтын үүргээ хууль нийцүүлэн явуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Тиймээс нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 64 мэдүүлгийг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор импортлож буй автобензин, дизелийн түлшийг 415 горимоор “Ш” ХХК нь гаалийн байгууллагад мэдүүлсэн нь буруу биш юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзулын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР