Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 100

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,      

Улсын яллагч Б.Билэгсайхан, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Иргэдийн төлөөлөгч С.Дуламханд,

Хохирогч С.Батчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар О.Отгонбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000054 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1980 оны 05 сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВТ80050118 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Очирхуягын Отгонбаяр,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Отгонбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг Өртөмтийн хойд салааны доод асгат гэх газар байх О.Мөнхбатын гэрт хувийн сэдэлтээр Н.Энхбаатарын цээжин тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч С.Батчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний нөхөр Н.Энхбаатар нь 2016.02.21-ний өдөр өглөө хониндоо яваад 15 цаг 30 минутанд гэртээ ирсэн. 17 цагийн орчим саахалт айлын Мөнхбат манайд ирсэн ба талийгаач, Мөнхбат хоёр “айлд очиж хивэг сураад, эм байвал аваад ирнэ” гээд явсан юм ... 22 цагийн орчимд талийгаач Мөнхбатын ахын гадаа хүнтэй зодолдоод байна гэсэн ба би Мөнхбат ахынд иртэл гэрийнх нь ард амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай, юм ярихгүй байсан. Мөнхбат ах бид хоёр талийгаачийг дамжилж Мөнхбат ахын гэрт оруулж ирсэн ба оруулж ирээд халуун цай өгсөн гэтэл хөрвөөгөөд газар унасан. Мөнхбат судсыг нь дарж үзээд цохилохгүй байна гэсэн. Тэгээд гэрэл тусгаад үзтэл зүүн суганы орчмоос хурууны чинээ газарт цус гарсан байсан .. .Мөнхбат ах намайг гэрээс очиж авсан. Бид хоёрыг ирэхэд талийгаач гэрийн хойно газар хэвтэж байсан. Отгонбаяр хутгалчихаад зугтаагаад явсан гэж Мөнхбат ах надад хэлсэн ... бэлнээр 1.026.000 төгрөг авсан. Түүн дээр хоёр хөгшин үнээг 1.000.000 төгрөгөөр бодож авсан ... гомдолтой байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25,148-149-р хуудас/,

Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 2 сарын 21-ний өдөр малдаа яваад орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би талийгаач Энхбаатарынд очсон. Талийгаач Энхбаатар бид хоёр Дуламсүрэн гэдэг айлаас эм авах гээд явсан ... эмээ авчихаад бид хоёр Бабагийнд очиж банш чануулж идээд Дуламсүрэнгийнд ирсэн ... бид хоёр шууд давхиад манайд ирсэн юм. 20 цагийн үед ирсэн. Тэгээд телевизор үзээд нилээд суусан. Тэгтэл талийгаач юм байна уу гэхээр нь лаазтай нэг пиво байна гэсэн. Тэгээд бид хоёр лаазтай пиво уугаад сууж байтал мотоцикльтэй Отгонбаяр ганцаараа согтуу орж ирээд “хүний олон хүнээ барьдаггүй юм, ална хядна” гэж орилоод гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд суусан. Талийгаач нөгөө пивоноосоо Баяраа ах үүнийг уучих гэсэн чинь би ямар нохой юм уу гээд талийгаачтай баруун талын орон дээр барилцаж авсан. Тэр хоёр барилцаж аваад үүд рүү яваад байсан. Би Отгонбаярын дээлний захан дээрээс нь барьж аваад хаалгаар чирээд гаргасан. Би Отгонбаярыг одоо яв гэсэн чинь мотоциклийнхээ хажуу талд оччихоод миний хажуугаар хурдтай гүйгээд гарсан. Энэ үед талийгаач гэрийн гадна үүдэн дээр зогсож байсан. Отгонбаяр нь талийгаач руу чиглэж гүйгээд очоод савсан. Энэ үед талийгаач ямар нэгэн дуу авиа гаргалгүй гэрээс хойшоо гүйгээд явсан юм. Тэгтэл Баяраа нь илүү гэрийн цаана очоод хараад байсан. Би тухайн үед хүн алчихлаа гээд орилсон чинь Баяраа урд талын уул чиглээд ганцаараа алхсан. Би талийгаачийг бариад автал гэдэс хавиас нь цус гарсан газар хэвтэж байсан. Би мотоцикльтэй яваад эхнэр Батчмэгийг нь сундалж ирээд талийгаачийг дамжилж манай гэрт оруулж ирээд тавихад талийгаач амьсгаатай байсан учир ам руу нь цай өгсөн чинь цайгаа уулгүй өнхөрөөд ойчсон. Ямар ч ухаангүй болчихсон байсан ... талийгаач Баяраа хоёр дээлнийхээ энгэрээс харилцан заамдалцаж аваад салаагүй гэрийн хаалга хүрсэн. Отгонбаяр ална гээд байсан. Талийгаач чамд алуулдаг хэн байдаг юм гэж байсан. Би наанаас нь очоод Отгонбаярын дээлний захнаас барьж аваад чирч гарсан. Энэ үед талийгаач Баярааг тавьсан ... би хутгалсаныг нь хараагүй. Хаанаас хутга авсаныг мэдэхгүй байна ... бид хоёр Отгонбаярыг цохиж зодсон зүйл байхгүй ... бид хоёр тэднийхээс гарч Баба болох Батсайханы гэрт очсон. Тэднийд Батсайхан эхнэрийн хамт мөн Отгонбаяр, Батмөнх нар байсан. Тэнд банш жигнүүлж идсэн мөн 0.5 литрийн архи задалсан байсан ба талийгаач бид хоёр бага хэмжээний уусан. Тухайн үед Отгонбаяр нь халамцуу байсан ба Энхбаатар руу “чи цагаан сараар ах дээрээ очиж золгохгүй” гэхэд талийгаач “би завгүй, цагаан сараар аймагт золголт хийсэн” гэж хариулаад бие биенийхээ мөрөн дээл алгадаад хөхрөлдөөд байсан. Гэтэл гэнэт тэр хоёр бие биенээ заамдалцаад авсан. Тэр хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан ... Манай баруун талын орон дээр талийгаач Отгонбаяртай барилцаад авсан. Би Отгонбаярын дээлний захан дээрээс нь чирч гаргаад чи яв гэхэд цааш мотоцикль руугаа явсан. Гэтэл гэнэт О.Отгонбаяр нь миний хажуугаар гараад талийгаачийн зүүн хэсэг рүү баруун гараараа савах шиг болтол талийгаач манай гэрээс ертөнцийн зүгээр хойшоо зугтаасан. Нээх холдоогүй газар унасан ... Батсайханы гэр дотор барилцаж авсан. Нэг нэгнийгээ цохиогүй ... манайд Отгонбаярын ярьж байгаа шиг зүйл болоогүй ... талийгаачийн хөөрөг, бүс, хувцас байгаа юм ... талийгаачийн дээлний бүс суларсан байсан. Гадаа Отгонбаяр нь хутгалахад гэрийн хойшоо гүйхэд дээлний бүс тайлагдан газарт унаж даалинтай хөөрөг, Алтанчимэгийн гэрээр ороход бэлгэнд өгсөн гялгар ууттай пудволк газарт унасан байсан ... цагийг бол нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 21 цаг өнгөрсөн байсан ... тэр хоёр бие биенийгээ цохиогүй. Харин намайг гэрээс Отгонбаярыг чирч гаргахад гэрийн хаалга мөргөсөн байх магадпалтай ... Отгонбаярыг хэлж байгаа юм. Манай нутгийнхан Отгонбаярыг Баяраа гэж дууддаг. Тухайн үед гадаа сартай байсан ба сарны гэрэл тод байсан. Гадаа үзэгдэх орчин сайн харагдаж байсан ... гэсэн мэдүүлэг/хх-ийн 31-40, 155-157-р хуудас/,

Гэрч Д.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач Энхбаатар нь Мөнхбатын хамт манайд ирсэн. Би архи задлаад ууж байхад Отгонбаяр нь талийгаач руу “чи cap шинээр ахдаа ирж золгоогүй” гээд үг хаясан. Тэр хоёр манай гэрт заамдалцаж авсан. Тэгэнгүүт нь Мөнхбат, Батмөнх бид гурав нөгөө хоёрыг салгасан. Талийгаачийг Мөнхбатын хамт түрүүлээд явуулсан. Отгонбаярыг түүнээс хойш 30 орчим минутын дараа тайвшруулж байгаад явуулсан ... манайд байхад тийм зүйл огт болоогүй. Отгонбаяр нь Мөнхбаттай огт хэрэлдэж маргалдаагүй ... талийгаач тухайн үед босч ирээд цохих шиг болсон гэхдээ яг хаана нь цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд л барилцаад авсан...” гэсэн мэдүүлэг/ хх-н 41-45, 152-р хуудас/,

Гэрч Д.Алтанчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Талийгаач Энхбаатар Мөнхбатын хамт орж ирсэн ... Баба болох Батсайханыд очно гээд явсан. Нилээд байж байгаад талийгаач Мөнхбат хоёр ирсэн ба хивэгээ аваад явсан. Тэдний араас 30 орчим минутын дараа Отгонбаяр орж ирж сууж байгаад гарсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 46-47-р хуудас/,

Гэрч Д.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 2 сарын 21-ний өдөр нөхөр бид хоёр хөзөр тоглож сууж байгаад би хажуу айл руу орчихоод гэртээ 13 цагийн орчим ороод иртэл байхгүй мотоциклио унаад явсан байсан. Явахдаа эрүүл ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шөнө 01 цагийн орчим хаалга тогшоод хаалгаа гэсэн онгойлготол манай нөхөр байсан ба халамцуу явган ирсэн. Орж ирээд надад “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Би тухайн үед үнэмшээгүй. Тэгээд удаагүй байж байтал цагдаа ирээд аваад явсан. Миний нөхөр 2015 оны зун аймаг явахдаа нэг жижиг шөр өнгийн иштэй тонгорог хутга авсан ба гэрт мал гаргахад хэрэглэдэг байсан. Тэр өдөр ямар шалтгааны улмаас хутга авч явсаныг би мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг / хх-н 53-54-р хуудас/,

Гэрч Д.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн орой 19 цаг өнгөрч байхад Отгонбаяр, Батмөнхийн хамт ирсэн. Орж ирээд удаагүй байхад араас нь Мөнхбат талийгаач Энхбаатар нар ирсэн. Манай нөхөр архи задалсан ба архийг ууж байхад Отгонбаяр нь талийгаач руу хандаж “чи цагаан сараар над дээр ирж золгоогүй” гэхэд “ажил болоогүй ...” гээд хоорондоо ярьж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь хоёулаа муудалцаад барилцаад авсан. Тэнд байсан хүмүүс нөгөө хоёрыг салгаад эхлээд талийгаачийг Мөнхбатын хамт явуулсан. Араас нь Отгонбаярыг байлгаж байгаад манай хүн явуулсан. Манайд маргалдсан. Хоорондоо барилцаж авсан. Бие биенийгээ заамдалцсан байхад нь салгаад явуулсан. Яг цохиж авсан асуудал байхгүй. Бие биедээ ахархаад л хэрүүл маргаан эхэлсэн. Эхлээд юм яриад ахархаж байсанаа бие биенийхээ мөрөн дээр алгадаж байгаад гэнэт барилцаад авсан ... гэсэн мэдүүлэг/ хх-ийн 55-56-р хуудас/,

Гэрч Н.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Гэтэл удаагүй талийгаач, Мөнхбатын хамт гаднаас орж ирсэн. Тэнд байсан хүмүүс архи уусан ... архи ууж байхдаа Отгонбаяр “чи ах дээрээ очоод золгочихгүй саахалт айл байж” гэхэд талийгаач эсэргүүцсэн маягийн үг хэлсэн. Тэнд барилцаж авсан ба тэнд байсан хүмүүс салгаад талийгаач Н.Энхбаатар болон О.Мөнхбат нарыг явуулсан. Би тэндээс Дуламсүрэн гуайн хотонд очтол талийгаач дүү минь саахалт айлынхаа Мөнхбатын хамт ирж байсан. Би ямар ажилтай яваа юм гэхэд эм, хивэг авах гэж явна гэсэн би хивэгийг нь дундуур нь тавьж өгөөд шууд яваарай гэхэд за за гээд гэрийнхээ зүг явсан. Би тэндээс гэртээ харьсан ба цаашид юу болсон талаар мэдэхгүй ... тэр хоёр бие биенийгээ зодож цохисон асуудал гараагүй. Батсайханы гэрт хоорондоо барилцаж авахаар нь тэнд байсан хүмүүс салгасан ... тэр худлаа. Миний хажууд л лав зодоон цохион огт хийгээгүй. Отгонбаяр худал мэдүүлж байна гэж би бодож байна ... гэсэн мэдүүлэг/хх-ийн 150-151-р хуудас/,

Гэрч Д.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 2 сарын 21-ний орой 23 цагийн орчимд их эмч Байгалмаа залгаад танай багт хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирлээ чи яваа гэсэн. Би 00 цаг өнгөрөөгөөд О.Мөнхбатын гэрт очсон. Очиход Энхбаатар нь газарт ам ангайсан, хөшингө байдалтай болсон, зүрх орчмоос нь цус гарсан, аль хэдийнэ амьсгал хураасан байдалтай байсан ... Отгонбаяр талийгаач хоёр хоорондоо маргалдаад О.Отгонбаяр нь хутгалсан гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-н 153-154-р хуудас/,

Гэрч О.Сүндэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... талийгаач Энхбаатарынхтай айл ... 2016 оны 2 сарын 21-ний орой 22 цагийн орчим О.Мөнхбат манайд ирсэн ба ирээд “Сүндэр эгчээ Отгонбаяр согтуу ирээд Энхбаатарыг хутгалчих шиг болллоо Газар унахаар нь гүйж очоод тэврээд автал гар нойтон оргиод явчихлаа” гээд их сандарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би эхнэрт нь орж хэл гэсэн ... О.Мөнхбатын гэрт ортол зуухных нь өмнө газар хэвтэж байсан ... гэсэн мэдүүлэг/хх-н 158-159-р хуудас/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 13 тоот шинжээчийн ... Талийгаач Н.Энхбаатарын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хальсны нэвтэрсэн шарх, зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэнгийн урд хэсгийн шарх, дотуур их хэмжээний хурц цус алдалт гэмтлүүд үүссэн байна. Дээрхи цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хальсны нэвтэрсэн шарх, зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх, уушигны дээд дэлбэнгийн урд хэсгийн шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Талийгаач Н.Энхбаатар нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хальсны нэвтэрсэн шарх, зүрхний зүүн ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэнгийн урд хэсгийн шархнуудын дотуур их хэмжээний цус алдаж, цус алдалтын дараах хурц цус багадал, цус алдалтын шокын улмаас амьсгал зүрхний үйл ажиллагаа алдан зогсож нас барсан байна. Талийгаачийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэгүүд шүүх эмнэлгийн үзлэг, задлан шинжилгээгээр тогтоогдоогүй болно ... гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60- р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 1650 тоот шинжээчийн ... шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан 20х8мм, 15х8мм, 25х5мм, 19мм, 19мм 18мм зүссэн уранхайнууд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас гарсан уранхайнууд ба шинжлэгдэж буй хутга нь хурц иртэй байх тул дээрх зүссэн уранхайнууд нь уг хутгаар үүсгэгдсэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 72-74-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 2046 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн хутга дээр цус илэрсэн. Энэ нь В/Ш/ бүлгийн харъяаллатай хүний цус байна. Талийгаач Н.Энхбаатарын гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ иь В/Ш/ бүлгийн харъяаллатай хүний цус байна. Талийгаач Н.Энхбаатарын гэх цус нь В/Ш/ бүлгийн цус байна. Сэжигтэн О.Отгонбаярын гэх цус нь В/Ш/ бүлгийн цус байна гэсэн дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 2044 тоот шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн Н.Энхбаатарын гэх цусанд 2.4 промили спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. О.Отгонбаярын гэх цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 80-р хуудас/,

Шинжээч Б.Цогбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... тухайн хүнээс авсан цусны хувьд хугацаа алдаж авсан нь цуснаас спиртийн агууламж илрэхгүй байх боломжтой юм...Отгонбаярын цус өгсөн тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлнэ. Учир нь этилийн спирт илрээгүй нь тухайн цус өгсөн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан гэж ойлгож болно. 2016 оны 2 сарын 21-ний өдрийн согтолтын зэргийг нөхөж тогтоох бололцоогүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 160-р хуудас/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 132 тоот шинжээчийн ... О.Отгонбаярын биед тархины доргилт хөнгөн зэрэг, зүүн сарвууны ядам хуруу, хоолойн зүүн хэсэгг жижиг, жижиг зулгаралтуудтай, зүүн ядам хурууны хумсны толионд цус хуралт гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Үүсэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамарахгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 82-р хуудас/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2016 оны 02 сарын 25-ны өдрийн магадлагаанд ... Сэжигтэн О.Отгонбаяр нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй. Эрүүл. Сэжигтэн О.Отгонбаяр нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... гэсэн дүгнэлт/хх-ийн 87-р хуудас/,

Шүүгдэгч О.Отгонбаярын мөрдөн байцаалтанд сэжигтэн яллагдагчаар өгсөн ... би 2016 оны 2 сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд Эрдэнэцогт сумын 3 дугаар баг Нурамт гэх газар байх гэрээсээ өөрийн эзэмшлийн мотоциклиор ганцаараа тус сумын Өртөмтийн салаанд байх айлуудаар хэсхээр гарсан. Алтанчимэг гэх ангийнхаа хүүхдийнд очсон. Архи хийж өгсөн би уусан . баба болох Батсайханы гэрт очсон. Тал шил архи гаргаж би түүнийг уусан ... өмдний баруун халаасанд байсан эвхдэг шар өнгийн иштэй хутгыг гаргаж дэлгээд баруун гартаа барьж байгаад Энхбаатарын зүүн хэсэг рүү саваад дүрчихсэн ...2016 оны 2 сарын 21-ний өдөр маргалдаад л асуудал гаргачихлаа ... би мотоцикль янзалж байхдаа хутга хэрэглэж байсан ба мартаад аваад явчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104, 107-108-р хуудас/,

Хэрэг учралын гаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5, 8-11-р хуудас/

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 14-15-р хуудас/,

Хутга хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17-р хуудас/,

Цогцосны хувцас, гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-63, 12-14, 66-67-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21-р хуудас/,

Шүүгдэгч О.Отгонбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 109/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165-р хуудас/

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт /хх-ийн 110/,

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 111/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 113/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 114/,

Талийгаач Н.Энхбатар, хохирогч С.Батчимэг нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 115-120/,

Хохирлын тухай баримт /хх-ийн 125-131/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирол нөхөн төлсөн баримт болон шүүгдэгч О.Отгонбаярын хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэрэг болно. 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч О.Отгонбаяр нь согтуурсан үедээ 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн нутаг Өртөмтийн хойд салааны доод асгат гэх газар байх О.Мөнхбатын гэрийн гадаа Н.Энхбаатарын цээжин тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт, шүүгдэгч О.Отгонбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Отгонбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч С.Батчимэг нь оршуулгын зардалд 3.100.000 төгрөг хүлээн авч, шүүгдэгч О.Отгонбаярын ар гэрээс хохирогч талд хохирлын баримтаар нэхэмжилсэн мөнгөнөөс гадна, түүний үр хүүхдийг харж хандах зорилгоор 6 тооны үхэрийг 3.500.000 төгрөгөнд бодож хүлээлгэн өгөх тухай хэлцэл хийсэн баримт хэрэгт авагдсан ба хохирогч нь цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй харин түүнд гомдолтой байгаа тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын мөнгийг сайн дураар төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож, шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах, харин шүүгдэгч анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний ар гэрийн ахуй амьдрал зэрэг хувийн байдлыг нь харгалзан ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хас /өлзий/ хээтэй дээл, юүдэнтэй дотуур хүрэм, хүрэмний дотор, улаан өнгийн цамц, хар эрээн өнгийн цамц, майк, тонгорог хутга зэрэг эд зүйлийг хуульд зааснаар устгаж, шүүгдэгчийн хэргийн учир цагдан хоригдсон 136 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, уг хэрэгт  битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Отгонбаярын эзэмшлийн 2 тооны үхрийг түүнд буцаан олгож 2016 оны 05 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Очирхуягын Отгонбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч О.Отгонбаярыг 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Отгонбаярт оногдуулсан 10 /арав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Отгонбаярын цагдан хоригдсон 136 /нэг зуун гучин зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.     

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хас /өлзий/ хээтэй дээл, юүдэнтэй дотуур хүрэм, хүрэмний дотор, улаан өнгийн цамц, хар эрээн өнгийн цамц, майк, тонгорог хутга зэрэг эд зүйлүүдийг устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Отгонбаярын эзэмшлийн 2 тооны үхрийг түүнд буцаан олгож 2016 оны 05 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч О.Отгонбаярын эдлэх ялыг 2016 оны 07 сарын 04-ний өдрөөс эхлэн тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                                     ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ

                                                      Ч.БАЙГАЛМАА