Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1886

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Намжилмаагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01511 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Намжилмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Тэгшчулуунд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар, хувийн сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Намжилмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Мягмарцэрэн,

Хариуцагч: Х.Тэгшчулуун,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Галсанпунцаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэх 10 дугаар гудамж 216а тоотод орших 18631304374161 нэгж талбарын дугаартай Г-2206003976 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 700 м.кв газар болон тус газар дээр баригдсан Ү-2206010523 үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй 78,5 м.кв талбай бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм. Тус хашаа байшинд миний нөхөр Х.Баттулга нь 2006 оноос эхлэн өөрийн ээж, төрсөн дүү Х.Тэгшчулуун нарыг амьдруулж байсан. Ийн түр амьдруулах болсон нь дүү Х.Тэгшчулууныг өөрийн орон гэртэй болтлоо амьдарч бай гээд, өөрсдийн хашааны хажууд мөн газар авч хашаа барьж өгсөн. Түүнчлэн дүүргээс иж бүрэн 5 ханатай гэр тусламжийн шугамаар авахад тусалж гэртэй болгож өгсөн. Ингээд бид өөрсдийн хашаа байшингаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч, Тэгшчулуун нь нүүж хашаа байшинг суллаж өгөхгүй байсаар байна. 2009 оноос миний нөхөр Баттулгын зүрх муудаж, ахыг нь эмчилгээнд явуулмаар байна, хашаа байшингаа зармаар байна гэж хэлэн хашаа байшинг суллаж өгөхийг гуйхад ч хөдөлж өгөөгүй. 2016 оны 12 дугаар сард нөхрийн маань бие бүр муудаж, 3 дугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, 2017 оны 1 дүгээр сарын 17-нд 13 000 000 төгрөгийн хагалгаанд орсон. Иймд миний өмчлөлийн газар, хувийн сууцыг  Х.Тэгшчулууны хууль бус эзэмшилээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-50-7 тоотод 2 гэр 3 байшинтай хашаанд амьдран суудаг байсан. Ах Баттулга 2000 онд манайх хот руу нүүх боллоо та нар нялх хүүхдүүдтэй эмэгтэй улсууд хөдөө газар хэцүү гээд, 1 өрөө байрыг минь заруулж тэр мөнгөөр байр аваад орсон. Тэгээд удалгүй хот Мөрөнгийн хооронд явахад хол, зардал их гэж биднийг хот руу нүүж ир гэж шаардах болсон. Бид дургүйцэн 5, 6 жил болсон. Ээж минь хот Мөрөнгийн хооронд явж ахын 2 хүүг өсгөж өндийлгөсөн. Ингээд ахын гуйлтаар ээж, эгч, хүргэн ах, дүү, би 2 хүүхдийн хамт ирж заасан газрыг цэвэрлээд, хашаа барьж, дараа нь байшин барьж амьдарсан. Үүнээс өмнө 2006 оны хавар ах Баттулга Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа 10 дугаар хорооны Засаг дарга Дашдоржтой 50-59  гэсэн улсын дугаартай автомашинтай ирж Нисэхийн архичид цугласан, хогондоо дарагдсан газрыг зааж өгсөн. Ингээд би дүү Лхамсүрэнтэй ирж талбайгаа цэвэрлэж байхад хүмүүс ирж юун хүмүүс яах гэж байна гэж хэл ам их хийсэн. Би ахдаа “үзүүлэх бичиггүй, ийм хэл амтай газар амьдрахгүй больё” гэхэд ах “та нар хөдөөний хаягтай шилжиж ирээгүй юм чинь түр Дөлгөөний нэр дээр бичиг авч байя” гэсэн. Тэгээд үүнээс хойш таг болсон. Би бүх юм аа зарж ирсэн мөнгөөрөө хашаагаа барьж, байшингаа барьж 00-оо барьж ухаж, Хөвсгөлөөс улсын Нийслэлд ээжтэйгээ амьдралаа босгосон. Энэ бэр эгч Намжилмаагийн ширхэг ч хөлс, гишгэсэн мөр нь ч байхгүй. Энэ хүн бидний амьдралд орж ирсэн цагаас хойш бид хайр хүндэтгэл, эв нэгдэл арилсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Тэгшчулууны хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж 216а тоот хаягт байршилтай, 18631304374161 нэгж талбарын дугаартай,  Г-2206003976 бүртгэгдсэн газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй,  700 м.кв талбайтай газар, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206010523 дугаартай 78,5 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан чөлөөлж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Тэгшчулуунаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Намжилмаад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Намжилмаа нь энэ хашаа байшинг хэзээ ямар хөрөнгөөр барьсан болохыг шүүх миний тайлбараас анзаарсангүй. Түүнчлэн би эцэг эхийнхээ гал голомтыг болон өөрийн хөрөнгийн хамт зарж ах Баттулгын хүсэлтээр хотод хүчээр нүүж ирж хоосон газар дээр амьдарсан талаар олон хүн мэдэж байхад эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах  хүсэлтийг шүүх хүлээн авч хангасангүй. Тухайн үед ахдаа итгээд байрны мөнгөө аваад хотод ирж байсан болохоос биш ингэж хөрөнгө болгоныг минь далд санаа агуулан өөрийнхөө нэр дээр болгож байсныг нь мэдсэнгүй. Шүүх хуралд ах Баттулга нэг ч удаа ирээгүй, надтай ч уулзаагүй.  Ах Баттулгыг шүүхэд ирэх хүсэлт тавьсан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Ах Баттулга нь гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй асуудалтай байсан бөгөөд түүндээ өгч байсан мөнгөө бэр Намжилмаад хашаа байшин барьж байсан гэж ойлгуулсан байж магадгүй юм. Энэ хүмүүс хэзээ миний хашаа байшингийн өмчлөгч болсныг мэдэхгүй байна. Би газрын захирамжийг  ахын том хүү Дөлгөөний нэр дээр бид нарыг хотын шилжүүлэггүй гэдэг үндэслэлээр гарч байсныг мэднэ. Гэтэл Э.Намжилмаа нь өөрийн хүү Дөлгөөнөөс 2015 оны 7 сарын 27-ны өдөр шилжүүлж авсан байна. Ах Батгулга нь Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хийж байхдаа албан тушаалаа ашиглаж миний хөрөнгийг өөрийн болгон авч бичиг баримтыг бүрдүүлэн залилан хийсэн байхад залилж авсан бичиг баримтыг үндэслэн нэхэмжлэлийг нь хангаж шийдсэнд гомдолтой байна. Би хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас өмгөөлөгч авсан байхад өмгөөлөгчийг минь хуралд оруулах боломжоор хангасангүй. Өмгөөлөгч хөдөө яваад хуралд ирээгүй, хурал хойшлуулах хүсэлт тавьсан боловч хүлээн авсангүй. Шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас нотлох баримт, бичлэгүүдээ шүүхэд танилцуулж чадсангүй. Ажил албан тушаалаа ашиглан залилан хийж миний хөрөнгийг өөрийн болгон бичиг баримт бүрдүүлснийг нь Э.Намжилмаа ашиглаж өөрийн хөрөнгө гэж гүтгэн доромжилж намайг хүүхдүүд, дүү нарын минь хамт 8 ам бүлийг гудамжинд гаргахаар шүүхийн шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна. Яагаад миний төрсөн ах Баттулга юу ч дуугарахгүй юу ч хийхгүй, хуралд ч ирэхгүй ийм байдалд орсон болохыг мэдэхгүй байна. Бичиг баримтыг хууль бусаар, хуурамчаар надаас нууж бүрдүүлж аваад намайг орох оронгүй болгож байгаа асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Би ажил албан тушаалаа тухайн үед ашиглаж хуурамч баримт бүрдүүлэн надаас нууж бичиг баримт гаргуулан авсан асуудлыг цагдаагийн газарт хандаж шалгуулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь хариуцагч Х.Тэгшчулуунд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

   Талуудын маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 10 дугаар гудамж, 216 а тоотод байрлах 700 м.кв талбай бүхий  газар, 78.5 м.кв талбайтай хувийн сууцыг  нэхэмжлэгч Э.Намжилмаа нь Б.Дөлгөөнөөс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хүлээн авч, өмчлөгчөөр тус өдөр бүртгэгджээ. /хх-ийн 5, 52 дугаар тал/

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... уг газар, хувийн сууцыг өөрийн хөрөнгөөр авсан, орон нутгийн харьяалалтай байсан тул төрсөн ах Баттулгын хүү Дөлгөөний нэрээр түр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Гэтэл Б.Дөлгөөнөөс Э.Намжилмаад үндэслэлгүйгээр өмчлөх эрх шилжсэн байна” гэж тайлбарласан.

 

   Нэхэмжлэгч Э.Намжилмаа нь маргааны зүйл болох газар, хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар  уг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

 

   Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа маргааны зүйл болох газар, хувийн сууцыг хариуцагч эзэмших болсон байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэлийг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болгохдоо шүүх хариуцагч Х.Тэгшчулууы эзэмшлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

   Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн эрхээр тодорхойлогдох эсэхийг тогтоохын тулд хариуцагчийн эзэмшил хууль бус буюу шударга бус болохыг тогтоох шаардлагатай. Хариуцагч Х.Тэгшчулуун нь Б.Дөлгөөн болон Э.Намжилмаа нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хууль бус гэж маргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх талаар гэрч асуулгах хүсэлт  гаргасан байхад уг хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж, хангахгүй байх ямар үндэслэл байгааг тодорхой дурдаагүй атлаа хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

  Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг “өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй нь баримтаар тогтоогдоогүй” гэж үндэслэлгүй дүгнэж уг хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх эрхийг хязгаарласан байна. Учир нь хэргийн  45 дугаар талд авагдсан шүүгчийн туслахын үйлдсэн өмгөөлөгч Д.Галсандунцагтай утсаар ярьсан тэмдэглэлд өмгөөлөгч “... би хөдөө явж байна ...” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

 

 Үүнээс үзвэл хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 198.1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ