Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 489

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг Охиндий бүүргийн 1 дүгээр гудамж 1-09 тоотод оршин суух, эрэгтэй, 26 настай, одоо Шаамар сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн ажилтай Боржигон овогт Батмягмарын Гантөмөр /ВЮ-91082011/ /Шаамар сумын ЗДТГ-ын/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхааны царам гудамж 2-01 тоотод оршин суух, эрэгтэй, 52 настай, одоо “Ундрагч” ХХК-ний захирал Боржигон овогт Дамбын Соёлбаатарт /МА-63122018/ холбогдох

“10.802.412 төгрөг гаргуулах тухай” хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Д.Соёлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Д.Соёлбаатар нь Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын засаг даргатай гэрээ хийж 10.000.000 төгрөгийг 1 жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авч зээлийн гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Уг зээлээс 1.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх үндсэн зээл 9.000.000 төгрөг, зээлийн хүү 1.802.412 төгрөг нийт 10.802.412 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

Хариуцагч Д.Соёлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ зээлийг авсан нь үнэн боловч төлөхгүй. Учир нь: Би “Хувийн эздийн холбооны дарга”-аар ажилладаг бөгөөд энэ зээлийг тус холбооны нэр дээр авч Шаамар сумын балгас болсон нурах шахсан байрыг засаж янзлан үсчин, халуун ус, саун болгон тохижуулж сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн. Үсчиний багаж хэрэгслийг нь бүгдийг нь авч өгсөн. Сум авчихаад намайг “түрээслэн ажиллуул” гэхээр нь нэг сар хувь хүмүүст түрээслэсэн боловч цахилгааны үнээ төлж чадахгүй байсан учраас гаргаж дахин үйл ажиллагаа явуулаагүй хаасан. Энэ байр нь миний хувийн эд хөрөнгө биш сумын мэдлийн хөрөнгө юм. Үүнийг тохижуулахад би өөрөөсөө 3.864.000 төгрөг гаргасан. Би энэ зээлийг төлөхгүй.

Сум хөгжүүлэх сангаас би ганцаараа зээл аваагүй өөр бусад хүмүүс авсан боловч бүгд гэрээнд заасан үйл ажиллагаа явуулалгүй хувьдаа хэрэглээд алга болцгоосон. Сонгууль явагдах болохоор намайг шүүхэд өгдөг нь цэвэр улс төржилт гэж үзэж байна. Би энэ зээлийг авч хувьдаа ашиглаагүй учраас төлөхгүй гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Соёлбаатарт холбогдуулан “10.802.412 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд зохигчид ... суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан, 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийг хүүтэйгээр төлөхөөр бичгээр тохирсон  байх бөгөөд энэ гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан  шаардлагыг хангасан  байна.

 Хариуцагч 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй бичгээр зээлийн гэрээг байгуулсан  талаар хэлбэрийн хувьд  маргаагүй.

             Харин хариуцагч Д.Соёлбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шаамар сумын балгас болсон нурах шахсан байрыг засаж янзлан үсчин, халуун ус, саун болгон тохижуулж сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн энэ байр нь миний хувийн эд хөрөнгө биш сумын мэдлийн хөрөнгө, уг байрыг засварлан Шаамар сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн тул 10.802.412 төгрөгийг төлөхгүй...” гэж маргажээ.

Тухайн зээлийн хөрөнгөөр засварласан гэх халуун усны газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ-ын блансад бүртгэлтэй, тухайн орон нутгийн өмч бөгөөд түүнийг Д.Соёлбаатар ажиллуулаагүй болох нь Сэлэнгэ аймгийн орон нутгийн өмчийн албаны тодорхойлолт, барилга байгууламжийн жагсаалт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл тухайн зээлийг төлөх үүрэг бүхий этгээд нь Д.Соёлбаатар болохыг нотолж чадаагүй байна .

Иймд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Соёлбаатарт холбогдох 10.802.412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 160.012 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэхь хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Соёлбаатараас 10.802.412 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Шаамар сумын Засаг даргын Тамгын газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4 дэхь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэхь хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ