Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 482

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Н.Бадамтуяагийн нэхэмжлэлтэй С.Энхтуяад холбогдох “6.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Бадамтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        ... Миний бие Шаамар сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 25 тоотод байрлах хашаа байшингаа 2014 онд Содном овогтой Энхтуяад 17 сая /арван долоон сая/ төгрөгөөр худалдахаар бид хоёр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулах үедээ 11 сая /арван нэгэн сая/ төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 6 сая / зургаан сая/ төгрөгөө өгөхгүй /гэрээ байгуулсан хугацаа дуусаад байхад/ өдий болсон тул гэрээнд дурьдсан уг 6 сая /зургаан сая/ төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

            Хариуцагч С.Энхтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

        ... Миний бие С.Энхтуяа нь 2014 оны 4 дүгээр сард Н.Бадамтуяагаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 25 тоотод байрлах байшинг 17 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед 11 сая төгрөгийг бэлнээр нь өгсөн. Одоо үлдэгдэл 6 сая төгрөгийг миний бие төлөхөд татгалзах зүйлгүй, маргаан байхгүй. Уг 6 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 6 сая төгрөгийг нь 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн сар болгон 100.000 төгрөгийг төлнө.   

             Мөн уг мөнгийг төлж байх хугацаанд байшин зарагдах юм бол үндсэн мөнгийг нь өгөх болно. Улсын тэмдэгтийн хураамж болох 55.475 төгрөг төлөхийг ойлголоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                 Нэхэмжлэгч Н.Бадамтуяа Рнь хариуцагч С.Энхтуяад холбогдуулан “6.000.000

төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 55.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 55.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Н.Бадамтуяагийн “6.000.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 55.475 төгрөгийг, үлдэх 55.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

      

 

ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ