Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 487

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Суврага 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт Алтангэрэлийн Мөнхзаяа /МА-78062223/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 06 тоотод оршин суух, Мөндөлт овогт Баттулгын Бүүвэйнбаатар /ТИ-85070410/-т холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Мөнхзаяа, хариуцагч Б.Бүүвэйнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч А.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2013 онд Б.Бүүвэйнбаатартай танилцаж 2014 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Хонгорзул төрсөн. Б.Бүүвэйнбаатар нь урьд нь эхнэртэй байсан түүнээсээ баталгаагаа салгаагүй байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Бид хамт амьдарч байх хугацаандаа түүний аавын байранд амьдардаг байсан. Б.Бүүвэйнбаатар архи уудаг байсан учраас 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс тусдаа амьдарсан. Тухайн үед охин маань нэг ой 3 сартай байсан. Түүнээс хойш Б.Бүүвэйнбаатар охин руугаа ярьж эргэж тойроогүй. Одоо охин Б.Хонгорзул 2 нас 1 сартай. Бид хоёр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд аавындаа амьдарч байгаа. Хамгийн сүүлд Б.Бүүвэйнбаатарын ээж нь намайг гэрээсээ тортой хувцастай минь хөөж гаргасан. Би Б.Бүүвэйнбаатарт  их гомдож байгаа. 

Иймд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн Б.Хонгорзулын төрсөн эцэг нь Б.Бүүвэйнбаатар мөн болохыг тогтоож, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Б.Бүүвэйнбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ... Бид 2013 оны 7 дугаар сард танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 7 дугаар сарын 10-нд охин Б.Хонгорзул төрсөн. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа учраас А.Мөнхзаяатай хамт амьдрах боломжгүй! гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Мөнхзаяа нь хариуцагч Б.Бүүвэйнбаатарт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2013 онд танилцаж улмаар дотно харьцаатай байсан ба 2014 оноос эхлэн хамтран амьдарч, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Хонгорзул төрсөн болох нь нэхэмжлэгч А.Мөнхзаяагийн ... Миний бие Б.Бүүвэйнбаатартай 2013 онд танилцаж, 2014 оны 11 сараас хамтран амтдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Хонгорзул төрсөн. Б.Бүүвэйнбаатар нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ салгаагүй байсан учир бид баталгаа байхгүй... гэх тайлбар, хариуцагч Б.Бүүвэйнбаатарын ... Бид 2013 оны 7 дугаар сард танилцаж, 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин Б.Хонгорзул төрсөн. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлага байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө... гэх тайлбар болон 2017 оны 07 дугаар сард бүртгэсэн УТ-15271024 регистерийн дугаартай, 1116004831 бүртгэлийн дугаартай Б.Хонгорзулын гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин Б.Хонгорзулын 2 настай байдал, эхээс хүүхдүүддээ тавих анхаарал, халамж, эцэг Б.Бүүвэйнбаатарын ёс суртахуун, архи хэрэглэдэг байдал зэргийг харгалзан охин Б.Хонгорзулыг эх А.Мөнхзаяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Хонгорзулын эцэг Б.Бүүвэйнбаатар болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Хонгорзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.Бүүвэйнбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бүүвэйнбаатараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхзаяад олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих (166.200х12:2=997.200төгрөг)-т улсын тэмдэгтийн хураамж тооцож 28.483 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэхь хэсэгт зааснаар Б.Хонгорзулын эцэг нь Мөндөлт овогт Баттулгын Бүүвэйнбаатар мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Б.Хонгорзулыг эх А.Мөнхзаяагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Хонгорзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бүүвэйнбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Бүүвэйнбаатараас 28.483 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4 дэхь хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэхь хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                                                                                                                      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ