Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Г.Чингүн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* / Регистрийн дугаар:******* /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цаг 20 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 46-6 тоот хашааны гадна иргэн *******гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч  *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэг нутгийн найз Баясгалангийн гэрт Ган-Очирын хамт очсон тэнд мөн нэг нутгийн найз Далхсүрэн байсан тэгээд бид нар пиво ууж сээр цохисон тэгээд байж байтал манай төрлийн дүү Жамъяндорж ирсэн тэгсэн Далхсүрэн Жамъяндоржийг дуудаад уулзаад дарамтлаад байгаа юм шиг байхаар нь би түүнд  дүү дарамтлаад байна уу гэтэл миний урдаас хэрэлдээд тэгээд бид хоёр хоорондоо маргаад би түүний уруул руу нь нэг удаа цохисон тэгээд салаад явсан, тэгсэн араас цагдаад дуудлага өгсөн байсан болсон зүйл бол энэ байгаа. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа буруугаа ойлгож байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз болох Баясгалангийн гэрт байж байхад манай найз *******, төрлийн дүү Ган-Очир хоёр над дээр ирсэн Жамъяндорж ирсэн байсан. Бид дөрөв 4 том пиво уучхаад орой нар жаргахаас өмнөхөн гараад явцгаах гээд би дүү Жамъяндоржтой юм яриад зогсож байтал ******* ирээд тэгээд бид нар хашаанаас гарсан. Хашаанаас гартал ******* зүв зүгээр байж байгаад над дээр ирээд намайг алгадаад авсан. Тэгэхээр нь “яаж байгаа юм” гэсэн. Тэгтэл “яадаг юм” гэснээ гараараа миний уруул руу цохиод, намайг заамдаж аваад байж байгаад тавьсан. Миний зүгээс урдаас нь ямар нэг хариу үйлдэл хийж, цохиж зодоогүй. Эхлээд намайг 2 удаа алгадаад, уруул руу гараараа нэг удаа цохисон. Миний бие одоо зүгээр байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, үзүүлэхээр гэмтэл бол биш. Надад нэмж ярих зүйл байхгүй. Өөр гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 13-14 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед *******тай тааралдаад Далхсүрэн ах руу ярьтал найз Баясгалангийн гэрт байна гэсэн. Тэгэхээр нь түүний байгаа гэрт очсон. Тэнд 4 том пиво Баясгалан, би, Далхсүрэн, ******* бид нар сээр цохингоо ууцгаасан. Тэгээд 18 цагийн үед гэрээс нь гараад явцгаах гээд гэрээс нь гараад хашааны дотор байтал Далхсүрэн, ******* хоёр манай нэг дүү болох Жамъяндоржоос болж маргалдсан. Тэгээд хашаанаас гараад урд үзүүр хэсэгт нь байж байтал Далхсүрэн өөрөө ардаас хүрч ирсэн. Тэгээд ******* тэр хоёр хоорондоо юм яриад байж байсан. Нэг харсан хоорондоо барилцаад авсан Далхсүрэнг, ******* заамдсан байж байгаад дээш нь заамдсан чигээрээ гараараа нүүр хэсэг рүү нь олиод цохисон. Тэгтэл Далхсүрэнгийн хамраас шүүс гарсан байсан. Тэгэхээр нь би салгаад тэгээд явцгаасан...гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байсан. Би ажлаасаа гэртээ буюу Баянхонгор сумын 2-46-6 тоотод байхад манай найз Далхсүрэн ороод ирсэн. Орж ирээд надад том пиво авч өгсөн. Тэрийг хамт уугаад байж байтал танил найзууд болох *******, Ган-Очир хоёр 2 ширхэг том пиво авч орж ирсэн. Тэгээд Далхсүрэн, ******* хоёр хашааны гадаа маргалдаад унасан. Тэгтэл ******* гараараа Далхсүрэнгийн уруул руу цохичих шиг болсон. Тэгсэн Далхсүрэнгийн уруулаас цус гоожоод байсан. Далхсүрэн *******ыг өөрөө цохичих гээд байсан. Тэгсэн нөгөөдөх нь далимдуулаад 2-3 удаа цохиод авч байх шиг байсан. Тэгсэн уруулаас нь цус гараад эхэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн  26-27 /,

            6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 289 дугаартай шинжээчийн:

1. 2. *******гийн биед дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн үүдэн 1-р шүдний сулрал, хамар, цээжний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

6. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт / хх-ийн 40-41 /,

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь  2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 22 цаг 20 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 46-6 тоот хашааны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн *******гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон  байна.

Энэ үйл баримт нь хохирогч *******гийн мэдүүлэг болон гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн  289 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

                                                                                                 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ