Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 218

 

                               Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 12 дугаар гудамжны 2А тоотод оршин суух, /РД:УР72092712/ Ботагара овогт Тайвхааны Өнөрбек

Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3А-03 тоотод оршин суух, /РД:ОЙ89092610/ Төлек овогт Бейбитшиликийн Яахяд холбогдох

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 7774520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Өнөрбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Яахягийн ажиллуулдаг уурхайд ажиллаж байхдаа осолд орж баруун чамархай, зулайн ясны шугаман хугарал, тархины баруун талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, сээр нурууны 5-р нугалмын их бие дарагдаж шахагдсан, 5-р нугалмын баруун талын хөндлөн болон арын сэртэнгийн зөрүүтэй, сээрний 4-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, сээрний 6-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүүгүй, ташуу далд хугарал, нугасны эдийн бяцрал, баруун талын 3-р хавирганы зөрүүгүй, 6-р хавирганы зөрүүтэй, уушигны эдийн няцрал бүхий хүнд гэмтэл авсан. Тухайн үед Б.Яахя гэмт хэрэгт холбогдчихлоо, чиний эмчилгээний бүх төлбөрийг төлж барагдуулна гэж хэлж надад эмчилгээний зардал өгсөн. Хүнийг бас шоронд явуулж ял сонсгоод яахав гэж бодоод би гомдолгүй гэсэн. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж тохиролцсон юм. 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр прокуророос хэргийг эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэвч тэр цагаас хойш миний бие муудаж удаа дараа эмнэлэгт үзүүлж, эмчилгээнд орж, эм тариа гэх мэт олон зүйлс худалдаж авсан. Эмчилгээнд туслаач гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн эмчилгээ сувилгааны зардал өгөөгүй. Би өөрөө хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдаад ар гэрийнхэн маань бүр дордуулчихгүй гэж байдаг бүхнээ зарж эмчилгээг таслахгүй хийлгэсээр байгаа. Нийтдээ одоогийн байдлаар эм тариа эмчилгээнд 5292720 төгрөг, нааш цааш явсан шатахуунд 252300 төгрөг, сэргээн засах багаж хэрэгсэлд 2229500 төгрөг нийт 7774520 төгрөг зарцуулсан тул уг төлбөрийг Б.Яахягаас гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Т.Өнөрбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Талууд болон Т.Өнөрбектэй тохиролцсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага болох 7774520 төгрөгийн 2774520 төгрөгөөс татгалзаж, 5000000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрнэ гэжээ.

Хариуцагч Б.Яахя шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 7774520 төгрөгийн 2774520 төгрөгөөс татгалзсан тул миний бие үлдэх 5000000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сар дуусах хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Улсын тэмдэгтийн хураамжийг 5000000 төгрөгт ногдох дүнгээс тал хувиар хариуцна. Бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Т.Өнөрбекийн хариуцагч Б.Яахяд холбогдох эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол 7774520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл нэхэмжлэлийн шаардлага 7774520 төгрөгийн 2774520 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Яахя үлдэх 5000000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Яахя 5000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар хариуцахаар болж, талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Өнөрбек нь хариуцагч Б.Яахяд холбогдуулан эрүү мэндэд гэм хор учруулсны хохиролд нийт 7774520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Өнөрбек нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Яахягийн ажиллуулдаг уурхайд ажиллаж байхдаа осолд орж хүнд зэргийн гэмтэл авсан, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Яахяд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1. дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эрүүгийн 201601080044 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3. дахь хэсэгт зааснаар хохирогч нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл нэхэмжлэлийн шаардлага 7774520 төгрөгийн 2774520 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Яахя үлдэх 5000000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Яахя 5000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар хариуцахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Т.Өнөрбекийг уг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 139342 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94950 төгрөгийг тал хувиар бууруулж, 47475 төгрөгийг хариуцагч Б.Яахягаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Өнөрбекийн хариуцагч Б.Яахяд холбогдох эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд нийт 7774520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл нэхэмжлэлийн шаардлага 7774520 төгрөгийн 2774520 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Яахя үлдэх 5000000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.Яахя 5000000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар хариуцахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Т.Өнөрбекийг уг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 139342 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94950 төгрөгийг тал хувиар бууруулж, 47475 төгрөгийг хариуцагч Б.Яахягаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.   

3. Хариуцагч Б.Яахяд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч түүний төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг заасугай.

                       

                                      ШҮҮГЧ                                                 Л.НАРАНГЭРЭЛ