Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/035 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар:/*******/,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр баруун хөлийн өвдөг орчимд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун өвдөгний үений шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдөр байсан гээд танил дүү ор угсраад өг гэхээр нь эхнэр болох бид хоёр тэдний гэрт хамт очоод орыг нь угсарч өгтөл 2 шил 0.5 граммтай архи гаргаад ирсэн. Тэр архийг эхнэр , бид гурав хамт хувааж уусан. Тэгээд байж байгаад би эхнэр болох г гэр рүүгээ явъя гэхэд явахгүй байхаар нь тэнд орхиод гэр лүүгээ явсан. Гэртээ очоод галаа түлэх гээд хутгаар мод цуулаад байж байтал эхнэр араас орж ирээд хаячихаад явчихлаа гэж хэлэхэд нь би урдаас нь явъя гэхээр явахгүй байсан биз дээ гээд хэлсэн. Тэгтэл чирээд явна биз дээ гээд зуухны өмнө байхад миний араас өшиглөсөн. Тэгэхээр нь би зүгээр бай гээд хутгатай гараараа хойшоо бай гээд савтал өвдөгний тойгон дээр нь хутгаараа зүссэн... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

 Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай танил гэх хүн ******* рүү залгаад та ирээд ор угсраад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би нөхөр *******ийн хамт гийн гэрт орсон. Гэрт нь , хүүхэд нь байсан. Нөхөр ******* орыг нь угсарч өгчихөөд байж байхад нь манай нөхөрт нэг шил архи авч өгсөн. Тэгээд тэрийг нь  нөхөр *******, бид 3 хувааж уугаад, дахиад нэг шил архи аваад дахин уусан. Тэгээд байж байхад нөхөр ******* түрүүлээд гэр лүүгээ яваад өгсөн байсан. Тэгээд би гэртээ очиход нөхөр ******* гэртээ байхаар нь би жаахан уурлаад хамт явахгүй хүн үлдээгээд яваад өгсөн байх юм гэхэд  өөдөөс уурлаад маргалдаж байхад  нөхөр ******* хутга аваад миний хөлийг зүссэн, би цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь 2, 3 удаа зодоод, цагдаад өгөөд баривчлуулж байсан. Сүүлд 2017 онд байх зодоод баривчлуулж байсан. Миний баруун хөл рүү хутгаар зүссэн. Өөрөөр миний биед халдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,

 Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би аавдаа нэг ор авсан, аав хэвтэрт байдаг хөгшин хүн байгаа юм. Тухайн өдөр 14 цагийн үед байх би ******* ахын утас руу залгаад манай ирээд ор угсраад өгөөч гэж асуухад гэрт хамт ирсэн. Тэгээд ороо угсарч өгөөд дуусахаар нь би ******* ахад ганц шил архи авч өгсөн. Тэр архийг эгч, ******* ах бид гурав хувааж уугаад, дахин нэг архи хувааж уусан. Бид гурав архи ууж дуусаад ******* ах явсан араас нь эгч явсан. Манайд ямар нэг хэрүүл маргаан зодоон болоогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 544 дүгээр шинжээчийн

  1. биед өвдөгний үений шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
  3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 48-49/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 61-62/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийг 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-08/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 09/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 113/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 73, 75 /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, 1986 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80/, 1988 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр магадлалын хуулбар /хх-ийн 81-82, 85-86/, 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 87/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-93/, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-94/, депозит дансны хуулганууд /хх-ийн 97-100/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 110/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр баруун хөлийн өвдөг орчимд нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун өвдөгний үений шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 69-70/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 26-27 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 544 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед биед өвдөгний үений шарх гэмтэл тогтоогдлоо гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 48-49/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч *******, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******ийн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг устгуулахаар  Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ийн дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА