| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00393/И |
| Дугаар | 476 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 476
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5-9 тоотод оршин суух Жинчин овогт Минжийн Соёл-Эрдэнийн /МЬ-79011911/
нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 3 дугаар хэсэг, гудамж 217 тоотод оршин суух Бүтэмж овогт Даваасүрэнгийн Оюунсүрэнд /МЬ-77030710/ холбогдох
“Барилгын үйл ажиллагааг зогсоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие М.Соёл-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд 6-р багт “Чансаа” нэртэй дэлгүүрийн барилгыг 2004 онд барьж 2009 онооос эхлэн худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай дэлгүүрийн дэргэд “Стандарт” нэртэй барилгын дэлгүүр байрлан ажилладаг юм. “Стандарт” дэлгүүрийн эзэн Д.Оюунсүрэн нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дэлгүүрийн барилгаа буулгаж шинээр барьж байгаа болно. Д.Оюунсүрэн нь бидэнд хэлэхдээ “манай дэлгүүр олон жил болсон болохоор муудаж хуучирсан байна, барилгаа буулгаад хуучин суурин дээр нь 1 давхар барилга барина” гэж хэлж байсан юм. Гэтэл барилгаа буулгаад шинээр барихдаа хуучин сууринаас илүү хэмжээгээр барихаар барилгын суурийг цутгаж манай дэлгүүрийн цонхыг хааж манай хаалганд тулгаж барьж байна. Ингэснээр манай дэлгүүрийн цонхоор байгалийн гэрэл орохгүй болж үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Мөн дэлгүүрийн үйлчилгээний танхимын гэрэл багасгаж машины зогсоолын талбайн хэмжээ багасаж орчноо тохижуулах цэцэрлэг зүлэгжүүлэлт хийх нөхцөлгүй болж байна. Цаашдаа П.Оюунсүрэн нь энэ суурин дээрээ залгуулаад үүднийхээ довжоо шатыг хийгээд ирэхээр зай талбай бүр ч багасах юм. Мөн барилга хоорондын хууль журмаар тогтоосон зохих зай хэмжээг зөрчиж манай дэлгүүртэй тулгаж барьж манай дэлгүүрийн нүүрэн талын 3/2 хэсгийн эзэлж барилгаа барьж байна. Бид Д.Оюунсүрэнд хандаж энэ журам зөрчсөн үйл ажиллагаагаа боль гэж хэлэхэд манай цонхноос 180 см-н зайтай догол гаргаж сууриа цутгаж байна. Энэ 180 см-н зайтай барилга барьж байгаа нь манай цонхыг хаасан хэвээрээ л байгаа юм. Д.Оюунсүрэн нь төмөр арматур зангидаж сууриа гүн цутгаж байгаа нь цаашдаа барилгаа дээш нь давхарлан барих нөхцөлтэй байна. Хэрэв барилгаа дээш нь давхарлаж баривал манай дэлгүүрийн бусад цонхнууд ч бас хаагдах болж байгаа юм. Манайх анх дэлгүүрээ барихдаа Д.Оюунсүрэнгийн энэ дэлгүүрийн барилгын эзэн хүний /тухайн үеийн хариуцаж байсан хүн/ эрхийг хүндэтгэн үйл ажиллагаанд нь саад болохгүй гэсэн үүднээс тус дэлгүүрээс зайтай барьсан билээ. Стандарт дэлгүүрийг /тухайн үеийн эзэн нь/ 2-ч удаа өргөтгөн сунгаж манай барилгатай тулгаж барьж байсан боловч бид хүлээцтэй хандаж байсан бөгөөд зарим цонхоо ч хааж байсан юм. Гэтэл одоо манай цонх дахиад л хаагдах болж байгаад гомдолтой байна. Д.Оюунсүрэнгийн энэ хууль журмыг зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгохоор Аймгийн газрын алба, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын газарт би гомдлоо гаргасан юм. Мөн санал хүсэлт хүлээн авах 1111 утсанд очиж өргөдлөө өгсөн юм. Аймгийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газраас Д.Оюунсүрэнгийн барилгын ажлыг зогсоосон боловч Д.Оюунсүрэн нь хагас бүтэн сайн өдөр буюу амралтын өдрүүдээр барилгаа үргэлжлүүлэн барьж байна. Д.Оюунсүрэн нь зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашгийг бодож бусдын нийтийн эрх ашгийг хохироож байна... Иймд арга буюу энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Манай барилгын цонхыг хааж барилга хоорондын хуулиар тогтоосон зай хэмжээг зөрчиж барилга барьж байгаа Д.Оюунсүрэнгийн барилгын үйл ажиллагааг зогсоож манай дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангаж өгнө үү гэжээ.
Зохигчид 2017 оны 07 дугаар сарын 25, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:
...Иргэн Даваасүрэн овогтой Оюунсүрэн нь өөрийн эзэмшлийн газарт дэлгүүрийн зориулалтаар барилга барихаар суурин ажлаа хийсэн бөгөөд уг баригдах барилга нь иргэн Минж овогтой Соёл-Эрдэний “Чансаа” нэртэй дэлгүүрийн цонхыг хааж байна гэх шалтгаанаар шүүхэд хандсан байна. Иргэн Д.Оюунсүрэн нь хүсэлтийг хүлээн авч иргэн М.Соёл-Эрдэний тавьсан саналын дагуу заасан хэмжээгээр барилгын суурийн хэмжээг багасгаж, төлөвлөсөн хоёр давхар барилгаа барихаар болж зөвшилцөн эвлэрсэн болно. Иргэн Д.Оюунсүрэн миний бие барихаар төлөвлөсөн хоёр давхар барилгын суурийн хэмжээг зөвшилцсөн хэмжээний дагуу /12х17,5/ метр болгон багасгаж барих болно. Иргэн Д.Оюунсүрэн... Иргэн М.Соёл-Эрдэнэ миний бие дахин шүүхэд хандах болон элдэв маргаан үүсгэж барилгын ажилд нь саад учруулахгүй болно... иргэн М.Соёл-Эрдэнэ...
Иргэн М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэн бид нар харилцан тохиролцож эвлэрч байна. М.Соёл-Эрдэнэ нь шүүхэд хандаж манай цонхыг хааж барилга барьж байгааг зогсоолгох гэсэн нэхэмжлэл гаргасан тул Д.Оюунсүрэн нь барилгаа барихдаа зэргэлдээ байрлах барилгын цонхыг хаахгүйгээр болгож тус зөрчлийг арилгасан юм. Д.Оюунсүрэн нь цаашдаа хөрш зэргэлдээ байрлаж байгаа М.Соёл-Эрдэнийн дэлгүүрийн хаалга, цонхыг хаахгүй, ямар нэгэн саад учруулахгүй байна. Хэрэв энэ гэрээгээ зөрчвөл учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй болно. Энэ гэрээг байгуулж талууд эвлэрсэн учир тус М.Соёл-Эрдэнэ миний шүүхэд гаргасан нэхэмжлэл бүрэн хангагдсан гэж үзэж байгаа тул тус иргэний хэргийг дуусгавар болгож өгнө үү... Гэрээ байгуулсан: М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэн... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Соёл-Эрдэнэ нь Д.Оюунсүрэнд холбогдуулан “Барилгын үйл ажиллагааг зогсоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцсон болох нь “...иргэн М.Соёл-Эрдэний тавьсан саналын дагуу заасан хэмжээгээр барилгын суурийн хэмжээг багасгаж, төлөвлөсөн хоёр давхар барилгаа барихаар болж зөвшилцөн эвлэрсэн болно. Иргэн Д.Оюунсүрэн миний бие барихаар төлөвлөсөн хоёр давхар барилгын суурийн хэмжээг зөвшилцсөн хэмжээний дагуу /12х17,5/ метр болгон багасгаж барих болно. Иргэн Д.Оюунсүрэн... Иргэн М.Соёл-Эрдэнэ миний бие дахин шүүхэд хандах болон элдэв маргаан үүсгэж барилгын ажилд нь саад учруулахгүй болно... иргэн М.Соёл-Эрдэнэ...
... Д.Оюунсүрэн нь барилгаа барихдаа зэргэлдээ байрлах барилгын цонхыг хаахгүйгээр болгож тус зөрчлийг арилгасан юм. Д.Оюунсүрэн нь цаашдаа хөрш зэргэлдээ байрлаж байгаа М.Соёл-Эрдэнийн дэлгүүрийн хаалга, цонхыг хаахгүй, ямар нэгэн саад учруулахгүй байна. Хэрэв энэ гэрээгээ зөрчвөл учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй болно... Гэрээ байгуулсан: М.Соёл-Эрдэнэ, Д.Оюунсүрэн...” гэх зохигчдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар М.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй Л.Оюунсүрэнд холбогдох “Барилгын үйл ажиллагааг зогсоолгох” тухай зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Стандарт” дэлгүүрийн барилгын ажлыг зогсоох тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1399 дугаартай захирамжийг цуцалсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА