Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/037 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар: //,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ресторан гэх газарт иргэн ******* нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1- р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах ресторан руу ганцаараа орой 22 цагийн орчимд ороод 2 найз , нартай тааралдсан юм. Тэр хоёр найзын ширээнд сууж байгаад 2 ширхэг пиво уучихаад 23 цагийн үед ганцаараа эргээд гарсан юм. Гарах замдаа буюу шатаар бууж байхдаа олон залуучуудтай зөрсөн. Нэг залуу нь мөрлөөд авахаар нь би эргээд харахад нөгөө залуу амандаа пизда гэх мэтээр ёс зүйгүй үг хэллэг хэлж байсан. Тэгээд би эргэж хараад тэр залууг нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад авсан юм. Би баруун гараараа алгадсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 /

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

 Тэгээд 2 давхар руу гарах шатаар өгсөж байтал урдаас 4-5 залуучууд бууж ирж байсан. Тухайн үед миний таньдаг ах таараад мэнд усаа мэдэлцээд байж байтал хамт явсан найз ******* гэгч бууж явж байснаа эргэж ирээд миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгээд миний хамраас цус гоожоод үүдэн нэг шүд хугарсан байсан ... Би ******* гэх хүнтэй огт хэрүүл маргаан хийсэн зүйл бол байгаагүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах ресторан дотор шатан дээр өгсөөд явж байтал 3 эрэгтэй хүн бууж зөрсөн юм. 2 эрэгтэй нь түрүүлээд буугаад нэг эрэгтэй нь манай нөхрийн ард үлдсэн юм. Би тухайн үед дунд нь зогсож байтал манай нөхрийн араас нэг эрэгтэй нь цохисон юм... Миний нөхрийн үүдэн шүд нь хугарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8 /,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр танил ах дуудаад хамт нэртэй бааранд орох гээд явж байтал манай найз болох нь баарны гадна хүнтэй маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би мэндэлчихээд дотогшоо ороод 2 давхарт нь гарах гээд байж байтал ******* эхнэр нь гаднаас гүйж орж ирээд хүнд зодуулчихлаа гэхээр нь гүйгээд гартал ******* амнаас нь цус гарсан үүдэн шүд нь хугарсан байдалтай байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар шинжээчийн

1. ******* биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 2. Дээрх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.

 3. Дээрх баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 12-13/

  -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03 /, эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 55-56 /, эд хөрөнгө битүүмжлэх тухай /хх-ийн 19-21/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 90/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 67, 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69/, депозит дансны хуулганууд /хх-ийн 72-75/, оршин суугаа хаягийн лавлагаа хх-ийн 77/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 79-81/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ресторан гэх газарт иргэн ******* нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1- р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 63-65 /, хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 26 /, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 8 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 40-41 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* биед баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 12-13 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 500,000 төгрөг бэлнээр, 600,000 төгрөг дансаар авч нийт 1,100,000 төгрөг авч, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 28/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй болно.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “ ... skyworth маркийн хөргөгч..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шүднийхэн овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******ын эзэмшлийн “ ... skyworth маркийн хөргөгч..”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгосугай.

8.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА