Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2020/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Сайнжаргал нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Г.Д-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдох “Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гантөмөр овогтой Дамцагдорж миний бие 1986 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ВТ86021419, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Улсад 15 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 11 жил ажилласан. Г.Д би Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргын албан тушаалыг ШШГЕГ-ын даргын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар томилогдон ажилласан бөгөөд өөрийн хариуцсан ажил үүргийг зохих хэмжээнд гүйцэтгэж ирсэн. Тус албан тушаалд ажиллаж байх хугацаанд Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа О.Хадбаатар надад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тус тушаалыг гарах үед би ээлжийн амралт эдэлж байсан ба уг шийдвэрийг гаргахдаа зохих хууль тогтоомжийн дагуу хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, сахилгын шийтгэл ногдуулсан талаар надад мэдэгдээгүй зэргээр холбогдох хууль зөрчиж гаргасан гэж үзэж байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 19-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас надад сахилгын шийтгэл хүлээлгэх үед өмнө нь надад “Сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал гарсан байсан гэдгийг мэдсэн. Улмаар өмнө сахилгын шийтгэлтэй байсан гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дараагийн сахилгын шийтгэлийг хүндрүүлэн үзэж, миний эрх зүйн байдал дордуулахад нөлөөлсөн.

Иймд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд 2019 оны 12 дугаар сарын 18-нд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл албан бичгээр хариу ирүүлээгүй байна.

Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шатаар буух үйлдэл хийх үедээ баруун хөлний шагайн хэсгээр хугалж бэртсэний улмаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 24 хүртэлх хугацаанд хэвтэж, улмаар Улаанбаатар хотын ГССҮТ-д 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд хэвтэн эмчлүүлж хөлний хугарлыг хадаж бэхлэх мэс засалд орсон.

Мөн үргэлжлүүлэн мэргэжлийн эмчийн хяналтад мэс заслын боолт, эвийн болон эмийн эмчилгээг тасралтгүй хийгдэж байсан боловч эмчилгээ үр дүнгүй болж, шарх сэдэрсэн тул Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт дахин 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2019 оны 12 дугаар сарын 04 хүртэл хугацаанд тус тус хэвтэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоог хүртэл эмчийн хяналтад тасралтгүй эмчилгээ хийлгэж, идэвхитэй хөдөлгөөнийг хорьсон байдалтай байгаа тул дээрх тушаалтай холбоотой гомдол гаргахдаа хугацаа алдсан болно.

Иймд миний өвчтэй байсан шалтгааныг минь хүндэтгэн үзэж Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Д-ид сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Г.Д нь Газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 тоот тушаалаар “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж нэхэмжлэл гаргажээ.

О.Хадбаатар намайг 2017 оны 7 дугаар сард томилогдож ирснээс хойш 2019 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд маш олон удаа архидан согтуурч, алба хаагчдыг зодож нүдсэн асуудал гаргасан. Нөхцөл байдал энэ мэтээр даамжирч түүнд хариуцлага тооцохоос аргагүй болсон цаг үе буюу 2019 оны 01 сарын 01-ний өдөр нэгдэлтэнд үүрэг тавихдаа миний бие Дамцагдоржоо таны энэ согтуу танхай байдлыг би тэвчихээ байлаа. Одоо энэ мөчөөс хойш таныг алба хаагчийн эрх чөлөөнд халдсан тохиолдолд арга хэмжээ авна шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн. Гэтэл 2019 оны 3 сарын 17-ны өдөр хамт олноороо цэргийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх цайллаган дээр хожимдож согтуу орж ирээд томилогдоод офицер бүрэлдэхүүнд ороод удаагүй байсан ахлах ня-бо, дэслэгч Н.Доржсүрэнгийн хамрын ясыг цөм мөргөж цус нөжтэй нь хольсон. Маргааш нь дэслэгч Н.Доржсүрэн: -Даргаа би томилогдоод удаагүй, шинэхэн дэслэгч цол авсан болохоор гомдол гаргаад яахав гэж бодлоо. Та энэ асуудлыг Г.Д-ид хариуцлага тооцохгүй өнгөрөж өгөөч гэж гуйсныг ёсоор болгож Г.Д-ийг хамт олны нүдэн дээр нэг алгадчхаад хаясан. Тухайн үед Г.Д-оо дахиад асуудал гаргавал тэвчихгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүх нийтийг хамарсан цэвэрлэгээг 10 мянгатад хийж байхдаа архидсан согтуурч дэслэгч Г.Анхбаярыг зодсон байсан. 2019 оны 5 дугаар сарын 05, 06-ний өдрүүд хагас бүтэн сайн өдөр байсан болохоор 2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө Г.Д, Г.Анхбаяр нарын асуудлаас шууд хамааралтайгаар газрыг өглөө 07 цаг 00 минутад түргэн цугларалтаар дуудахад Г.Анхбаярын нүүр тэгширч хавдан, нүд чих нь хөх алаг болсон байдалтай, Г.Д нь манай байгууллагад харуул хамгаалалтын ажилтан хийдэг эхнэр, дэд ахлагч Бадмаагаар “Эмнэлгийн магадлал” өгч явуулсныг хүлээн авахгүй өөрийг нь дуудуулсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 5 дугаар сарын 08-ны өглөө Г.Д миний өрөөнд орж ирэхэд нь актыг нь урж хаяад, чамайг зодоон хийсний чинь төлөө эмнэлгийн чөлөөтэй байлгаж чадахгүй гээд, хүний нөөцийн ажилтан дэслэгч Сайнжаргалыг дуудаж энэ Г.Д-ид ээлжийн амралтыг олго гэсэн үүрэг өгч тэр дор нь амралтын хуудас бичүүлж оруулж ирээд амралтын хуудсыг нь гардуулан өгч, чи ер нь наад бодол санаагаа нэг цэгцлээд ир, өөрөө гэм хийчихээд өрөөлөөс гэмтэн хайдаг наад зангаа зас гэж хэлээд гаргасан. Г.Д нэхэмжлэлдээ: Ээлжийн амралт эдэлж байсан, хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй гэжээ. Гэтэл 2019 оны 5 сарын 07-ны өдрийн өглөө газар түргэн цугларах шалтгаан нь Г.Д-ийн архи, зодооноос болсон. Албаны шалгалтыг өөрийн биеэр хийсэн. Газрын даргын тушаалыг нийт бие бүрэлдэхүүний өмнө уншсан. Тэр цаг мөчид эхнэр, хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Бадамаа жагсаал дотор байсан. Маргааш нь Г.Д-ийг өрөөндөө дуудаж “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсныг би өөрийн биеэр мэдэгдэж амралтыг нь өгөөд явуулсан. Ингэж архидан согтуурч, алба хаагчдыг зодчихоод ээлжийн амралтаа эдлээд явдаг дэд манай системд байхгүй. Хөлөө хугалсан тухай бас нэхэмжлэл дээр дурдсан байх юм. Ажил тасалж онцгой байдлын дэд дарга хошууч Батбаяртай нийлж архидаж яваад хөлөө хугалсныг нь би мэдэх юм.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаас шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Иргэн Г.Д тус газрын цагдан хорих байрны даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн үйл ажиллагаанд оролцох үедээ албаны хувцастай архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргасан, ажил тасалсан зэрэг нь тус газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Анхбаяр, шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Д.Нандинцэцэг нараас авсан тайлбараар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1, 273.2.5 дахь заалт, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтаны сахилгын дүрэм”-ийн 2.1.19 дэх заалт,тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа О.Хадбаатартай байгуулсан Сахилга хариуцлагын гэрээний 1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул иргэн Г.Д-ид “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтаны сахилгын дүрэм”-ийн 10-т алба хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай салбар нэгжийн даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 14 хоногийн дотор гаргах эрхтэй гэж заасан. Энэ хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй. Иргэн Г.Д нь өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар мэдсэн тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын газрын хяналт шалгалтын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Н.Баттулгад өгсөн тайлбартаа хэлсэн байдаг. Иймд иргэн Г.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Д нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдуулан “Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “Г.Д-ид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Маргаан бүхий захиргааны актыг гардуулсан, танилцуулсан талаар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн Б/12 дугаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/1565 дугаар тушаалуудыг хянуулж, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хандсан, хариуг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр хүргүүлснээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Г.Д-ид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/32 дугаар тушаалаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалын талаар:

Г.Дийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/371 дүгээр тушаалаар Баянхонгор аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн дарга, 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/288 дугаар тушаалаар албаны төлөөлөгч, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/625 дугаар тушаалаар Цагдан хорих байрны даргын ажил, албан тушаалд тус тус дэвшүүлэн томилж байжээ.

Харин Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар нийтийн цэвэрлэгээний үеэр согтууруулах ундаа хэрэглэн, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Анхбаяртай зодолдсон зөрчил гаргасан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1, 273.2.5, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”-ийн 2.1.9, “Сахилга хариуцлагын гэрээ”-ний 1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаан дахь зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах бөгөөд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм”, “Сахилга хариуцлагын гэрээ”-г баримтласныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулахаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1-д “хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах”, 273.2.5-д “албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх”-ийг хориглохоор тус тус заасан.

Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасан сануулах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийг тогтоох, баримтжуулах, шинж байдлыг харгалзах нь зүйтэй байжээ.

Нэхэмжлэгч Г.Д нийтийн цэвэрлэгээний үер согтууруулах ундаа хэрэглэн, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Анхбаяртай зодолдсон болох нь гэрч Г.Анхбаярын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Харин хариуцагч маргаан бүхий актдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1, 273.2.5 дахь заалтуудыг баримталсан атлаа заагдсан байршилд нийтийн цэвэрлэгээ хийх нь албан үүргээ гүйцэтгэх, албаны бэлэн байдал зарлах, ажлын байранд, дүрэмт хувцас өмссөн үеийн алинд хамааруулан үзэж согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан эсэхийг тогтоогоогүй байна.  

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорих байрны даргаар ажиллаж байсан Г.Д нь маргаан бүхий захиргааны актыг гаргах, шийдвэрийг танилцуулах үед буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ээлжийн амралттай байсан болох нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын олгосон “Ээлжийн амралтын хуудас”, гэрч Б.Үнэнбатын мэдүүлгээр тус тус нотлогдоно. Нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд маргаан бүхий захиргааны актыг гаргаснаараа хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд ... хууль дээдлэх … зарчмыг баримтална.”, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаароролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.” гэж заасныг тус тус зөрчсөн төдийгүй түүний оролцоог хангах, эрхээ хамгаалах боломжийг олгоогүй, захиргааны байгууллага шийдвэр гаргах процесс ажиллагааг хийгээгүйг үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн баталсан шалгалтын удирдамжийн дагуу ШШГЕГ-ын Хяналт шалгалтын газрын хяналт шалгалт асуудал хариуцсан байцаагч, хошууч Н.Баттулгын Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд хийсэн шалгалтаар нэхэмжлэгч Г.Д-ийн гаргасан нийтийн цэвэрлэгээний үеэр архидан согтуурсан, зодолдсон гэх зөрчлийг баримтжуулснаас өөрөөр хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх зөрчлийг гаргасныг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” захиргааны үйл ажиллагааны зарчмыг алдагдуулснаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 48 дугаар зүйлийн 48.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.1, 273.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.ОЮУНСАЙХАН