Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/471 |
Огноо | 2015-10-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2015/471
2015 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2015/471 | Улаанбаатар хот |
Ө.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Д.Б нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө.М-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Бд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Намайг ажлаас чөлөөлсөн Б/10 дугаар тушаал нь хүчингүй болсон Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолыг үндэслэл болгосон тул Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлд өргөдөл өгсөн. Уг зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16 тоот албан бичгээр ...2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаал нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоод байна. Иймд уг тушаалыг хүчингүй болгож Ө.Мг тухайн ажилд нь буцаан томилж, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн. Гэтэл надтай огт харьцаагүй тул намайг үндэслэлгүй тушаалаар ажлаас чөлөөлж, миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулж байгаа учир Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ө.М нь захиргааны даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг 61,2 хувьтай, Д буюу дутагдалтай хэрэгжүүлснээр албан хаагчид албан тушаал бууруулах буюу ажлаас чөлөөлөх үндэслэл бий болсон. Мэнэнгийн талын сав газрын захиргаа байгуулах тухай Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 90 дүгээр тушаалаар Ө.М-ийн хашиж байсан ажлын байр нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/26 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүйд тооцсоны зэрэгцээ Ө.М нь төрийн албаны шалгалт өгч тэнцсэн болохоос тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч биш тул Сүхбаатар аймгийн Төрийн албаны зөвлөлийн гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр юм.
Мэнэнгийн талын сав газрын захиргааны 2015 оны цалингийн төсөв хүрэлцээгүй батлагдсан тул зайлшгүй 1 мэргэжилтнийг чөлөөлж, ажлын байрыг нь ахлах мэргэжилтэн Э.Болорчимэгт төлөвлөлтийн асуудлыг, мэргэжилтэн Уранчимэгт сургалт, олон нийтийн асуудлыг тус тус төсвийн боломж дээрээ тулгуурлан захиргааны даргын зүгээс зохицуулалт хийсэн... Ө.М нь төрийн албан хаагчийн ёс зүй алдаж, хууль хяналтын эрх бүхий байгууллагаар нотлогдоогүй мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яаран цацаж, миний нэр төрийг унагаахаар гаргасан үйлдэлтэй нь эвлэрэхгүй гэдгээ мэдэгдье. Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоон дээр томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх чиглэлийг баримталж Ө.Мтай байгуулсан үр дүнгийн гэрээнд заасан хугацааг сунгах боломжгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын Ажлаас чөлөөлөх тухай 2015 оны Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ө.Мг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Мд ажилгүй хүлээлгэсэн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 25-ныг дуустал хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2452607 төгрөгийг Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр нь хуулийн заалтыг буруу гуйвуулан ашигласан гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 19.2, 27.2.3 дахь заалтыг зөрчөөгүй байтал зөрчсөн мэт нэг талыг баримталсан. Захиргааны даргын хувьд нэхэмжлэгч Ө.Мтай хууль тогтоомжийн дагуу авч томилон ажиллуулсан, хоёр тал харилцан тохиролцож үр дүнгийн гэрээг байгуулсан, тохиролцсон хугацаандаа гэрээгээ заалт бүрээр үнэлж дүгнэсэн, ямар хувьтай үнэлэгдэхийг бид урьдчилан тооцож үзээгүй, нүүр нүүрээ харж байгаад заалт бүрээр хийгдсэн ажлыг зохих баримт бичгийг нь үзэж үнэлсэн.
Сав газрын захиргааны Б/10 дугаар тушаалыг гаргахдаа үр дүнгийн гэрээгээ заалт бүрээр эцэслэн тооцож үзэхэд Ө.М нь гэрээгээр хүлээсэн ажлаа 61.2 хувьтай буюу Хангалтгүй Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх, болзол, журмын 1-д төрийн жинхэнэ албыг мэдлэг боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчаар бүрдүүлэх зорилготой, мөн журмын 7-д туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй /дутагдалтай адил үзсэн 6-д хангалттай бол гэсэн 2 сонголт бий/ биелүүлж , цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.5-д төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно, 6.7-д гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ө.М нь үр дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээ, тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, мөн журмын 7.1-д гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналын дагуу Д буюу дутагдалтай /хангалтгүйтэй адил/ албан тушаал бууруулах гэж заасан учраас мэргэжилтэн хүнийг албан тушаал бууруулахаар сав газарт өөр хийх ажил байхгүйн дээр БОНХАЖ-ын сайдын 2015 оны А-90 дүгээр тушаалаар орон тоо нь байгаа хэрнээ яамнаас цалингийн санг батлахдаа 1 мэргэжилтний цалинг дутааж баталсан. Одоо манай сав газарт 3 мэргэжилтэн, ня-бо 5 орон тоотой ажиллаж байгаа боловч бүгд ямар ч нэмэгдэл урамшуулал байхгүй үндсэн цалингаараа цалинжиж байна. Энэ талаар шүүхэд гаргасан нотлох баримтаар нотлогдож байхад Ө.Мд ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 2.4 сая төгрөгийг сав газрын захиргаанаас гаргуулахаар шийдсэн нь шүүх Засаг төрөөс шалтгаалсан төсвийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, үнэхээр цалингийн хүрэлцээтэй болоод энэ мэргэжилтнийг ямар нэгэн шалтаг гаргаад авахгүй байгаа юм шиг ойлгож, бидний одоогийн авч байгаа орон тооны цалинд ямар ч дүгнэлт хийгээгүй учир энэ шийдвэр хэрэгжих ямар ч боломж бололцоо байхгүй. Манай байгууллагын ня-бо бусад мэргэжилтнүүдээс ямар ч гэрчийн мэдүүлэг аваагүй.
Шүүгч нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-90 дүгээр тушаал гарч, Ө.М-ийн ажлын байрыг баталсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/26 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож тус сав газрын захиргааны мэргэжилтнүүдийн чиг үүрэг /ажлын байр/-т өөрчлөлт оруулчихаад байхад хуучин хүчингүй болсон тушаалын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг баримталж шийдсэн нь хууль зөрчсөн. Ө.Мг ажиллаж байхад усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн байсан бол одоо шинэ тушаалаар сургалт, олон нийт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн буюу бүхэл бүтэн усны чанар, экологийн асуудал өөр мэргэжилтэн дээр, мөн төлөвлөлт гэсэн асуудал нэмэгдээд байхад ажлын байр хэвээр хадгалагдсан гэж үзсэн шийдвэр нь хууль бус. Нэмж тайлбарлах асуудлын хувьд хариуцагчийн зүгээс хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хариу тайлбарт хангалттай тайлбарласан ч шүүгч үүнийг тусгалгүй шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав нутгийн захиргааны даргад холбогдуулан Тус газрын даргын 2015 оны Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав нутгийн захиргааны усны менежмент, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Мг туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр 62.2 хувь буюу D үнэлгээтэй дүгнэгдсэн, ажлын байрны чиг үүрэгт өөрчлөлт орсон гэх үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тус захиргааны дарга Д.Бийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалттай нийцээгүй байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай 254 дүгээр тогтоолын дагуу анх Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мэнэнгийн талын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай А-26 дугаар тушаалаар Мэнэнгийн талын сав газрын захиргааны бүтэц, орон тооны хязгаарыг баталж, Усны менежмент, төлөвлөлтийн албанд Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн /бичиг хэрэг/-ийн орон тоо 1, төрийн албан хаагчийн ТЗ-5 ангилал зэрэглэлд хамаарагдахаар батлагджээ.
2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль-д зааснаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын салбарын чиг үүрэг нь Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд нэгтгэгдэж,Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болсон, ийнхүү Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн улмаас дээрх А-26 дугаар тушаал хүчингүй болж, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Мэнэнгийн талын сав газрын захиргаа байгуулах тухай А-90 дүгээр тушаалын дагуу Усныменежмент, төлөвлөлтийн нэгжид сургалт, олон нийт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн /бичиг хэрэг/-ийн орон тоо мөн адил батлагдсанаас үзэхэд дээрх нэгжүүдийн хэрэгжүүлэх чиг үүргүүд адилхан, агуулгын хувьд өөрчлөгдөөгүй, харин тухайн албан тушаал нь нэр, томъёоны хувьд Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн /бичиг хэрэг/ гэсэн орон тоо нь Сургалт, олон нийт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн /бичиг хэрэг/ гэж өөрчлөгдсөн, энэхүү нэрийн өөрчлөлттэй холбогдуулан ажлын байрны тодорхойлолт шинэчлэн батлагдаагүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, Ө.М-ийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтийн дагуу бий болсон нэгжид хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагчаас төрийн албан албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг нь зөрчиж, тухайналбан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс ...тус сав газрын захиргааны мэргэжилтнүүдийн чиг үүрэг /ажлын байр/-т өөрчлөлт оруулчихаад байхад анхан шатны шүүх хуучин хүчингүй болсон А-26 дугаар тушаалын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргийг баримталж шийдсэн нь хууль зөрчсөн, аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын сангаас цалингийн өртэй гээд акт тавьсан, орон тоо хэвээр байгаа боловч төсвийн хүрэлцээ, санхүүжилт байхгүй, цалингийн сан хүрэлцээгүйн улмаас хүн томилогдоогүй, төсөв санхүүгийн асуудал шийдэгдвэл тухайн орон тоог зарлаж, сонгон шалгаруулалт явуулна гэх хариуцагчийн гомдол, тайлбар үндэслэлгүй.
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тогтоолоор урьд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 48 дугаар тогтоол, мөн 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаар тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосон атал хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүйгээс гадна хүчингүй болсон Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэсэн нь хууль бус байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын 7.1-д зааснаар гэрээний биелэлтийг дүгнэхэд D буюу дутагдалтай гарсан бол албан тушаал бууруулах буюу албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах арга хэмжээ авахаар заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Ө.М нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хариуцагчтай үр дүнгийн гэрээг байгуулан, 2 сарын хугацаатай туршилтын журмаар ажиллахдаа гэрээнд заасан ажил үүргээ 61.2 хувь буюу D үнэлгээтэй, дутагдалтай хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч энэ нь шууд ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага дээрх арга хэмжээний аль нэгийг хэрэглэх боломжтой байсан боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигджээ.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР