| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/044 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Чингүн
Улсын яллагч: Ж.Энхбат
Шүүгдэгч: Б.Бямбацогт нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000140038 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тэмээчин овогт Бороохны Бямбацогт, регистрийн дугаар: ВЙ77101311,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Бямбацогт нь 2021 оны 07 дугаар 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн гудамжны 56 тоотод байх гэртээ үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Рокепт2 апплейкшинаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн
2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш би цахим орчинд мөрийтэй тоглоом буюу покер гэдэг тоглоомыг “рокеггг2” нэртэй хаягаас 2021 оны 11 дүгээр сарын 20 хүртэл зохион байгуулсан. Гэхдээ би хааяа нэг буюу 7 хоногт 1-2 удаа, заримдаа огт тоглуулахгүй үе ч байдаг байсан. Би өөрийн эзэмшлийн гар утас буюу Samsung А10 маркийн гар утсаар тоглуулдаг байсан. Би тэр гар утсыг 2021 оны 12 дугаар сарын эхээр 160.000 төгрөгөөр зарчихсан. Би олсон ашиг буюу мөнгийг 2021 оны 08 дугаар сард Улаанбаатар хот руу явах зардал болон нас барсан хүний ажил явдалд, мөн аавын эм тариа, нүүрс, түлээ гэх мэтчилэн хэрэглээндээ зарцуулсан. Би тухайн мөнгийг ганцаараа зарцуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 /
Гэрч Б.Амгаланбаярын мөрдөн байцаалтад өгсөн
Би Б.Бямбацогт гээд хүнийг танихгүй, Тухайн үед тоглоом тоглох гээд данс руу нь хийсэн. Би 200.000 төгрөгөөр оролцоод 200.000 төгрөгөө аваад гарсан. Ямар нэгэн ашиг алдагдал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,
Гэрч Б.Баяндалайгийн мөрдөн байцаалтад өгсөн
2021 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр ч билүү би яг цаг хугацааг нь тодорхой сайн санахгүй байгаа. Манай нэг таньдаг дүү л тухайн үед хэлж байсан. Клуб гэж байдаг юм. Тэр лүү нь ороод кодыг нь аваад Рокегг2 гэсэн хаяг руу орж би тоглож байсан юм. Би нэг удаа л орж 100.000 төгрөгөөр тоглоод алдаж байсан юм. Би нэг л удаа орсноос өөр дахин орж тоглоогүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 /,
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаартай 5009122048 дансны хуулгад магадалгаа хийсэн тухай шинжээчийн дүгнэлтээр “...Б.Бямбацогт нь 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ХААН банкны 5009122048 тоот дансны хуулгаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаар давхардсан тоогоор 249 хүнээс 34.051.000 төгрөгийн орлого олж, давхардсан тоогоор 51 хүнд 33.461.000 төгрөгийн ёндоо нэрээр /хожил/ буцааж олгосон бөгөөд банкны гүйлгээний хураамжид 26.000 төгрөгийг төлсөн байна. Хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоомыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуустал хугацаанд зохион байгуулсан бөгөөд зөвхөн тоглоом тоглуулахад нийт 34.051.000 төгрөгийн орлого дансаар орж, 33.461.000 төгрөгийн зарлага дансаар гарсан байна. Б.Бямбацогт нь уг тоглоомыг зохион байгуулснаар 564.000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна... гэх дүгнэлт /хх-ийн 41-42 /,
Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар шинжээчийн.... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гар утасны үнэ 100,000 төгрөг... дүгнэлт /хх-ийн 47/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 53-54/, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 134 /, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1494 дугаар зөвшөөрөл /хх-ийн 06/, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 493 дугаар тогтоол /хх-ийн 11/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол / хх-ийн 16-20/, депозит дансны хуулганууд /хх-ийн 72-73/, Төрийн банкны дансны хуулганууд /хх-ийн 74-85/, ХААН банкны 5009122048 дугаар дансны хуулганууд /хх-ийн 87-123/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь 2021 оны 07 дугаар 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн гудамжны 56 тоотод байх гэртээ үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Рокепт2 апплейкшинаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Бямбацогтын мэдүүлэг / хх-ийн 63-65/ гэрч Б.Амгаланбаярын мэдүүлэг /хх-ийн 33-34 /, гэрч Б.Баяндалайгийн мэдүүлэг /хх-ийн 36-37 /, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 41-42 /, Баянхонгор аймгийн Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар шинжээчийн.... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх гар утасны үнэ 100,000 төгрөг... дүгнэлт /хх-ийн 47/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бямбацогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Бямбацогт нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Бямбацогтын хэд хэдэн удаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зйүлийн 1-т зааснаар зүйлчилсэн нь зөв боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Бямбацогтыг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн мэтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамласан нь буруу байх тул уг журамласан хэсгийн хасах нь зүтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь 2021 оны 07 дугаар 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 5 дугаар гудамжны 56 тоотод байх гэртээ цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Рокепт2 апплейкшинаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 564000 төгрөгийн ашиг олсон байна.
Шүүгдэгч Б.Бямбацогтыг хувьд 2021 оны 07 дугаар 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдийн хооронд давтан үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзхээр байх тул үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн ялыг оногдуулж, ... шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бямбацогт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Samsung А10 маркийн гар утсыг 160,000 төгрөгөөр зарчихсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 100,000 төгрөгийг гаргуулж, уг тоглоомын орлого болох 564000 төгрөг нь шүүгдэгч Б.Бямбацогтын хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулснаас олсон орлого болох нь тогтоогдсон тул улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... Сиди 1 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1494 дугаар прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Б.Бямбацогтын ХААН банкны 5009122048 тоот дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож,
Шүүгдэгч Б.Бямбацогтын эзэмшлийн “...Samsung A10 маркийн гар утас...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Б.Бямбацогтод буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бямбацогт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тэмээчин овогт Бороохны Бямбацогтыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтод оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бямбацогтын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 564000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утасны үнэ болох 100,000 төгрөг, нийт 664000 төгрөгийг шүүгдэгч Б.Бямбацогтоос тус тус с гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Б.Бямбацогтод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Б.Бямбацогтын эзэмшлийн “... haier маркийн 39 инчийн телевизор...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Бямбацогтод буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Б.Бямбацогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... Сиди 1 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1494 дугаар прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Б.Бямбацогтын ХААН банкны 5009122048 тоот дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бямбацогтод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА