| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/02773/И |
| Дугаар | 263 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 263
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо бага тойруу хуульчдын гудамж, 13/1 тоот Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын
Хариуцагч: Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор үзүүр 4 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух, /РД:ЕП58013010/ Жалайрий овогт Зэхдаагийн Александрт холбогдох
Хохирол 11.539.925 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Батлан хамгаалах яамны төв архивын газрын даргаар ажиллаж байсан Х.Зоригтийг эрх мэдлээ хэтрүүлэн 2006-2013 онд батлан хамгаалах яамны харьяа анги салбаруудад ажиллаж байгаад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон 17 иргэнд хуурамч архивын лавлагаа гарган өгч тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бий болгосны улмаас улсад 216 сая төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн 2015250000664 дугаарын хэрэг үүсгэн шалгасан. Энэ эрүүгийн хэрэгт манай байгууллага хохирогчоор тогтоогдон оролцсон байна. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хариуцагч З.Александр нь хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж улсад 11.539.925 төгрөгний хохирол учруулсан нь БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн актаар тогтоогдож улмаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр сэжигтнээр мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар тус тус татагдаж байцаагдсан байна. Улмаар хариуцагч З.Александр нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хариуцагчаар Х.Зоригтод холбогдох эрүүгийн хэрэгт тогтоогдсон ба уг хэрэг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаар Шийтгэх тогтоолоор Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан байна. Дараа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар Магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад БЗД-ийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаар Прокурорын тогтоолоор З.Александрт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба мөн өдрийн 1076 дугаартай Прокурорын тогтоолоор Х.Зоригтод холбогдох хэргийг Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Дээрх прокурорын тогтоолд хохирогч өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байдаг. З.Александр нь улсад нийт 11.539.925 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэгт Энэ хуулийн 4.1 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж хариуцагч З.Александраас улсад учруулсан хохирол 11.539.925 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Александр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 11.539.925 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын нэхэмжлэл тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар хариуцагч З.Александраас хохирол 11.539.925 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч З.Александр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 11.539.925 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч З.Александраас улсын тэмдэгтийн хураамжид 99.794 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хариуцагч З.Александрт холбогдох хохирол 11.539.925 /арван нэг сая таван зуун гучин есөн мянга есөн зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг, хариуцагч /РД:ЕП58013010/ Жалайрий овогт Зэхдаагийн Александр нэхэмжлэлийн шаардлага 11.539.925 /арван нэг сая таван зуун гучин есөн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжлэгч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч З.Александраас улсын тэмдэгтийн хураамжид 99.794 /ерэн есөн мянга долоон зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Хариуцагч З.Александр захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.
6. Захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН