Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 265

 

                           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ Налайх 10 дугаар байрны 22 тоотод оршин суух, /РД:ХИ83081111/ Баяуд овогт Шийтэрийн Мөнхтулгын

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх 54-459 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 7 дугаар хороо 10-19 тоотод оршин суух, /РД:ЗЕ85122618/ Баяуд овогт Лхагва-Очирын Сэргэлэнд холбогдох

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 508.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өглөө ажилдаа явахаар машинаа гражнаасаа гаргаад эргээд хартал Сэргэлэн гэх залуу ямар ч шалтгаангүй гүйж ирээд намайг толгойн тус газар 3 удаа цохиж би зугтсан. Тэр дороо цагдаагийн байгууллагад хандсан болно. Тухайн өдөртөө эмнэлэгт үзүүлж, толгой өвдөн хавдартай байсны улмаас ажилдаа явж чадаагүй бөгөөд 7 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагаас дуудаж, шүүх эмнэлэгт үзүүлж мөн ажлаа алдсан болно. Иймд Сэргэлэн гэх залуугаас 2 өдөр ажлаа алдсан 400.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 100.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг нийт 508.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага 508.000 төгрөгийн 100.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 408.000 төгрөгийг Л.Сэргэлэн миний 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлж барагдуулна гэж байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрэх хүсэлтэй байна гэжээ. 

Хариуцагч Л.Сэргэлэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Мөнхтулга нь 508.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, 100.000 төгрөгөөс татгалзаж байх тул үлдэх 408.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.Мөнхтулга Л.Сэргэлэнд холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 508.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Мөнхтулга нэхэмжлэлийн шаардлага 508.000 төгрөгийн 100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Сэргэлэн үлдэх 408.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч Ш.Мөнхтулга зөвшөөрч, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцахаар болж эвлэрлийн гэрээ байгуулав. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Мөнхтулга нь Л.Сэргэлэнд холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 508.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Мөнхтулга нэхэмжлэлийн шаардлага 508.000 төгрөгийн 100.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 408.000 төгрөгийг хариуцагч Л.Сэргэлэн хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигчид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.890 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчдийн эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 15.890 төгрөгийг тал хувиар бууруулж, 6.445 төгрөгийг улсын орлогоос, тал хувь 6.445 төгрөгийг хариуцагч Л.Сэргэлэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Мөнхтулгад олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Баяуд овогт Лхагва-Очирын Сэргэлэн эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол 408.000 /дөрвөн зуун найман мянга/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Баяуд овогт Шийтэрийн Мөнхтулгад бэлнээр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.890 /арван таван мянга найман зуун ер/ төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчдийн эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 12.890 /арван хоёр мянга найман зуун ер/ төгрөгийг тал хувиар бууруулж, 6.445 /зургаан мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлогоос, тал хувь 6.445 /зургаан мянга дөрвөн зуун дөчин тав/ төгрөгийг хариуцагч Л.Сэргэлэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Мөнхтулгад олгосугай.   

3. Хариуцагч Л.Сэргэлэн шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг заасугай.

                             

                                         ШҮҮГЧ                                                 Н.БАЯРСҮРЭН