| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0275/И |
| Дугаар | 266 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 266
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10 дугаар гудамжны 308 тоотод оршин суух, /РД:НЮ80071972/ Боржигин овогт Ойдовын Цогзулын
Хариуцагч: Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод оршин суух, /РД:УЕ78052265/ Занабазар овогт Самдангийн Уртнасанд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 12.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Цогзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Уртнасантай хашаа байшин 35.000.000 төгрөгөөр авахаар болж тохиролцон урьдчилгаа 10.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгч, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18.800.000 төгрөг өгч нийтдээ 28.800.000 төгрөгийг өгсөн. Гэвч уг хашаа байшин маань эд хөрөнгийн доголдолтой, халаалт халдаггүй байсныг мэдээд хоёр хоногийн дараа буцаасан. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Уртнасангаас 16.000.000 төгрөгийг буцааж авсан ба үлдэгдэл мөнгийг өгөөгүй байна. Бид хоёр 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн хашаа байшингийнх нь нэр дээр би нэрээ оруулсан. Тэгээд хашаа байшингаа зарахаар мөнгөө өгнө гэж байгаа боловч одоог хүртэл зарагдаагүй байгаа. Уртнасан нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр уулзахад хашаа байшингаа зарагдахгүй бол зарахаа болиод гадагшаа Солонгос руу 2017 оны 7 дугаар сарын 25-ны орчимд гардаг юм билүү визээ хөөцөлдөж байна гэж байсан тул түүнээс үлдэх төлбөр болох 12.800.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Уртнасантай 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр уулзаж хашаа байшингийн үнийг 30.000.000 төгрөг болгон бууруулж авахаар болж тохиролцон үлдэх 17.200.000 төгрөгөө худалдан авах гэрээ хийж төлөхөөр болов гэжээ.
Хариуцагч С.Уртнасан шүүхэд гаргасан тайлбартаа: О.Цогзулд Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоот хашаа байшинг үнээ бууруулж 30.000.000 төгрөгөөр зарахаар болж тохиролцон үлдэгдэл болох 17.200.000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээ хийж нэр дээр нь шилжүүлж өгсний дараа авахаар болж тохиролцов гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч О.Цогзул хариуцагч С.Уртнасанд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 12.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч О.Цогзул хариуцагч С.Уртнасантай Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод байрлах хашаа байшинг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон урьдчилгаа төлбөрт 28.800.000 төгрөгийг өгсөн байна. Уг хашаа, байшин нь дулааны асуудалтай байснаас нэхэмжлэгч О.Цогзул худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, хариуцагч С.Уртнасангаас урьдчилгаанд төлсөн 28.800.000 төгрөгийн 16.000.000 төгрөгийг буцааж авсан ба үлдэх 12.800.000 төгрөгийг хариуцагч С.Уртнасан төлж барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч С.Уртнасан Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод байрлах хашаа, байшингийн үнийг бууруулж 30.000.000 төгрөгөөр О.Цогзулд худалдах санал гаргасан бөгөөд нэхэмжлэгч О.Цогзул хариуцагчийн дээрх саналыг хүлээн зөвшөөрч, хашаа, байшин /Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод байрлах/-ийн өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсний дараа хашаа байшингийн үнэ 30.000.000 төгрөгийн үлдэх төлбөр болох 17.200.000 төгрөгийг нэмж хариуцагчид шилжүүлж, уг худалдах, худалдан авах гэрээгээ үргэлжүүлэхээр болж, эвлэрлийн гэрээ байгуулав. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Цогзул С.Уртнасанд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 12.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Уртнасан Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод байрлах хашаа, байшингийн үнийг бууруулж 30.000.000 төгрөгөөр О.Цогзулд худалдах санал гаргасан бөгөөд нэхэмжлэгч О.Цогзул хариуцагчийн дээрх саналыг хүлээн зөвшөөрч, хашаа, байшин /Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод байрлах/-ийн өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсний дараа хашаа байшингийн үнэ 30.000.000 төгрөгийн үлдэх төлбөр болох 17.200.000 төгрөгийг нэмж хариуцагчид шилжүүлж, уг худалдах, худалдан авах гэрээгээ үргэлжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 төгрөгийг тал хувиар бууруулж 109.875 төгрөгийг улсын орлогод үлдээж, тал хувь 109.875 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Уртнасангаас тал хувь 109.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Цогзулд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Уртнасан Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн 28-595А тоотод байрлах хашаа, байшингийн үнийг бууруулж 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр О.Цогзулд худалдах санал гаргасныг нэхэмжлэгч О.Цогзул хүлээн зөвшөөрч, хашаа байшингийн өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсний дараа хашаа байшингийн үнэ 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үлдэх төлбөр болох 17.200.000 /арван долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч С.Уртнасанд шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 /хоёр зуун арван есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг тал хувиар бууруулж 109.875 /нэг зуун есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод үлдээж, тал хувь 109.875 /нэг зуун есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Уртнасангаас тал хувь 109.875 /нэг зуун есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Цогзулд олгосугай.
3. Зохигчид шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН