Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 206

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 37-16 тоотод оршин суух, /РД:ЧВ83121606/ Боржигин овогт Цолмонгийн Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох

Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нийт 3658353 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 05 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оноос НЭМ төвд хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад 2016 оны 5 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 07-нд эвлэрлийн журмаар ажилдаа орсон. 2016 оны 7 дугаар сарын 22-ноос 2016 оны 09 сарын 11 хүртэл өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байхад 2016 оны 8 дугаар сарын 03-ны Б/216 тоот тушаалаар сануулах арга хэмжээ тооцон 2016 оны 9 дүгээр сарын 09-ний Б/247 тоот тушаалаар дахин ажлаас чөлөөлөгдлөө. 2016 оны 5 дугаар сарын 16-наас 2016 оны 07 сарын  07 хүртэл цалин олгоогүйгээс өвчтэй байсан хугацааны ХЧА-н мөнгө бодогдох боломжгүй болж сэтгэл санаа, хөрөнгө мөнгөөр хохирлоо. 2016 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс би өвчтэй байсан. Би гэмтэл авч биеийн байдал хэцүү байсан учраас удирдлагадаа хэлээд чанарын албаны дарга Ууганбаатартай хамт явж хотод эмнэлэгт үзүүлсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт 3 цагийн турш хагалгаа хийсэн. Мөнгөн гүүр эмнэлгээс акт, лист авах боломжгүй байсан, хагалгаа хийлгэсэн тухай баримт өгөөгүй. Би эмнэлгээс гарахдаа хэвтрийн дэглэм сахих байсан, ажилдаа орно гэж Тунгалагтольд хэлж байсан. Би хагалгаанд орохдоо Ууганбаатартай ярьж байсан. Надад хуурамч лист авсан зүйл байхгүй. Эрүүл мэндийн дарга Эрдэнэбат над руу нэг удаа залгасан байсан. Тухайн үед хоолой өвдсөн байсан учраас ярьж чадаагүй. Намайг хүний нөөцийн ажилтны албан тушаал эрхэлж байхад 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халсан. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үед ажилд буцааж авсан учраас нэхэмжлэл буцаагдсан. Би 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл мэс заслын амбулаториор акт авсан, би 3 сарын турш хөдөлгөөн хязгаарлаж, хэвтрийн дэглэм сахих байсан. Энэ хооронд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр залгиурын арын буглаа гэдэг оношоор Налайх дүүргийн дотор, мэдрэл уламжлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Энд 10 хоног эмчлүүлж гараад амбулаториор дахиад 14 хоног акт авсан. Жижиг мэс ажилбар хоолойд хийгдсэн учраас байнга цэвэрлэж, физик эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас 14 хоногийн акт авсан. Энэ хугацаанд биеийн байдал сайжрахгүй, явж, гишгэж чадахгүй байдал үүссэн. Би 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр рентгенд зураг авахуулж, өмнө нь хугарсан 2 яс авахуулсан. Гэтэл дахин  шинэ хугарал үүсч ахар сүүлний S-3 үе салсан байсан тул дахиy хэвтрийн дэглэм барих шаардлагатай эсвэл хагалгаанд орж хугарсан яс авахуул гэсэн. Д.Тайванхүү гуай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А30 дугаар тушаалаар батлагдсан Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох тухай журмыг зөрчсөн гэж байна. Үүнд өвчтөн 14 хоногоос дээш хугацаагаар эмнэлгийн магадлагаа авах бол комиссын шийдвэрээр авна гэсэн байна. Би 14 хоног хамар хоолойгоор 14 хоногийн акт авсан. Дахиад би цоо шинэ, мэс заслын  өвчнөөр өвчилж акт авсан. Чих хамар, хоолойгоор 21 хоногийн акт авсан бол би 14 хоногоор сунгуулах шаардлагатай байхад огт өөр өвчин тусаад акт авсан. Тэгээд Налайх эрүүл мэндийн төв акт олгоод комисс томилж, даргын хий гэснийг хийдэг тийм хэсэг бүлэг хүнийг тушаалаар томилж, үүнийг шалга гээд өгдөг. Нөгөө хүмүүс нь нягталж шалгасан үнэн бодитой зүйл байхгүйгээр үзэмжээр журам зөрчсөн гэж дүгнэлт гаргасан. Миний картуудыг шалгасан зүйл байхгүй байсан, ийм эрхтэй байгууллага мөн үү, дээд шатны байгууллагад хандаагүй дотроосоо комисс томилж, өөрсдийнхөө өгсөн листийг дарга нь хүчингүй болгож тушаал гаргадаг ийм эрх байна уу. Тэгэхээр би өвчтэй байсан, журам зөрчиж акт авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс ажилд эгүүлэн томилуулах ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цалин 8329672 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тайванхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгааныг тайлбарлая. Манай байгууллага болох Эрүүл мэндийн төв яагаад Ц.Баасансүрэнг ажлаас халсан гэхээр 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө Ц.Баасансүрэнтэй утсаар ярьж акттай байна уу гэж асуухад Ц.Баасансүрэн очиж чадахгүй гэж Эрдэнэбат даргад хэл гэж даргын туслах Энхзулд 2016 оны 08 сарын 31-ний өдөр хэлсэн байдаг тухай тэмдэглэл хэрэгт байгаа. Ингээд Ц.Баасансүрэн өөрөө ирдэггүй юм. Ц.Баасансүрэнг ирэхгүй болохоор дарга туслахаараа хэлүүлж 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр  Эрдэнэбат дарга болон эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Бадамсайхан, хүний нөөцийн менежертэй байж байгаад Ц.Баасансүрэнтэй уулзаж, яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар асуухад дуугарахгүй байхаар нь чамайг ажлаас чөлөөлөх асуудлыг шийднэ гээд ажлаас чөлөөлөх тушаал гаргуулж, тэр өдрөө гардуулсан байдаг. Өмнө нь .Баасансүрэнд арга хэмжээ авсан. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ажлаас халах тушаалын баримталсан заалт нь Хөдөлмөрийн Дотоод журмын 4.5.2-т зааснаар 2 дээш өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол удирдлагын зүгээс ажлаас халсан. Иймээс нэхэмжлэлийг манай байгууллага хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Яг тушаал гаргахад хүндэтгэн үзэх шалтгаантай акттай, өвчтэй байхад нь халсан уу гэдгийг хууль зүйн үүднээс авч үзэхэд тухайн үеийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, хүний нөөцийн менежер, амбулаторийн тасгийн эрхэлсэн эмч зэрэг ажлын хэсгийн комисс  үзээд хүчингүй акт байна гэдгийг тогтоосон. Ц.Баасансүрэн өөрөө  14 хоног мэс засалд орж эмнэлэгт хэвтсэн, гараад чих, хамар, хоолойгоор дахиж эмнэлэгт хэвтсэн гэж байна. Дахиад эмнэлэгт хэвтэх шаардлага байсан бол эмнэлэг магадлах комиссын хурлаар орж сунгуулсан бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан байна гэж тогтоогдоно. Гэтэл тийм байгаагүй, өөрийн таньдаг эмчээсээ акт авсан нь тогтоогдсон учраас Ц.Баасансүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Эмнэлгийн хуудас олгох тухай сайдын баталсан зааварт заасан байдаг. Би зааврын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт өгсөн байгаа.  Түүнийг үндэслэж эрхийн акт болгох ёстой. Ц.Баасансүрэнг мэс засалд орсон ороогүй гэж бид маргаагүй, харин ажилдаа ирэхгүй байсан талаар бид ярьж байна. Гэхдээ мэс засалд орсон эмнэлгээс  нотлох баримт, акт, өвчний түүх авчраагүй. Мэс засалд ороод Налайх дүүргийнхээ эмнэлэгт ирж шууд хэвтсэн гэж хэлдэг. Биеэ зүгээр болсны дараа ажилдаа ирээгүй, түүнийхээ талаар байгууллагынхаа захиргаанд ирж тайлбарлаагүй тул ажлаас халсан шүү дээ. Өвчтэй байсан тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлж байх ёстой гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн гаргасан тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 3658353 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг нэмж тооцуулан 8329672 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаа нэмэгдүүлэн бүрэн дэмжиж оролцов.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын  09-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн байгууллагын хүний нөөцийн менежер Ц.Баасансүрэн нь 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд өвчний чөлөөтэй байсан ба 2016 оны 08 сарын 22-ны өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж, ажлын шаардлагын дагуу утсаар залгахад утсаа авахгүй, ажилтнаар дахин дуудуулахад очиж чадахгүй гэж хэл гэх зэргээр удирдлагыг үл хүндэтгэн удирдах түвшний ажилтны хувьд ажилдаа хариуцлагагүй хандаж, 2-оос дээш өдрөөр ажил тасалсан нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.2.3, 4.1.3.3, 4.5.2 заалтуудыг тус тус зөрчин талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан  заасан 5.4.2-т Хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзэн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Ц.Баасансүрэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл өвчтэй, Улаанбаатар хотод эмчлүүлсэн гэсэн боловч эмнэлгийн хуудсаа өгөөгүй, ажилдаа ирэхгүй байгаа шалтгаанаа хууль тогтоомжид зааснаар мэдэгдээгүй, байгууллагын даргын өрөөнд Ц.Баасансүрэнтэй уулзаж түүний асуудлыг хэлэлцэх хүртэл ажлаа тасалсан, утсаа аваагүй, захиргаанд мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй дараалан 2-оос дээш өдрийн ажил тасалсан, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш захиргаанд мэдэгдэхгүйгээр сайн дураараа ажлын 2-оос дээш өдрийн ажил тасалбал ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, эмнэлгийн хуудсуудыг хууль бусаар танил эмчээс авсан гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотлож Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ц.Баасансүрэнгийн эмчийн үзлэгийн дэвтэр, 5 ширхэг рентген гэрэл зураг, Ц.Баасансүрэнгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн хүснэгт, Мөнгөн гүүр эмнэлгийн их эмч Ө.Хашхүүгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн эмч М.Ганхуягийн тодорхойлолтууд, Ц.Баасансүрэнд 2007 оны 5 дугаар сарын 26-ны өдөр олгосон 0049317 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, тус дүүргийн ЭМТ-ийн санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тооцоо зэрэг баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.  

Хариуцагч талаас тайлбараа нотлож 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/59 дугаар хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, Эрүүл мэндийн нэгдлийн хөдөлмөрийн дотоод журам, Ц.Баасансүрэнгийн 2016 оны цалингийн карт, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1094 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжууд, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаар удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр Эрүүл мэндийн төвийн даргын өрөөнд хийсэн тэмдэглэл, Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаал, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаалын 1, 2 дугаар хавсралт зэрэг ирүүлсэн баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан;

харин 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн цалинийн зөрүү, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/216 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/106 дугаар ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/198 дугаар, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар тушаал, 2 хуудас гар бичвэр, тус төвийн даргын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/53 дугаар ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргуулах тухай тушаал, 1 дүгээр хавсралт, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар А/53 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн тэмдэглэл, ажлын хэсгийн дүгнэлт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон А/58 дугаар эмнэлгийн хуудсыг хүчингүй болгох тухай тушаал, рентген зураг /хх-108/  зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй. Хариуцагч талын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн арьсны эмч Г.Ариунцэцэгийн   ...тэр журналыг хараагүй, танайхаас акттай юу гэж Мөнгөнзул эмчээс асуухад акттай байж байгаад акт дууссан гэсэн... /54-55/, тооцооны нягтлан бодогч Г.Уянгын 480000 төгрөг олгохоос тооцоо хийгээд Ц.Баасансүрэн зөвшөөрсний дагуу 249169 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн. Лист бодоход 5 дугаар сар дутуу,  6 дугаар сар тасарсан байсан, байгууллагаас өгөх 5 хоногийн листний мөнгө өгсөн, үлдсэн хоногийг нийгмийн даатгалаас нэхэж авдаг /57-58/,  статистикч бага эмч М.Шинэцэцэгийн эмч нараас дүн бүртгэлд гэсэн тодотголтой карт бид нарт ирдэг. Анх 8 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал 14 хоногийн лист 2016 оны 09 сарын 09-ний өдөр ирсний дагуу лист олгосон.../хх- 51-52/ гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагаас гаргуулсан Ц.Баасансүрэнгийн 0778176, 0778239, 0778254, 0778347, 0778368 дугаар бүхий тус төвөөс бичиж олгосон эмнэлгийн хуудсууд, 2122, 2338 дугаартай өвчний түүх, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтууд нь нотлох баримтын хуулийн шаардлага хангасан үнэлэх боломжтой.

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын Б/198 дугаар тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн томилогдож,  2016 оны 07 дугаар  сарын 17-ны өдөр мориноос унаж, түүний ахар сүүл гэмтсэний улмаас тус төвийн эмнэлэгт /өвчний түүх 2122/ хэвтэн эмчлүүлсэн үйл баримтад талууд маргаагүй, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны эмнэлгийн хуудасны мөнгө олгожээ.

Ц.Баасансүрэнг хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоох эрх зүйн үйл баримт шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байтал 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилд авах хүртэл ажлын 10 хоногийн хугацаанд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ  ажил олгогч биелүүлээгүй байна.

Мөн тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1094 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ц.Баасансүрэнгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны цалин 960000 төгрөг, цалингийн зөрүү 480000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийг буцаах хүсэлтээр /нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байгаа/ нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ.

Зохигч талуудын мэтгэлцээн, тэдгээрийн тайлбарууд, хэрэгт цугларсан баримтуудад шүүх дараах дүгнэлт хийлээ.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар тушаалд үндэслэсэн тус төвийн хөдөлмөрийн дотоод журмын 2.2.3-т ...өвчтэй байсан тухайгаа бүртгэлийн дэвтэрт заавал тэмдэглүүлнэ, 4.1.3.3-т хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирээгүй тухайгаа нэг хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, 4.5.2-т хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан 2-оос дээш хоногоор ажлаа орхисон... Хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчилд тооцох хөдөлмөрийн гэрээний 5.4.2 гэсэн заалт 2 дараалан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажил тасалсан гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа орж ажиллаж байгаад ахуйн ослоор гэмтэл авсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдан 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацааны 7, 8 сарын ажилласан хугацааны цалин болон эмнэлгийн хуудсаар бодогдсон мөнгөө хүлээн авсан, энэ талаар талууд маргаагүй, Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд Ц.Баасансүрэнг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд өвчний чөлөөтэй байсан гэсэн нь хариуцагч байгууллагаас гаргуулсан Ц.Баасансүрэнгийн 0778176, 0778239, 0778254 дугаарын тус төвийн эмнэлгийн хуудсууд, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн 2122 дугаар өвчний түүх, рентген зургууд зэрэг баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс  ирүүлсэн Ц.Баасансүрэнд бичиж олгосон 0778347 дугаар эмнэлгийн хуудсаар 2016 оны 08 сарын 22-ны өдрөөс 09 сарын 04-ний өдөр хүртэл ердийн өвчний улмаас тус төвийн эмнэлгийн амбулаториор 14 хоног эмчлүүлсэн тухай баримтыг 2016 оны 09 сарын 07-ны өдөр, мөн тус төвөөс бичиж олгосон 0778368 дугаар эмнэлгийн хуудсаар Ц.Баасансүрэнг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд өвчний улмаас 7 хоног эмчлүүлсэн тухай баримтыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус тус олгож, энэ хугацаанд нэхэмжлэгч өвчний улмаас ажилдаа ирээгүй, эмчлүүлж байсан нь хариуцагч талын нэхэмжлэгчийг дур зоргоор авирлаж, ажилдаа ирээгүй шалтгаанаа хэлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй 2-оос дээш хоногийн ажил тасалсан талаарх тайлбарыг үгүйсгэн хариуцагч тал татгалзал, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт ажлын цагийн бүртгэл /цахим/ болон ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг нөлөөтэй үр дагавар бий болсон талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчаас гаргуулсан Ц.Баасансүрэнгийн 0778363 дугаарын эмнэлгийн хуудаст ерөнхий эмч гарын үсэг зураагүй, тамга тэмдэггүй ба хариуцагч талын эмнэлгийн хуудас хүчингүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн тайлбар, өвчтний зовиур, гарах үеийн эпикриз зэргийг бичсэн эмнэлгийн карт үгүйсгэж, нэхэмжлэгчийг өвчтэй байсныг нотолно.

Хариуцагч талаас нэхэмжлэгчийг тус байгууллагад ажилладаг танил талаараа, эмнэлгийн хуудсуудыг журам зөрчиж авсан нь эмнэлгийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдоно гэж маргасан ба Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2.2., 2.3., 2.4.1., 2.8.1.-д Ердийн өвчин болон ахуйн ослоор өвчилж стационар, амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр, өвчний түүх, амбулаторийн карт, эмнэлэг хяналтын комиссын шийдвэр, түр оршин суугчид баг /хороо/-ийн Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага эмнэлгээс гарсан өдөрт нь эсвэл эмчлүүлж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор олгох, мөн журмын 2.10., 2.11., 2.14-т Энэ журмын 2.3.-т заасан эмнэлгийн байгууллагаас олгох эмнэлгийн хуудсыг хэвтэн эмчлүүлсэн бол өвчний түүх, амбулаториор эмчлүүлсэн бол амбулаторийн карт, эмнэлэг хяналтын комиссын хурлын шийдвэрийг үндэслэн эмнэлгийн байгууллагын дүн бүртгэлийн их /бага/ эмч, эмчлэгч их эмч 14 хоногоос илүүгүй хугацаагаар бичиж олгох, эмнэлгийн хуудасны үнэн зөв бичигдсэн эсэхэд тухайн эмнэлгийн удирдлага дарга, ерөнхий эмч хяналт тавих үүрэгтэй гэсэн зохицуулалт нь  эмнэлгийн хуудас бичих, олгох, тухайн үйлчилгээ үзүүлсэн эмнэлгийн байгууллагад хамааралтай, мөн уг эмнэлгийн хуудас бичиж, олгохтой холбоотой гомдол гараагүй ба эмнэлгийн хуудас хүчинтэй эсэх талаарх дүгнэлт гаргах ажлын хэсгийг хариуцагч байгууллагын дарга өөрөө томилж, ажлын хэсгийн гишүүдэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож гарын үсэг зурсан байгааг үндэслэлгүй гэж дүгнэв.        

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард  багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгожээ.

Эмнэлгийн хуудас олгох журмын 2.13.-т эмнэлгийн хуудсыг буруу бичсэн, засварласан, үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцох бөгөөд уг эмнэлгийн хуудасны дагуу тэтгэмж олгоогүй тухай ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн анх хуудас бичсэн эмнэлгийн байгууллага 14 хоногийн дотор дахин олгоно, 2.15.-д эмнэлгийн байгууллага нь эмнэлгийн хуудсыг засваргүй, гаргацтай бичиж даатгуулагчид олгох ба эмнэлгийн хуудас олгосон тухай даатгуулагчид эмнэлгийн хуудас олгосон бүртгэл хөтөлж, бүртгэлийн нэг хувийг нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллагад өгч сар бүр тооцоо хийнэ., 3.3.-т даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдахаас өмнө тасралтгүй 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол эмнэлэгийн хуудсыг үндэслэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг бодож олгоно. Тэтгэмжийг эмнэлгийн хуудас бичүүлсэн сарын өмнөх бүтэн ажилласан 3 сарын цалин хөлсний дунджаас тооцож олгоно. Харин эдгээр 3 сарын аль нэгэнд нь бүтэн ажиллаагүй бол түүнээс өмнөх бүтэн ажилласан дараалсан 3 сарын цалин хөлсийг сонгон тэтгэмж бодох сарын дундаж цалин хөлсийг тодорхойлно, 3.9.-д ажил олгогч нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж олгосон жагсаалт, эмнэлгийн хуудас, нэхэмжлэхийн хамт эмнэлгийн хуудсыг бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор Нийгмийн даатгалын хэлтэс, тасаг /ажилтан/-д ирүүлж, тэтгэмжийн тооцоо хийхээр журамласан байна.

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлэгт 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 03, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 22-ны өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 11-ний өдөр, 8 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын сарын 22-ны өдөр хүртэл, мөн 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд амбулториор тус тус тасралтгүй эмчлүүлсэн болох нь эмнэлгийн хуудас, хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэргээр нотлогдсон ба Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/216 дугаар тушаалд 2015 оны хөдөлмөрийн дотоод журмын 4.1.2, 4.1.3.3 дахь заалтыг үндэслэн  Ц.Баасансүрэнд сахилгын сануулах шийтгэл ногдуулж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын Ц.Баасансүрэнг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдрөөр ажил тасалсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.2.3., 4.1.3.3., 4.5.2. дахь заалтуудыг тус тус зөрчин талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан 5.4.2.-т Хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл үгүйсгэгдэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацаа тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана, 43.3-д ...ажлаас халсан тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасан ба ажилтны ажилласан хугацааны ээлжийн амралтыг тооцоогүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баасансүрэнгийн эрхэлдэг албан тушаал нийгмийн даатгалд албан журмаар даатгуулдаг ба нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж зохицуулснаар нэхэмжлэгч энэ хугацааны дотор өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан, тэтгэмж авах эрх үүссэн.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын  2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/247 дугаар тушаал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ц.Баасансүрэнг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т ...эмчийн магадлагаа олгосон үед ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох зохицуулалттай байх тул мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтанд тэтгэмж, дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ц.Баасансүрэн  2016 оны 09 сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8329672 төгрөгийн цалин, листний мөнгө олгох байгууллагын санхүүгийн баримтад хариуцагчийн төлөөлөгч маргаагүй ба 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны  5  дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цалингийн тооцооны бүгд дүнгээс тооцоход ажилгүй байсан 8 сар 17 хоног бөгөөд 8 сарын олговорт 6375869 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард ажилгүй байсан 16 хоногийг уг тооцооны бүгд дүнгээс тооцоход 571614:21.5=26586*16=425376 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажлын 1 хоногийг үндсэн цалингаас бодоход 742153:21.5=34518 төгрөг*1хоног=34518 төгрөгийг олговорт тооцон гаргуулж, листний тооцоонд бодогдсон 1103067 төгрөгийг нэмж, нийт 7942341 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 387331 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байх тул мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг зохигчид хариуцуулах тул хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 142027+70200=212227 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баасансүрэнг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.,  69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7942341 /долоон сая есөн зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Ц.Баасансүрэнд олгож, олговорт нийт 8329672 /найман сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 387331 /гурван зуун наян долоон мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар олговорт олгогдох 7942341 /долоон сая есөн зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сар тутмын нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 212227 /хоёр зуун арван хоёр мянга хоёр зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдэж, энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ