Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 095

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нарт холбогдох 201605000116 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1971 оны 04 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг худаг толгойн 1-17 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 01 сарын 29-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан мөн Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 сарын 09-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВК71041412 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Төмөрчөдөрийн Бат-Эрдэнэ,

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2 эхийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг худаг толгой гэх газар оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВК74031930 тоот регистрийн дугаартай, Баянхошуу овогт Сүхбатын Дэлгэрдалай,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 сарын 04-ний өдөр архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Батжаргалтай маргалдаж улмаар зүүн талын нүдэн тус газарт өшиглөж бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч С.Дэлгэрдалай нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 сарын 04-ний өдөр архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Батжаргалтай маргалдаж улмаар баруун талын нүдэн тус газарт өшиглөж бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 сарын 04-ний өдөр архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Батжаргалтай маргалдаж улмаар зүүн талын нүдэн тус газарт өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Дэлгэрдалай нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт 2016 оны 04 сарын 04-ний өдөр архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.Батжаргалтай маргалдаж улмаар баруун талын нүдэн тус газарт өшиглөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч Т.Батжаргалын ... 2016 оны 04 дүгээр сарын 04 ны өдөр би ангийнхаа Бат-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүнд зодуулсан. Тэр цаг хугацаанд мөн тус сумын Дэлгэрдалай гэдэг хүнд ч гэсэн зодуулсан ... Архи ууж байхдаа Бат-Эрдэнэтэй маргалдсан, ... Машинд сууж байхдаа ч Бат-Эрдэнэ бид 2 хэрэлдсээр л явсан. Ингээд Хунхааны гэрийн гадаа ирсэн. Бат-Эрдэнэ миний энгэрээс заамдаж урд хашаа руу чирээд явснаа миний багалзуурыг шахаад баруун нүдэн тус газар 2 удаа цохьсон ... Дараа нь Хунхааны гэр рүү орсон, Бат-Эрдэнэтэй хэрэлдээд байсан, тэр үед Бат-Эрдэнэ миний зүүн талын нүд рүү өшиглөсөн, би ч нүүрээ дараад орилоод газар унасан, тэгэхэд Дүүрэнбилэг намайг чирээд гэрээс гаргасан. Гадаа гарсны дараа нүүрнээсээ гарсан цусыг усаар угаагаад байж байтал Дэлгэрдалай миний нүүрэн тус газар дахин өшиглөсөн. Дэлгэрдалайтай би хэрүүл уруул хийгээгүй ба Бат-Эрдэнэтэй л хэрүүл хийсэн. Би түүнтэй огт хэрэлдээгүй. Намайг Дэлгэрдалай өшиглөснийг Дүүрэнбилэг гэрчилнэ. Харин Бат-Эрдэнэ намайг гэрт өшиглөснийг Хунхаан, түүний эхнэр, мөн Дүүрэнбилэг нар гэрчилнэ. Бат-Эрдэнийг өмөөрч Дэлгэрдалай намайг өшиглөсөн гэж би бодож байна. Дэлгэрдалай “чамайг ална аа гараараа чаддаггүй юм бол техниктэй хүн би түүгээрээ дайрч ална” гээд байсан. Хэсэг хугацааны дараа манай эхнэр ирж намайг авч явсан .... Дээрхи хүмүүст зодуулаад миний бие тухайн цаг хугацаанд сайнгүй байсан. Аймгийн Шинэ төв нүдний эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд бие гайгүй болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 57-61/,

Гэрч Д.Жаргалсайханы ... Тэгснээ Дэлгэрдалай манай нөхөр рүү гүйж очсоноо нөхрийн маань баруун талын нүд рүү өшиглөчихсөн. Би түүнийг ямар гутлаар өшиглөчихөв өө гээд гутал руу нь харахад тэр хөлдөө пүүз өмссөн байсан, би арай гайгүй гутлаар өшиглөсөн байна даа гэж бодоод нөхрийнхөө нүдийг харахад баруун талын зовхины хэсэгт 0.5 см орчим урагдсан байсан. Би нөхрийнхөө нүдийг усаар угаагаад гэр рүү дагуулаад орсон. ... Би яачихав аа юу болсон гэхэд Хунхааны эхнэр Болормаа “Бат-эрдэнэ ах өшиглөчихсөн юм шүү“ гэсэн, Бат-Эрдэнэ баруун талын орон дээр хэвтчихсэн “танай нөхөр чинь дургүй хүргээд хүнээс үг гуйгаад байсан, би өшиглөчихсөн шүү, гүйцээчихсэн ч яадаг юм” гээд байсан ... Хунхааны гэрийн баруун урд талд манай нөхөр явган суучихсан доошоо тонгойгоод суучихсан байсан, хамраас нь цус гараад уруул нь зүүн талдаа хэгзэрсэн байсан. Харин Дэлгэрдалай, Бат-Эрдэнэ нар Хунхааны гэрийн үүдэнд зогсож байсан. Тэгээд Дэлгэрдалай манай нөхөртэй хэрэлдэж байгаад нөхрийн маань баруун талын нүд рүү өшиглөсөн. Харин намайг цагдаа хайж яваад буцаад ирэхэд нөхрийн маань зүүн талынх нүдний доод хэсгээс цус гарсан байсан. Түүнийг Бат-Эрдэнэ учруулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/,

Гэрч Болормаагийн ... Тэгээд хөөрөгний асуудал ч үүссэн мөн Жаргалсайхан гуай Дэлгэрдалайтай хэрэлдээд “чи нөхрийн нүүр рүү өшиглөөд байхдаа яадаг юм бэ” гээд л муудалцаад байсан. Дараа нь хөөрөгний учрыг олно гээд Жаргалсайхан гуай гараад явсан бөгөөд Батжаргал гуай, Бат-Эрдэнэ нар хэрэлдсэн хэвээрээ л байсан. Батжаргал гуай гэрийн зүүн талд сууж байсан бөгөөд Бат-Эрдэнэ гуай гэрийн баруун талын орон дээр сууж байснаа босож ирээд Батжаргал гуайн нүүрэнд нь өшиглөчихсөн. Батжаргал гуай нүүрээ дараад орилж босож ирснээ гэрийн хоймор байсан ширээний баруун талд суучихсан. Нүүрнийх нь зүүн талаас маш их цус гарсан бөгөөд би түүнийг нь тогтоох гээд хөнжлийн даавуу ураад шархан дээр нь тавьсан боловч цус нь тогтохгүй байсан. Бат-Эрдэнэ гуай Батжаргалыг өшиглөх үед маш их хүчтэй “пад” гэсэн чимээ гарсан. Бат-Эрдэнэ гуай дахин зодох гээд байгаа бололтой дайраад байхаар нь би түүнийг хориглоод та цаашаа бай гээд Батжаргал гуайн өмнө нь зогсож байсан.... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-75/,

Гэрч Баасансүрэнгийн ... хамгийн түрүүнд Дэлгэрдалай, Бат-Эрдэнэ нараас хэрүүл өдөж эхэлсэн. Ингэхдээ би одгон Амраатай зодолдчихоод ирлээ гээд байсан, Бат-Эрдэнийг “чам шиг бандь барах уу” гээд байсан, ер нь их сонин байдалтай байсан ... Бат-Эрдэнэ, Батжаргал нар орж ирээгүй ба урд талын гудамжны хашааны хойд талд Бат-Эрдэнэ, Батжаргал нар ноцолдоод байгаа бололтой Бат-Эрдэнэ нь Батжаргалын энгэрээс нь заамдчихсан байсан. Харин хэсэг хугацааны дараа манай гэрт тэр 2 манай гэрт орж ирсэн бөгөөд Батжаргал цээжин хэсгээрээ нүцгэн баруун завьжнаас нь цус гарсан байхаар нь би “та манайхаас гар нялх хүүхэд айчихлаа” гэж хэлсэн. Тэр гаднаас орж ирээд хувцасаа өмсье гэсэн бөгөөд Эрдэнэдалай “дээл хувцасыг нь машинд хийчихсэн гэж хэлэхэд Дүүрэнбилэг би аваад ирье гэж хэлээд гараад дээл, цамц, фудволка, дуран зэргийг нь авчирсан. Тэр цамцаа өмсөөд эхэлснээ” миний хөөрөг алга байна” гээд хашгираад эхэлсэн .... Дэлгэрдалайтай маргалдаад байгаа бололтой байсан бөгөөд Дэлгэрдалай түүнээс “танайхан гуйлгачингууд арай гайгүй байгаа Баярсайхан чинь ч хүртэл надаас 5 летр бензин аваад мөнгийг нь өгөөгүй” гээд хэрэлдээд байсан. Жаргалсайхан болохоор “чи яахаараа миний нөхрийн нүдийг өшиглөдөг юм бэ, цагдаа дуудна, хөөргөө олж авна гэж орилоод гарч явсан ... Тэгтэл Бат-Эрдэнэ хэрэлдэж байснаа гэнэт Батжаргалын нүүрэнд нь өшиглөчихсөн, Батжаргал орилоод нүүрээ дараад газар унасан. Зүүн талынх нь нүдний доод хэсгээс маш их цус гарсан бөгөөд манай эхнэр хөнжлийн даавуу урж түүний цусын дарсан ... Батжаргалын нүүр нь анх хэрэлдэж байхдаа зүгээр байсан бөгөөд Дэлгэрдалайд баруун нүдэндээ өшиглүүлсэн гээд эхнэр нь орилоод байсан, харин Бат-Эрдэнэ нь манай гэрт Батжаргалын зүүн талын нүдэн тус газар нь өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-91/,

Гэрч Дүүрэнбилэгийн ... Машинд Бат-Эрдэнэ, Батжаргал нар хэрэлдээд байсан. Намайг утсаар ярьж байхад тэд хэрэлдэж эхэлсэн юм шиг байсан, машинд орж ирээд тэдний хэрүүл үргэлжилсэн. Бие биенээ янз бүрээр хэлээд байсан, Батжаргал нь Бат-Эрдэнийгээ муу шорон минь гэж байсан, Бат-Эрдэнэ болохоор “чам шиг хулгайч барга хэзээ ийм болсон юм бэ” гээд бие биерүүгээ хараалын үг чулуудаад байсан ... Би утсаар ярих гээд байж байтал хойд талд “пад” хийх дуу гарсан, эргээд хартал Бат-Эрдэнэ Батжаргалын нүүрэн тус газар нь өшиглөчихсөн, Батжаргал зүүн талынхаа нүдийг дараад орилоод газар өнхрөөд ойчсон . Тэр хавиар нэлэнхүйдээ цус болсон, тэдний хажууханд Эрдэнэдалай сууж байгаад Бат-Эрдэнийг түлхэж холдуулсан, би Батжаргал руу очиход түүний нүүрнээс нь маш их цус гарч байсан.... Батжаргал нүүрээ угааж байгаа мөртлөө орилоод гэрээс гарч ирсэн Дэлгэрдалайтай хэрэлдээд байсан. Тэр үед Дэлгэрдалай дахин Батжаргалын нүүрэнд нь 1 удаа өшиглөчихсөн. Тэр үйл явдлыг Батжаргалын эхнэр Жаргалсайхан харчихсан ба тэр эмэгтэй “аллаа ш дээ та нар наад хүнээ“ гэж орилсон. Гэрт байхад Бат-Эрдэнийн Батжаргалыг өшиглөсөн өшиглөлтөөс гадаа гараад Дэлгэрдалайгийн өшиглөсөн өшиглөлт хүч нь арай гайгүй байсан. Учир нь Бат-Эрдэнэ бакиалтай байсан, Дэлгэрдалай пүүзтэй байсан. Өшиглөх үед гарсан пад хийх чимээ Бат-Эрдэнийг чанга, Дэлгэрдалайгийнх сулавтар байсан. Тэр 2 хоёулаа л Батжаргалын нүүр рүү өшиглөсөн, гэхдээ 2 өөр цаг хугацаанд ... гэх мэдүүлэг /хх-ийн 66-69/,

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн ... Батжаргал надаас хэрүүл гуйсан хэвээрээ байсан бөгөөд машины урд талд суугаад эргэж харчихаад элдвээр хэлээд байхаар нь би түүнийг цаашаа хар гэж хэлээд цээж рүү нь түлхсэн, тэр эргүүлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон, түүний энэ үйлдлээс болоод надад учирсан гэмтэл байхгүй. Хунхааны гэрийн гадаа ирээд би түүнийг машинаас татаж буулгаад бид заамдалцан Хунхааны гэрийн өмнөх хашааны догол руу явсан. Тэнд Батжаргалын нүүрэнд нь 2-3 удаа цохьсон, тэр үед Батжаргал намайг цохих гээд дурангаа тайлж над руу далайхад Эрдэнэдалай түүний гараас дуранг нь авсан, дараа нь дээлээ тайлж шидсэн, дараа нь цамцаа тайлж шидсэн тэгээд цээжин хэсгээрээ нүцгэн болсон. Дараа нь бид муудалцахаа болиод машинд орж суусан. Машинд сууж байхдаа дахиад хэрүүл өдөөд байхаар нь би түүнийг орхичихоод Хунхааных руу орсон. Тэгтэл Батжаргал миний хойноос орж ирсэн бөгөөд түүнийг Дүүрэнбилэг аваад хамраас нь гарсан цусыг угаахаар гарсан. Тэр гэрийн гадаа Батжаргал Дэлгэрдалайтай маргалдаж хэрэлдсэн, тэр үед эхнэр Жаргалсайхан ирсэн бөгөөд Дэлгэрдалайг “чи яахаараа миний нөхрийг өшиглөдөг юм бэ “ гэж орилоод байсан. Дараа нь хөөрөг байхгүй байна гээд Батжаргал орилоод байсан бөгөөд эхнэр нь цагдаа дуудна гээд гарсан. Ингээд гэрт дахин надаас хэрүүл гуйгаад байхаар нь би түүний зүүн талын нүдэн тус газар нь нэг удаа өшиглөсөн нь үнэн. Дэлгэрдалайгаар өшиглүүлээд Батжаргалын баруун нүднийх нь орчимд гэмтсэн байсан. Харин миний өшиглөлтөөс болоод түүний зүүн нүдний орчим гэмтэл учирсан байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 159-160/,

Шүүгдэгч С.Дэлгэрдалайн ... Батжаргал бидний өмнөөс мотоцикльтой ирсэн бөгөөд түүнийг ирэхэд бид 1 шил архи задлаж ууцгаасан. Тэр ирэнгүүтээ Бат-Эрдэнээс хэрүүл гуйгаад эхэлсэн. Их муухай муухай үгээр хэлээд байсан, ба Амраатай зодолдчихоод ирлээ гээд байсан бөгөөд Бат-Эрдэнийг амьдрал ахуйтай нь холбоотойгоор эсэн буснаар хэлж доромжилж эхэлсэн. ... Ингээд хэсэг хугацааны дараа Батжаргал, Бат-Эрдэнэ нар орж ирсэн, тэгэхдээ Батжаргал цээжин хэсгээрхи хувцасаа тайлчихсан орж ирсэн. Тэгээд надаас хэрүүл гүйж эхэлсэн. Түүнийг гар нүүрээ угаа гэж хэлээд Дүүрэнбилэг дагуулаад гарсан, би түүнтэй баахан хэрэлдэж байгаад гадаа байхад нь түүний нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн нь үнэн. Миний өшиглөснийг Батжаргалын эхнэр, Дүүрэнбилэг нар мэднэ. Намайг өшиглөх үед Батжаргалын эхнэр хашааны хаалгаар орж ирж таарсан юм ... Батжаргалыг өшиглөлсөн миний өшиглөлтөөс болоод түүний баруун нүдний орчимд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн цаг хугацаанд Батжаргал л өөрөө намайг байж суухын аргагүй болтол нь үгээр идээд өдөж хоргоогоод байсан юм. Гэхдээ миний буруу л даа, түүнийг өшиглөдөг нь. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Батжаргалаас уучлалт гуйсан байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 169-170/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 493 тоот шинжээчийн ... Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч Навчаагийн 2016.04.08 ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэгийн 171 тоот акт, дүгнэлт үндэслэлтэй байна. Батжаргалын биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, буйлны салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун толхойн зулгаралт, зүүн нүдний алимны доргилт ба алимны салстын удагдал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины шарх бүхий гэмтэл учирсан байна. Зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны доргилт ба алимны салстын удагдалт, цус хуралт, зүүн нүдний доод зовхины шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд буюу буйлны салстын цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун тохойн зулгаралт бүхий гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно ... гэсэн дүгнэлт /хх-ийн 114-115/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 50-55/,

Хохирогч Т.Батжаргалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 117-142/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Батжаргал нь шүүгдэгч нараас эмчилгээний болон бусад зардалд 800.000 төгрөг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нартай эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн /хх-ийн 117/ байх тул шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь өмнө 2 удаа ял шийтгэгдэж байсан ба сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 72.2-т зааснаар ялгүйд тооцогдож түүний ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял шийтгэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нар нь хохирогчтой сайн дураараа эвлэрч, учруулсан хохирлыг бүрэн төлж, гэм хор арилж, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хэргийн 217 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн эзэмшлийн БНХАУ үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн мотоцикль, шүүгдэгч С.Дэлгэрдалайн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг тэдгээрт буцаан олгож 2016 оны 05 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хар өнгийн түрүүтэй савхин гутал нэг хос, С.Дэлгэрдалайн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хар өнгийн шар судалтай пүүз нэг хос зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрчөдөрийн Бат-Эрдэнэ, Баянхошуу овогт Сүхбатын Дэлгэрдалай нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч нарт холбогдох 201605000116 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн эзэмшлийн БНХАУ үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн мотоцикль, шүүгдэгч С.Дэлгэрдалайн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг тэдгээрт буцаан олгож 2016 оны 05 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн түрүүтэй савхин гутал нэг хос, хар өнгийн шар судалтай пүүз нэг хос зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ, С.Дэлгэрдалай нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА