Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/470 |
Огноо | 2015-10-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2015/470
2015 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2015/470 | Улаанбаатар хот |
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Н.О, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Т.Б, түүний өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Т.Бд захирамжгүйгээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжуудын Т.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, ямар нэгэн зөрчилгүй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэх ажлыг Хан-Уул дүүргийн Засаг дарга 2003 оны 96 дугаар захирамжаар зохион байгуулсан. Т.Б нь дээрх захирамжийн хүрээнд Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2004 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хүсэлтээ гарган Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоот хаягтай газрыг 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эзэмших эрхийн гэрчилгээг гэр бүлийн хэрэгцээнд 2 жилийн хугацаатай авсан гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...2008 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж гарсны дагуу Т.Баас гэр бүлийн гишүүдийн газар өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх /шийдвэрээс хамтран өмчлөгч хасуулах/-ээр 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар газар өмчлөх шийдвэрийг Т.Б-ын нэр дээр шилжүүлэн өөрчилж, 4 дүгээр хавсралтаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 34 дүгээр захирамжийн Т.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна гэжээ.
Гуравдагч этгээд Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2003 онд Д.Гаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамжны 147 тоот хашааг худалдан авсан. Тухайн үед энэхүү газар /хашаа/ нь Д.Г агсны нэр дээр газар эзэмших цагаан гэрчилгээтэй байсан, тус дүүргийн 10 дугаар хороонд болон дүүргийн Газрын албанд хандаж, газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, улмаар хууль ёсны өмчлөгч болсон. Миний бие Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу дээрх хашааны газрыг эзэмшиж, өмчилсөн бөгөөд тухайн үед хэн нэгний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөөгүй. Иймд Ц.Цогтбаяр, Ц.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 418 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Д.Батжаргалд захирамжгүйгээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжуудын Т.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Миний төрсөн дүү болох Ц.Цогтбаяр анх 1999 оны 08 дугаар сард хөгшин аав, ээж хоёртоо зориулж уг газар дээр хашаа барьж, улмаар 2000 ны 10 дугаар сард Герман улс руу явахдаа хашаагаа намайг харж хандаж байгаарай гэж захиж үлдээгээд явсан. Миний аав, ээж хоёр 1956 оноос буюу Т.Быг төрөөгүй байхад нисэхэд ажил амьдралаа холбож, 32-оос 45 жил ИНЕГ-ын салбарт үр бүтээлтэй ажиллаж, гавьяат гэдэг эрхэм цолноос бусад бүх шагналыг авч, гавьяаныхаа амралтыг эдэлсэн.
Миний аав, ээж хоёр хүнд нөхцөлд 24-өөс 48 цаг хүртэл заримдаа ажилладаг, 11 хүүхдийнхээ амьдрах орчныг нь өөрчлөх хэрэгтэй гэж үзэж, 1982 онд тухайн үеийн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Гүйцэтгэх Захиргааны холбогдох хүмүүс ирж бидний амьдарч байсан хашаа, ганц гэр, амьдрал ахуйг минь судлан үзэж, энэ айлд орон сууц өгөх хэрэгтэй юм байна гэж үзээд 1983 онд тухайн үеийн Улаанбаатар хотын АДГЗ-аас Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газарт хуваарилсан байрнуудаас 1983 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц эзэмших 83444 дугаар бүхий эрхийн бичгийг тухайн үеийн Октябрийн район буюу одоогийн БГД-ийн 4-р хороолол, 43 байрны 82 тоот гэж олгосон бөгөөд өөр орон сууц авч байгаагүй байхад биднийг гүтгэж доромжилж байна.
Т.Б нь нисэхээс өөрөө болон хүүхдийнхээ нэр дээр миний аав, ээж шиг гавьяа байгуулаагүй байж хэд хэдэн байртай, газартай болсныг хүн болгон хэлдэг. Одоо миний аав, ээж хоёр ганц байгаа өмч болох Морингийн хашаанд амьдарч байна. Миний бие хоосон хашаа байлгаад яахав, Цогоогийн барьж өгсөн хашаанд буу гэснээр аав, ээж хоёр тэнд амьдрах болсон. Т.Б-ын миний хашааны газрыг анх мэдсэн шалтгаан нь миний бие 2003 оны 08 дугаар сард ээжийн талын садангийн хүн тухайн үед ИНЕГ-т ажиллаж байсан Д.Г агсантай уулзаж, одоо нас явлаа 40 гарч байна, би мэргэжлийн дагуу Дээд сургууль, академид ч юм уу суралцмаар байна, та тусалж чадах уу, таньж мэдэх хүн байна уу гэж асуухад тухайн үед би чамайг нэг хүнтэй уулзуулья гэж намайг дагуулж яваад энэ Т.Б-ын өрөөнд нь оруулж уулзуулахад тэрээр Д.Г дарга гуйгаад байгаа юм, сургуульд явуулж өгч болно, тэгэхдээ чи надад оронд нь юу өгөх юм бэ гэж асуухад нь надад өгөөд байх нэг их мөнгө төгрөг байхгүй, харин одоо манай аав, ээж хоёр амьдарч байгаа Моринд нэг хашаа байгаа түүнийг өгч болох юм гэхэд очиж үзье гэж хэлснээр нь миний бие уг хашааны газраа Д.Г агсан, Т.Б-ын хамт явж очиж үзүүлэхэд /тухайн үед хоёр хөгшин байсан/ болж байна, нэг дэх өдөр сургуульд явах материалуудаа аваад өрөөнд хүрээд ирээрэй гэснээр бид салцгаасан.
Ингээд би нэг дэх өдөр нь сургууль явахаар бүрдүүлж байсан материалуудаа Т.Б-ын яг албан өрөөнд нь аваачиж өгсөн ба тэр хэлэхдээ би дуудна явж бай гэж хэлээд яриа дууссан. Ингээд намар нь хүмүүс эхнээсээ сургуульд яваад байхаар нь би нэг удаа Т.Бтай очиж уулзахад санаа зоволтгүй хүлээж бай гээд намайг өрөөнөөсөө гаргасан. Тэгээд Т.Баас хариу хүлээгээд өвөл ч болсон, энэ бүтэхгүй юм байна гэж бодоод дахин түүнтэй уулзаагүй, харин өөрийнхөө хоёр хүүхдийг Америкт Сэитл хотод, мөн жолоочийнхоо хүүхдийг мөн нисэхийн сургуульд явуулсан байсныг би сүүлд мэдсэн. Миний бие Т.Бд өгсөн сургуульд явахаар бүрдүүлсэн материалуудаа одоог хүртэл авч чадаагүй ба тэр материалууд хаана байгааг Т.Б мэдэх ёстой. Тухайн үед анх Т.Бтай уулзахаас өмнө буюу кадастрын зураглал ба газрын бүртгэл төслийн хүрээнд МУ-д анх эдлэн газрын улсын тоо бүртгэлийн ажиллагаа явагдаж, Морингийн 4 дүгээр гудамжны манай хэсгийн нийт 28 айлын барьсан хашаа тоологдож тухайн үед олон айл урд хойногүй хашаа хатгасан байсан /бусдын жишгээр бүртгэлд орж манайх албан ёсоор тухайн үед бүртгэл явагдаж байна хэний нэр дээр бүртгүүлэх юм гэж миний ээж утсаар ярихад/ би очиж бүртгэлийн хүмүүст өөрийн овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн болон одоо ашиглаж байгаа 99859461 гэсэн гар утасны дугаарыг Морингийн 10 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 147 тоот бүртгэлийн хуудсан дээр бөглө гэснээр өөрийн гараар бөглөж, гарын үсгээ 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зурсан ба 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эдлэн газрын тоо бүртгэлийн 00186301 цэнхэр өнгийн дардастай, Нийслэлийн улсын тоо бүртгэл, тооллогын 186301 парселийн дугаартай ХУД-ийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоот хашаанд 572.8 м.кв газар эзэмшихээр албан ёсны бүртгэл, дугаартай болж, миний нэр дээр бүртгэгдсэн.
Тухайн үед бүртгэгдсэн нийт 28 айлын хашаанд бүртгэл дугаар олгох, бүртгэлийн ажил явагдаж байх үед хашаандаа эзэнтэй, айлтай байсан айл, хүмүүс нь өөрсдийн овог, нэр, иргэний үнэмлэх, регистрийн болон утасны дугаарыг өөрсдийн гараар бөглөж, гарын үсэг зурсан байдаг ба эзэнгүй, айлгүй хоосон байсан хашаанд нь дарааллаар нь хаягжуулалт хийж байсан. Дээрх хоёр чухал үндсэн баримт болон анхны кадастрын зураг хүртэл Нийслэлийн архивын газраас гарч ирсэн нь хавтаст хэрэгт байгаа. Мөн тухайн үеийн буюу Морингийн 4 дүгээр гудамжны баруун талын жигүүр буюу хашааны дугаар 125-157 тоот хүртэл парселийн дугаар 186283-186310 хүртэл дугаар олгогдсон баримт нь байгаа. Би газар хүссэн өргөдлөө дүүргийн Газрын албанд өгч, захирамж хэзээ гарах талаар олон удаа асууж лавлаж байсан боловч тухайн албаны хүмүүс хүлээж бай, хуулийн хугацаатай, захирамж гараагүй байна гэдэг ганц хариултыг олон удаа өгдөг байсан. Сүүлдээ өргөдөл ч өгөөгүй бүртгэгдээгүй байна гэж хэлж байна.
Т.Б нь миний дүүг гүтгэж, миний 7 хуудас материалаас зарим баримтууд нь алга болсон байсан, үүнийг Ц.Цогтбаяртай холбоотой, түүнийг Газрын албанаас хулгай хийсэн гэж үзэж байна гээд шүүх хуралдаан болгон дээр хэлж гүтгэдэг байсан. Гэтэл Газрын албаны холбогдох хүмүүс, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгчээс таны баримт бүрэн бүтэн байна гэж хэлж байсан. Миний дүүг ингэж гүтгэж байгаа юм чинь захиргааны байгууллагад олон жил ажилласан жинхэнэ бичиг цаастай холбогдож байсан Т.Б нь харин ч эсрэгээр, хуурамчаар, захирамжгүйгээр бидний газар дээр эзэмших эрхийн гэрчилгээг нэг хоногийн дотор гаргуулж авч чадаж байгаа нь бидний бичиг баримтыг устгасан байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч өргөдөл өгснөөс үл хамаарахгүйгээр дээрх бүртгэлд бүрэн хамрагдсанаар өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн дээрх бүртгэлийн хуудас нь бидний өргөдөл гэсэн үг, энэ л жишгээр манай тэнд амьдардаг айлуудад бүртгэлийг нь үндэслэн бүгдэд нь дээрх 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээг олгосон байдаг.
Мөн дээрх тооллого, бүртгэлийн ажиллагаа явагдаж дууссаны дагуу ХУД-ийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр /96 дугаар захирамж гаргаж дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого, бүртгэлд хамрагдсан, гэрчилгээ аваагүй болон шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 25-ны хооронд гэсэн тодорхой хугацаа зааж, зохион байгуулахыг тухайн үеийн дүүргийн Газрын албаны дарга байсан Д.Баатаржав, гэрчилгээжүүлэн баталгаажуулах ажилд шаардагдах хүн хүч, техник хэрэгслийг гаргаж ажлыг Нийслэл, дүүргийн Газрын албадтай хамтран шуурхай зохион байгуулахыг Тамгын газрын дарга Г.Элдэвсүрэн нарт даалгасан байдаг.
Дээрх захирамж нь улсын тооллого бүртгэлийн дагуу явагдсан ажлыг журамлан цэгцлэхийг даалгасан, дотогшоо чиглэсэн эрх зүйн акт, чухал баримт бичиг болохоос биш ямар нэгэн өргөдөл гаргасан, бүртгэл тооллогод хамрагдаагүй хүн болгонд гэрчилгээ өгөөд бай гэсэн захирамж биш гэдгийг Т.Б өөрөө захиргааны албан тушаалтан байсан хүн мэдэж байж буруугаар ашиглаж, өөрийн эрх мэдэл, танил талаараа өргөдөл өгсөн өдөр буюу захирамжийн үйлчлэх хугацаа дууссанаас хойш 9 сарын дараа 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл өгч, тухайн өдрөө н.Болорчимэг гэж хүнээр кадастрын зураг хийлгүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан, тухайн үеийн Засаг даргын нэрийн өмнөөс хэн нэгэн төлөөлөн гарын үсэг зурж, ямар ч захирамжгүй, хууль бусаар нэг хоногийн дотор гэрчилгээ авч чадсан байдаг.
Хэрэв энэ үнэн бол Монгол Улсын Газрын албад иргэн болгондоо нэг өдрийн дотор өргөдөл гомдлыг шийдвэрлэж, түргэн шуурхай Т.Бд үйлчилсэн шиг ажиллаж байгаасай гэж хүсэх байна. Бид хүн гүтгэдэг Т.Б луйварчингийн талаар хэвлэл мэдээллээр ч ярилцлага өгнө. Миний хөгшин аав, ээж хоёр шүүхийн шийдвэр гарснаас хойш сэтгэл санааны гүн хямралд ороод одоо өөрсдийнхөө хашаанаас үхэхээсээ өмнө хөөгдөж гудамжинд гарах болж байна уу, амьддаа ийм зүйл үзэх гэж гээд уйлж байна. Т.Б нь Авилгатай тэмцэх газарт шалгуулж байхдаа хамт шалгагдаж байсан хүмүүсээсээ ганцаараа хоцорч, урьд урьдны шүүх хурал дээр хүртэл нэхэмжлэлтэй огт холбоогүй зүйл ярьж, 6 удаа шүүхээр орсон жинхэнэ авилгач хүмүүс нь гээд хамт ажиллаж байсан н.Батмөнх даргыгаа хүртэл муулж, ялаа аваад явсан, намайг шүүх гэм буруугүй гэж тогтоосон гээд ярьдаг. Үүнийг шүүх сонсоод сууж байхад миний бие их гайхсан. Энд авилгын хэрэг шалгаад байна уу эсвэл миний нэхэмжлэлтэй хэргийг шүүгээд байна уу гэж. Мөн хамгийн ноцтой нь Т.Б-ын 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан өргөдлийг тухайн өдөртөө н.Памаасүрэн гэж хүн хүлээн авч, 3399 гэсэн дугаартай бүртгэл хяналтын карт хөтлөөд өргөдөл, бүртгэл хяналтын хөтөлсөн картын хамт 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тухайн үеийн Засаг дарга н.Загджавт танилцуулахад Газрын алба н.Баатаржавт судалж танилцуул гэсэн цохолттой баримт /хх-ийн 50, 51, 52, 58/ байхад тухайн үед ажлаа хийж байсан Засаг даргын шийдвэрийг үл ойшоож, урьдчилаад Т.Бд нэг өдрийн дотор газар эзэмших эрхийн гэрчилгээг захирамжгүйгээр 96 дугаар шийдвэрийн дагуу гээд Засаг даргын нэрийг хэн нэгэн орлон гарын үсэг зурж, гэрчилгээ олгосон байдаг. Миний хувьд бодоход дээрх 96 дугаар захирамжийн үйлчлэх болон хэрэгжих хугацаа дууссан, тодорхой асуудлыг шийдвэрлэхээр дотогшоо чиглэн гаргасан эрх зүйн акт гэдгийг хэн ч мэдэж байгаа.
2. Мөн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээр хэргийг хянан хэлэлцээд дуусах хүртэл хавтаст хэргийн материалд ХУД-ийн Өмч, газрын харилцааны албаны архиваас гаргаж өгсөн баримт болон албан бичигт Д.Гын нэр дээр ХУД-ийн 10-р хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотод газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож байгаагүй гэсэн бичиг одоо ч байдаг ба иргэн миний нэхэмжлэлтэй хэргийг УДШ-ийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 255 дугаар тогтоолдоо Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 350 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тогтоол гаргасан. Энэ тогтоол гарснаас хойш шүүх хурал гэрчүүдийг байцаах, архиваас болон маргаж буюу газар дээр үзлэг хийх гэх мэт ажиллагаа болон бусад шалтгаануудаас болж 7 сар гаруй хугацаанд хойшилсон. Шүүх хурал хойшилж байх үед гэнэт Д.Г агсны нэр дээр бидний маргаж буй хашааны хаягаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Т.Б-ын гаргуулж авсан гэрчилгээний 8027/05278 гэсэн дугаартай адилхан буюу 8027/05278 гэсэн дугаартай гэрчилгээг 2003 оны 11 дүгээр сард Т.Б нь өөрийн танил тал, эрх мэдэл албан тушаалаа ашиглан шинээр хийлгэж, Д.Г агсны нэр дээр гаргуулж авсан гэж үзэж байна. Мөн тухайн үеийн Засаг даргыг хэн нэгэн нь бас орлож гарын үсэг зурсан байх ба 96 дугаар шийдвэрийн дагуу олгосон гэсэн гэрчилгээ гарч ирсэн. Д.Г агсны гэрчилгээ гэх материалтай хавсаргагдаж ирсэн баримтад түүний бичсэн гэх компьютерээр шивж бичсэн, хэзээ бичсэн нь тодорхойгүй, он сар өдөр огноо байхгүй өргөдөл байдаг ба мөн өргөдлийн доод буланд ХУД-ийн 10 дугаар хорооны Засаг дарга гээд хэн нэгэн тодорхойгүй, гарын үсгийн гаргалгаа байхгүй, мөн он, сар, өдөр, огноо байхгүй цохолт, тодорхойлолт аль нь мэдэгдэхгүй, гарын үсэгтэй, Д.Гын эзэмшлийн газрыг Т.Бд шилжүүлж өгнө үү гэсэн утгатай бичвэр байдаг.
Хэрэв үнэхээр тус хорооны Засаг дарга тодорхойлолт хийж өгч байгаа бол өөрийн хорооны албан бланк дээр албан ёсоор тодорхойлолт эсвэл цохолт хийж өгөх байсан. Мөн газрын гэрчилгээг эрх шилжүүлэх замаар хуулийн дагуу шилжүүлж, дахин гэрчилгээ олгосон бол гэрчилгээнд шинэ дугаар олгогддог гэдгийг би зохих мэргэжлийн хүнээс асууж мэдсэн, даан ч дээрх асуултыг хариуцагч талуудаас асуух боломж шүүх хуралдаан дээр олдоогүй. Д.Г агсан нь ХУД-ийн Газрын албанд гаргасан компьютерээр бичсэн өргөдлийг өөрийн биеэр бичсэн бол төрсөн эцэг болох Дамдинсүрэнгийн нэрийг Даваацэрэн гэж хэзээ ч андуурч бичихгүй хүн, учир нь Д.Г агсан олон жил удирдах ажил хийж, олон нисгэгчийг нисэх чиглэлээр сургаж, багшилж, нисгэгч болгож, хувийн хэрэг болон албан бичиг хөтлөх өндөр чадвартай хүн байсан ба өргөдөл гэх компьютерээр бичсэн зүйлд зурсан гарын үсэг нь хүртэл эргэлзээтэй байна.
Мөн иргэний бүртгэлд орсон нэг өчүүхэн газрыг хоёр хүнд маш хурдан хугацаанд нэг захирамжаар, адилхан гэрчилгээний дугаартай олгож болдог эсэхийг хариуцагч талаас асуух боломж олдоогүй. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд шүүх хуралдаан даргалагч ирцтэй холбоотой асуулт асуухад манай өмгөөлөгч З.Ариунжаргал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэсэн санал тавьсан, миний хувьд нэгэнт эрх зүйн туслалцаа авч байгаа хүний хувьд өмгөөлөгчөө дагасан. Уг нь бол шүүх хуралдаан нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд жинхэнэ утгаараа шүүхийн мэтгэлцээн болж, хариуцагч талд асуулт тавьж, хариулт авах боломжтойгоор явагдах байсан. Харин эсрэгээрээ гуравдагч этгээд болох Т.Бтай маргаад л шүүх хурал дууссан.
3. МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн тогтоолоос гарсан
шийдвэрийн хянах хэсэгт шүүх тодорхой заалт баримтуудыг ХУД-ийн Засаг
дарга ямар учраас Ц.Ц-ийн нэр дээр бүртгэгдсэн газрыг 2004 оны 01
дүгээр сарын 19-ний өдөр 8027/05278 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээгээр
Т.Бд олгосон нь тодорхойгүй, шүүхүүд энэ талаарх нотлох баримтуудыг
бүрэн цуглуулаагүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэх
мэт хэдэн зүйлүүдийг дахин нарийн хянаж шалгах талаар шийдвэр гаргасан гэж
ойлгож байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хуульд заасны дагуу шалгаж нотлох баримтыг бүрдүүлээгүй, миний 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан Д.Г агсны гаргасан өргөдөл нь эргэлзээтэй байх тул ИНЕГ-ын архив болон Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн архиваас Дамдинсүрэнгийн Ганбаатар агсны гарын үсэг, бичгийн хэв, овог нэрийг шүүхээр дамжуулан шинжилгээ хийлгүүлж, тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хүсэлтийг шүүх хангаж өгөөгүй. Манай өмгөөлөгч бас тухайн үед нэг Засаг даргын орлогч байдаг байсан, яагаад хоёр гэрчилгээн дээр тухайн үеийн Засаг даргыг орлогч /ийг/ гэсэн гарын үсгийг хоёр өөр хүний гарын үсэг байгаа, ойр ойрхон зурсан байдаг, үүнийг шинжлүүлэх хэрэгтэй байна гэж хүсэлт амаар тавьж байхад шүүх хуралдааны үед шийднэ гэсэн хариу өгсөн гэдэг.
4. Т.Б нь миний хөгшин аав, ээж хоёрын газрыг Д.Г агснаас
худалдаж авсан гэдэг, эсвэл нэг болохоор эрх шилжүүлэх замаар авсан гэж янз
янзын худал тайлбар шүүхэд өгдөг. Тухайн үед болон одоо хүчин төгөлдөр
үйлчилж байгаа Газрын тухай хуульд бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хэн нэгэнд худалдаж борлуулах заалт байдаггүй гэсэн. Мөн ХУД-ийн Өмч, газрын харилцааны албаны архивт шүүх үзлэг шалгалт хийх үед миний бие хамт байлцсан. Гэтэл үзлэгээр Д.Гаас Т.Бд МУ-ын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг баримтлан газар эзэмших эрхээ шилжүүлсэн түүний өргөдөл болон өргөдлийг хүлээн авч бүртгэсэн бүртгэл байгаагүй. Хуулийн 38 дугаар зүйлд заасан ажиллагаа болон бүрдүүлэх ёстой баримтууд нэг ч ширхэг байгаагүйг шүүх үзлэгээр нотолсон байхад яагаад ийм шийдвэр гаргасан, мөн бидний эзэмшиж байгаа газрыг төрийн байгууллага буюу тухайн үеийн ХУД-ийн Газрын алба ямар учраас огт хамааралгүй хүмүүст нэг захирамжаар 2 хүнд нэг газар давхардуулж, адилхан дугаартай 2 гэрчилгээг 2 сар хүрэхгүй хугацаанд ямар үндэслэлээр олгосныг ойлгохгүй байна.
Шүүх шударга, хууль зүйн үндэслэлийг нь нотолж тогтоож чадаагүй. Энэ ажиллагаа нь шуудхан хэлэхэд Т.Б-ын танил тал, өөрийнх нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, дээрх хууль бус үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Үүнд, төрийн байгууллага буюу өөрөөр хэлбэл, тухайн үеийн ХУД-ийн Газрын алба болон Засаг даргыг гэж орлож, гарын үсэг зурж,ямар ч захирамжгүй Т.Бд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгосон албан тушаалтан болон мөн Т.Бд хууль бус газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноос хойш 14 хоногийн дараа тухайн үеийн Нийслэлийн Газрын албаны холбогдох ажилтнууд Т.Б-ын газар эзэмших гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэхийг нарийн нягтлан шалгалгүйгээр тухайн үед гэр бүлийн хэрэгцээнд газраа өмчлөх гэсэн иргэдийн материалтай оруулж, Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан, дээрх захирамжуудыг хууль бус гэж үзэж, одоог хүртэл цуцлахгүй шүүхээр явж байна. Иймд, миний бие захиргааны хэргийн шүүхэд гаргасан хүсэлтүүдээ бүрэн хангуулж чадаагүй, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж гомдлуудаа гаргаж байна. Үүнд:
А. Захирамж гаргах, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох ажиллагаа нь хуулийн хүрээнд хэрхэн зөв явагдсныг газар эзэмшүүлэх, ашиглуулахад тавигдах шаардлагатайгаа хэрхэн нийцсэнийг шүүх нотлох баримтад тулгуурлан нотлох үүргээ биелүүлээгүй.
Б. Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ зохих төрийн байгууллага, албан тушаалтан нь анх газар эзэмших, ашиглах эрх олгохдоо Монгол Улсын Газрын тухай хуульд заасан шаардлагыг хэрхэн хангасныг голлон анхаарвал зохино гэсэн Улсын Дээд шүүхийн зөвлөмж шаардлагыг хангаагүй.
В. Анхан шатны шүүх хуралдаан дээр бидний нэхэмжилж буй газрын маргаантай холбоотой асуудлаар үндсэн хариуцагч тал болох ХУД-ын Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцоогүй учир хариуцагч талуудаас асуулт асууж, хариулт авах боломж олдсонгүй. Зөвхөн худал ярьдаг гуравдагч этгээд Т.Б-ын хүн гүтгэсэн, худал ярьсан, жүжиг шиг нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй асуудлыг шүүх хуралдаан дээр ярьж, шүүх үүнийг сонсоод сууж байдаг тийм хурал боллоо. Т.Б нь бүр сүүлдээ миний хөгшин аав, ээж хоёр болон намайг гүтгэн доромжлоод зогсохгүй миний дүү итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтбаяр болон хэрэгт ямар ч ач холбогдолгүй миний төрсөн хүү, миний ээжтэй холбоотой баримтуудыг нотлох баримт гэж гаргаж өгдөг, шүүх хүлээж авдаг. Т.Б нь нотлох баримт гээд цаас өгнө, шүүх хүлээж авна түүнийг тойруулж танилцуулна, хэрэгт ямар ч ач холбогдолгүй цаг явдаг. Дээрх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд гэгчээс дурдвал:
1. Т.Б нь ХУД-ийн бүгд л нисэхээс гаралтай өөрийнхөө удирдлага доор ажиллаж байсан болон сонгуулийн үед хамт намын сурталчилгаанд нь явж байсан хорооны хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, хорооны зохион байгуулагч, одоо ч өөрийнх нь удирдлага доор нь ажиллаж байгаа болон өөрийн танил талууд болох н.Пүрэвхүү, н.Байгальмаа, н.Дашдорж, н.Буянтогтох уг нь анх бидэнд үнэн тодорхойлолт хийж өгч байсан, дараа нь шүүхэд 2 удаа худал мэдүүлэг өгсөн гэх мэт хүмүүсээр хууль сануулаад байхад л худал мэдүүлэг өгүүлдэг, аргаа бараад л энэ бүхнийг шүүхэд бичихээс өөр арга алга, мөн 10 дугаар хорооны одоогийн Засаг дарга, энэ бол Т.Бд юу ч биш УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Энхболд нарыг хажуудаа суулгаж байгаад хэвлэлийн хурал хийлгээд ажил авдаг эрх мэдэлтэн, зурагтаар харсан. Миний бие хуулийн дагуу сурсан эзэмшсэн мэргэжлээрээ улсад тасралтгүй 26 жил хүнд нөхцөлд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан. Гэтэл Т.Б бүр сүүлдээ шүүхэд нотлох баримт гэж улсдаа хуулийн дагуу ажиллаад өөрийн саналаар тэтгэвэртээ гарч, Төрийн албаны хуульд заасны дагуу 36 сар хүртэлх нэг удаагийн буцалтгүй тусламж авна гэсэн заалтын дагуу тодорхой хугацааны сарын тэтгэмжээ авч, албан ёсоор тэтгэврээ тогтоолгосон, миний харьяалагдах МИАТ ХК-ийн архиваас миний баримтыг өөрийн танил талаараа дамжуулан авч шүүхэд нотлох баримт гэж гаргаж өгсөн, миний ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж, тэтгэвэртээ гарч, хэдэн төгрөгийн тэтгэвэр
тэтгэмж авсан нь хэрэг хэлэлцэж байгаа захиргааны хэргийн шүүхэд ямар хамаатай байдаг, яагаад нотлох баримт гэж шүүх хуралдаанд оролцогч талуудад миний хувийн мэдээллийг танилцуулах ёстой юм бэ. Т.Б нь ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга байж болно, МИАТ тусдаа байгууллага, түүний архиваас хувь хүний мэдээллийг авах эрхийг Т.Бд хэн олгоод байна, түүнд миний мэдээллийг авах эрх уг нь байхгүй өгөх эрх, үүрэг ч МИАТ-д байхгүй, ямар учраас Т.Б дээрх баримтыг авч шүүхэд өгсөн, шүүх хүлээн авсан нь ойлгомжгүй байна.
2. Мөн Т.Б нь ХУД-ийн 10 дугаар хорооноос миний төрсөн хүү Ц.Цогт-
Эрдэнийн мэдээллийг авчихаад хуурамч баримт өгсөн байдаг, бас л шүүх хүлээн
авсан. Миний хүү Ц.Цогт-Эрдэнэ нь 2006 онд иргэний үнэмлэх авснаасаа хойш
одоог хүртэл ХУД-ийн 10 дугаар хороо, Морингийн 4-147 тоотод оршин суудаг гэсэн хаяг дээрээ одоог хүртэл эмээ, өвөө хоёртоо тусалж, хамт бүртгэлтэй байдаг ба үүнийг
ч бид өөрсдөө холбогдох архиваас нь шүүлгэн мэдээллийн лавлагааг нь шүүхэд
өгсөн, энэ тухай баримт хэргийн материал дотор байгаа.
3. Т.Б нь миний ээжийн тодорхойлолт баримтуудыг 10 дугаар хорооноос очиж аваад шүүхэд энэ нотлох баримт гэж өгсөн, яаж энэ хүн бусдын баримтыг авч чадаж байгаа нь ойлгомжтой байгаа биз, тухайн иргэнд ямар нэгэн зайлшгүй шаардлагаар хорооны тодорхойлолт хэрэгтэй гэхэд зөвхөн хувь хүн өөрийнхөө иргэний үнэмлэхийг өөрийн биеэр авч очиж байгаад энэ хүн энэ хорооны оршин суугч мөн болохыг тодорхойлов гэж зөвхөн хувь хүний хүсэлтээр тодорхойлолт өгөх ёстой, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагын албан хүсэлтээр гаргаж өгдөг байхад дээрх баримтуудыг яаж бидний эрхэнд халдаж, авч чадаж байгаа нь болдог юмуу, үүгээрээ би Т.Б гэж хүн хэн бэ, хувийн зан байдлыг нь худалч хуурмаг гэдгийг нь шүүхэд ойлгуулах гэж гараа чилээж бичиж байна.
Т.Б нь биднийг үнэндээ гүтгэж, худал хэлж ханахгүй байна. Миний бие давж заалдах гомдолтойгоо хамт 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хариу тайлбартай хавсарган явуулж байна. Шүүх хуралдаан нэхэмжлэлийн дагуу мэтгэлцээн явагдаагүй, аргагүй гол хариуцагч талууд хуулийн үндэслэл байдаг бол тэр тайлбар үгээ шүүхээс болон бидний тавьсан асуултад харилцан асуулт тавьж, хариулт өгөх байсан ч шүүх хуралдаанд ирээгүй, миний бодлоор шүүх хуралдааны дэг зөрчигдсөн гэж бодож байна. Хэрэгт огт хамааралгүй асуудлаар Т.Б үг хэлж, мэтгэлцэж, бараг сүүлдээ шүүх хуралдааныг Т.Б даргалаад ч байгаа юм шиг их сонин хурал болсон.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс:
1. Гуравдагч этгээд: Иргэн Т.Б миний газар эзэмших эрх, өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар ах дүү Ц.Ц, Ц.Цогтбаяр нар нэхэмжлэл гаргасан байна. Би 2003 онд ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөц, сургалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа Д.Г гэх хүнээс энэ газрыг худалдаж авсан. Тухайн үед энэ газрыг Д.Гаас худалдаж авахад газар эзэмших цагаан гэрчилгээ байсан. 8027/05 дугаартай гэрчилгээтэй байсан. Энэ гэрчилгээгээр улсын нэгдсэн бүртгэлийн тооллогын 19-д бүртгэгдсэн байсан гэх, бид хоёр тохиролцсны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаад энэ хүсэлтийн дагуу Дондог дарга Газрын албанд шилжүүлснээр ХУД-ийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжид нийцүүлэн миний нэр дээр гэрчилгээг олгосон гэжээ.
Хариу тайлбар: Т.Б нь огт үндэслэлгүйгээр худал хэлж байна. Учир нь, Д.Г агсан бидний газрыг хуульд заасан ямар журмаар өөрийн эзэмшилдээ авсан, мөн улсын нэгдсэн бүртгэлийн 19-д хэдэн оны хэдэн сарын хэдэнд орж, бүртгэлийн хуудас авсан баримт нь хавтаст хэрэгт одоо ч байхгүй, нэг хашааны газар тийм хол тоогоор мөн давхар бүртгэгдэнэ гэж байхгүй, архиваас үзээд ч олдохгүй учир нэг л бүртгэл байх ёстой. Хэрэв Т.Б нь дахин хуурамчаар баримт үйлдэхгүй л юм бол энэ хүний нэр дээр маргаж байгаа хашааны газар давхар бүртгэгдэнэ гэж байхгүй. Дээр хэлсэнчлэн манай гудамж 125-157 тоот хүртэл бүртгэгдснээс манай хашаа 147, парселийн дугаар 186283-186310 хүртэл бүртгэгдсэнээс манайх 186301 дугаарт бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан, зөвхөн тус хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар дээрх эрх шилжүүлэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр болно. Үүнд Дондог дарга хамаарахгүй. Та аль 2004 оны 01 дүгээр сарын 19-нд гэрчилгээгээ хууль бусаар авчихсан байгаа, мөн гэр бүлийн хэрэгцээндээ өмчлөлөөр бидний газрыг 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдөр маш хурдан, 14 хоногийн дотор Нийслэлээс захирамж гаргуулаад бас өмчлөлдөө авчихсан. Мөн ХУД-ийн Засаг даргын 96 дугаар захирамж, 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарсан захирамж шүү. Т.Б нь бидний гаргасан нэхэмжлэл, өргөдөл, гомдол болгоноос санаа авч, алдаагаа засаж, нөгөө хуурмаг ажлаа хугацаа хожих гэж хийдэг хүн.
2. Гуравдагч этгээд Т.Б хэлэхдээ: 2006 оноос хойш Д.Гын ээж Должинсүрэн гуай ирсэн. Жил болгон ирж түлээ, нүүрс болон орон сууц шийдвэрлэж өгөхийг гуйдаг байсан. Гэтэл эднийх 2 удаа орон сууцны асуудал манайхаас шийдвэрлүүлсэн байсан учраас дотоод журамд заасны дагуу нэмж шийдвэрлүүлэх боломжгүй гэж хариу өгдөг байсан гээд бөөн зүйл ярьжээ.
Хариу тайлбар: Д.Гын ээж гэж тэмдэглэл хөтөлсөн нь нарийн бичгийн буруу сонссон алдаа байж магадгүй, та бол Д.Г агсныг сайн мэдэж байгаа, гэрчээр худал мэдүүлэг өгсөн, төрсөн ах нь бас таны удирдлага доор ажиллаж байсан, одоо ч таниас тэтгэмж аваад явж байгаа байх. Миний ээж жил болгон түлээ, нүүрсний тусламж гуйх эрхтэй. Учир нь, ИНЕГ-аас тэтгэвэрт гарсан ахмадуудаа /гэр хороололд амьдардаг ахмадууддаа түлээ, нүүрсний тусламж гэж өгдөг байсан, одоо ч өгч байгаа, орон сууцанд амьдардаг ахмадууд жил болгон мөнгөн тусламж өгдөг/ үүнийг таниас гуйгаагүй, нэгдсэн журмаар байгууллагаас харж өгдөг болохоор авах юмаа л авдаг, харин та өгөхгүй, их хориг тавьсан, эрх мэдэл, албан тушаалаа ч ашиглаж чадсан гарын үсэг зурдаг хүнийх нь нэг шүү дээ. Миний ээж Иргэний нисэхийн салбарт 45 жил үр бүтээлтэй ажилласан гавьяатай хүн, тэтгэвэрт гарахаасаа өмнө орон сууц хүссэн өргөдөл өгөөд шийдэж өгөөгүй, Төрийн албаны хуулийн дагуу тэтгэвэрт гарсан бай орон сууц хүссэн өргөдлийг нь шийдэж өгөх ёстой, энэ дагуу тухайн үед ажил хариуцаж байсан эрх мэдэлтэн тань дээр миний ээж орж, гаргасан өргөдлөө шийдүүлэх гэж орсон болохоос биш, таниас орон сууц гуйгаагүй гэдгийг хэлье. Үүнд та бас л саад болсон. Дээр бичсэнчлэн манайх 1983 онд л орон сууц авсан, одоо тэр орон сууцанд нь манай дүү Ц.Цогтбаяр амьдарч байна, оронд нь таны луйвардаж авсан хашааг барьж өгсөн юм шүү. Шүүхэд хандаж гомдлоо хэлэхэд яагаад Т.Б нь шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн шиг хэрэгт огт хамааралгүй зүйл ярьж болдог, түүнийг шүүх сонсож байдаг, бид яагаад болохгүй гэж, бид адил эрхтэй хүмүүс гэж ойлгож байна. Энэ хүн хэрэгт холбогдолгүй элдвийн зүйл яриад л байдаг, шүүх сонсоод бидэнд худал хэлж байна гээд хэлсэн үгэнд нь няцаалт өгөх боломж олгохгүй, бүр сүүлдээ энэ асуудал зөвхөн газартай холбоогүй, бүлэглэж орон сууцны асуудлаа шийдвэрлүүлж сурсан хүмүүс гэж гүтгэнэ, шүүх сонсоод сууна, шүүхэд би давхар хүсэлт тавьж байна. Манай гэр бүлээс хэн хэн нь хэдэн оны хэдэнд Т.Баар орон сууцны асуудлаа шийдүүлж, хаана ямар байр авсныг тогтоолгомоор байна. Би хууль мэдэхгүй. Т.Б хүн гүтгээд сурсан мэргэжлийн луйварчин. Саяхан Монгол Улсад Нисэх хүчин байгууллагдсаны 90 жилийн ой 05 дугаар сарын 25-нд болоход нисэхийн ахмадын зөвлөлөөс миний ээжийг ИНЕГ-ын хүндэт тэмдгээр шагнуулахаар тодорхойлсон байсныг Т.Б нь гарын үсэг зурахаас татгалзаж, бусдадаа нөлөөлөн, уг шагналыг ээжид минь олгоогүй, өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг бүрэн эдэлдэг ийм муухай хүн. Миний ээж уг нь Т.Баас биш ИНЕГ-аас авч байгаа тодорхойлолтон дээр гарын үсэг зурдаг гол хүн Захиргаа удирдлагын газрын дарга Т.Б байсных.
Уг тэмдгийн гол ач холбогдол нь 2 билүү 3 жилд өөрийн гадаадын хүссэн орон руу ирж очихдоо үнэ төлбөргүй, мөн эх орондоо жил болгон хүссэн аймаг руугаа ирж очихдоо үнэ төлбөргүй онгоцоор нисэж байдагт байгаа юм. Үүнийг Т.Б болиулж чадсан. Шүүх хуралдаан дээр Т.Б нь ийм балай юмнууд яриад зогсож байсан, миний бие хариу тайлбар өгч чадаагүй болоод гомдлоороо дамжуулан энэ хүний хувийн байдал зан чанарыг үнэнээр нь хэлж хариу тайлбар бичлээ.
3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Морингийн даваанд байрлах газрыг Д.Гаас Т.Б худалдаж авсан болох нь нотлогдож байна. Д.Г, Т.Б хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээд Д.Г нь авчихсан байдаг. Д.Гын 1999 оноос хойш амьдарч байсан байрыг Ц.Цд өгч, зөрүүд нь хашаагаа өгсөн гэж холбогдон гарч ирж байгаа тайлбарууд.
Хариу тайлбар: Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн шүүх хурал дээр хэлсэн тайлбарууд нь ямар нэгэн байдлаар хавтаст хэрэгт байгаа материалуудад батлагдаж нотлогдсон зүйл байхгүй, өмгөөлөгчийн хэлсэн зарим үгнүүд ямар ч утга авцалдаагүй ойлгомжгүй байна.
Дээрх байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэн, нэхэмжлэгч, хариуцагч нартай мэтгэлцэж, асуулт тавьж, хариулт авах боломж олгоогүй, хууль бус шийдвэр гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Ц.Ц нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 96 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Т.Бд захирамжгүйгээр газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамжуудын Т.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2003 оны 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгасан тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамж гарсан байна.
Дээрх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотын 572 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар Д.Гт эзэмшүүлж,дүүргийн Засаг дарга 8027/05278 дугаартай гэрчилгээг олгожээ.
Улмаар Д.Г нь дээрх эзэмшил газрыг Т.Б-ын эзэмшилд шилжүүлэх тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Газрын албанд гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар захирамж болон иргэн Д.Гын Газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн 3027/05278 дугаар гэрчилгээгээр маргаан бүхий Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотын 572 м.кв газрыг Т.Бд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээд, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
Мөн дээр дурдсан гэрчилгээг үндэслэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотын 572 м.кв газрыг Т.Бд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр гарсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр захирамж, Т.Б-ын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ...гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл-ийг үндэслэн түүнд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/462 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгч Ц.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлдээ 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас гэсэн нотлох баримтыг хавсаргаж, маргаан бүхий газар дээр 1999 оноос хашаа хатгасан, 2002-2003 онд анх удаа эдлэн газрын улсын анхны тоо бүртгэл явагдахад миний бие уг хашаа болон газрыг өөрийн нэр дээр бүртгүүлж, албан ёсны баталгаажуулалт хийлгэж авсан. 2003 онд кадастрын зураглал ба газрын төслийн хүрээнд анхны кадастрын зургаа хийлгүүлсэн гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүхээс газрын хувийн хэрэгт хийсэн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр Ц.Ц /мөн Ц.Цогтбаяр/ нь уг маргаан бүхий газрыг анх эзэмшихээр хүсэлт гаргасан болон тухайн газрыг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байсан гэдэг нь тогтоогдоогүйн зэрэгцээ тус Газрын алба түүний өргөдлийг нь шийдвэрлээгүй орхигдуулсан гэх зүйл баримтаар нотлогдоогүй болно.
Тиймээс газар эзэмших эрх, зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн Т.Б-ын эрхээс, нэхэмжлэгчийг зөвхөн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас гэсэн нотлох баримтаар давуу эрхтэй гэж үзэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн зарчимд нийцэхгүй байна.
Тодруулбал, дээрх дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Ц.Ц-ийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр Ц.Ц нь 1999 он болон 2002 оноос хойш одоог хүртэлх хугацаанд газрын асуудал эрхэлсэн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 4 дүгээр гудамж, 147 тоотын 572 м.кв газрыг эзэмших, өмчлөх талаар хүсэлт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байгаа нь түүнийг уг маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхгүй болохыг нотлож байна.
Иймд, Т.Бд газар эзэмшүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарынсарын 26-ны өдрийн 418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР