Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1888

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01754 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Наранцэцэгт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 066 339 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Даваасүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Амгаланбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Наранцэцэгтэй 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах MGL буюу хуучнаар Монгол караокены 265 м.кв талбайн тохижилт болох 10 вип өрөөний бүтэц зохион байгуулалт иж бүрэн тоног төхөөрөмж, агааржуулалт, камерын систем, коридорын тохижилт, гэрэлтүүлэг, хаяг реклам, үүдний хэсэг, камерын өрөөний тохижилт, гаднах талбайн тохижилт, аюулгүй байдал иж бүрэн камержилт, хаяг, реклам гэрэл гэх мэт өртөг шингэсэн биет зүйлсийг үзэж харан харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээг Б.Наранцэцэг өөрийн гараар бичиж гэрээ байгуулан гарын үсэг зурсан билээ. 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 25 933 661 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 14 066 339 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгч дуусгана гэсэн боловч өгөх хугацаандаа өгөхгүй зугтааж, утсаа авахгүй уулзахгүй хариу мессеж өгөхгүй байсаар нэг уулзтал мөнгийг чинь өгч чадахгүй шүүхдээ өг гэсэн. Үлдэгдэл мөнгөө авах гэж өдий хүртэл хүлээж хөөцөлдсөн боловч авч чадахгүй байгаа тул хариуцагч Б.Наранцэцэгээс үлдэгдэл 14 066 339 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ 14 066 339 төгрөгөөс 2015 оны 9 дүгээр сард төлөгдсөн 6 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг хасч тооцон 13 066 339 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нар хариу тайлбартаа: Л.Даваасүрэнгээс 40 000 000 төгрөгөөр караоке худалдаж авахаар болсон. Үүний 30 000 000 төгрөг тохижилт, 10 000 000 төгрөг тусгай зөвшөөрөл гэж хэлсэн. Яагаад гэвэл биет хөрөнгө нь 40 000 000 төгрөг хүрэхгүй байсан. Нотариат ороод гэрээгээ баталгаажуулъя гэсэн боловч тусгай зөвшөөрөл нь өөр хүний нэр дээр тухайн тоног төхөөрөмж нь 30 000 000 төгрөгт хүрч байгаа гэдгээ батлах ёстой гэсэн тул баталгаажуулж чадаагүй. Нийт банкны баримтаар 27 100 000 төгрөгийг өгсөн үлдсэн 2 900 000 төгрөгийг бэлнээр өгөөд 30 000 000 төгрөг болсон. Тусгай зөвшөөрлийн 10 000 000 төгрөгийг бид өгөхгүй гэж бодож байгаад нэхээд байхаар нь 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүн 6 000 000 төгрөгийг миний барьцааны мөнгө гээд байгаа. Барьцааны мөнгийг Болормаа гэдэг хүний данс руу тусдаа шилжүүлсэн баримт байгаа. Хоёр караокег нэг тусгай зөвшөөрлөөр ажиллуулах боломжгүй байсан. Цагдаа нар болохгүй гээд байдаг. Тэгээд бас тусгай зөвшөөрөл нь эх хувиараа караоке дээр байх ёстой тул эдний тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй байсан. Хажуу тал тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаад хураалгавал бид хохироод үлдвэл яах вэ гэхээр тийм юм болохгүй, би хариуцна гэсэн яриа нь утасны бичлэгт байгаа. Цагдаа ирэх болгонд л энэ хүн рүү утасдаад байх боломжгүй байсан тул тусгай зөвшөөрөл гаргуулсан. Энэ хүн зурагт, микорофон, нойл авч өгнө гээд авч өгөөгүй. Энэ нь 3 000 000 төгрөг, мөн зурагт, микрофон, суултуур авсан мөнгө нь 1 000 000 гаруй төгрөг болсон. Үлдэгдэл 4 000 000 төгрөгт би тусгай зөвшөөрөл, зурагт, нойл авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наранцэцэгээс 3 896 339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 170 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранцэцэгээс 77 291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Бишрэлт пропертиз энд констракшн” ХХК-ийн дансанд миний байршуулсан түрээсийн барьцааны 5 204 000 төгрөгийг Б.Нарантуяа нь өөрийн нэр дээр дансаар нь шилжүүлж авчихаад уг мөнгийг надад 2015 оны 9 дүгээр сарын 25-нд шилжүүлэхдээ 2015 оны 9 дүгээр сарын 17-нд төлөх байсан 4 066 339 төгрөгийг цуг нэмээд 9 270 339 төгрөг шилжүүлэх байсан боловч 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэлэхдээ барьцааны мөнгө чинь шүү илүү 796 000 төгрөгийг нь үндсэн төлбөр болох 14 066 339 төгрөгөөс хасч байгаарай гэж хэлчихээд төлбөрийн баримтандаа тохижилт тусгай зөвшөөрөлийн үнэ гэж бичсэнээ надад хэлж үзүүлээгүй ба тэр надаас шилжүүлж авсан барьцааны мөнгөөр түрээсээ төлөн хааж гэрээгээ цуцалсан байгаа юм. Шилжүүлсэн 6 000 000 төгрөгнөөс би барьцааныхаа мөнгийг авсан гэж бодож явтал анхны шүүх хурал дээр гэнэт барьцааны мөнгө биш үндсэн төлбөрийн төлөлт байсан гэсэн. Ингээд би “Бишрэлт” ХХК-ийн санхүүтэй уулзтал Л.Даваасүрэн нь Б.Наранцэцэгт түрээсийн барьцаа болох 5 204 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн гэсэн бичиг, мөн уг шилжүүлсэн мөнгийг Б.Нарантуяа нь захиран зарцуулж түрээсээ хааж, гэрээгээ цуцалсан болохыг харуулсан санхүүгын тайланг гаргаж өгсөн.. Асуудлыг зөв шударга шүүхийн тулд авч болох бүх арга хэмжээг авах ёстой шүүгч наад захын энэ жижиг үйлдлийг хийгээгүй нь эсрэг талын эрх ашгыг хэт хамгаалсан үйлдэл шийдвэр боллоо гэж үзэж байна. 2. Би Б.Наранцэцэгт караокены зөвхөн тохижилт зарсан худалдах, худалдан авах гэрээнд тохижилт зарсан гэж тодорхой заасан байгаа. Тохижилт гэдэгт 10 өрөөний тоног төхөөрөмж, сандал ширээ, буйдан, гэрэл гэрэлтүүлэг, камер, хаалга, засал чимэглэл, хаяг реклам, загвар дизайн, лангуу тавиур, дагалдах мөсний машин, аяга, хундага гэх мэт үл хөдлөх хөрөнгө тусгай зөвшөөрлөөс бусад бүх биет зүйлс багтана. Тусгай зөвшөөрлийг нэр шилжүүлэхгүйгээр ашиглуулна харин хугацаа нь дууссаны дараа сунгуулж ингэхдээ өөрсдийн нэр дээр шилжүүлж авч болно гэсэн заалт гэрээний 4-т байгаа. Гэтэл Б.Наранцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 04-нөөс 10 дугаар сарын 31 хүртэл 2 cap ямар ч хэл амгүй энэ тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байсан ба надад нэг ч удаа амаар болон бичигээр тусгай зөвшөөрөлгүй ажиллаж болохгүй байна тусгай зөвшөөрлөө ашиглая эсвэл шилжүүлж авъя гэж хэлж байгаагүй. Учир нь тусгай зөвшөөрлийг өнгөтөөр канондоод караокед байршуулан ашиглаж байсан. Тэгээд ч дүүрэг нийслэлийн бүх цагдаа хяналтын байгууллагууд Монгол караокег яг байршил үйл ажиллагааг нь заасан тусгай зөвшөөрөлтэй гэдгийг мэддэг байсан болохоор ямарч асуудалгүй ажиллуулдаг байсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 31-нд надад хэлэлгүйгээр өөрсдөө тусгай зөвшөөрөл гаргуулангуутаа тусгай зөвшөөрөл ашиглахгүй шилжүүлж авмааргүй байна. Тусгай зөвшөөрлийг чинь ашиглахгүй юм чинь үнээсээ хасаачээ гээд эхэлсэн. Учир ийм байтал шүүгч тусгай зөвшөөрлөө ашиглуулаагүй шилжүүлээгүй байна гэж үзсэн. Энэ 2 сарын хугацаанд манай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж түрээсээ төлөн цагдаа болон дүүргийн газраас ямар ч торгууль шийтгэл авалгүй ажиллаж ашиг олж байсныг тодруулаагүй шалгаагүй. Зүгээр л хариуцагчийн үгээр маргаантай асуудалд хандаж хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс тусгай зөвшөөрлийн үнэ гэж 2 250 000 төгрөг хассан. Гэрээ дээр тусгай зөвшөөрлийн үнэ өртөг гэж ерөөсөө байхгүй ганцхан тохижилтын үнэ гэж л байгаа. Тэгээд ч Б.Наранцэцэг нь өөртөө тусгай зөвшөөрөл гаргатлаа манай тусгай зөвшөөрлийг ямарч асуудалгүй ашиглаж байсан нь бидний хооронд ярьсан утасны хэд хэдэн бичлэгэнд тусгай зөвшөөрлийн талаар ямарч гомдол санал ерөөсөө дурдагдахгүй байгаагаас харагдаж нотлогдож байгаа юм. Иймээс 2 250 000 төгрөгийг тохижилтын үнээс хасдаг нь буруу гэж үзэж байна. Би тусгай зөвшөөрлийн үнийг төлнө гэсэн үүрэг гэрээнд хүлээгээгүй. Миний шүүхэд өгсөн хариуцагч бидний хооронд болж байсан яриа бичлэгийг би си ди дээр буулган шүүхэд нотлох баримтаар өгсөн ба уг бичлэг яриаг бэхжүүлж цаасан дээр буулгахдаа шүүгчийн туслах Батцэнгэл нь хэрэгтэй гол гол зүйлүүдийг хасаж утга агууламжийн хувьд маш алдаатай бичиж өгсөн зүйлийг өгөөгүй болгож, хэлээгүй үгийг хэлсэн болгож санаатайгаар алдаа гаргасан нь энэ маргаантай асуудлыг бүхэлд нь миний эсрэг болгоход хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Уг үзлэг хийсэн тэмдэглэлийг би уншиж үзээд энэ алдаатай буруу бичсэн байна гол гол үнэн юмнууд нь алга байна, би хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зурахгүй гэхэд та ядаж сонсож байхад нь байлцсан нь үнэн гээд зурчих гэхээр нь би байлцсан гэж бичсэн. Гэтэл уг тэмдэглэлийг шүүх дээр тэр чигээр нь ашиглаж худлаа бичигдсэн би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн миний үгийг хүлээж аваагүй. Үүнд си ди дээр бичигдсэн бичлэгүүдийн он, cap өдрийг Б.Наранцэцэг нь тодорхойлох боломжгүй гэж хэлсэнээр шүүгч үзсэн. Cap, өдөр нь бичигдсэн өдрөөрөө байгааг үнэн гэж үзэхгүй байгаа бол ядаж яригдаж байгаа зүйлийн утгаар нь хугацааг хангалттай тодорхойлж болохоор байсаныг тодорхойлох гэж оролдоогүй. Уг бичлэгээр Б.Наранцэцэгийн “Бишрэлт” ХХК-тай байгуулсан гэрээ нь яг энэ үдээс өмнө байгуулагдсан байгаагаас энэ яриа энэ өдөр яригдсан гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн 9 дүгээр сарын 17-нд өгнө гэж банкин дээр очин хуурч бичүүлчихээд өгөөгүй мөртлөө шүүхэд өгсөн гэж гүжирдсэн 4 066 339 төгрөг яг дүнгээрээ энэ өдөр яригдаж байгаа нь 9 дүгээр сарын 17-нд уг мөнгийг өгөөгүй гүжирдсэн болох нь нотлогдож байгаа. Тэгээд ч уг мөнгийг надаар хуурч бичүүлсэн бичигнээс өөр ямарч баримт гаргаж өгөөгүй. Банкин дээр очно гэдэг чинь бэлэн мөнгө өгөх гээгүй банкнаас мөнгө гаргаж өгөх гэсэн учраас очсон. Си ди дээр бичигдсэн зарим нэг яриаг орхигдуулж утга санааг өөрчилсөн. Бичлэг Нараа бид 3-ын гэрээ хийсэн яриа 2015 оны 9 дүгээр сарын 04 гэсэн бичлэг дээр би микрофонуудаа бүгдийг нь болгочихсон 00-оо авчираад тавьчихсан байгаа гэсэн яриаг тэр чигт нь орхисон нь хариуцагч эдгээрийг аваагүй гэж мэлзэхэд хүргэсэн ба намайг 00 авч өгөөгүй микрофон өгөөгүй болгож харагдуулсан. Дээрээс нь би эдгээрийн худалдаж авсан баримтуудыг өгсөөр байтал хариуцагч тал нь хүлээж аваагүй гэж гэж гүтгэхэд шүүгч хариуцагчийн үгээр өгөөгүй гэж үзэн баримтуудыг үгүйсгэсэн мөртлөө хариуцагчын худалдаж авсан гэх яг адилхан баримтуудыг үнэлж 1 920 000 төгрөгийг гэрээний үүргийн дүнгээс бас л хассан. Иймд анхан шатны шүүх хурал дээр хэлэлцэгдсэн си ди-г дахин сонсож нотлох баримтын хувьд бодитой авч үзэх бас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг бүрэн шинжилж зөв үнэлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

   Нэхэмжлэгч Л.Даваасүрэн нь хариуцагч Б.Наранцэцэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 066 339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Л.Даваасүрэн нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны найрамдлын ордны зүүн хойд хэсэгт байрлах Монгол караокены тохижилтыг шилжүүлэн өгөх, худалдан авагч Б.Наранцэцэг нь 40 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

 

  Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Гэвч худалдах, худалдан авах гэрээний харилцаатай холбоотой хуулийн золхицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх боловч давж заладах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

  Талууд худалдах, худалдан авах гэрээний зүйлийг караокены тохижилт гэсэн агуулгаар тодорхойлсон байна. Гэрээнд караоке ажиллуулах тусгай зөвшөөрлийн  хугацаа дууссан тохиолдолд худалдан авагч тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцжээ. Үүнийг талуудын хоорондын гэрээний зүйл тусгай зөвшөөрөл байсан гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагч дахин караоке ажиллуулах тусгай зөвшөөрөл авсан  байгааг Иргэний хуулийн  254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан гэрээний үнийг бууруулах үндэслэл гэж үзэхгүй.

 

   Хэрэгт авагдсан баримтаар худалдагчийг гэрээнд заасан караокены  тохижилт ашиглах боломжгүй, биет байдлын эсхүл эрхийн доголдолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэж тусгай зөвшөөрлийн үнэ 2 250 000 төгрөгийг гэрээний дагуу төлөх ёстой үнээс хасаж тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

  Талууд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 14 066 339 төгрөг байгаа талаар тодорхой заан, гарын үсгээ  зурсан баримт хэрэгт байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагчаас 6 000 000 төгрөг авсан талаар тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь хэрэг маргааны үйл баримтад хамаарах нотолгооны хэрэгсэлд тооцогдоно. Иймд дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэхэд хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг төлсөн гэж үзэж, хариуцагчаас /14 066 339 – 6 000 000 = 8 066 339/ 8 066 339 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй болно.  

 

  Нэхэмжлэгчээс дээрх 6 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөг нь гэрээний үнэд төлөгдөж, 5 000 000 төгрөг нь барьцаа төлбөрт тооцогдсон гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээнд “Б.Наранцэцэг нь  Бишрэлт ХХК-ийн түрээсийн менежер н.Болормаад  түрээсийн барьцаа 5 860 000 төгрөг шилжүүлэх” талаар тохиролцсон байна. Гэвч энэ нь хариуцагч Б.Наранцэцэгийн бусадтай  байгуулсан түрээсийн гэрээний барьцааны төлбөрийг төлөх талаарх тохиролцоо болохоос худалдах, худалдан авах гэрээний үнэд шууд хамааралтай гэж үзэхэд учир дутагдалтай.

 

Иймд нэхэмжлэгчийн өмнө нь бусадтай байгуулсан түрээсийн гэрээ дууссантай холбоотойгоор түүний төлсөн барьцааны зүйлийг бусад гуравдагч этгээд буюу Бишрэлт ХХК-иас буцаан төлөөгүй байгаатай холбон нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй байна. Түүнээс гадна энэ нь хэргийн үйл баримттай шууд хамааралтай биш буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тохижилт, эд хөрөнгө  худалдсан үнийг шаардсан тул хариуцагч Б.Наранцэцэгийн бусдад төлсөн мөнгийг гэрээний үүргээс суутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Талууд гэрээнд 00-ын суултуур,  микрофон, телевизор зэргийг нэмж авч өгөх талаар заасан байх боловч эдгээр эд зүйлийн  үнэ, тоо хэмжээний талаар тодорхой тохиролцоогүй байна. Хэдийгээр худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар бүрдэл дутуу эд хөрөнгийг хүлээн авсан бол уг үнийн дүнтэй тооцуулж үнийг буцаан шаардах эрхтэй. Гэвч хариуцагч эд зүйлийн үнэ 1 920 000 төгрөгийн хэмжээнд үнэ буурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Хэрэгт 00-ын суултуур, микрофон, телевизор зэргийг худалдсан авсан гэх зарлагын баримт байгаа боловч энэ нь гэрээнд заасан эд зүйлийн тоо, хэмжээ дутуу байгаатай холбоотойгоор авсан гэх нөхцөл байдлыг шууд нотлох баримт гэж үзэхгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2017/01754 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 3 896 339 төгрөг ...” гэснийг “8 066 339 төгрөг” гэж, “... 9 170 000 төгрөг ...” гэснийг “5 000 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “... 77 291 төгрөг ...” гэснийг “144 011 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81 670 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.БАЙГАЛМАА          

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ