Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00314

 

А-Ү ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00711 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаар магадлалтай,

А-Ү ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

М.С-, С.О- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 62.940.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.У, өмгөөлөгч Б.Б, хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, өмгөөлөгч Ш.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А-Ү ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...М.С нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 16/65 тоот зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар бизнесийн зориулалтаар авсан. Хоршооны зүгээс гишүүндээ зээлээ төлж барагдуулах боломж олгосон боловч төлөлт хийгдээгүй. Үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 16.500.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 3.300.000 төгрөг нийт 49.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зээлийн хүүг 27.450.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 5.490.000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 62.940.000 төгрөг гаргуулна. Хариуцагч нар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 8 дугаар байрны 8 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 19 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан бөгөөд уг барьцааны зүйл нь хоршооны гишүүн М.С-, Т.Цэлмэг нарын өмчлөлтэй, өмчлөх эрхийн ГД:000108095, Ү-2204004971 улсын бүртгэлийн гэрчилгээтэй юм. Иймд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.С-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 30.000.000 төгрөгийг авах гэрээнд гарын үсэг зурсан боловч тухайн үед урьд авсан зээлийн гэрээний барьцааг сунгаж байгаа мэтээр ойлгуулж, гарын үсэг зуруулж авсан бөгөөд уг 30.000.000 төгрөгийг хүлээн аваагүй. Мөн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн зээлийг огт төлөөгүй байхад надад нэг ч удаа энэ тухай мэдэгдэхгүй байж байгаад гэнэт шүүхэд хандсаныг нь ойлгохгүй байна. Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээл гэсэн утгаар 5024465850 данс руу 24.000.000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг дансыг миний бие эзэмшдэггүй бөгөөд уг дансаар огт мөнгө хүлээн аваагүй. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 6.000.000 төгрөг зээл нэрээр бэлнээр хүлээн авсан зарлагын ордер байх боловч мөн хүлээн аваагүй. н.Саранбилэг гэх бичиг нь миний гарын үсэг биш. Гэнэт ийм их өрөнд орсондоо гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Хариуцагч М.С-, түүний нөхөр н.Тулаабаатар, охин н.Цэлмэг нарт тэдний хүсэлтээр удаа дараа мөнгө зээлүүлдэг байсан. Учир нь бид худ ураг болох гэж байсан. Миний хүү 2010 оны намар Т.Цэлмэгтэй танилцаж, улмаар Т.Цэлмэгтэй АНУ-д суралцахаар болж визний ярилцлагад хамтдаа бэлтгэсэн нь амжилттай болж, АНУ-д 2011 оны 9 дүгээр сараас эхлэн суралцах болж зайлшгүй хэрэгцээний зардал би төлж, суралцаж байх хугацаанд байнга тусламж үзүүлж байсан. Үүнийг М.С-, н.Тулаабаатар нар ч мэднэ. С.О- би хувь бизнес эрхлэгч бөгөөд өөрийн компанийг хөл дээр босгох гэж 2007 оны 8-р сараас эхлэн хувь хүмүүсээс дунджаар 5 хувийн хүүтэй зээл авч, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэн ажиллаж байгаад зээлийн хүүг бууруулах явдлыг эрхэмлэн 2008 оны намраас эхлэн А-Ү ХЗХ-ноос 4,5 хувийн хүүтэй зээл авч эхэлсэн. Одоог хүртэл энэ хоршооноос зээл авч, үйлдвэрлэлийн санхүүгийн эх үүсвэрээ ханган ажилладаг. Зээлээ хугацаандаа хариуцлагатайгаар төлдөг байсныг минь хоршооноос урамшуулж, зээлийн хүүг шат дараалан бууруулсаар 2014 оноос хойш одоог хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээл олгодог болсон. Т.Цэлмэг 2011 оны 7 дугаар сараас эхлэн надаас аав, ээждээ зээл авч өгөхийг хүсэж, улмаар аав н.Тулаабаатарыг танилцуулан анх 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр би н.Тулаабаатар, Т.Цэлмэг хоёрын хүсэлтийн дагуу зээл, зээлийн хүүг тэд зөвшөөрснөөр А-Ү ХЗХ-ноос зээлсэн 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлээсээ 7.000.000 төгрөгийг зээлүүлсэн. Үүнээс хойш надаар дамжуулж М.С-, н.Тулаабаатар нар нь хэд хэдэн удаа зээл авахуулж байсан. н.Тулаабаатар, М.С- нараас зээлүүлсэн зээлээ хүүгийн хамт төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч бас л ...мөнгөний бололцоо муу байгаагаа учирлаад охинтойгоо ярилцлаа, чи манай байрыг барьцаанд тавиад зээл аваад хэрэглэж байгаач, авсан зээлээс бидэнд тооцохыгоо өөрсдөө төлнө гэснээр анх 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр тэдний байрыг А-Ү ХЗХ-ны зээлийн барьцаанд тавьж зээл авч байсан. Энэ зээлийг зээлийн хүүгийн хамт би бүрэн төлсөн. н.Тулаабаатар, М.С- нар өөрсдийн зээлсэн мөнгө, түүнд хамаарагдах хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй. М.С-ийн гэр бүлийнхнээс төлөх зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан тул Саранбилэгийн гэр бүлийнхэн зээлээ тэр үед төлж чадахгүй нөхцөл байдалтай байгаагаа хэлээд 2016 оны 5 дугаар сард миний бизнесээр зээл авахуулж надад төлөх зээлээ төлж барагдуулах, зээлийн барьцаанд 1 өрөө байраа тавих, зээл, зээлийн хүүгээ өөрсдөө төлж барагдуулах шийдвэр гаргаснаа надад мэдэгдсэнээр би ажлаа явуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс А-Ү ХЗХ-нд хүсэлт гаргасан. А-Ү ХЗХ нь байнгын орлоготой баталгаатай бизнестэй хүнд зээл олгодог учир би М.С-ийн зээлэнд хамтран зээлдэгчээр орсон. А-Ү ХЗХ-ноос миний хүсэлтийн дагуу зээлийн судалгаа явуулж, барьцаа хөрөнгөний хамтран эзэмшигч Т.Цэлмэгийн итгэмжлэл заавал хэрэгтэй гэснээр нь М.С-т хэлэхэд охинтойгоо ярилцаж, н.Цэлмэгийн итгэмжлэл ирснээр А-Ү ХЗХ-ноос 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөгийн зээлийг М.С-т олгосон. Энэ 3 хүнд итгээд өөрийнхөө бизнесээр А-Ү ХЗХ-ноос зээл авсан тул энэ хүмүүс зээлийн төлбөрөө хийхгүй байхаар нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд би нийт 4.806.000 төгрөгийн хүүг төлсөн. Үүнээс хойш санхүүгийн боломжгүйгээсээ шалтгаалаад хүүг нь төлж чадахаа больсон. Энэхүү зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгчээр үүргийг нь хангуулах нь зүйтэй. Би өөрийн авах ёстой мөнгөө л энэ хүмүүсээс авсан болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00711 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.С-, С.О- нараас 57 168 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-Ү ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 772 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг М.С-, Т.Цэлмэг нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204004971 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны 8 тоот хаягт байршилтай 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэгч А-Ү ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 895 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.С-, С.О- нараас 443 790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-Ү ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч, М.С-, С.О- нараас 57.168.000 төгрөгийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь М.С- нь А-Ү ХЗХ-той 2016 оны 06 сарын 03-ны өдөр байгуулсан 16/65 тоот зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг бэлнээр болон дансаар өөрөө авсан зүйл байхгүй, түүнийг хүлээн авах эрх, итгэмжлэлийг хариуцагч С.О-т өгөөгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд М.С-т зээлээс нэг ч төгрөг өгөөгүй гэдэгт талууд маргадаггүй. Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 /Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно/, мөн 451 дүгээр зүйлийн 451.1 /Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/-т, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэг талаас зээлдүүлэгч А-Ү хадгаламж зээлийн хоршоо, нөгөө талаас зээлдэгч М.С- нар гэж зааснаас гадна уг зээлийн гэрээний 3.2 /Зээлийг зөвхөн гэрээ байгуулсан Зээлдэгч /Иргэний үнэмлэх, гадаад паспорттай хүлээлгэн өгч баталгаажуулна/-т зааснаар зээлийн харилцаа үүсээгүй болохыг харуулна. Мөн А-Ү ХЗХ-д С.О-ийн гаргасан 2017 оны 03 сарын 28-ны өдрийн өргөдөлд зээлийг бизнесийн зориулалтаар авсан бөгөөд зээлийг хүүгийн хамт төлөхөө илэрхийлсэн өргөдөл, зээлийн хүү графикийн дагуу төлж байсан баримт байдаг. Харин хууль, гэрээний заалтын агуулгаас үзвэл зээлийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийг хүлээн авах эрхтэй цорын ганц субьект нь гагцхүү М.С- байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ зээлдэгчийг зөв тодорхойлоогүй. Бидний үзэж байгаагаар гэрээнд С.О- хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан нь зээлдэгч биш бөгөөд зээлийн эрсдэлийг бууруулах зорилготой болохоос мөнгө хүлээн авах эрх эдлэхгүй гэж үзэж байна. Хариуцагч М.С- зээлийн гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгийг хүлээн аваагүй, зээлийн гэрээнд хамтран гарын үсэг зурсан С.О- авч ашигласан тул би төлөх ёсгүй гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч С.О- гарын үсэг зурж, түүнд 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй гээд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т заасныг үндэслэл болгосон байна. Хамтран зээлдэгч гэдэг субьект нь тухайн зээлийг авсаны дараа зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд хадгаламж, зээлийн хоршоонд үүсэх эрсдэлийг бууруулах зорилготой оролцогч болохоос зээлийг хүлээн авах эрхгүй байх бөгөөд энэ талаар С.О-т ямар ч итгэмжлэл олгоогүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ч заагаагүй болно. Иймээс энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн долдугаар бүлэгт заасан төлөөллийн тухай зохицуулалтад нийцээгүй гэж бид үзэж байна. Түүнчлэн М.С- нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг өгөөгүй учир А-Ү хадгаламж зээлийн хоршоог шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн төлбөр төлөх талаар огт мэдээгүй байдаг. А-Ү ХЗХ-оос ч энэ талаар огт мэдэгдэж байгаагүйг дурьдах нь зүйтэй. Мөн М.С- нь А-Ү ХЗХ-ны гишүүн биш бөгөөд Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1.2-т зааснаар хориглосон үйл ажиллагаа явуулсан байна. Энэ дараах баримтуудаар нотлогдоно. Үүнд: М.С- нь Чингэлтэй дүүрэгт огт амьдардаггүй бөгөөд Халгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан нөхцөлийг хангадаггүй. Нэхэмжлэгч тайлбарлахдаа мөн хуулийн 19.3 /нэг аймаг, хот, дүүрэгт амьдардаг/-т заасан нөхцөлийг хангасан гэх боловч уг зохицуулалтад гагцхүү хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэхийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаас бусад тохиолдолд нэг дүүрэгт оршин байхыг хуулиар тогтоосон байна. Гэвч М.С- нь 2016 оны 06 сард Баянзүрх дүүрэгт амьдарч байсан нь хэрэгт авагдсан хорооны Засаг даргын тодорхойлолт болон бусад бичгийн баримтаас харж болно. Өөрөөр хэлбэл М.С- нь Баянзүрх дүүргийн оршин суугч, А-Ү ХЗХ нь Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан тул Хадгаламж. зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан шаардлагыг хангахгүй юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Монгол Улсад дүүрэгт хуваагдсан цорын ганц засаг захиргааны нэгж бол Улаанбаатар хот байх бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ХЗХ нь салбарынхаа хуульд зааснаар гагцхүү өөрийн оршин суугаа дүүрэгт л үйл ажиллагаа явуулахаар хуульчилсныг А-Ү ХЗХ зөрчин үйл ажиллагаа явуулжээ. Хоршооны гишүүнээр элссэн өргөдөл гаргасан эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд гишүүнээр элсэхээр гаргасан өргөдөлд гарын үсэг зурсан гэх боловч өргөдлийг өөрөө бичээгүй. Түүнчлэн хариуцагч С.О- хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад түүнийгээ ашигласан гэдэг. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гишүүнээр элсэх хувь хөрөнгийн доод хэмжээг огт нийлүүлээгүй бөгөөд энэ нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 6733 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 0000540 дугаартай “Орлогын ордер”-р мөнгө тушаасан баримтад зурсан гарын үсэг нь М.С-ийнхтэй тохирохгүй байх бөгөөд зээлийг 2016 оны 06 сарын 03-ны өдөр авсан байх боловч 2016 оны 06 сарын 10-ны өдөр гишүүнээр элсээгүй байсан байна. Дээрх баримтуудаас үзвэл А-Ү ХЗХ-ны үйл ажиллагааны Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар хориглосон гишүүн бус этгээдэд зээл олгосон, үйл ажиллагаа явуулсан байх тул талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 16/65 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, М.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А-Ү ХЗХ хариуцагч М.С-, С.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62.940.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, “зохигчийн хооронд 2016.06.03-ны өдөр байгуулагдсан 16/65 дугаартай зээлийн гэрээг үндэслэснийг, хариуцагч М.С- “...өмнөх зээлийн гэрээний барьцааг сунгаж байгаа мэтээр ойлгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг хүлээн аваагүй” гэж, хариуцагч С.О- “...гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө авсан талаар маргахгүй, харин мөнгийг М.С-, түүний нөхрийн хүсэлтээр зээл авсан, зээлийг би төлөхгүй” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 57.168.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулахыг Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заажээ.

А-Ү ХЗХ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 16/65 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээг нэг талаас А-Ү ХЗХ, нөгөө талаас М.С-, С.О- нар байгуулж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан талаар зохигч маргаагүй байна.

Гэрээгээр зээлдэгч нар нь 30.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 3 хувийн хүүг сар тутамд төлөх, хугацаа хэтрүүлбэл үндсэн зээлийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч С.О- хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

Зээлийн мөнгийг хүлээн аваагүй тул гэрээний дагуу үүрэг хүлээхгүй гэж хариуцагч М.С- нэхэмжлэлээс татгалзсан хэдий ч тэрээр С.О-тэй хамтран зээлдэгч, өөрөөр хэлбэл, хадгаламж зээлийн хоршооны өмнө хамтран үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч байх тул мөнгийг нэг үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгснөөр хоршоо зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дүгээр зүйлийн 242.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн мөнгийг М.С- төлнө гэх хариуцагч С.О-ийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч С.О- зээлийн хүүд 4.000.000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүх зээлийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 30.000.000 төгрөг, 2019.01.21-ний өдөр хүртэл үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүд 22.640.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.528.000 төгрөг нийт 57.168.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

Зохигчийн хооронд барьцааны гэрээ байгуулагдаж зээлдэгч нар М.С-, Т.Цэлмэг нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг барьцаалсан боловч уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүйгээс гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Иймээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөрчөөгүй байна.

Хамтран зээлдэгч С.О- 2012 оноос эхлэн тус хадгаламж зээлийн хоршооноос удаа дараа зээл авч байсан баримт хэрэгт авагдсан, тэрээр гишүүн биш гэж маргаагүй байна. Харин хариуцагч М.С- нь тус хоршоонд гишүүнээр элсээгүй гэж маргасан боловч энэ тайлбар үгүйсгэгдсэн, өөрөөр хэлбэл, М.С- гишүүнээр элсэх хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнийг хоршооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, гишүүнээр элсүүлсэн байх тул Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “хадгаламж зээлийн хоршоо нь ...зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй гэж үзлээ.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн “хадгаламж зээлийн хоршооны гишүүнчлэл” гэсэн Дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйлийн 19.3.3-т заасан зохицуулалт нь тухайн хоршооны гишүүдэд тавигдах шаардлагыг зохицуулснаас бус хуулийн этгээд буюу хоршооны үйл ажиллагаа явуулах байршил, гишүүдийн оршин суух газар нэг хот эсхүл нэг  дүүрэгт байхыг шаардсан агуулгагүй байна. Иймд “А-Ү ХЗХ Чингэлтэй дүүрэгт байрладаг атлаа Баянзүрх дүүргийн иргэнд зээл олгосон нь хууль зөрчсөн” тухай гомдол үндэслэл муутай байна.

Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/00711 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 806 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч М.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч М.С- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 443.790 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ