| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0108/И |
| Дугаар | 210 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 41-15 тоотод байрлах Сансоресурс ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо Цагийн аяс ХХК-д холбогдох
Нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд нийт 8119758 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4849348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн өмгөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сансоресурс ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр Цагийн Аяс ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Цэнгэлтэй 7850 тонн нүүрс нийлүүлэх гэрээг шивээ овоо боомтод хүлээлгэн өгөх нөхцлөөр байгуулсан. Уг гэрээгээр 0-300 мм-ийн хэмжээтэй, 2900 ккалориас дээш илчлэгтэй нүүрсийг нийлүүлэх, үүний хариуд 1 тонн бүрийг нь 21853 төгрөгөөр тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон болно. Гэрээний үргэлжлэх хугацаанд 179738468.50 төгрөгийн нийт 6424.5 тонн нүүрсийг хувиарын дагуу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас Сансоресурс ХХК-д хүргүүлсэн 2015 оны 7 дугаар сарын 20-ны 33/179 тоот албан бичиг болон Шивээ овоо ХК-ийн Санхүүгийн хэлтэстэй 2016 оны 11 сарын 18-ний өдөр тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан байна. Нийт 179738468.5 (нэг зуун далан есөн сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун жаран найман төгрөг таван мөнгө) төгрөгийг шилжүүлэх байснаас Цагийн аяс ХХК-ийн зүгээс хэсэгчлэн төлж байсан болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5-д тус тус зааснаар худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх ба тус алдангийн дүн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон байна. Мөн тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д гэрээ нь хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж тохиролцсон байна. Худалдан авагч тал 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр сүүлийн удаа 10000000 (арван сая) төгрөг төлсөнөөс хойш ямарч төлбөр төлөөгүй одоог хүртэл төлбөр хойшилсон байна. Худалдан авагч тал 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10 сая төгрөг шилжүүлсэнээс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 205 хоног өнгөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 6738468.00 (зургаан сая долоон зуун гучин найман мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгөөс талуудын тохиролцсоны дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцвол 1381290 нэг сая гурван зуун наян нэгэн мянга хоёр зуун ер) төгрөгийн алданги болж байна гэв.
Хариуцагч Цагийн аяс ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжин өмгөөлөгч С.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Цагийн аяс ХХК нь Сутай эрчим ХХК-тай нүүрс борлуулсаны дараа мөнгийг нь өгөх гэрээ хийсэн. Энэ нүүрсний борлуулалтаас 182700000 сая төгрөг Батлан хамгаалах яамны ЗХЖШтабаас одоог хүртэл авч амжаагүй. Гэвч 173000000 сая төгрөгийг төлсөн байгаа болно. Нийт 179738498.5 сая төгрөгийн борлуулалт хийсэн боловч нийт НӨАТ-ийн 17973849.5 сая төгрөгийг манай компанид төлөх ёстойгоос 14017604.7 сая төгрөгийн НӨАТ өгсөн, 3956244.8 сая төгрөгийн НӨАТ-ийг дутуу төлсөн учир нэхэмжилсэн 6738468 төгрөгийн үлдэгдлээс хасаад 2782223.2 сая төгрөгийг тодорхой хугацаанд төлөх болно. Уг компани нь Шивээ Овоо уурхайд сэлбэг нийлүүлсэн үнэ болох 179738468 сая төгрөгийг уурхайгаас авч чадахгүй байсан учир танил хүнээрээ дамжуулан манай компанийн уурхайд өгөх ёстой мөнгө болох 173000000 сая төгрөгийг уурхай өмнөөс энэ компанид өгсөн юм. Хэрэв би энэ мөнгийг энэ компанид өгөөгүй бол өнөөдрийг хүртэл Сутай эрчим ХХК нь уурхайгаас мөнгөө авч чадахгүй байх байсан. Алдангийг би хүлээн зөвшөөрөхгүй улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед манай компани нь 182700000 төгрөгийг тэр нүүрсний борлуулалтаас одоог хүртэл авч чадаагүй байгаа ч Сутай эрчим ХХК-ийн 173000000 сая төгрөгийг төлсөн байгаа гэв.
Хариуцагч Цагийн аяс ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь Сансоресурс ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 85 вагон 6240 тонн нүүрс худалдан авч, нүүрсний үнэ болон төмөр замын тээврийн зардалд 173000000 төгрөгийг Сансоресурс ХХК-д шилжүүлсэн. Манай компани нүүрсний үнэд 136362720 төгрөг, төмөр замын зардалд 39562400 төгрөг, нийт 175925120 төгрөг төлөх тооцоо гарч байна. Үүнээс 173000000 төгрөгийг төлөөд зогсоосон учир нь Сансоресурс ХХК манай компанид Нэмэгдсэн өртгийн албан татварын 12743164 төгрөгийн баримт олгоод, дахин баримт өгөөгүй буюу 17592512 -12743164=4849348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болж, энэ хэмжээгээр улсад татвар төлсөн. Иймд Сансоресурс ХХК-иас Цагийн аяс ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4849348 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Сансоресурс ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Цагийн аяс ХХК-д холбогдуулан 8119758 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Хариуцагчийн зүгээс манай компанид холбогдуулан 4849348 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу тайлбар гаргаж байна. Үүнд:Хариуцагч нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4849348 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сансоресурс ХХК манай компанид НӨАТ-ын 12743164 төгрөгийн баримт олгоод дахин баримт өгөөгүй буюу 17.592.512–12.743.164 = 4849348 төгрөгийн татварын өртэй болж улсад төлсөн учир нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа гэрээний нийт үнийн дүн 179738468.50 төгрөг бөгөөд хариуцагч үүнээс 173000000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 6738468 төгрөг, үүнд гэрээний алданги тооцож 1381290 нийт 8119758 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн НӨАТ-ын баримтын дүнг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүснэгтээр үзүүлбэл:Олгосон НӨАТ-ын баримтаар манай компани нийт 140176048 төгрөгийн баримт олгосон бөгөөд гэрээний нийт үнийн дүнгээс 179738468.50 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл 39562420 төгрөг буюу тээврийн зардлын төлбөр үлдэж байна. Талууд гэрээ байгуулан нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Батлан хамгаалах яамны харъяа байгууллагуудад тараасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-д Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу төмөр замын тээврийг Монгол улс нэмэгдсэн өртгийн албан татвар чөлөөлдөг болно. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан 3 дугаар зүйлийн 3.1-д энэхүү гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэсэн үүргийг худалдан авагч буюу хариуцагч Цагийн аяс ХХК хариуцах үүргийг хүлээсэн байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Сансоресурс ХХК нь хүлээн авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр НӨАТ-ын баримтыг бүрэн өгсөн, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар талуудын аль нэг нь төмөр замын тээвэрт НӨАТ төлөх үүрэг байхгүй буюу чөлөөлөгдөх ажил үйлчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой зардал (гэрээний 3.1), татварын асуудлыг худалдан авагч буюу Цагийн Аяс ХХК хариуцахаар (гэрээний 1.2) тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сансоресурс ХХК хариуцагч Цагийн аяс ХХК-д холбогдуулан нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 8119758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад хариуцагч Цагийн аяс ХХК 4849348 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж, Сансоресурс ХХК нь хүлээн авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр НӨАТ-ын баримтыг бүрэн өгсөн, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар талуудын аль нэг нь төмөр замын тээвэрт НӨАТ төлөх үүрэг байхгүй буюу чөлөөлөгдөх ажил үйлчилгээнд хамаарна, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой зардал, татварын асуудлыг худалдан авагч буюу Цагийн Аяс ХХК хариуцахаар тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч Цагийн аяс ХХК нь нүүрсний үнэд 136362720 төгрөг, төмөр замын зардалд 39562400 төгрөг, нийт 175925120 төгрөг төлөх тооцоо байна. Үүнээс 173000000 төгрөгийг төлөөд зогсоосон учир нь Сансоресурс ХХК манай компанид Нэмэгдсэн өртгийн албан татварын 12743164 төгрөгийн баримт олгож, дахин баримт өгөөгүй буюу 17592512-12743164=4849348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болж, улсад татвар төлсөн. Иймд Сансоресурс ХХК-иас Цагийн аяс ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4849348 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргана.
Сутай эрчим ХХК нь Цагийн аяс ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, Шивээ-Овоогийн орд газрын нүүрсэнд тогтоосон стандарт техникийн нөхцөлд тохирсон чанарын үзүүлэлттэй 0-300мм-н хэмжээтэй, 2900ккалориас дээш илчлэгтэй, 7850 тонн нүүрсийг 1 тонныг нь 21853 төгрөгөөр худалдан авагчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, Шивээ овоо өртөө нөхцлөөр байгуулсан гэрээний дагуу 95 вагон буюу 6414.5 тонн нүүрсийг Цагийн аяс ХХК-д нийлүүлсэн;
харин Цагийн аяс ХХК нь Сутай эрчим ХХК буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд Сансоресурс ХХК болгож нэрээ өөрчлөн бүртгүүлсэн уг компанид 173000000 төгрөгийг хүлээлгэж өгсөн үйл баримтад талууд маргаагүй.
Нэхэмжлэгч талаас шаардлагаа нотолж, Сансоресурс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ, нүүрс татан авах хуваарь, Шивээ-Овоо ХК болон Сансоресурс ХХК-ийн хоорондын 2014 оны 9, 10 дугаар сарын тооцоо Улаанбаатар Төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 33/179 дугаар албан бичиг зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн, Эндомед эмнэлгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгийн магадлагаа зэрэг баримтууд ирүүлсэн;
Хариуцагч талаас тайлбараа нотолж, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан тул үнэлэв.
Шүүх хэрэг маргааныг нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэдэг бөгөөд хариуцагч тал татгалзсан тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах үүрэгтэй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Сансоресурс ХХК болон хариуцагч Цагийн аяс ХХК-иуд нь 7850 тонн нүүрсийг 1 тонныг нь 21853 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч нүүрсийг хугацаанд нь нийлүүлж, хариуцагч худалдан авч буй нүүрсний үнийг төлсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Сансоресурс ХХК хариуцагчид 95 вагон буюу 6414.5 тонн нүүрсийг нийлүүлсэн, хариуцагч энэ нүүрсийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд нүүрсний үнэ 6414.5*21853=140176068.5 төгрөг, тээвэрлэлтийн зардал 39562400 төгрөг нийт 179738468.5 төгрөг болох нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Шивээ-Овоо ХК болон Сансоресурс ХХК-ийн тооцоо нийлсэн актаар нотлогдох ба уг мөнгөнөөс хариуцагч Цагийн аяс ХХК 173000000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 6738468.5 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Хариуцагч Цагийн аяс ХХК нь худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу хүлээн авсан нүүрсний үлдэх төлбөр 6738468.5 төгрөгийг төлөөгүй талаар тайлбарласан, мөн худалдах, худалдан авах гэрээний үлдэх төлбөр 6738468.5 төгрөг, гэрээний 2.4, 3.5-д тус тус зааснаар хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцоход нэхэмжлэгчийн тооцож буй 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэл шүүхэд ирсэн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 218 хоног байх ба 6738468,5*0,1%=6738,46*218хоног=1468984.28 төгрөг болж нийт 8207452.78 төгрөгийг нэхэмжлэгч Сансоресурс ХХК нь хариуцагч Цагийн аяс ХХК-иас шаардах эрхтэй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд 8119758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Цагийн аяс ХХК нь Сансоресурс ХХК-иас нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4849348 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12.-т зааснаар төмөр замын тээврийн үйлчилгээ нь төрийн байгууллагын үйлчилгээнд хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 3.1-д худалдан авагч нь энэ гэрээгээр тохиролцсон 7850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэж зааснаар хариуцагч Цагийн аяс ХХК тээвэрлэлттэй холбоотой үүргийг хүлээсэн байх тул нийлүүлсэн нүүрсний нийт үнэ 179738468.5 төгрөгөөс 95 вагон нүүрсний үнэ 140176068.5 төгрөгийг хасахад 39562400 төгрөг, энэ нь тээвэрлэлтийн зардал байх тул үүнд НӨАТ-ын баримт шаардах эрхгүй байна. Харин нэхэмжлэгч Сансоресурс ХХК гэрээний 1.2-т зааснаар нийлүүлсэн нүүрсний үнэ 140176068 төгрөгийн НӨАТ-ын баримтыг хариуцагч Цагийн аяс ХХК-д хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Цагийн аяс ХХК-иас 8119758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сансоресурс ХХК-д олгож, 4849348 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Сансоресурс ХХК-ийн захирал Д.Баярсайхан нь эмнэлэгт хэвтсэн, эмнэлгийн магадлагаатай учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хуульд зааснаар тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144890 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Цагийн аяс ХХК-иас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамж 144890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сансоресурс ХХК-д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1., 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, мөн хуулийн 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч Цагийн аяс ХХК-иас нүүрс нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтэд нийт 8119758 /найман сая нэг зуун арван есөн мянга долоон зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сансоресурс ХХК-д олгож, Цагийн аяс ХХК-ийн 4849348 /дөрвөн сая найман зуун дөчин есөн мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144890 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун ер/ төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94000 /ерэн дөрвөн мянга/ төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Цагийн аяс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 144890 /нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сансоресурс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмархүү нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ