| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0211/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/67 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/67
Дугаар 67 Номгон
Монгол Улсын нэрийн өмнөөс
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч Б.Гансүх,
түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн hурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гансүхэд холбогдох эрүүгийн 1814003480219 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй Боржигон овогт Батдоржийн Гансүх
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Гансүх нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Хүүш гэх газарт Д.Нямжаргалыг чулуу хэрэглэн зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч Б.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Тухайн үед би айлд очихдоо адуугаа хайгаад явж байсан болохоор архи уугаагүй байсан. Нямжаргал, Анхаа 2 гэрт байсан. Урьд өдөр нь Улаанбаатар хот яваад ирсэн гээд 2 литрийн савтай пиво гаргаж өгсөн. Тэр пивыг уугаад сууж байтал гаднаа Д.Баасанбат орж ирсэн. Бид 4 уугаад юм яриад сууж байсан. Гэтэл Д.Баасанбат намайг, манай эцэг эхийг хэл амаар доромжлоод байсан, тэгээд би Д.Баасанбатыг айлд хэрэлдэж муудалцаж яах юм хоёулаа гадаа гаръя гээд бид гараад Д.Баасанбаттай 2-3 удаа цохилцоод салсан.. Би чулуу авч хүн рүү шидсэн тийм зүйл болоогүй гэв. Шүүгдэгч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн Би Д.Нямжаргалыг цохиогүй. Тухайн үед Д.Баасанбат гэдэг хүнтэй маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-64/
Хохирогч Д.Нямжаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед би гэртээ гэрийн ажил хийгээд байж байхад гаднаас Б.Гансүх нь согтуу орж ирсэн. Манай ах Д.Баасанбатыг гарахгүй хэл амаар доромжлоод байсан. Би явмаар байна ардаа ажилтай гээд гарахад Б.Гансүх араас нь гараад хэрүүл өдсөөр байгаад барилцаж аваад хоорондоо ноцолдоод байхаар нь нөхөр бид хоёр голоор нь ороод салгах гэхэд Б.Гансүх нь гартаа барьсан чулуугаараа миний зүүн гарын чигчий хуруунд цохичихсон ... Би Б.Гансүхэд гар руу цохичихлоо гэхэд Б.Гансүх тоохгүй байсан. Тэгж байгаад нөхөртэйгээ хамт Б.Гансүхийн гэрт очоод гар өвдөөд байна гэтэл Б.Гансүх тоохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Б.Гансүхийн барьж байсан чулуу нь зангидсан гар шиг хэмжээний чулуу байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 15-17, 18- 20 /,
Гэрч Т.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ...би хонинд яваад ирэхэд Б.Гансүх согтуу Д.Нямжаргалынд ирсэн бололтой чанга чанга дуугараад юм яриад байх шиг байсан дуугаар нь би Б.Гансүх байна гэж таньсан, тухайн үед гэртээ байсан ба Д.Нямжаргалын гэрт ороогүй өөрийнхөө гэрт цай ууж байсан. Удалгүй Д.Баасанбат Б.Гансүх 2 орилолдоод зодоон хийх гээд барилцаад гарч байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад тэднийг салгасан. Намайг салгах гэж байхад гэрийн гадаа Д.Нямжаргал болон түүний нөхөр Мандах, Б.Гансүх нар байсан. Б.Гансүх, Баасанбат 2 барилцаж авсан байсан. Б.Гансүх, Д. Баасанбатыг тухайн үед толгой хэсэгт нь гараараа цохисон. Б.Гансүх салчихаад Д.Баасанбатыг цохих гээд газраас чулуу аваад түүн рүү шидсэн чинь Д.Нямжаргалын гарыг нь онож цохисон. Тэгтэл Д.Нямжаргалын гарнаас цус гоожиж гэмтсэн. Б.Гансүхийг салгаад би барьж байсан ба жаахан байж тавьсан чинь дахиж Д.Баасанбатыг Б.Гансүх өшиглөөд дахиж салгасан. Б.Гансүх тухайн үед нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /,
Гэрч Н.Мандахын мөрдөн байцаалтад өгсөн ...Тэр өдөр би 17 цагийн үед хонинд яваад гэртээ ирэхэд Б.Гансүх гэдэг хүн манайд нилээн халамцуухан ирчихсэн хоорондоо юм яриад цай уугаад байж байхад 3 гаднаас манай хадам ах Д.Баасанбат орж ирээд цай уучихаад жоохон юм ярьж байгаад гэр лүүгээ явлаа хэдэн борлон самнах гээд байгаа гээд гарахад Б.Гансүх араас нь гараад хэрүүл нэхээд тэр 2 хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан. Би 2 хүүхдээ тэр 2-ын хөлөөс холдуулаад эргээд очтол манай эхнэрийн гарыг Б.Гансүх нь чулуугаар цохичихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /,
Гэрч Д.Баасанбатын мөрдөн байцаалтад өгсөн ... Би Н.Мандахын очиход Б.Гансүх ирсэн согтуу пиво ууж байсан. Намайг гарах гэтэл Б.Гансүх чангаагаад хэрүүл өдөөд пиво аягалж өгөөд уу гэхээр нь уухгүй гээд машиндаа суух гэтэл нүдрүү цохисон. Надтай барилцаж авахад Н.Мандах Д.Нямжаргал нар салгасан. Б.Гансүх чулуу авч тал тал тийш нь шидээд орилоод байсан. Тэгээд жоохон холдохоор нь шээгээд зогсож байтал араас ирээд нуруу руу өшиглөсөн. Тэр хооронд Д.Нямжаргалын гарыг нь цохисон байсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/
Гэрч Г.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн ...17 цагийн үед Хүүш гэх газраас дуудлага ирсэн. Би Олон нийтийн цагдаа Э.Балжиннямын хамт очиход Н.Мандах, Д.Нямжаргал нар байсан. Б.Гансүх нь намайг очиход явчихсан байсан. Тухайн үед Д.Нямжаргалын газрын шөрмөс нь тасарсан юмуу үе нь хугарсан байдалтай арьс нилээн том ярагдаж язарсан цус гоожсон байдалтай байсан. Тэгээд Д.Нямжаргалыг эмнэлэг рүү авч явахаар болоод явах замдаа Б.Гансүхийн гэрээр дайраад Б.Гансүхийг Шаргалжуут тосгон руу хамт авч явсан. Дуудлага өгөхдөө Б.Гансүх нь манайд ирээд манай ахтай зодоо хийгээд миний гарыг гэмтээчихлээ хурдан ирэх шаардлагатай байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 /
Гэрч Э.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн ...тухайн үед Д.Нямжаргалын гар нь цус гоожоод гарынх нь чигчий хурууных нь арьс нь язарч ярагдсан шархтай хугарсан юм уу шөрмөс нь тасарсан байдалтай байсан.Б.Гансүх нь өөрөө юун сүртэй юм би тэгвэл гараа адилхан болгочихье гээд гараараа юм цохиод төмөр дээр тавьж байгаад чулуугаар цохих гээд байхаар нь бид хоёр тэр үйлдлийг нь болиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 /
Гэрч Г.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... жижүүрт гарч байхад цагдаа Г.Шинэбаяр, олон нийтийн цагдаа Т.Эрдэнэбилэг нар нь Д.Нямжаргал гэх хүнийг авч ирж эх баригч эмч Г.Эрдэнэбилэгээр эмнэлэгт гарт нь боолт хийлгэсэн ... Д.Нямжаргалын зүүн гарын чигчий хуруу язарч цус гоожсон байдалтай байсан ... хоёр хүн зодолдож байхад нь голоор нь орж салгах гэж байгаад гараа цохиулсан гэж байсан ... гэх мэдүүлэг /ххийн 206-207/
Гэрч А.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Мөнгөн ахтай адуу авахаар явж байгаад Шаргалжуутад Б.Гансүхийн очиход гэртээ байхгүй айл руу явсан гэж эхнэр нь хэлэхээр Н.Мандахын очсон. Н.Мандахын гадаа Т.Отгонбаатар, түүний эхнэр Нямка, Б.Гансүх, Д.Баасанбат, Д.Нямжаргал, Н.Мандах нар байсан. Д.Баасанбат, Б.Гансүх нар хоорондоо 4 маргалдаад байсан. Д.Нямжаргалын гар шархтай байсан эсэхийг сайн анзаарч хараагүй. Мөнгөн ах бид хоёр Б.Гансүхийг дагуулаад гэр рүү нь явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 208-210/
Гэрч Г.Хоролмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... манай нөхөр гэрээсээ 11 цагийн үед малаа хайх гэж айл руу явсан. 16 цагийн үед А.Өзийбаяр, Мөнгөн гэж хоёр хүнтэй гэртээ ирэхдээ архи уугаагүй байсан. Манай нөхөр Б.Гансүх нь саахалтын Д.Баасанбаттай маргалдсан гэж ярьж байсан. Зодоогүй талаар яриагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 212-214/
Гэрч М.Мөнгөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... А.Өлзийбаяр бид хоёр мал хайж яваад Б.Гансүхийн гэрт очиход гэртээ байгаагүй. Саахалт айл руу нь очиход Б.Гансүх, Д.Баасанбат нар хоорондоо маргалдаад байж байсан. Тэндээс нь Б.Гансүхийг гэрт нь хүргэж өгчихөөд явсан. Эмэгтэй хүн байсан, гэмтэл шархыг нь анзаарч хараагүй юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 215-216/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн 1.Д.Нямжаргалын биед зүүн сарвууны 5-р хурууны, 3-р шивнүүр яс ташуу бяцарсан хугарал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 /, -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 57-58/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-12/ шүүгдэгч Б.Гансүхийн хувийн байдлын талаар оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 68/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 65/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 67/, шүүгдэгч Б.Гансүхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 71/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74-79/ / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Б.Гансүх нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг Хүүш гэх газарт Д.Нямжаргалыг чулуу хэрэглэн зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Гансүх ...Би Д.Нямжаргалыг цохиогүй. Тухайн үед Д.Баасанбат гэдэг хүнтэй маргалдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 61-64/ хохирогч Д.Нямжаргалын ... Б.Гансүх нь гартаа барьсан чулуугаараа миний зүүн гарын чигчий хуруунд цохичихсон,... Б.Гансүхийн барьж байсан чулуу нь зангидсан гар шиг хэмжээний чулуу байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 15-17, 18-20 /, гэрч Т.Отгонбаатарын.... Б.Гансүх нь Д. Баасанбатыг тухайн үед толгой хэсэгт нь гараараа цохисон. Б.Гансүх салчихаад Д.Баасанбатыг цохих гээд газраас чулуу аваад түүн рүү шидсэн чинь Д.Нямжаргалын гарыг нь онож цохисон гарнаас цус гоожиж гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /, гэрч Н.Мандахын... Д.Баасанбат гэр лүүгээ явлаа гээд гарахад Б.Гансүх араас нь гараад хэрүүл нэхээд тэр 2 хоорондоо барилцаж аваад ноцолдоод байсан,...манай эхнэрийн гарыг Б.Гансүх нь чулуугаар цохичихсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 /, гэрч Д.Баасанбатын ... Б.Гансүх чулуу авч тал тал тийш нь шидээд орилоод байсан. Тэгээд жоохон холдохоор нь шээгээд зогсож байтал араас ирээд нуруу өшиглөсөн. Тэр хооронд Д.Нямжаргалыг цохисон байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28- 30/ гэрч Г.Шинэбаярын ... Д.Нямжаргалын газрын шөрмөс нь тасарсан юмуу үе нь хугарсан байдалтай арьс нилээн том ярагдаж язарсан цус гоожсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 / гэрч Э.Балжиннямын... Д.Нямжаргалын гар нь цус гоожоод гарынх нь чигчий хурууных нь арьс нь язарч ярагдсан шархтай хугарсан юм уу шөрмөс нь тасарсан байдалтай байсан.Б.Гансүх нь өөрөө адилхан болгочихье гээд гараараа юм цохиод төмөр дээр тавьж байгаад чулуугаар цохих гээд байхаар нь бид хоёр тэр үйлдлийг нь болиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 / гэрч Г.Даваасүрэнгийн ... Д.Нямжаргалын зүүн гарын чигчий хуруу язарч цус гоожсон байдалтай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 206-207/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн “...Д.Нямжаргалын биед зүүн сарвууны 5 р хурууны, 3- р шивнүүр яс ташуу бяцарсан хугарал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 46-47 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Гансүхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Гансүх нь Баянхонгор аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Гансүхийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэв.
Шүүгдэгч Б.Гансүх нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Гансүхэд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Гансүхийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Гансүхийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Нямжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гансүхээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Б.Гансүхийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Гансүхэд олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батдоржийн Гансүхийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гансүхийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Гансүхэд оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 450000 / төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Гансүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Гансүхэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Гансүхийн эзэмшлийн “...гар утас...”- ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Гансүхэд буцаан олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гансүхэд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА