| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0553/И |
| Дугаар | 214 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 6-744 тоотод оршин суух, /РД:УД84022603/ Сартуул овогт Сүх-Очирын Амаржаргалд холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 9719469.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одонжав /1253/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Амаржаргал нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-4428 тоот зээлийн гэрээ байгуулан 5000000 /таван сая/ төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн зээл зориулалтаар зээлж, барьцаанд суудлын автомашин НАА10-89, гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 287478.72 төгрөг,зээлийн хүүнд 271771.68 төгрөг, нийт 560050 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй байна.
Иймд 2016 оны 9 дүгээр 23-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үндсэн зээлийн үлдэгдэл 4712521.28 төгрөг, хүүгийн төлбөрт 4349721.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 657226.42 төгрөг нийт 9719469.37 төгрөг гаргуулж,зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаалуулсан барьцаа хөрөнгө НАА1089 улсын дугаартай, Тоёота Старекс маркийн суудлын автомашин, гэрийн эд хогшил зэргийг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С.Амаржаргалын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжин шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, өмгөөлөгч Ц.Одонжавын хамт оролцон гаргасан тайлбартаа: ХААН банкны баримтуудаас харахад 5000000 төгрөгийн зээлийг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан гэж харагдаж байгаа боловч 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр зээлийн график төлөлтүүдийг хийж байна. Эхний сарын төлбөрийг автоматаар банк суутгаж авсан байна. Банк, санхүүгийн тухай хууль, Монгол банкнаас арилжааны банкинд гаргадаг журмын дагуу эхний сарыг суутгаж авах эрх банкинд байдаг, 4916750 төгрөгийг зарлагын баримтад бичиж бэлнээр гаргасан. Нэхэмжлэгч тал хэдэн төгрөг гаргасан эсэхэд эргэлзээтэй мэдүүлэг өгч байна. С.Амаржаргалын 5749853463 тоот төгрөгийн дансанд шилжүүлснээр тухайн зээлдэгчийн захиран зарцуулах эрх нь нээгдэнэ. Ийм хуультай гэж сая нэхэмжлэгч тал ярьсан. Гэтэл мэдүүлэгтэй зөрж байна. Бодит байдлыг харахад мөнгө бэлнээр гарсан. Уг зээлийг данс руу хийгээгүй бэлнээр гаргасан байна. Банк санхүүгийн хуулиар дансанд хийж С.Амаржаргалаар гарын үсэг зуруулах ёстой байдаг. Тухайн данс С.Амаржаргалын данс эсэх, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Амгаланбаярын данс мөн эсэх нь тодорхойгүй төгрөгийн данс бичсэн, бодит байдалд зарлагын мэдүүлгээр зээл гарсан үйл явдал болжээ. Энэ нь 80000000 төгрөгийн зээлийг халхавчлах зорилгоор, 80000000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, хугацаа хэтэрсэн байсан тул 5000000 төгрөгийг өрхийн зээл зориулалтаар гаргаад 2744000 төгрөгийг эргэн төлөлтөд хийсэн. Үлдсэн 2256000 төгрөгийг бэлнээр зарлагын баримт үйлдэж гаргасан. Барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас ирсэн. Уг мэдэгдэх хуудаст таны цалингийн зээлийн 24 сарын хугацаа дууссан байна гэсэн. Энэ цалингийн зээл үү, өрхийн амжиргааны түвшинг дээшлүүлэх зээл юм уу? Би төөрөгдөлд орж байна. Цалингийн зээл бол С.Амаржаргал нь ажиллаж байгаа албан байгууллага нь ХААН банктай гэрээтэй байхыг шаарддаг. Гэтэл С.Амаржаргал хүүхдээ төрүүлээд 2 сар болсон, ажилгүй, амжиргааны түвшин доогуур байсан. Гэтэл тийм хүнд зээл гарсан. Бид С.Амаржаргалын гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасан. С.Амаржаргалын банкинд гаргасан хүсэлт нь гарын үсгийн зөрүүтэй гэж гарсан. Анкет нь зээлдэгчийн хүсэл зоригийг илэрхийлсэн баримт бичиг байна. Гэрээ болон төлбөр, төлөлтийн графикт гарын үсэг зурснаар нь тухайн этгээдийг буруутай гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Зээлийн бүрдүүлбэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй, алдаатай хийгдсэн. Банкыг эрсдэлд оруулсан, зээлийн эдийн засагчийн буруутай үйл ажиллагаанаас болж ХААН банк хохирч байна. ХААН банкны тусгай активын газраас шалгахад иргэн С.Амаржаргалын нэр дээр зээл гарсан юм шиг боловч хэргийн процесс ажиллагаанд 80000000 төгрөгийн зээлийг халхавчлах, эргэн төлөлтийг төлөх зорилгоор, зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг тусгахгүй, зээлийн бүрдүүлбэрийг судлахгүйгээр гаргасан зээлийн эдийн засагч Б.Хишигжаргал хариуцлага тооцоогүй нь өрөөсгөл. Иргэн С.Амаржаргал нь 80000000 төгрөгийн зээлтэй гэж өмнөх тайлбаруудад дурдагдсан. 80000000 төгрөгийн зээлтэй, зээлийн төлөлт 1 сар ч хийгдээгүй иргэнд дахин зээл гаргасан нь маш дутагдалтай. Банк буруутай ажилтандаа арга хэмжээ авах нь банкны дотоод асуудал юм. Иргэнд мөнгө өгөхөд хэн ч баярлаад аваад явна. Тухайн банк өөрийн хариуцлагагүй ажилтны үйлдлийг ядарсан иргэнд тохох гээд байна. Б.Хишигжаргал найдваргүй зээл гаргасан гэдгээр хариуцлага тооцож банк өөрөө хохиролгүй болгох хэрэгтэй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХХК хариуцагч С.Амаржаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 9719469.37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй, өмгөөлөгч нар 5000000 төгрөгийн зээлийг өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр аваагүй, зээлийн барьцааны газар чөлөөлүүлэх баримтад гарын үсэг зурсан гэж ойлгож гарын үсэг зурсан гэж тайлбарлан уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч шаардлагаа нотолж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 дугаар барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 дугаар зээлийн гэрээний хавсралт-1, итгэмжлэл, орчуулга, ХААН банк ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн, ХААН банк ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34/01 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг баримтууд ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан үнэлэх боломжтой.
Хариуцагч талын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн С.Амаржаргалын Налайх дүүргийн ХААН банкинд гаргасан хүсэлт, зээл хүсэгчийн анкет, С.Амаржаргал, С.Амгаланбаяр нарын зээлийн мэдээллийн системийн хуулга, С.Амаржаргалын ХААН банкны 5749853463, 5749853474 тоот дансны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын мэдүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5000000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн орлогын мэдүүлэг, 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ХААН банкны гүйлгээний баримт, ХААН банкны С.Амаржаргалын 2010 оноос 2014 онуудын мөнгөн урсгалын төсөөлөл, С.Амаржаргалын зээлийн төлбөр хийх график, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан, мөн гэрч Б.Хишигжаргалын ... С.Амаржаргалын 80 сая төгрөгийн зээл төлүүлэхээр гэрт нь очих үед санхүүжилт хэрэгтэй, жаахан дэмжлэг хэрэгтэй талаар ярьж, түүний бүрдүүлсэн материалыг зээлийн хороогоор хуралдаж шийдвэр гарсан тул 5 сая төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийн гэрээг байгуулсан, би гэрээ байгуулдаг, мөнгийг өөр ажилтан олгодог тул зээлийн мөнгийг юунд зарцуулахыг зээлдэгч өөрөө шийднэ, гэрээнд гарын үсэг зурахгүй бол зээл олгогдохгүй. С.Амаржаргал сонин зул хоршооны эзэн, талх үйлдвэрлэдэг, муу зээлгүй байсан тул зээлдэгчийн орлогыг харж дахин зээл олгосон... , гэрч С.Амгаланбаярын ...06 сарын 19-ний шөнө ирэхэд гэрт уйлаан болж, ХААН банкнаас гэр орон хураана гэсэн тул банкны эдийн засагч Туяатай ээжийн газрыг чөлөөлөх талаар уулзсан.Тэгээд намайг банкинд ирсэн байхад С.Амаржаргал ирээд Б.Хишигжаргал мөнгө өгөхөд гайхаад газар чөлөөлүүлэх яасан гэж би Б.Хишигжаргалаас асуухад дарга чөлөөлөхгүй гэж хэлээд цааш орсон... гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
ХААН банк ХХК нь хариуцагч С.Амаржаргалтай 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-4428 дугаар 5000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй барьцаат зээлийн гэрээг байгуулсан болох нь мөн өдрийн ЗГ-4428 дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбараар, гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгаагүйгээс ХААН банк ХХК түүнд зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээл төлүүлэх тухай мэдэгдэл зэргээр тус тус нотлогдож байна.
Харин хариуцагч талаас зээлийн 5000000 төгрөгийг өөрийн хүсэл зоригоор аваагүй, хувийн хэрэгт авагдсан баримтуудад гарын үсэг зураагүй талаар маргаж, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 дугаар барьцаат зээлийн гэрээ бүхий хувийн хэрэгт авагдсан өргөдөл, хүсэлт, мөнгө хүлээн авсан, шилжүүлсэн зэрэг гарын үсэг зурагдсан баримтуудад зурсан гарын үсэг, бичвэрийг С.Амаржаргал өөрөө зурсан эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд ...2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ХААН банкны зарлагын мэдүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн 4 ширхэг баримт, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 тоот барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарьт зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн С.Амаржаргалын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно;
2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээл хүсэгчийн анкет, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн ХААН банкны захиргаанд гаргасан хүсэлт гэх гар бичвэрт зурагдсан шинжилж буй уншигдах болон үл уншигдах гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн С.Амаржаргалын гэх гарын үсэг, гар бичвэрийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 199 дүгээр шинжээчийн дүгнэлтээс үзэхэд;
Хариуцагч С.Амаржаргал 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 тоот барьцаат зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан, зээлийн гэрээгээр олгогдсон 5000000 төгрөгийг хариуцагч тус банк дахь өөрийн данс 5749853463 тоот данснаас ХААН банкны Налайх салбарын 57490045070000005 тоот дансанд зээлийн өргөдлийн хураамжид 5000 төгрөг, 57490045080000003 тоот дансанд зээл олголтын хураамжид 50000 төгрөгийг, Монгол даатгал ХХК-ийн ХААН банк дахь 5749013296 тоот дансанд 28000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэх 4916750 төгрөгийг бэлнээр авсан болох нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 50000 төгрөг, 5000 төгрөг, 28000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож, уг баримтуудад зурсан С.Амаржаргалын гэх гарын үсэг мөн болох нь тогтоогдож;
2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 дугаар барьцаат зээлийн гэрээ бүхий хувийн хэрэгт авагдсан 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээл хүсэгчийн анкет, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Налайх дүүргийн ХААН банкны захиргаанд гаргасан хүсэлтэд зурсан хариуцагч С.Амаржаргалын гарын үсэг тохирохгүй боловч зээлийн гэрээ, холбогдох мөнгө шилжүүлсэн, зарлага хийсэн баримтуудад зурагдсан гарын үсэг тохирсон ба мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.-д Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж зааснаар мөнгө, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдах Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтад хамаарч байх тул хариуцагч С.Амаржаргалын 5000000 төгрөгийн зээл аваагүй гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр хийх ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу зээлдэгч бичиг үсэг мэдэхгүй ч өөрөө гарын үсэг зурж чадахгүй этгээд биш бол гарын үсгээ өөрөө зурах ёстой ба зээл хүссэн өргөдөлд гарын үсгээ зураагүй байдал түүнтэй хийсэн зээлийн гэрээг үгүйсгэхгүй болно.
Иймд ХААН банк ХХК нь ЗГ-4428 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул С.Амаржаргалтай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч талаас зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, С.Амаржаргалыг бичиг үсэг мэдэхгүй, 2-р ангийн боловсролтой, харин түүний ах, гэрчээр оролцсон С.Амгаланбаяр 3, 4-р ангийн боловсролтой гэх боловч хэргийн оролцогч өөрийн татгалзал, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч С.Амаржаргал 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар эргэн төлөлт хийсэн талаарх ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 дугаар гэрээний 4.2.4.-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээх ба гэрээний хугацаа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан нь зээлдэгчийг зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.
Хариуцагч талаас шүүх хуралдааны явцад банкны 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ-4428 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар тайлбар гаргасан боловч шаардлага гарган хэлэлцүүлээгүй, Иргэний хуульд сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох эсэхийг шийдвэрлэдэг, ажиллагаа явуулаагүй болно.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд зээл олгохдоо зээлийн барьцааны эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцсон болон барьцаалсан эд хөрөнгийг газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж, эд хөрөнгийг шалгасан, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичсэн зээлийн бүрдүүлбэрийн баримтууд бодит байдалд нийцээгүй гэж үзэж С.Амаржаргалын талаарх мэдээллийн сангийн баримтууд, ХААН банкны тайлан тэнцэл, ХААН банкны С.Амаржаргалын орлогын тайлан зэрэг баримтуудыг үнэлээгүй, мөн Монгол даатгал ХХК-ийн С.Амгалангийн 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 13008615 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд даатгуулагч Сүх-Очирын Амгалан нэртэй, зээлдэгчийн хөрөнгө болох нь тодорхойгүй байх тул уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ХААН банк ХХК үндсэн зээлийн төлбөрт 4712521.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4349721.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 657226.42 төгрөг нийт 9719469.37 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч зээлдүүлэгч зээлийг олгохдоо тухайн зээлдэгчийн санхүүгийн чадвар, бусад банкнаас авсан зээлийн мэдээлэл авах ба зээлийн сангийн болон зээлдэгчийн орлогын талаарх мэдээлэл, батлан даагчийн бүртгэл судалгаа зэрэг ажиллагааг бүрэн хийгээгүй гэж дүгнэв.
Иймд С.Амаржаргалаас үндсэн зээлийн үлдэгдэл 4712521.28 төгрөг, зээлийн хүү 2862372.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358981.93 төгрөг нийт 7933875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1785593.66 төгрөг, 1400000 төгрөгийн үнэлгээтэй, НАА1089 улсын дугаартай, Toyota Starex маркийн суудлын автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 3400000 төгрөгийн үнэлгээтэй, гэрийн эд хогшил зэрэг хөрөнгийг албадан худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Налайх дүүргийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 141892 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.2., 156 дугаар зүйлийн 156.3.-т зааснаар хариуцагч С.Амаржаргалаас үндсэн зээлийн үлдэгдэл 4712521.28 /дөрвөн сая долоон зуун арван хоёр мянга таван зуун хорин нэгэн төгрөг хорин найман мөнгө/ төгрөг, зээлийн хүү 2862372.50 /хоёр сая найман зуун жаран хоёр мянга гурван зуун далан хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 358981.93 /гурван зуун тавин найман мянга есөн зуун наян нэг төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөг нийт 7933875.71 /долоон сая есөн зуун гучин гурван мянга найман зуун далан тав төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1785593.66 /нэг сая долоон зуун наян таван мянга таван зуун ерэн гурван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, ХААН банк ХХК-ийн Toyota Starex маркийн суудлын автомашиныг худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нэргүй 2013 оны 06 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай тайлбараа тусдаа нэхэмжлэлийн шаардлага гарган хэлэлцүүлээгүйг дурдаж, 3400000 төгрөгийн үнэлгээтэй, гэрийн эд хогшил зэрэг хөрөнгийг албадан худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Налайх дүүргийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170462 /нэг зуун далан мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 141892 /нэг зуун дөчин нэг мянга найман зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ