| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0052/Э/206/2021/0021 |
| Дугаар | 2022/ШЦТ/076 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа
Хохирогч: Х.Нямсүрэн, Э.Эрхэмбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганзориг,
Шүүгдэгч Б.Жанбота, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Жанботад холбогдох 2114000620097 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн,эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Казбек ургийн овогт Баймолдагийн Жанбота, регистрийн дугаар ПЮ99031513
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Б.Жанбота нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэр “Тоотын амны сайр” хэмээх газраар дамжиж өнгөрөх засмал зам дээр 24-04 ХОА улсын дугаартай, саарал өнгийн “Toyota prius10” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсны замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээрийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч болох иргэн М.Насанбатын амь насыг хохироосон, мөн зорчигч болох иргэн Е.Бахытбекийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Жанботагийн мөрдөн байцаалтад өгсөн
Би Ховд аймагт 2020 оны 12 дугаар сарын 17-ны үед ажлаасаа амралтаа авч гэртээ ирээд амарч байгаад ажлаас дуудаад 2021 оны 1 дүгээр сарын 29-ний орой хамт ажилладаг Бахытбек, талийгаач Насанбат бид гурав хамт Улаанбаатар хот ороод цаашаа өөр унаанд суугаад Өмнөговь аймгийн Цогц-Цэций суманд байдаг ажил дээрээ очихоор явсан байсан. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож байсан, урд талын жолоочийн эсрэг талын суудалд Насанбат ах, арын суудалд Бахытбек гэх залуу суугаад явж байхад миний зүүн талын урд дугуйг хагараад зам дээр таг таг гэж дуугарч явж байгаад замын баруун талын далан руу шидэгдсэн. Бид гурав Ховд аймгаас гарсан цагаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, талийгаач архи уугаагүй байсан. Би нийт 7,500,000 төгрөгийн хохирол өгсөн байгаа, талийгаачийн буяны ажилд нийт 10,600,000 төгрөг гарсан гэж байсан. Би талийгаачийн буяны ажилд нь зарцуулсан мөнгийг нь төлж барагдуулна.
... Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөр ч байна. Миний хариуцлагагүй алдаанаас болж болгоомжгүйгээр М.Насанбат гэх хүн амь насаараа хохирсон үйлдэлд гэмшиж байна. Амь хохирогч М.Насанбатын оршуулгын зардалд, буяны ажилд гарсан бодит зардлыг төлж барагдуулна. Бусдаар нэхэмжилж байгаа хор уршгийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би амь хохирогчийн буян ажилд зориулж нийт 8,000,000 төгрөгийг өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139, 2-р хх-ийн 25-26/
Хохирогч Х.Нямсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Хохирогч: Гомдолтой байна. Миний ханьд эмнэлгийн тусламж үзүүлээгүйд би гомдолтой байдаг. Олон цаг хэрэг болсон газар хэвтүүлсэн. Тэрнээс болж хөлдөж үхсэн гэж бодож байгаа. Бөмбөгөр сум яваад буцааж ирэхэд хүн ёолж байсан гэсэн. Яаралтай тусламж үзүүлсэн бол амьд гарах байсан гэж бодож байгаа. Хүний амь насыг хохироочихоод, гэр бүлийг нь хохироочихоод сэтгэл санааны хямрал ихтэй байна гэж шүүгдэгчид хэлэхээр би танай нөхрийг дайраад алсан юм уу гэж надад хэлсэн. Надтай сэтгэл санаа чинь гайгүй юу гээд ярьсан бол гомдол нимгэрэх байсан байх. Үнэхээр их гомдолтой байна. Надад хийж чадах ажил байхгүй. Нөхөр нас барснаас хойш би унаж, татдаг болсон. Ажлын хийх чадваргүй болсон тийм болохоор би гомдолтой байна. Би 4 хүүхэдтэй том хүүхэд 22 настай, бага хүүхэд 13 настай гэв.
Хохирогч Х.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн
.... Манай талийгаач Зэвсэгт хүчний замын 7782 дугаар ангид тээврийн нэгдүгээр бүлэгт өөрөө буулгагчийн жолооч ажилтай байсан, тухайн үед ээлжийн амралтаараа ирчихсэн байж байгаад ажлаас нь дуудаад хамт ажилладаг хоёр залуутайгаа Өмнөговь аймаг руу ажил руугаа явж байгаад ийм зүйл болсон байна. Би талийгаачийн буяны ажилд нийт 10,664,409 төгрөгийн зардал гарсан, тухайн үед машин барьж явсан Б.Жанбота гэх залуугийн аав болох Баймолда гэх хүн буяны ажилд 6,500,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 4,164,409 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн бусад нэхэмжилж байгаа зүйлийн талаар баримтаа гаргаж хэрэгт хавсаргана. Би гомдолтой байгаа....
... Хор уршгийн хохирол болох иргэн Цэцэгсүрэн Бүрнээбаатар нараас амь хохирогч орон сууц худалдан авсан урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөх ёстой байсан банкны зээл 22,208,918 төгрөг нийлээд 42,208,918 төгрөг, хүү Н.Төгөлдөрийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 173,760,000 төгрөг буюу бүгд нийлээд нийт 215,968,918 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Талийгаачийн буяны ажилд 7,500,000 төгрөгийг Б.Жанбота өгсөн, хор уршгийн хохирлоос өгсөн байгаа, хор уршгийн хохирлоос ямар нэгэн төлбөрийг төлж барагдуулаагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128, 2-р хх-ийн 23-24/
Хохирогч Э.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Хохирогчийн төрсөн ах нь байна. Дүүгийн минь амь насыг хохироочихоод ирж уулзахгүй байдагт гомдолтой байна. Бүхэл бүтэн жил болж байхад ирж уулзаагүй. Манай бэр 4 хүүхэдтэй. Нөхөр нь нас барснаас хойш унаж татдаг болсон. Ажил хийх чадваргүй болсон. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгнө үү.
Хохирогч Э.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн
.... Талийгаач М.Насанбат нь миний төрсөн дүү байгаа юм, бид нар эхээс гурвуулаа, манай талийгаач дүү ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байж байгаад 2020 оны 10 дугаар сараас Өмнөговь аймгийн Цогт-цэций суманд баригдаж байгаа зам дээр жолоочоор ажилд ороод ажиллаж байгаад, 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ажиллаж байгаа газраасаа ээлжийн амралтаа аваад гэртээ ирсэн. Тэгээд байж байтал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны үеэр ажлаас нь ажилдаа ор гэж дуудаад 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр цуг ажилладаг гэх 2 залуугийн хамт явсан. Талийгаач М.Насанбат нь Ховд аймгийн Жаргалант суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, одоо 45 настай байсан юм. Миний хувьд гомдолтой байна, гарах зардлыг баримтаа нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/
Хохирогч Е.Бахытбекийн мөрдөн байцаалтад өгсөн
... Надад өвдөж зовуурлаж байгаа зүйл байгаа зүйл алга байна. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй, тухайн үед цээж хөндүүрлэж өвдөж байгаад зүгээр болсон байгаа. Би Б.Жанботагаас ямар нэг зүйл нэхэмжлэхгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/
Гэрч Г.Хишигдоржийн мөрдөн байцаалтад өгсөн
...Дөнгөж нар гарч байсан ба өглөө нэлээн эрт байсан. Бид нар 2 машинтай Дөвөнт рүү нүүрс авахаар Бөмбөгөр сумаас хөдөлсөн юм. Би болохоор ард явж байсан юм. Тэгээд явж байгаад машины хойд бөгс нь эвдрээд байж байсан чинь урд явж байсан машин намайг алга боллоо гээд буцаж ирсэн. Тэр ирээд энүүхэнд машин унасан байна дуудлага өгье дугаар мэдэх үү гэхээр нь Бөмбөгөр сумын олон нийтийн Цагдаагийн /86791188/ дугаарыг хэлээд тэгээд тэр хүнд дуудлага өгсөн. Дуудлага өгөөд хөдлөөд явж байхад замын хажууд саарал өнгийн Приүс-20 маркийн машин унасан байсан ба нэг залуу лав авраач гэж орилохоор нь сая дуудлага өглөө одоо удахгүй ирэх байх гэж хэлээд явсан юм. Тэд нарын хажуугаас зөрөөд явж байхдаа машины цонхоор харьцсан юм. Тэрнээс яг зогсож байгаад бууж очиж үзээд яриагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 /
Гэрч Н.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтад өгсөн
... Бид нар 2 машинтай дөвөнт рүү нүүрс авахаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас хөдөлсөн юм. Би болохоор урд нь явж байсан н.Хишигдорж алга болчихоор нь машинаа эргүүлээд буцаад явж байсан чинь замын хажууд саарал өнгийн машин унасан байна дуудлага өгье сумын цагдаагийн дугаарыг мэдэх үү гэсэн чинь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын олон нийтийн Цагдаагийн /86791188/ дугаарыг хэлээд тэр хүнд дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд тэндээс хөдлөөд нөгөө унасан машины хажуугаас зөрөөд явж байсан чинь авраач гэж орилохоор нь сая дуудлага өгчихлөө одоо удахгүй ирэх байх гэж хэлээд явсан юм .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 03-ны 76 дугаар шинжээчийн
1. Е.Бахытбекын биед тархи доргилт, дух, хамар, уруул, гуя, сарвуу, ташаа, нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 50-53/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шинжээчийн
1. Талийгаач М.Насанбат нь цээж, хэвлийн хавсарсанд хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
2. Талийгаач М.Насанбатын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсондгүй.
3. Талийгаач М.Насанбатын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
4. Талийгаачийн цогцос хөрсөн, хөшилт болон цогцосны толбо үүссэн зэрэг нас барсны баталгаат шинжүүд илэрсэн байна.
5. Талийгаач нь цогцос хөрсөн, хөшилт болон цогцосны толбо үүссэн зэрэг нас барсны баталгаат шинжүүд илэрсэн байна.
6. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.
7. Талийгаачийн цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 79-82/
Техникийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар шинжээчийн 1. Тухайн зам тээврийн осол болоход 24-04 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Баймолдагийн Жанбота нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна.
2. Тухайн зам тээврийг осол гаргах шалтгаан нь 24-04 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Баймолдагийн Жанбота нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Баймолдагийн Жанбота нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр жолооч болсон ба В,М ангилалын 1207610 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
4. Баймолдагийн Жанбота нь 2021 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ зүүн талын дугуй хагараад шарваж хөндөлдөөд замын урд хэсгийн далан руу унасан гэх тул /Авто тээврийн газрын техникийн шинжээчээр тээврийн хэрэгсэлд шинжээч томилох шаардлагатай/ ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105/
Авто машин үнэлсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн .... “Toyota altezza” маркийн авто машины зах зээлийн үнэ 3,000,000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 163/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1083 дугаар шинжээчийн ...шинжилгээнд ирүүлсэн Б.Жанбота 21 настай эрэгтэй гэж хаягласан цус нь О(I) бүлгийн харьяалалтай, Е.Бахытбек 20 настай эрэгтэй гэж хаягласан цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 65-67/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1072 дугаар шинжээчийн
1. Шинжилгээнд ирүүлсэн “Е.Бахытбек 20/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Жамбота 21/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 70-71/
Хохирогч Х.Нямсүрэнгийн ХААН банкны 5845338985 тоот дансны хуулганууд /1-р хх-ийн 167-171, 188-198/
Хэрэгт гаргаж байгаа нэхэмжлэл, хохирлын тооцооны баримтууд /1-р хх-ийн 173-179, 209-215/
Мөрдөн байцаалтын 2114000620097 дугаартай хэргийн хохирлын тооцоо /2-р хх-ийн 29-31/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 117-119/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 06-10/, осол, хэрэг гаргасан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 11/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 155-160/цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-17/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эд зүйл бусад зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 88/, хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4/221 дугаар прокурорын тогтоол /1-р хх-ийн 115-116/, шүүгдэгчийн депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 143-148/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 149/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 151/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154/, Орон сууц худалдах, худалдан авах хувийн гэрээ /1-р хх-ийн 184/, 000182299 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 185/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-ийн 186-187/, хохирогч Х.Нямсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 199-208/, “Зорчигч тээврийн Ховд” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 5/2 дугаар албан бичиг /1-р хх-ийн 220-221/, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот албан бичиг /1-р хх-ийн 222/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Жанбота нь 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 02 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэр “Тоотын амны сайр” хэмээх газраар дамжиж өнгөрөх засмал зам дээр 24-04 ХОА улсын дугаартай, саарал өнгийн “Toyota prius10” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсны замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээрийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч болох иргэн М.Насанбатын амь насыг хохироосон, мөн зорчигч болох иргэн Е.Бахытбекийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Жанботагийн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139, 2-р хх-ийн 25-26/, хохирогч Х.Нямсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 127-128, 2-р хх-ийн 23-24/, хохирогч Э.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/, хохирогч Е.Бахытбекийн мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/, гэрч Е.Бахытбекийн мэдүүлэг /1-р хх-ийн 23-26 /, гэрч Г.Хишигдоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 /, гэрч Н.Хүрэлсүхийн мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 03-ны 76 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50-53/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 79-82/, Техникийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 104-105/, Авто машин үнэлсэн тухай 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 65-67/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1072 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 70-71/, хохирогч Х.Нямсүрэнгийн Хаан банкны 5845338985 тоот дансны хуулганууд /1-р хх-ийн 167-171, 188-198/, хэрэгт гаргаж байгаа нэхэмжлэл, хохирлын тооцооны баримтууд /1-р хх-ийн 173-179, 209-215/, мөрдөн байцаалтын 2114000620097 дугаартай хэргийн хохирлын тооцоо /2-р хх-ийн 29-31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Жанбота нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч Б.Жанботаг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Жанбота тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн , бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Жанбота, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Жанботаг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Жанбота нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохироож/ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал ,шүүгдэгчийн хувийн байдал, / Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид инженер сапёрын экскаваторчин албан тушаалд ажилладаг/ гэм хэргийн улмаас учирсан хохирлын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 7,500,000 төгрөгийг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Жанботагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад ... энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна....гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т... энэ хуулийн 6.1, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... гэж тус тус заасан байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Уг өршөөл үзүүлэх тухай хуульд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасаж эдлүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Жанботагийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хасаж, шүүгдэгч Б.Жанботаг шүүхээс биечлэн эдлэх ялгүй гэж шийдвэрлэв.
Хавтас хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас хохилолд нийт 226261068 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 9066450 төгрөг хохирлын баримтыг гаргаж өгч нийт 233564720 төгрөгийг нэхэмжлсэн бөгөөд хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох оршуулгын зардалд 26,661,359 төгрөгнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн талаас 7500000 төгрөгийг нөхөн төлснийг хасч тооцон үлдэх 226,064,720 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас шүүх нотлох баримтаар тогтоогдсон 17,972,859 төгрөгийн шаардлагыг хангаж,
Харин нэхэмжлэлээс орон сууц худалдан авсан урьдчилгаа төлбөр 20000000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 30-наас хойшхи банкны зээлийн төлбөр 22208918 төгрөг нийт 42,208,918 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй, мөн хүнсний бараа авсан он сар өдөр бичигдээгүй 180,750 төгрөг, бензин авсан гэх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй 826,500 төгрөг, нэхэмжлсэн үнийн дүнгээс зөрүү гаргасан 181,250 төгрөг нийт 43,397,418 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Хүү Н.Төгөлдөр тэжээгчээ алдсаны тэтгэмж /300000/ болон талийгаач М.Насанбатын сарын орлого 2,110,000 төгрөг/ зөрүү 1,810,000 төгрөгийг 8 жилийн хугацаанд төлүүлэх нийт 173,760,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Жанботагын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Уг хэрэгт шүүгдэгч Б.Жанботагийн эзэмшлийн ...07-02 ХОА улсын дугаартай саарал өнгөтэй “Тоёота алтиза”...маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, худалдан борлуулж, хохирол төлбөрт тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Жанбота нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Казбек овогт Баймолдагийн Жанботаг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Жанботагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Жанботад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Жанботагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Жанботагаас 17,972,859 төгрөг гаргуулж, хохирогч Х.Нямсүрэнд олгосугай.
6. Хохирогч Х.Нямсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 233,564,750 төгрөгөөс орон сууцын худалдах, худалдан авах 42,208,918 төгрөг, хохирлын баримтаас 1,188,500 төгрөг нийт 43397418 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн тэтгэмжийн зөрүү 173,760,000 нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Жанботагийн эзэмшлийн ...07-02 ХОА улсын дугаартай саарал өнгөтэй “Тоёота алтиза”...маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, худалдан борлуулж, хохирол төлбөрт тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Жанбота нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Б.Жанботад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жанботад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА