Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02263

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02263

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс

Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 6б байрны 87 тоотод оршин суух, эрэгтэй, 1973 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, ... регистртэй, “Батжин Хаан” ХХК-д жолооч ажилтай, Сартуул ургийн овогт Э овогтой Д-г архины албадан эмчилгээнд явуулж, эмчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Г, гуравдагч этгээд Э.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6б байрны 87 тоотод оршин суух хаягтай Э.Д нь байнга архидан согтуурч, гэр орондоо агсан согтуу тавьж, түгшүүр төрүүлдэг архаг архичин бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрдаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  

Э.Д нь байнга архидан согтуурдаг, архи уугаад ар гэртээ агсам согтуу тавьдгийн улмаас түүний эцэг Б.Э нь тус Цагдаагийн хэлтэст хандан хүсэлт гаргасан бөгөөд Э.Д өөрөө мөн архинд хамааралтай болохоо хүлээн зөвшөөрч, архины албадан эмчилгээнд хамрагдахыг хүссэн юм. Түүнчлэн, эмнэлгийн дүгнэлтээр Э.Дыг архины хамааралтай болохыг тогтоосон учир хуульд заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Э.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие одоогоор аав ээж, дүүгийн хамт амьдардаг, эхнэр хүүхэдгүй бөгөөд “Батжин Хаан” ХХК-д жолоочоор ажилладаг. Надад ямар нэг ужиг хууч өвчин байхгүй, даралт ихэсдэггүй, сүрьеэ өвчингүй. Би 1990-ээд оны үеэс 20 гаруй настай байхаасаа архи ууж эхэлсэн бөгөөд 7 хоногт ойролцоогоор 2-3 удаа архи уудаг. Ихэнхдээ ажлынхантайгаа, ажлаа тараад архи уучихдаг юм. Өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 17-нд би ажлаа тараад ажлынхантайгаа архи уугаад, гэртээ хариад гэрийнхэнтэйгээ маргалдаж, улмаар эрүүлжүүлэгдсэн. Би гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад албадан эмчилгээнд хамрагдахаар шийдвэрлэсэн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгаас Сартуул овогт Э.Д-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.  

         Гуравдагч этгээд Э.Д нь бусадтай нийлж архидан согтуурч, орон гэртээ агсам согтуу тавьж нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд удаа дараа эрүүлжүүлэгдсэн болох нь зохигчдын тайлбар, Б.Э-ын Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд, Э.Дыг архинд донтох өвчтэй буюу архины хамааралтай болохыг Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон байна.

         Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн ... этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчилнэ” гэж хуульчилжээ.

Гуравдагч этгээд Э.Д нь нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчиж эрүүлжүүлэгдсэн болох нь Цагдаагийн зөрчлийн нэгдсэн бүртгэлээр тогтоогдсон бөгөөд тэрээр архины албадан эмчилгээнд явуулахад харшлах хууч өвчин байхгүй зэргийг харгалзан, түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар … регистртэй, Сартуул овогт Э.Д-г архины албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилгээ хийлгэсүгэй.

      2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар хүсэлт гарагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.                   

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА