| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0199/И |
| Дугаар | 217 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгой 4-58 тоотод оршин суух, /РД:ЧА57122965/ Харчин овогт Цэдэнсодномын Цэцэгмаагийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг “Буянбат” гэдэг газарт нагац буурал аав Намсрайжавын гэрт ээж Цэдэнсодномын анхны хүүхэд болж төрсөн. Жаргалан сумын засаг захиргаанаас Цэдэнсодномын Цэцэгмаа гэсэн гэрчилгээ олгосон юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт Самбуугийн Цэцэгмаа гэж бичиж олгосон. Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт ирэхэд хөдөлмөрийн дэвтрийн овог зөрсөн тул шүүхэд хандсан. Иймд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтуудаар миний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг зөвөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч /РД:ЧА57122965/ Харчин овогт Цэдэнсодномын Цэцэгмаа нь тэтгэвэрт гарсан ба Цэдэнсодномын Цэцэгмаад Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестээс 1978 оны 8 дугаар сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Самбуугийн Цэцэгмаа, түүний иргэний үнэмлэхэд Цэдэнсодномын Цэцэгмаа гэж түүний эцэг эхийн нэр зөрүүтэй бичсэн тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Цэдэнсодномын Цэцэгмаагийн иргэний бүртгэлийн 02 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний хуулбарт 1957 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Цэдэнсодномын Цэцэгмаад олгосон Монгол Улсын иргэний үнэмлэх, Самбуу овогтой Цэцэгмаад 1978 оны 8 дугаар сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр зэрэг хуулийн шаардлага хангасан баримтуудаас үзэхэд;
Ц.Цэцэгмаа нь 1957 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрөхдөө төрүүлсэн эх Жамсранжавын Цэдэнсодном нэрээр овоглон бүртгүүлж, 1978 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт Самбуу овогтой Цэцэгмаа нэрээр овоглож бичигдсэн боловч түүний төрсөн он, ажиллаж байсан аймаг, сум, газрын нэр тохирсон ба хүсэлт гаргагчийн тайлбар, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 547 дугаар тодорхойлолт, гэрч Ж.Тодбаатар, С.Наранцэцэг, Р.Батнасан нарын мэдүүлгүүд, 1983 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон иргэний бүртгэлийн 543 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Д.Отгонбилэг, Д.Гантунгалаг нарын төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестээс 1978 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Самбуу овогтой Цэцэгмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч /РД:ЧА57122965/ Харчин овогт Цэдэнсодномын Цэцэгмаа мөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т зааснаар Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестээс 1978 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Самбуугийн Цэцэгмаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь /РД:ЧА57122965/ Харчин овогт Цэдэнсодномын Цэцэгмаа мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ