| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2017/0303/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадрал 01 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух, /РД:ЦИ71060514/ Пудуш овогт Чулуунбаатарын Батдоржийн С.Эрдэнэтуяатай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маргад-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Батдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би С.Эрдэнэтуяатай 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр танилцаж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарсан. Би 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Лхагвадоржийг төрүүлсэн цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад эхнэр С.Эрдэнэтуяа 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өвчнөөр нас барж, хүү бид хоёр Налайх дүүрэгт ажиллаж амьдарч байна. Хүү Б.Лхагвадоржид тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох болсон тул 2008 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар 26-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Маргад-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Батдорж миний аав одоогоор хөдөө ажилтай байгаа учраас надад итгэмжлэл хийж өгсөн. Аав маань С.Эрдэнэтуяатай 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр танилцаж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хамтран амьдарч, хүү Б.Лхагвадорж нь 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн. Би тухайн үед оюутан байсан болохоор баяр наадам, амралтын үеэр ирдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эхнэр С.Эрдэнэтуяа нь өвчний улмаас нас барсан. Одоо аав Ч.Батдорж нь хүү Б.Лхагвадоржтой Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Бадралын 1 дүгээр гудамж, 7 тоотод амьдардаг. Хүү Б.Лхагвадоржид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон. Ч.Батдорж, С.Эрдэнэтуяа нарыг 2008 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Батдорж нь С.Эрдэнэтуяатай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Батдорж нь С.Эрдэнэтуяатай гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч, тэдний дундаас 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Лхагвадорж төрж эрүүл бойжиж, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С.Эрдэнэтуяа нас барсан ба хүү Б.Лхагвадоржид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход Ч.Батдорж, С.Эрдэнэтуяа нарын хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох шаардлага бий болсон байна.
Ч.Батдорж нь С.Эрдэнэтуяатай 2008 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүсэлтээ дэмжсэн тайлбар, Налайх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Лхагвадоржийн 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 0288558-466 дугаарт төрөлт бүртгэсэн болон С.Эрдэнэтуяагийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 92 дугаарт нас баралт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, Налайх дүүргийн 7 дугаар хорооны 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэсэн хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрч Д.Лхагва-Очир, Б.Дөлгөөнтөгөлдөр, Л.Өсөхжаргал нарын мэдүүлгүүд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ч.Батдорж, С.Эрдэнэтуяа нар 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т зааснаар /РДЦИ71060514/ Чулуунбаатарын Батдоржийг 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд С.Эрдэнэтуяатай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ