| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2017/0270/И |
| Дугаар | 268 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Нисэхийн 9-3 тоотод оршин суух, Боржигон овгийн Норовын Энхтуяа /РД: ШБ63032970/-гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн автомашины засварчин, слесариар ажилласан. Автомашин цөөрч ажлын хэсэгт өөрчлөлт оруулж аж ахуйн тасагт сантехник, бохирын слесариар 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тасралтгүй 14 жил ажилласан. 2012 оны 05 сарын 16-ны өдрөөс биеийн байдал муудаж 2012 оны 12 сарын 12-ны өдөр группт орсон ... миний ажиллаж байсан байгууллага намайг бохирын слесариар ажиллаж байсан гэж тушаал дээр бичихгүй зүгээр слесариар ажиллаж байсан гэж бичсэн байсан. Иймд бохирын слесариар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн намайг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сар хүртэл Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бохирын слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхтуяа нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарыг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бохирын слесариар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Н.Энхтуяа нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бохирын слесариар ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар /хх-6-12/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олгосон Н.Энхтуяагийн цалингийн түүвэр /хх-13-14/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай”, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар “Ажилд авах тухай”, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаар “Нөхөн ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалуудын хуулбар /хх-15,16,17/, гэрч Д.Жаргалсайхан, А.Мэндбаяр, К.Мавлет нарын мэдүүлгүүд /хх-27-28,29,30/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс Н.Энхтуяад хүнд хортой нөхцөлд ажиллаж байсны нэмэгдэл цалин олгосон тухай хүснэгтүүд /хх-31-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь өндөр настны тэтгэвэр тогтоолгохын тулд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон, тэрээр хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас шүүхэд ханджээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэв.
Н.Энхтуяагийн өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд түүний гаргасан хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Норовын Энхтуяаг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд бохирын слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН