Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0037

 

Иргэн Б.Кгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Б.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Кгийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалахын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын Б.Кд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилд эргүүлэн томилох хүртэлх хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 3-д заасны дагуу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу ...ажил олгогчтой ажлаас чөлөөлөгдөх тухай тохиролцоо хийгээгүй ба ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан ... байхгүй юм. Мөн хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргаж байгаагүй гэсэн талаар:

Батлан хамгаалахын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан хурандаа Бгийн Кг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан байна.

Батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/21 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэсэн заалтын хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн хэсэг нь гомдол гаргагчид холбоотой бөгөөд батлан хамгаалах сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд тэтгэвэрт гарсан иргэнийг цаашид ажиллуулах шаардлагагүй гэж үзэж Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/01 дүгээр тушаалаар томилсон Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Б.Кг албан үүргээс чөлөөлсөн нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, 24.1.4 дэх хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж чөлөөлнө гэсэн, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэсэн хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаарх бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай нийцэж байна.

Хоёр. Батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/21 дүгээр тушаалын үндэслэх хэсэг болох Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт болон 2 дахь хэсгийн талаар:

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэсэн хэсгийг баримтлан хуульд заасан 60 болон 65 нас хүрээгүй байгаа тухай дурджээ.

Уг хуулийн зүйл, хэсгийн эхлэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн байдаг. Энэ нь төрийн тусгай албан хаагч нь иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар ахлах офицер 50 нас хүртэл, мөн хуулийн 13.2-т зааснаар 5 хүртэл жил сунгаж болно гэж зааснаар Б.К нь 60 нас хүрч тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хэтэрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/21 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт болон 2 дахь хэсэг нь дээр дурьдсан тушаалын үндэслэх хэсэг болох Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2 дахь хэсэгтэй шууд холбогдол бүхий заалт юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтад төрийн үйлчилгээний албан тушаалд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал гэжээ. Иймд Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Б.Кд хуульд заасан 60 болон 65 нас хамааралгүй болно.

Гурав. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газрын орон тоонд ерөнхий захирал, дэд захирал орон тоонд энгийн гэж заасан тул ажлын хариуцлага алдах болон эрүүл мэндийн хувьд уг ажлын байранд тэнцэхгүй болохоос бусад тохиолдолд уг ажлын байранд ажиллах бүрэн боломжтой гэсэн талаар:

Батлан хамгаалахын сайд нь уг хууль тогтоомжид заасан бүрэн эрх, Улсын Их Хурлын 2014 оны 30, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 4 дэх заалт, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг удирдлага болгон өөрийн шийдвэрийг гаргадаг. Иймд сайдын бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахад тухайн харьяалагдах бүтцийн нэгжийн энгийн байснаар тухайн этгээдийг албан үүргээс нь чөлөөлөх үндэслэлгүй болохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гэж заасныг зөрчин ээлжийн амралтын хоног хугацааг тооцож, олговор олгоогүй тул ажилласан хугацааны ээлжийн амралтаа тооцуулж, бодуулах шаардлагатай гэсэн талаар:

Өргөдөлд хавсаргасан баримт материалаас үзэхэд Батлан хамгаалах аж үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан хурандаа Б.Кг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас халсан тушаалын хуулбар, Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын дэд дарга Бгийн Кг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбараас үзэхэд Б.К нь тус байгууллагын дэд даргын үүрэгт ажилд 3 сарын хугацаанд ажилласан байх тул түүнд ээлжийн амралт тооцуулах, нөхөн олговор олгох эрх зүйн үндэслэлгүй болно.

Тав. Гадаадад албан томилолтоор ажиллах үед 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөн адил үндэслэлгүйгээр Батлан хамгаалахын сайдын Б/01 дугаарын чөлөөлөх, томилох, ажил хүлээлцүүлэх тухай тушаалаар захирлын ажлаас чөлөөлсөн гэсэн талаар:

Гомдол гаргагч Б.К нь Батлан хамгаалахын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах, тэтгэмж олгох тухай тушаалаар тэтгэвэр тогтоолгосон асуудал нь түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх зүйн үндэслэл болсон.

Хуульд зааснаар Б.К нь тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч тэтгэвэрт гарсан нь Батлан хамгаалахын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал, хурандаа Б.Ктай байгуулсан үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах гэрээний үүрэг болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй байна.

Энэ нь Батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/21 дүгээр тушаалын үндэслэх хэсэг болсон Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь ...төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гараагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй хэсэгт зааснаар тодорхойлогдож байна.

Мөн Б.К нь цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан асуудалд гомдол гаргах байсан бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана зааснаар эрх бүхий байгууллагадаа хандаж болох байсан ч захирлаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн асуудал болон дэд захирлаар томилогдсон хоёр өөр асуудлыг хамтад нь нэхэмжлэлдээ гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Зургаа. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын Б/03 дугаарын цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах, тэтгэмж олгох тухай тушаалын 3-д 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор заасан боловч өнөөдрийг хүртэл уг тэтгэмжээс нэг ч төгрөг өгөөгүй байгаа гэсэн талаар:

Энэ нь улс орны эдийн засгийн хүндрэл, төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал бөгөөд зөвхөн нэхэмжлэгч этгээд ч биш, нэг удаагийн тэтгэмжээ тодорхой хугацаагаар авч чадахгүй байгаа нэг биш тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчид байгаа нь үнэн. Батлан хамгаалах яамнаас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан зарим албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох төсөв хөрөнгийн асуудлыг Засгийн газар, Сангийн яаманд тавьж шийдвэрлэх талаар хөөцөлдөж байна. Иймд түүнд олгогдох ёстой 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгоно, төсөв мөнгө байгаад түүнд тэтгэмжийг олгохгүй байгаа асуудал биш юм. Иймд иргэн Б.Кгийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг тус тус баримтлан Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Б/21 дүгээр тушаалын Б.Кд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Кг Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.Кд ажилгүй байсан 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцон олгож, Б.Кгийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Батлан хамгаалахын сайдад даалгаж,

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгчид 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Кд тус тэтгэмжийг олгохыг Батлан хамгаалахын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Батлан хамгаалахын сайд Ц.Ц давж заалдах гомдолдоо: 1. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талд давуу байдал олгож, ашигтайгаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь шүүхийн маргааныг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талд ашигтай байж болох бүхий л нотлох баримтыг цуглуулан авч байсан боловч хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгчийн төрийн тусгай албанд 42 жил ажилласан үүнээс 13 жилийг нь цэргийн тагнуулын байгууллагад ажилласан гэдгийг нотлуулах хүсэлтийг гаргасан боловч Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн баримт бичгийг гаргах боломжгүй гэсэн албан бичгийн дагуу өөрийн хуульд заасан эрх хэмжээний дагуу нотлох баримтыг гаргуулах ямар нэгэн арга хэмжээг аваагүй. Нэхэмжлэгч талын насны зөрүүтэй асуудал дээр мөн хариуцагч талаас тодруулах хүсэлт гаргасан боловч шүүхийн энэхүү шийдвэрт энэ талаар огт дурдаагүй зэргээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүх хуралдаанд нотлох баримтын шаардлагыг оролцогч талуудын эрх ашигт нийцүүлэн ижил тэгш хангаагүй гэж үзэж байна.

2. Шүүх батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/21 дүгээр тушаалын үндэслэлийг үгүйсгэхдээ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 701 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11.6, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан заалтуудыг баримталсан нь буруу гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэжээ. Б.К нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаад удаагүй боловч тус үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа ноцтой зөрчил гаргасан нь илэрсэн тул түүнийг дэд захирлын албан тушаалаас өөрчилж чөлөөлөх болсон. Тодруулбал, Б.К нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 63 дугаар тогтоолын дагуу батлан хамгаалах яамны харьяа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг нэгтгэн зохион байгуулсан үйл ажиллагааг өөрийн албан тушаалд ашигтайгаар зохицуулах зорилгоор батлан хамгаалахын сайдын 2014 оны А/58 дугаар тушаалыг өөрчилж, хууль бус шийдвэр гаргуулсан байдаг бөгөөд уг асуудлыг миний бие дэд захирал болсон байх үед нь мэдсэн тул түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг биечлэн гаргасан юм. Энэ нь миний хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хууль тогтоомжийг дээдлэн, буруутай этгээдэд холбогдох хариуцлагыг хүлээлгэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн асуудал байсан болно.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Кгаас Батлан хамгаалахын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, эргүүлэн томилох хүртэлх хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 3-д заасны дагуу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэжээ.

Батлан хамгаалахын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, хурандаа Б.Кг цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн, үүний дараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга мөн өдөр Б/02 дугаар тушаал гаргаж, түүнийг тус төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд даргаар томилсон нь одоо хүчин төгөлдөр, уг шийдвэрүүдийн талаар нэхэмжлэгч ямар нэг маргаан гаргаагүй нь хэрэгт цугларсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Орон тоо батлах тухай А/46 дугаар тушаал, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаардаг бөгөөд түүнийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлдөг байна.

Гэтэл Батлан хамгаалахын сайд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б/21 дүгээр тушаал гаргаж, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталж Б.Кг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд даргыг томилж, чөлөөлөх эрх олгоогүй Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 /хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө/ дэх заалт, ажил олгогчийн бус албан тушаалтны өөрийнх нь санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг баримтлан Б.Кг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Батлан хамгаалахын сайдын үйлдэл хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Маргаан бүхий актын үндэслэл болоогүй тохиолдолд төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа Б.К Батлан хамгаалахын сайдын 2014 оны А/58 дугаар тушаалыг өөрчилж, хууль бус шийдвэр гаргуулсан эсэх нь хариуцагчийн дээрх хууль бус шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох насанд хүрч, цэргийн тэтгэвэр тогтоолгосон нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн боловч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Батлан хамгаалахын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 3-д заасны дагуу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тэтгэмж олгохыг даалгах тухай шаардлагыг хангасан нь буруу байна.

Учир нь, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 3 дахь заалтаар хурандаа Б.Кд 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа, тодруулбал, хариуцагч тэтгэмж олгох асуудлаар эс үйлдэхүй гаргаагүй, харин ч холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар хариуцагчаас төсвийн хангалтгүй байдлаас болж олгогдоогүй талаар тайлбарласаар байхад шүүх эс үйлдэхүй гаргасан гэж үзэж тэтгэмжийг дахин олгохыг даалгасан агуулгатай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Үүнээс гадна анхан шатны шүүх хуулийн нэрийг буруу бичсэн, холбогдох хуулийн заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, Б.Кгийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож гаргаагүй зэрэг алдаа гаргасныг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.

Батлан хамгаалахын сайдын 2015 оны Б/03 дугаар тушаал биелэгдэхгүй байгаа тохиолдолд уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын Засгийн газрын гэсний өмнө Монгол Улсын гэж нэмж, 40.1.3 гэснийг 40.1.4 гэж, 2 дахь заалтын олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцон гэснийг 5.383.027 /таван сая гурван зуун наян гурван мянга хорин долоо/ төгрөгийн гэж, 3 дахь заалтыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Кгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалын 3-д заасны дагуу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг Батлан хамгаалахын сайдад даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР