Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 096

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Д.Түмэндэмбэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000099 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, малчин, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВК83011439 тоот регистрийн дугаартай, Ваашлуу овогт Дорждэрэмийн Түмэндэмбэрэл,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь согтуугаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Соёмбо зочид буудлын 22 тоот өрөөнд хохирогч Б.Ганболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн чихийг нь хазаж тасдан биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр над руу Түмэндэмбэрэл утсаар яриад би хөдөөнөөс ирчихпээ, чи гэртээ байна уу би яваад очхуу гэхээр нь тэг би гэртээ байна гэсэн чинь ирээгүй алга болчихсон. Тэгээд байж байсан чинь орой 20 цагийн орчим утсаар дахиж яриад би танайд очиж чадахгүй болчихлоо чи Соёмбо буудалд хүрээд ир гэхээр нь би очиж чадахгүй, таксины мөнгө алга гэсэн чинь чи эхнэрээ дагуулаад хүрээд ир, би ирэхээр чинь мөнгийг нь өгчихнө, та хоёртой ярих зүйл байна гэхээр нь Соёмбо буудлын үүдэнд таксины машинаар хүрээд ирсэн чинь Түмэндэмбэрэл таксинд өгөх мөнгө барьчихсан Соёмбо буудлын гадаа хүлээж байсан. Тэгээд бид Түмэндэмбэрэлийн орсон байсан Соёмбо буудлын 2 давхарын нэг өрөөнд орсон чинь өрөөнд хүн байхгүй , ширээн дээр нь нэг шил 0.5 Улаанбаатар архи, савтай пиво зэргийг задлаад тавьсан байсан. Тэгээд бид ороод суусан чинь бид хоёрт архинаасаа хийж өгөөд ямаа самнуулмаар байна гээд ярихаар нь ямар үнэтэй самнуулах юм гэсэн чинь нэг ямааг хоёр мянга таван зуугаар гэж яриад байж байгаад манай хүүхдээр зун хурдан морь унуулна гэж ярьж байснаа танай хүүхдийг 5-6 ангиас нь гаргаад малчин болгоно гэхээр нь би юу гэж тийм зүйл байхав дээ гэсэн чинь түүнээс эхлээд намайг “чи эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй, чамайг алчихсан байсан ч чиний хүүрэн дээр хэрээ ч ирж орилохгүй, эхнэр хүүхдийг чинь би тэжээгээд явчихъя” гэх зэргээр доромжилоод байсан. Тэгэхээр нь би жоохон дуугүй сууж байгаад чи согтсон байна, би явлаа гээд боссон чинь надруу тэр өрөөнд байсан ширээг аваад шидсэн. Тэр үед манай эхнэр чи болиоч гэсэн чинь манай эхнэрийг янхан гичий минь дуугүй бай гээд байсан. Тэгэхээр нь би Түмэндэмбэрэлийн хүзүүгээр нь тэвэрч аваад чи одоо согтчихсон байна унт гээд хойш нь орон дээр нь дарсан чинь миний чихнээс хазаад тасдаад хаячихсан ба би тэр өрөөнд нь цусаа гоожуулаад байж байсан чинь цагдаа нар ирж эмнэлэгт хүргэж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч Т.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Энэ хэрэг болох өдөр буюу 2016 оны 4 дүгээр cap 10-ны шөнө 21 цагийн үед Түмэнндэмбэрэл нь утсаар яриад Соёмбо буудалд хүрээд ир гээд манай нөхөрлүү яриад байсан. Тэгээд бид хоёр цуг яваад очсон чинь Түмэндэмбэрэл нь нэг өрөөнд ганцаараа нэг шил Улаанбаатар архи, нэг нийслэл гэсэн пиво тавьчихсан уугаад байж байсан. Тэгээд тэр ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөөд манай нөхөр нэг хундага архийг уусан, дараа нь надад хийж өгөөд уучих гээд байхаар нь уулгүй ширээ дээр нь тавьсан. Тэгээд бид хоёрыг та хоёр манайд очоод ямаа самнаад өг зохих үнэ хөлсийг нь өгье гэхээр нь тэгье гээд байж байсан чинь Түмэндэмбэрэл нь согтоод манай нөхрийг муу гуйлгачин минь эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй бол би тэжээгээд аваад явж чадна шүү, надад хоёр зуун сая төгрөг байгаа гээд байсан чинь манай нөхөр “чи согтоод байна унт" гээд орон дээр нь унтуулах гээд түлхээд хэвтүүлсэн чинь чихнээс нь хазаад зулгаагаад босоод ирсэн. Тэгтэл манай нөхрийн чихнээс нь цус гараад байсан чинь тэр буудлын үйлчлэгч нь орж ирээд цагдаа дуудаад болсон хэргийн талаар хэлсэн. Тэгтэл манай нөхрийн чихийг бүр тасдаад авчихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Гэрч Б.Хандмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би энэ өдөр ээлжтэй байсан. Орой 18 цагийн орчим Түмэндэмбэрэл гэх хүн нь 22 номерын өрөөнд хононо гэж орсон ба одоо над дээр хоёр хүн ирэх ёстой тэр хүмүүсийг оруулаадахаарай гээд орсон. Тэгээд дараа нь 21 цагийн орчим энэ өрөөнд орсон хүн дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд өрөөнд нь орсон. Тэгээд нэлээд хугацаа болсоны дараагаар би доод давхарт сууж байсан чинь түжигнэх шиг болохоор нь дээшээ хоёр давхарт хүмүүс орсон өрөөнд ирэхэд эмэгтэй нь гарч ирээд гаднаа зогсоод байхаар нь явж очоод чи яагаад гаднаа зогсоод байгаа юм гээд өрөөнд нь орсон чинь тэр өрөөнд орсон байсан хүн сүүлд ирсэн хүнтэй өрөөндөө барилцаад заамдалцаад авчихсан байхаар нь юу болоод байна гэсэн чинь нэг нь эмнэлэг дуудаарай гэхээр нь харсан чинь хоёулаа цус болчихсон байсан. Хэнд нь ямар гэмтэл учирсан байсныг хараагүй. Тэгээд би гүйгээд буудлаасаа гараад ирсэн чинь эргүүлийн цагдаа нар зам дээр явж байхаар нь хэлээд хоёуланг нь цагдаад өгч явуулсан ... Би чих нь тасарсан талаар бол мэдээгүй байгаад сүүлд нь цагдаа нар ирсэний дараа мэдсэн. Намайг анх өрөөнд нь орох үед тэр хүмүүсийн хажуу шанаа, өмсөж байсан хувцас цаад орны хөнжил цус болсон байхаар нь гарч цагдаад хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн ... Би 2016 оны 4 дүгээр cap 10-ний өдөр Галуут сумаас Баянхонгор аймагт ирээд Соёмбо зочид буудалд өрөө авч ороод нэг архи, нэг пиво аваад ууж байгаад Ганболд гэх хүнрүү утсаар яриад чи эхнэрээ дагуулаад ирээч ярих зүйл байна гэсэн чинь шөнө 21 цагийн орчим Ганболд эхнэртэйгээ хамт хүрээд ирэхээр нь юм ярьж байгаад тэр хоёроор ямаа самнуулахаар яриад авсан байсан архи пивноосоо өгөөд хувааж уусан. Тэгээд бид хоёр нэлээд халамцаад байж байсан чинь Ганболд өөрийгээ би төрд хар данстай хүн шүү гээд байхаар нь би “чи тийм зүйл битгий яриад бай” гээд байж байсан нэг мэдэхэд Ганболд намайг орон дээр гэдрэг харуулаад дараад авахаар чихнээс нь зуугаад авсан чинь ухас хийгээд угзарч чих нь тасраад миний аманд хоцорсон. Энэ үед Ганболдын чихнээс цус гараад байхаар нь эмнэлэг дуудаад дараа нь Ганболдын эхнэр цагдаа руу хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ... Бид хоёр бол учиргүй хэрэлдээд маргалдсан зүйл байхгүй. Би энэ Ганболдын нэг хүүхдээр нь ноднин жил хурдан морь унуулж байгаад танилцсан. Тэгээд энэ жил ахиад хурдан морио унуулах талаар ярисан чинь "чи олигтой юм өгдөг биш, би хүүхдээ өөр хүнд өгч өөр хүний морь унуулна” гээд байсан. Тэгээд байж байгаад бидний ууж байсан архи дуусаад байж байсан чинь Ганболд намайг орон дээр дараад авахаар нь өмнөөс нь тулаад гэдэргээ харж байгаад аманд нэг юм ороод ирэхээр нь хазчихсан чинь чихнээс нь хазчихсан байсан. Би бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 182 тоот шинжээчийн ... Б.Ганболдын биед зүүн чихны тасралт гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн хазагдах үйлчлэлээр үүссэн байх боломжгой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Ганболдын биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмерийн чадварт нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 31/,

Хэрэг  учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/,

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/,

Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50/,

Хохирогч Б.Ганболдын Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 70-84/,

Хохирогч Б.Ганболдын тус шүүхэд гаргасан хүсэлтүүд /хх-ийн 93, 110-111/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь 2016 оны 04 сарын 10-ны орой 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёмбо зочид буудлын 22 тоот өрөөнд иргэн Б.Ганболдтой хувийн сэдэлтээр маргалдан зүүн чихийг нь хазаж тасдан түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Ганболд, гэрч Т.Сарантуяа, Б.Хандмаа, шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нарын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 182 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Ганболдын Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Ганболд нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд 3.000.000 төгрөг 1 тооны адуу зэргийг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн /хх-ийн 93, 110-111/ байх тул шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл өмнө нь 1 удаа ял шийтгэгдэж байсан ба гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 72.2-т зааснаар ялгүйд тооцогдох тул шүүгдэгчийг анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлын мөнгийг сайн дураар төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн 20 тооны эр хонийг түүнд буцаан олгож 2016 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ваашлуу овогт Дорждэрэмийн Түмэндэмбэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд 260 цагийн /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн 20 тооны эр хонийг түүнд буцаан олгож 2016 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч Д.Түмэндэмбэрэл нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Түмэндэмбэрэлд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА